| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 101/2020/03650/И |
| Дугаар | 183/ШШ2020/02004 |
| Огноо | 2020-07-21 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 183/ШШ2020/02004
| 2020 07 21 | 183/ШШ2020/02004 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ....................... тоот хаягт байрлах Япон улсын “С”ХК-ийн,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ...................... оршин суух Харчин овогт Г-ын Г/РД:........................../,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн .................. байрлах “М ББСБ”ХХК /РД:.........../ нарт холбогдох
үндэслэлгүй хөрөнгөжсөн 2.025.524.559 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А/ШТЭҮД:0000/, хариуцагч нарын төлөөлөгч Н.Б, гуравдагч этгээдийн төлөөлөгч О.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Япон улсын “С ”ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Япон улсын иргэн К нь Монгол Улсын иргэн Г.Г-тэй 2012 онд уулзаж танилцсан бөгөөд Монгол Улсад банк бус санхүүгийн байгууллага ажиллуулах их ашигтай байдаг, бизнесийн хувьд хамтрагч хайж байгаа талаараа маш итгэл үнэмшил бүхий тоо баримт үзүүлэн, хөрөнгө оруулагч хайж байгаа тухайгаа ярьж танилцсан. “С”ХК-ийн гүйцэтгэх захирал, 100 хувийн хувьцаа эзмшигчийн хувьд үүнийг нэр бүхий Япон улсын хэд хэдэн хүмүүст энэ тухай хэлэхэд дэмжээд хамгийн гол нь найдвартай юу гэдгийг их сонирхож байсан. Ингээд нухацтай бодож үзсэний үндсэн дээр банк бус санхүүгийн байгууллага байгуулаад түүндээ хадгаламж хэлбэрээр мөнгөө хадгалуулаад иргэдэд зээлдүүлэх үйл ажиллагааг хуулийн дагуу явуулаад, үүнээсээ ашиг олох боломжтой гэж Г.Г-ийн ярьсны дагуу Япон улсын иргэн “С”ХК-ийн гүйцэтгэх захирал К нь өөр бизнест хөрөнгө оруулалт хийх гэж байснаа больж Г.Г-ийн саналыг зөвшөөрсөн. Улмаар “М” гэх нэртэй банк бус санхүүгийн байгууллага байгуулчихлаа гээд Г.Г нь Япон улсын иргэдийн мөнгөн хөрөнгийг зөвшөөрлийн дагуу хадгаламж хэлбэрээр байршуулан ажиллахаар болсон гээд мөнгө татах үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд “С”ХК болон мөн зарим нэг Япон улсын иргэдээс 2012 оноос эхлэн мөнгөн хадгаламж татаж бид Г.Г-т итгэн түүний заасан данс болон өөрт нь өгөх болсон. Дээрх байдлаар Г.Г-т 2 тэрбум орчих төгрөг өгөөд байтал ямар ч эргэн төлөлт эсхүл хүү өгөхгүй байсан тул мөнгөө буцаан авах тухай саналаа хэлэхэд тэрээр зөвшөөрч мөнгийг маань буцаан өгч эхэлсэн боловч 2 тэрбум гаран төгрөгнөөс “С”ХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шилжүүлсэн 50000 ам.доллар буюу 133.543.500 төгрөг, “С”ХК-ийн 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шилжүүлсэн 20.000.000 иен буюу 494.800.000 төгрөг, “С”ХК-ийн 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн 10.000.000 иен буюу 247.400.000 төгрөг, “С”ХК-ийн 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн 10.000.000 иен буюу 247.400.000 төгрөг, Япон улсын иргэн Я 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлсэн 2.606.696 иен буюу 64.489.659 төгрөг, Япон улсын иргэн Х 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлсэн 373.558 иен буюу 9.241.825 төгрөг, Япон улсын иргэн У 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлсэн 7.008.745 төгрөг буюу 173.396.351 төгрөг, Япон улсын иргэн В 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлсэн 3.457.018 иен буюу 