| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2020/03619/и |
| Дугаар | 183/ШШ2020/02967 |
| Огноо | 2020-11-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 183/ШШ2020/02967
2020 11 03 183/ШШ2020/02967
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.Ө-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Д.Д-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Д бид хоёр 2002 онд гэр бүл болж, 2003 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Бид хамт амьдарснаас хойш 2003.09.03-ны өдөр хүү Д.Т, 2006.12.13-ны өдөр хүү Д.Тө, 2015.08.11-ны өдөр хүү Д.Тэ нар төрсөн. Гэр бүл болсноос хойш хардалтын шалтгаанаар би, бие болон сэтгэл зүйн байнгын хүчирхийлэлд өртөн, таарамжгүй харилцаатай байсан боловч 3 хүүгээ бодоод тэднийгээ өнчрүүлэхгүйн тулд би маш олон жил тэсэж амьдарсан. Д.Д намайг зодохдоо үргэлж толгой руу цохидог, 6 сартай жирэмсэн байхад гэдэс рүү хутга шидэх, хүсээгүй байхад бэлгийн харилцаанд орох, өөр эмэгтэйчүүдтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэх, том хүүгээ өөрийнх нь гэж хүлээн зөвшөөрөхгүй байх, гэр ахуйн ажил, хүүхдээ асрах ажлыг надад даатган нийгмээс тусгаарлах, найз нөхөдтэй байх эрхийг хязгаарлах, утсанд дуудлага ирэхэд (хэн ярьсан гэж асуух) шалгах, хүмүүсийн дунд тэнэг, мангар, дүугүй бай гэж гутаан доромжлох зэргээр хүчирхийлэл үйлддэг. Д.Д 10 гаран жил цагдаагийн байгууллагад ажилласан учир ширүүн хурц ааштай, гэр бүлдээ хүйтэн хөндий харилцаатай байдаг. Миний нөхөр хартай учир би ажил хийж чадахгүй өнөөдрийг хүргэсэн ба хэрэв гэрлэлтээ цуцлуулбал надад ажлын байр бэлэн байгаагаас гадна миний хүүхдүүд том болж байнгын асаргаа шаардлагагүй болсон. Д.Д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нь хэрээс хэтэрсэн боловч миний бие хүүхдүүдээ бодож аль болох нөхрөө ухааруулах гэж учирлаж, эе эвийг хичээсэн боловч засрахгүй улам догшин ширүүн болж байгаа бөгөөд 2012, 2014, 2020 онуудад хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандаж байсан ба одоогоор Д.Д миний биед гэмтэл учруулсан үндэслэлээр ХУД-ын цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. 2020.08.22-ны өдөр зодуулаад 2 том хүүгээ орхиод, бага насны хүү Тэ-г аваад өөрийн гэрээсээ явсан, одоо бага хүү минь цэцэрлэг эхэлсэн тул аав дээрээ байгаа буюу гэртээ харьсан, харин би нөхөр болох Д.Д-тай дахин ойр байхаас маш их айж байна. Ер нь амь насны асуудал яригдаж байгаа, мөн хүүхдүүдийн боловсрол, хүмүүжил, эрүүл мэндэд асар муу нөлөө байгаа, хүүхдүүд маань ч айдастай, сэтгэл хямралтай байх тул тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлах албаас тодорхой нотлох баримтыг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон болно. Бид гэр бүл болж хамтран амьдарснаас хойш дараах хөрөнгүүдийг бий болгосон хөрөнгүүдээ хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Харин бид харилцан тохиролцож, эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн талаар тохирсон гэрээг байгуулсан. Иймд уг гэрээний дагуу эд хөрөнгүүдийг шийдвэрлүүлэх, хүү Д.Т, Д.Тө нарыг аав Д.Д-ийн, хүү Д.Тэ-ийг өөрийн асрамжиндаа авна. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэв.
Хариуцагч Д.Д шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие шүүхээр гэрлэлт цуцлуулах асуудлыг шийдвэрлүүлэхийг хүсэж байна. Эд хөрөнгийн хувьд эвлэрийн гэрээ байгуулсан бөгөөд хүүхдийн асрамжийн асуудлыг бид харилцан тохиролцсон гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг болон зохигч талуудын эвлэрлийн гэрээг нэг бүрчлэн шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Ө нь хариуцагч Д.Д-д холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.Ө хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ноогдох хэсгээ гаргуулах шаардлагын хүрээнд хариуцагч Д.Д-тай эвлэрэн хэлэлцэхээр харилцан тохиролцжээ.