85.526.625 төгрөг, Япон улсын иргэн И 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн 1.186.160 иен буюу 29.345.598 төгрөг, Япон улсын иргэн Х 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлсэн 10.000.000 иен, 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн 10.000.000 иен, нийт 20.000.000 буюу 507.400.000 төгрөг, Япон улсын иргэн К 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлсэн 1.000.000 иен буюу 25.370.000 төгрөг, Япон улсын иргэн С 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн 300.000 иен буюу 7.611.000 төгрөг, нийт 2.025.524.559 төгрөгийг буцаан өгөхгүй байгаа юм. Ингээд бид судалгаа хийж үзтэл Г.Гнь банк бус санхүүгийн байгууллага байгуулаагүй, тийм банк бус санхүүгийн байгууллага Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлгүй байсан тул Г.Г-ий шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан. Гэтэл цагдаагийн байгууллагаас асуудлыг шалгаад бидний мөнгийг “М”ХХК-ийн дансаар хүлээж аваад Г.Г-ийн хувийн “М ББСБ”ХХК гэх нэр бүхий банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан зээл олгоод явдаг, тэрхүү мөнгөнүүд нь үл хөдлөх хөрөнгө хэлбэрээр одоо байгаа гэж үзэн Нийслэлийн Прокурорын газраас0000 оны 05 дугаар сарын 03-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Хариуцагч Г.Г нь дансанд шилжүүлсэн мөнгийг чек болгон аваад банк бус санхүүгийн ажиллагаанд биш хувьдаа авсан нь Голомт банкнаас ирүүлсэн баримтаар нотлогдож байна. Авсан мөнгөө чухам юунд зарцуулсан нь тодорхойгүй, өөртэй нь уулзаж мөнгөө нэхэхэд алтны уурхайд оруулчихсан гэдэг. Г.Г нь үндэслэлгүй хөрөнгөжсөн хөрөнгө болох биднээс худлаа хэлж авсан мөнгөнүүдээ буцаан олгохоо илэрхийлэн эргэн төлөлтийн график гээчийг бидэнд гаргаж өгсөн бололч тэрхүү гаргаж өгсөн графикийн дагуу төлөх ёстой төлбөрөө төлөхгүй, одоог хүртэл биднийг хохироож, буцаан өгөхгүй байна. Г.Г нь мөнгийг буцаан олгох, эргэн төлөхөө Нийслэлийн мөрдөн байцаах газарт гаргаж өгсөн байдаг атлаа эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болонгуут төлнө, төлнө гэсээр өнөөдрийг хүрлээ. Арга барагдаад Япон улсын нэр бүхий 8 иргэн нь С”ХК-ийн захирал К найз нөхөд байсан тул Г.Г-т өгсөн мөнгийг хүүгийн хамтаар “С”ХК-ийн зүгээс төлж барагдуулан давхар хохироод байна. Монгол хүн иймэрхүү байдлаар гадны иргэдийг дотоодын хууль эрх зүйн орчинг мэдэхгүй байдлаар нь далимдуулж, хөрөнгө оруулалт их хэмжээгээр татаж авчихаад өөрийнхөө хулийн ашиг сонирхолд ашиглаж байгааг нь харахад туйлын харамсалтай байна. “С”ХК нь нэр бүхий 8 Япон улсын иргэдийн мөнгийг хүүгийн хамт Г.Г-ийн өмнөөс төлж барагдуулсны үндсэн дээр шаардах эрхийг шилжүүлэн авсан. Шаардах эрх шилжүүлэхтэй холбоотой гэрээ байгуулсныг апостиль гэрчилгээгээр баталгаажуулсан нь Гаагийн есдүгээр бага хурлаас 1961 оны 10 дугаар сарын 5-ны өдөр баталсан “Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенц”-д Монгол Улс нэгдэн орсныг Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлах тухай хуулийн дагуу хүчин төгөлдөр болно. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүссэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нар нь үндэслэлгүй хөрөнгөжсөн учир өгсөн мөнгөө буцаан нэхэмжилж байгаа, тэрнээс гэрээнд заасны дагуу шаардаагүй. Төлбөр буцаан төлөх графикийг хуурамч юм гэсэн хэрэг шалгагдаж байгаа зүйл байхгүй учир хууль ёсны нотлох баримт болно. Иймд “С”ХК-иас Г.Г-т өгсөн мөнгө болох 40.000.000 иен буюу 989.600.000 төгрөг, 50000 ам.доллар буюу 133.543.500 төгрөг, мөн Япон улсын 8 иргэнд төлөх Г.Г-ийн өрийг барагдуулсан 35.932.177 иен буюу 902.381.058 төгрөг, нийт 2.025.524.559 төгрөгөөс Япон улсын иргэн С М ББСБ ХХК-д өгсөн 300.000 иен буюу 7.611.000 төгрөгийг хариуцагч М ББСБ ХХК-иас, үлдэх 2.017.913.559 төгрөгийг хариуцагч Г.Г-өөс тус тус гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Г-ийн шүүхэд урьд гаргасан хариу тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Г.Гнь Япон улсын С ХХК-ийн захирал К нэхэмжилсэн 2.025.524.559 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Г нь уг компанитай ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй, уг нэхэмжилж буй мөнгийг аваагүй болно. Мөн нэхэмжлэх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Энэ нь А.Бод олгосон итгэмжлэлээс эхэлнэ. А.Б-од олгосон итгэмжлэл Япон улсын иргэдээс олгосон гэх шаардах эрх шилжүүлсэн гэрээтэй огт хамааралгүй юм. Мөн итгэмжлэлийг Баянгол дүүргийн тойргийн нотариатч үйлдсэн байдаг. Уг итгэмжлэлд компанийн тамга, тэмдэг дарагдсан байх шаардлагатай. Энэ нь хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй учраас нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үзэж байна. Мөн Япон улсын нэр бүхий иргэдээс “М”ХХК-тай байгуулсан гэрээний үүргийн шаардах эрхийг С ХК-д шаардах эрх шилжүүлэх гэрээгээр олгосон. Гэтэл эрхийн хүрээнээс хальж С ХК—ийн захирал К нь “М”ХХК-ийг орхигдуулаад Г.Г болон М ББСБ ХХК-ид холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Шаардах эрхийн хүрээнээс хальж бусдаа өөрийн үзэмжээр шаардах эрх байхгүй. Үүнийг итгэмжлэлээр дамжуулж олгож болохгүй. Мөн Япон улсад байгаа Элчин сайдын яаманд уг хэлцлээ баталгаажуулдаг журамтай. Гэтэл Японы нотариат баталсныг Монгол Улсын шүүх үнэлнэ гэж тайлбарлаж байна. Иймд шаардах эрх шилжүүлэх гэрээ нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Мөн С ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, бусад баримтуудаас үзэхэд уг компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь К гэсэн эргэлзээтэй баримтууд байна. Итгэмжлэлд компанийн тамга, тэмдгийг дараагүй нь өөрөө төлөөлөх эрхгүй болохоор дарж чадаагүй гэж ойлгож байна. Мөнгө буцаан төлөх график гэх баримтыг Г.Г хэзээ ч хийж өгч байгаагүй. Уг баримтыг ханз үсгээр зурсан учир хэн зурсныг мэдэхгүй, уг баримтыг нэхэмжлэгч тал өөрсдөө гаргаж өгсөн гэдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримт иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримт болж чадахгүй. Иймд нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг үнэлж болохгүй. Хариуцагч Г.Г мөнгө хүлээн авсан болох нь Голомт банкны баримтаас харагддаг. Гэвч “М ХХК нь бас 3 хувьцаа эзэмшигчтэй, мөнгийг хэрхэн зарцуулах нь Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээний асуудал. Гэтэл “М”ХХК-ийн 70 хувийн эзэмшигч К-гаас “М ХХК-ийн нэрийн өмнөөс мөнгө зарцуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж ойлгож байна. Харин шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу уг мөнгийг “М”ХХК-иас гаргуулахаар шийдэж болно. Сүүлд ирүүлсэн гэрээ хэлцлээс үзэхэд Ш гэрээ хийж мөнгийг авсан байна. Гэтэл Г.