Э.Ө, Д.Д нар нь 2002 онд танилцаж, хамтран амьдарч байгаад 2003 оны 9 сарын 03-ны өдөр төрсөн хүү Д.Т, 2006 оны 12 сарын 13-ны өдөр хүү Д.Тө, 2015 оны 8 сарын 11-ний өдөр хүү Д.Тэ нарын эцэг, эх болцгоосон болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Зохигчид нь 2020 оны 8 сарыг хүртэл нэг гэрт хамтран амьдарч байгаад хувийн таарамжгүй шалтгааны улмаас тус тусдаа амьдарч эхэлсэн талаар тайлбар гаргажээ.
Талууд хүү Д.Т, Д.Тө нарыг хариуцагч Д.Д-ийн, хүү Д.Тэ-ийг эх Э.Ө-ын асрамжинд үлдээж, тэтгэлэг төлөхгүй талаар харилцан зөвшөөрсөн байна.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасан Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ... эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэснээр эцэг, эх хэдийд ч хүүхэдтэйгээ уулзахад хэн алиндаа саад хийхгүй байх үүрэгтэй байна.
Зохигчид нь хүү Д.Т, хүү Д.Тө нарыг эх Э.Ө-тай, хүү Д.Тэ-ийг эцэг Д.Д-тай уулзуулах талаар тохиролцооны гэрээг бичгээр байгуулсан ба уг гэрээнд хүүхдүүд аав ээжийндээ очих, уулзах, хамт байх эрхэд хязгаарлалт тогтоохгүй, тэжээн тэтгэхээр тохиролцсон байна.
Мөн зохигчид нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар харилцан тохиролцож, ................. тоотод байрлах 69.93 м.кв 3 өрөө байр, ................ байр, В1 давхарт байрлах 15.4 м.кв талбай бүхий гарааш, ........ дугаартай Тоёота ланд 200 маркийн автомашин, ....... УАВ дугаартай, Хонда фит маркийн автомашиныг тус тус нэхэмжлэгч Э.Ө-д үлдээх, .................. тоотод байрлах 2 өрөө байр, ..................... байрлах 672 м.кв зуслангийн байр, мөн газар дээр байрлах Жигжид /15102/, 6 хэсэг гудамж, 615 тоот хаягт байрлах 90 м.кв талбай бүхий өвлийн байшин, ............................ зусланд байрлах 700 м.кв зуслангийн газар, дээрх газар байрлах ........................... байрлах 40 м.кв талбай бүхий гарааш, ............ улсын дугаартай, Benz ML 350 автомашиныг хариуцагч Д.Д-д үлдээхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсныг дурдах нь зүйтэй байна.
Дээрхийг нэгтгээд хүү Д.Т, Д.Тө нарыг хариуцагч Д.Д-ийн, хүү Д.Тэ-ийг эх нэхэмжлэгч Э.Ө-ын асрамжинд үлдээж, хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоож шийдвэрлэсэн бай зохигчид нь эд хөрөнгийн асуудлаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зйүлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Д, Э.Ө нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2003 оны 9 сарын 03-ны өдөр төрсөн хүү Д.Т, 2006 оны 12 сарын 13-ны өдөр төрсөн хүү Д.Тө нарыг эцэг Д.Д-ийн, 2015 оны 8 сарын 11-ний өдөр төрсөн хүү Д.Тэ-ийг эх Э.Ө-ын асрамжинд тус тус үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Д.Т, хүү Д.Тө, хүү Д.Тэ нарыг эцэг, эхтэйгээ уулзахад болон эцэг, эх нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эцэг Д.Д, эх Э.Ө нарт тус тус даалгасугай.
4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт заасныг баримтлан ................... байр, ...... тоотод байрлах 69.93 м.кв 3 өрөө байр, ........... байр, В1 давхарт байрлах 15.4 м.кв талбай бүхий гарааш, ......... УНҮ дугаартай Тоёота ланд 200 маркийн автомашин, ......... УАВ дугаартай, Хонда фит маркийн автомашиныг тус тус нэхэмжлэгч Э.Ө-д үлдээхээр,
....................... тоотод байрлах 2 өрөө байр, ....................зусланд байрлах 672 м.кв зуслангийн байр, мөн газар дээр байрлах .................. тоот хаягт байрлах 90 м.кв талбай бүхий өвлийн байшин, ....................... байрлах 700 м.кв зуслангийн газар, дээрх газар байрлах Жигжид ........ гудамж, ........ тоотод байрлах 40 м.кв талбай бүхий гарааш, ....... УБҮ улсын дугаартай, Benz ML 350 автомашиныг хариуцагч Д.Д-д үлдээхээр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 2 901 554 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д-аас улсын тэмдэгтийн хураамжинд 1 450 777 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Ө-д олгосугай.
6. Гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжилэхгүй гэснийг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