Г болон “М”ХХК-иас нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй. Хэрэгт байгаа баримтаас харахад хэдэн төгрөг нь үндсэн төлбөр, аль нь хүү юм гэдэг нь харагдахгүй, ялгаж салгаагүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд “М”ХХК-ийн төлөөлөгч О.Б шүүхэд урьд гаргасан тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх С ХК-ийн захирал К-аас хөрөнгө оруулах саналыг өөрөө гаргаж, банк бус санхүүгийн байгууллагыг хамтран ажиллуулах хөрөнгө оруулалтыг Японоос татахаар тохиролцож, “М”ХХК-ийн дүрмэнд өөрчлөлт орж 2 гишүүн дээр 1 гишүүн нэмэгдсэн өөрчлөлт орсон. Ингээд 3 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. “М ХХК нь С ХК болон Япон улсын нэр бүхий иргэдтэй итгэлцлийн гэрээг байгуулж, хөрөнгө оруулалт татсан байдаг. Мөн С ХК нь Япон улсын иргэдтэй байгуулсан шаардах эрх шилжүүлэх гэрээнд “М”ХХК-тай байгуулсан гэрээний шаардах эрх гэж бичсэн байна. Энэ гэрээнээс үзвэл “М ХХК нь Япон улсын иргэдтэй гэрээ хийсэн байж болох ба уг гэрээтэй холбоотой шаардах эрхээ С ХХК-д шилжүүлж өгсөн тухай баримт болох нь илэрхий байна. Гэтэл эрхийг шилжүүлж авсан С ХК нь шаардах эрхийнхээ хүрээнд “М”ХХК-иас шаардах эрхтэй. Гэтэл хэлбэл манай компаниас үүргийн гүйцэтгэл шаардах байтал яагаад иргэн Г.Г-өөс мөнгөн хөрөнгийг шаардаж байгаа нь ойлгомжгүй байна. иймд эрхгүй этгээд нэхэмжилж байгаа гэдэгтэй санал нэг байна. Өөрөөр хэлбэл “М”ХХК-иас аваарай гээд шаардах эрх шилжүүлсэн байхад өөр этгээдүүдээс нэхэмжлээд байна. Нэхэмжлэгчээс хоёр хариуцагч этгээдтэй гэрээ хэлцэл хийсэн зүйл байхгүй. Шаардах эрх шилжүүлсэн гэрээг элчин сайд, консулаар баталгаажуулж Гадаад хэргийн яамаар дамжуулаагүй байсан. Ингэж ирээгүй баримтыг шүүх нотлох баримтаар хүлээн авахгүй байсан. Нэхэмжлэгч нь хариуцагч нараа буруу тодорхойлсон гэж үзэж байна. Иймд хэргийг хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Япон улсын “С”ХК нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Г.Г-өөс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1.485.143.559 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар “М ББСБ” ХХК-ийг оролцуулж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн хариуцагч Г.Г-өөс 2.017.913.559 төгрөг, хариуцагч “М ББСБ” ХХК-иас 7.611.000 төгрөг, нийт 2.025.524.559 төгрөгийг гаргуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагаас 1.949.981.679 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 75.542.880 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдэрлэлээ.
Нэхэмжлэгч Япон улсын “С”ХК-ийн захирал К болон Япон улсын иргэн Ш Монгол Улсын иргэн Г.Г нар нь Монгол улсад банк бус санхүүгийн байгууллага байгуулан барьцаат зээлийн үйл ажиллагаа явуулж, хамтран ажиллахаар харилцан тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, Нийслэлийн Прокурорын газрын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 101 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол зэргээр тогтоогдож байна.
Уг тохиролцооны үндсэн дээр Монгол Улсын “М ХХК үүсгэн байгуулагдаагүй байх бөгөөд уг “М”ХХК-ийг Монгол Улсын иргэн Г.Г, О.Б нар үүсгэн байгуулсныг 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр улсын бүртгэлд бүртгэж, 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “М ”ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч Япон улсын “С2”ХК, 25 хувийн хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэн Г.Гантөмөр, 5 хувийн хувьцаа эзэмшигч Япон улсын иргэн Ш нар болжээ.
Үүнээс өмнө Япон улсын “С ”ХК-ийн захирал К нь тохиролцсоны дагуу 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн өөрийн “С ”ХК болон Япон улсын нэр бүхий иргэдээс хөрөнгө оруулалт татан оруулж ирснийг хариуцагч Г.Г нь “М ХХКболон өөрийн 100 хувийн хувьцааг нь эзэмшдэг “М ББСБ” ХХК-иар дамжуулан хүлээн авч хөрөнгө оруулалтын зарим хэсгийг өөрийн “М ББСБ” ХХК-нд оруулан барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж ирсэн байна.
Япон улсын “С”ХК-ийн захирал К нь оруулсан хөрөнгө оруулалтын дагуу эргэн төлөлт хийгдэж, хүү өгөхгүй байсан, Монголд муу зээл гараад байна гэсэн тул оруулсан хөрөнгө оруулалтыг буцаан татах талаарх хүсэлтийг Г.Г, Япон улсын иргэн Ш нарт гаргасан боловч мөнгийг буцаан өгөөгүй, улмаар “М ХХКнь Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлгүй байсан тул банк бус санхүүгийн байгууллага байгуулалгүйгээр үйл ажиллагаа явуулж, 1.664.780.000 төгрөгийг залилсан гэх гомдлыг гаргасныг цагдаагийн байгууллагаас шалгаад Г.Г, Япон улсын иргэн Ш нар нь уг мөнгийг барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанд зарцуулсан бөгөөд бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн бүрэлдэхүүнийн шинж тогтоогдохгүй, иргэд, аж ахуйн нэгж хоорондын эд хөрөнгийн маргаантай холбоотой, иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлбэл зохих асуудал байна гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
Хариуцагч Г.Г нь цагдаагийн байгууллагаас гомдол, мэдээллийг шалгаж байх явцад Японы хадгаламж буцаах график гэсэн баримтыг Японоос орсон ба төлсөн дүнгийн жагсаалт, Буцаах хадгаламж, буцаасан хадгаламж гэсэн баримтуудын хамт гаргаж өгсөн боловч уг баримтад дурдсан графикийн дагуу мөнгийг буцаан төлөөгүй байна.
Нэхэмжлэгч Япон улсын “С”ХК болон Япон улсын нэр бүхий иргэд нь хөрөнгө оруулалт хийхдээ “М”ХХК-тай тус бүр бэлэн мөнгийг 12 сарын хугацаатай хүлээлгэн өгч, хугацааны эцэст тохиролцсон ашгийг хүлээн авахаар итгэлцлийн гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч Япон улсын “С”ХК нь “М”ХХК-д итгэлцлийн гэрээний үндсэн дээр мөнгөн хөрөнгө шилжүүлсэн боловч буцаан авч чадаагүй Япон улсын иргэн Я 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлсэн 2.606.696 иен буюу 64.489.659 төгрөг, Япон улсын иргэн Х 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлсэн 373.558 иен буюу 9.241.825 төгрөг, Япон улсын иргэн У2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлсэн 7.008.745 төгрөг буюу 173.396.351 төгрөг, Япон улсын иргэн В 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлсэн 3.457.018 иен буюу 85.526.625 төгрөг, Япон улсын иргэн И 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн 1.186.160 иен буюу 29.345.598 төгрөг, Япон улсын иргэн Х 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлсэн 10.000.000 иен, 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн 10.000.000 иен, нийт 20.000.000 буюу 507.400.000 төгрөг, Япон улсын иргэн К 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлсэн 1.000.000 иен буюу 25.370.000 төгрөг,
Япон улсын иргэн С 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн 300.000 иен буюу 7.611.000 төгрөг, нийт 35.932.177 иен буюу 902.381.058 төгрөгийг тус тус төлж барагдуулан, мөнгийг хүлээн авсан иргэдтэй гэрээ байгуулж, “С”ХХК-д шаардах эрх шилжүүлэн авчээ.
Үүний дагуу нэхэмжлэгч Япон улсын “С”ХХК-иас хариуцагч Г.Г , “М ББСБ” ХХК нарт холбогдуулан “М”ХХК-тай өөрийн болон Япон нэр бүхий 8 иргэдтэй байгуулсан итгэлцлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хүлээн авч захиран зарцуулж, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр 2.025.524.559 төгрөгийг гаргуулахаар шаардсан бол хариуцагч Г.Г, “М ББСБ” ХХК нар нь Япон улсын “С ХК-тай ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулж, уг нэхэмжилж буй мөнгийг хүлээн аваагүй, Япон улсын нэр бүхий иргэдээс “М”ХХК-тай байгуулсан гэрээний үүргийн шаардах эрхийг С ХК-д шилжүүлсэн байхад шаардах эрхийн хүрээнээс хальж Г.Г, “м ББСБ” ХХК нараас нэхэмжилж буй нь үндэслэлгүй, уг шаардах эрх шилжүүлэх гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б-од олгосон итгэмжлэл компанийн тамга тэмдэг дарагдаагүй, захирал К нь С ХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч эсэх нь эргэлзээтэй тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үзэж байна. Мөнгө буцаан төлөх график гэх баримтыг Г.Г хэзээ ч хийж өгч байгаагүй. Уг баримтыг ханз үсгээр зурсан учир хэн зурсныг мэдэхгүй, уг баримтыг нэхэмжлэгч тал өөрсдөө гаргаж өгсөн гэдэг. “М ХХК нь 3 хувьцаа эзэмшигчтэй, мөнгийг хэрхэн зарцуулах нь Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээний асуудал. Гэтэл “М”ХХК-ийн 70 хувийн эзэмшигч К-гаас “М”ХХК-ийн нэрийн өмнөөс мөнгө зарцуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж ойлгож байна. Шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу уг мөнгийг “М”ХХК-иас гаргуулахаар шийдэж болно, гуравдагч этгээд “М”ХХК-иас С ХК нь Япон улсын иргэдтэй байгуулсан шаардах эрх шилжүүлэх гэрээнд “М ХХК-тай байгуулсан гэрээний шаардах эрх гэж бичсэн байх тул эрхийг шилжүүлж авсан С ХК нь шаардах эрхийнхээ хүрээнд “М ”ХХК-иас шаардах эрхтэй. Гэтэл манай компаниас үүргийн гүйцэтгэл шаардах байтал яагаад иргэн Г.Г-өөс мөнгөн хөрөнгийг шаардаж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байна гэсэн үндэслэлээр тус тус нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.
Хариуцагч нар болон гуравдагч этгээдийн татгалзал үндэсгүй гэж шүүх дүгнэв.
Учир нь нэхэмжлэгч Япон улсын “С”ХК болон Япон улсын нэр бүхий иргэд нь анх хөрөнгө оруулалт хийхдээ “М”ХХК-тай тус бүр бэлэн мөнгийг 12 сарын хугацаатай хүлээлгэн өгч, хугацааны эцэст тохиролцсон ашгийг хүлээн авахаар итгэлцлийн гэрээ байгуулсан нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д заасан итгэлцлийн үйлчилгээний шинжийг агуулж байх боловч “М ХХКнь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй тул итгэлцлийн үйлчилгээ явуулах эрхгүй бөгөөд Япон улсын “С”ХК болон Япон улсын нэр бүхий иргэдтэй байгуулсан итгэлцлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй бөгөөд энэхүү мөнгөн хөрөнгийг хариуцагч Г.Гнь өөрийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй хуулийн этгээд болох “М ХХК болон “М ББСБ” ХХК-иар дамжуулан хүлээн авч зарим хэсэг буюу 50000 ам.долларыг “М ББСБ” ХХК-ийн зээлийн үйл ажиллагаанд, үлдсэн хэсгийг өөрийн нэрээр баримт үйлдэн хүлээн авсан боловч хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй, “М”ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан гэх боловч ямар үйл ажиллагаа явуулсан, хэрхэн зарцуулсан талаар тайлбарлаж, түүнтэй холбоотой баримтаа гаргах буюу татгалзлаа нотлоогүй болно.
Иймд “С”ХК болон Япон улсын иргэн Я, Х, У, В, И, Х, К, С нарын 8 иргэний “М”ХХК-тай байгуулсан итгэлцлийн гэрээ хүчин төгөлдөр бус болсон, уг гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг хариуцагч Г.Гнь хүлээн авч өөрийн болон “М ББСБ” ХХК-ийн хэрэгцээнд захиран зарцуулсан байх тул тэднийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.
“М ХХК болон “М ББСБ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Г.Г-өөс нэр бүхий Япон улсын иргэдийн мөнгийг буцаан өгсөн хэдий боловч үлдсэн Япон улсын иргэн Я, Х, У, В, И, Х, К, С нарын 8 иргэний “М”ХХК-д шилжүүлсэн мөнгийг буцаан өгөөгүй учир нэхэмжлэгч “С”ХК-иас итгэлцлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн нийт 35.932.177 иен буюу 902.381.058 төгрөгийг тэдгээр иргэдэд төлж барагдуулан тэдэнтэй шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулсан байна.
Япон улсын иргэн Я, Х, У, В, И, Х, К, С нарын 8 иргэний “М ”ХХК-д шилжүүлсэн нийт 35.932.177 иен буюу 902.381.058 төгрөгийг нэхэмжлэгч “С ”ХК-иас төлж барагдуулан тэдэнтэй шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулсан нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, апостиль гэрчилгээгээр баталгаажсан, хүчин төгөлдөр гэрээ байна.
Монгол Улс болон Япон улс нь Гаагийн есдүгээр бага хурлаас 1961 оны 10 дугаар сарын 5-ны өдөр баталсан “Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенц”-д нэгдэн орсон тул өөрсдийн бичиг баримтыг апостиль гэрчилгээгээр баталгаажуулсан тохиолдолд дахин яман нэг баталгаажуулалт шаардахгүй, уг бичиг баримт нь Апостиль конвенцийн гишүүн улсад хүчин төгөлдөр үйлчлэх тул нэхэмжлэгч “С”ХК-ийн Япон улсын нэр бүхий иргэдтэй байгуулсан шаардах эрх шилжүүлэх нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэх хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.
Нэгэнт нэхэмжлэгч “С”ХК-иас Япон улсын нэр бүхий 8 иргэдийн мөнгийг төлж барагдуулан түүнийг шаардах эрхийг шилжүүлэн авсан тул уг мөнгийг гэрээний болон гэрээний бус үүргийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж байгаа этгээд болох “М ХХК болон Г.Г, “М ББСБ” ХХК нараас шаардах эрхтэй тул Г.Г болон “М ББСБ” ХХК нар нь нэхэмжлэгч “С”ХК-тай гэрээ, хэлцэл байгуулж, мөнгө хүлээн аваагүй гэж тайлбар үндэслэлгүй бөгөөд хариуцагч Г.Г, “М ББСБ” ХХК нар нь гэрээний бус үүрэг буюу бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшиж байх тул хөрөнгө шилжүүлсэн болон шилжүүлсэн хөрөнгийг шаардах эрх бүхий этгээд нь уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэлд дурдагдсан “С”ХК болон Япон улсын нэр бүхий иргэд нь хариуцагч Г.Г-ийн цагдаагийн байгууллагад шалгагдаж байх явцдаа гаргаж өгсөн Японы хадгаламж буцаах график, Буцаах хадгаламж, Буцаасан хадгаламж, Японоос орсон ба төлсөн дүнгийн жагсаалт гэх баримтуудад дурдсан мөнгөө буцаан аваагүй хүмүүсийн жагсаалтад дурдагдсан байх тул хариуцагч Г.Г-рөөс тухайн үед “С”ХК-ийн болон дээрх иргэдийн мөнгийг буцаан өгөхөө хүлээн зөвшөөрч байсан гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэгч “С”ХК-ийн итгэлцлийн гэрээний дагуу шилжүүлсэн 50000 ам.долларыг нэхэмжлэл гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Монгол банкны ам.долларын төгрөгтэй харьцах ханш болох 2670.87 төгрөгөөр тооцоход 133.343.500 төгрөг,
Нэхэмжлэгч “С”ХК-ийн итгэлцлийн гэрээний дагуу шилжүүлсэн 40.000.000 иенийг нэхэмжлэл гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Монгол банкны иенийн төгрөгтэй харьцах ханш болох 24.74 төгрөгөөр тооцоход 989.600.000 төгрөг,
Япон улсын иргэн Я итгэлцлийн гэрээний дагуу шилжүүлсэн 40.135.480 төгрөгийг гэрээнд заасан 12 сарын хугацааны ашиг 16.2 хувиар тооцоход ашиг 6.501.947 төгрөг, нийт 46.637.427 төгрөг,
Япон улсын иргэн У итгэлцлийн гэрээний дагуу шилжүүлсэн 100.856.800 төгрөгийг гэрээнд заасан 12 сарын хугацааны ашиг 16.8 хувиар тооцоход ашиг 16.943.942 төгрөг, нийт 117.800.742 төгрөг,
Япон улсын иргэн С итгэлцлийн гэрээний дагуу шилжүүлсэн 6.304.320 төгрөгийг гэрээнд заасан 12 сарын хугацааны ашиг 15.6 хувиар тооцоход ашиг 941.353 төгрөг, нийт 6.975.673 төгрөг,
Япон улсын иргэн К н итгэлцлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн 1.000.000 иенийг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Монгол банкны иенийн төгрөгтэй харьцах ханш болох 25.37 төгрөгөөр тооцоход 25.370.000 төгрөг,
Япон улсын иргэн Х итгэлцлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн 300.000 иенийг гэрээнд заасан 12 сарын хугацааны ашиг 15.6 хувиар тооцоход ашиг 46.800 иен, нийт 346.800 иенийг нэхэмжлэл гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Монгол банкны иенийн төгрөгтэй харьцах ханш болох 24.74 төгрөгөөр тооцоход 8.579.832 төгрөг,
Япон улсын иргэн Х итгэлцлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн 20.000.000 иенийг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Монгол банкны иенийн төгрөгтэй харьцах ханш болох 25.37 төгрөгөөр тооцоход 507.400.000 төгрөг,
Япон улсын иргэн И итгэлцлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн 1.000.000 иенийг гэрээнд заасан 12 сарын хугацааны ашиг 16.2 хувиар тооцоход ашиг 162.000 иен, нийт 1.162.000 иенийг нэхэмжлэл гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Монгол банкны иенийн төгрөгтэй харьцах ханш болох 24.74 төгрөгөөр тооцоход 28.747.880 төгрөг,
Япон улсын иргэн В итгэлцлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн 3.000.0000 иенийг гэрээнд заасан 12 сарын хугацааны ашиг 16.2 хувиар тооцоход ашиг 486.000 иен, нийт 3.486.000 иенийг нэхэмжлэл гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Монгол банкны иенийн төгрөгтэй харьцах ханш болох 24.74 төгрөгөөр тооцоход 86.243.640 төгрөг болж байгаа боловч нэхэмжлэгч 85.526.625 төгрөг нэхэмжилсэн тул 85.526.625 төгрөг, нийт 1.949.981.679 төгрөгөөс хариуцагч “М ББСБ” ХХК нь 50000 ам.доллар хүлээн авч зээлийн үйл ажиллагаандаа зарцуулсан болох нь “М ББСБ” ХХК-ийн санхүүгийн тайланд тусгагдсан тул 50000 ам.доллар буюу 133.543.500 төгрөгийг “М ББСБ” ХХК-иас, бусад 1.816.638.179 төгрөгийг хариуцагч Г.Гнь хүлээн авч захиран зарцуулсан тул 1.816.638.179 төгрөгийг хариуцагч Г.Г-өөс тус гаргуулж нэхэмжлэгч Япон улсын “С”ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 75.542.880 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.443.523 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангаж буй үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 824.667 төгрөгийг хариуцагч “М ББСБ” ХХК-иас, 9.241.141 төгрөгийг хариуцагч Г.Г-өөс тус тус гаргуулж нэхэмжлэгч “С”ХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Г-өөс 1.816.638.179 / нэг тэрбум найман зуун арван зургаан сая зургаан зуун гучин найман мянга нэг зуун далан ес/ төгрөг, хариуцагч “М ББСБ” ХХК-иас 133.343.500 /нэг зуун гучин гурван сая гурван зуун дөчин гурван мянга таван зуу/ төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Япон улсын “С”ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 75.542.880 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 10.443.523 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г-өөс улсын тэмдэгтийн хураамжид 9.241.141 төгрөг, хариуцагч “М ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 824.667 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Япон улсын “С”ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР