| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сампилын Уранчимэг |
| Хэргийн индекс | 142/2018/00431/И |
| Дугаар | 00091 |
| Огноо | 2018-06-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 00091
О.Дамбын нэхэмжлэлтэй хариуцагч
Ц.Э, Ц.Т нарт
холбогдох иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2018/00515 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч О.Д-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ц.Э, Ц.Т нарт холбогдох,
19.202.500 төгрөг гаргуулах иргэний хэргийг нэхэмжлэгч О.Д , нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.С нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Д , нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.С , хариуцагчийн өмгөөлөгч Д.Н , нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.
Нэхэмжлэгч О.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д нь Ц.Эг гуйсны дагуу 19.202.500 төгрөгийг Ц.Э-гийн ах Ц.Т -ийн зээл болох БИДЭТ ББСБ-ын зээл төлөлтөнд хийсэн. Э, ах Т -тэйгөө уг зээлийг аваад хүүг нь багасгаад өөр газраас зээл аваад өгнө гэж хэлэн зээлийн төлөлтөө хийлгэж, Т нь барьцаа ҮХЭХ-гөө барьцаанаас суллаж авсан ба маргааш нөгөөдрөөс нь зээл бүтэхгүй боллоо гэсэн. Т -, Э нарт мөнгөө төлөхийг шаардахад шүүхэд өг гээд намайг хохироож байх тул 19.202.500 төгрөгийг Ц.Т -өөс гаргуулж өгнө үү. Э нь 7 хоногийн өмнөөс над руу ярьсан юм. Би Т -тэй утсаар ярихад та хоёр наад асуудлаа шийд гэж хэлсэн. Би Эд туслах үүднээс л зээлийг нь хааж өгсөн. Үндсэн зээлдэгчээр Т гарын үсэг зурсан байдаг, Ц.Э, Ц.Т хоёроос хоёулангаас нь нэхэмжилнэ... гэжээ.
Хариуцагч Ц.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багт оршин суудаг. 2016.08.30-нд Ц овогтой Эг Өсөх өнгө ХХК буюу Эрдэнэт хэвлэл компанийхаа үйл ажиллагааг явуулахад минь тус болооч гэж гуйсны үндсэн дээр БИДЭТ ББСБ-аас өөрийн орон сууц болох ** , 000497573 тоот гэрчилгээг барьцаалж 20,0 сая төгрөгийн зээлийг авч өгсөн. Гэтэл БИДЭТ ББСБ-аас авсан зээлийн төлөлтөө Ц.Э цаг хугацаандаа төлөхгүй явсаар 300 гаруй хоног болсон учир шүүхэд шилжүүлнэ гэсэн мэдэгдэл удаа дараа ирсэн. Иймд Ц.Эг зээлийн төлөлтөө хийж үл хөдлөх хөрөнгийг минь чөлөөлж өг гэж би шаардсан. Ц.Э зээлээ төлсөн гэж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авчирч өгсөн. Зээлээ төлөхдөө ямар хүнээс мөнгө авсныг би мэдэхгүй. Ц.Т миний бие Ц.Эгийн хамт гарын үсэг зурж О.Д гэгч хүнээс мөнгө зээлж аваагүй бөгөөд уг хүнийг би танихгүй, хараагүй. Иймд Ц.Эгийн авсан 19.202.500 төгрөгийн тооцоонд огт оролцоо байхгүй. Миний зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй... гэжээ.
Хариуцагч Ц.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие Ц.Э нь Ц.Т -тэй хамтран 8,0 сая төгрөгийн зээлийг 2015.11.13-нд Транскапитал ББСБ-аас авсан. Үүнээс 6,0 сая төгрөгийг Ц.Т -, 2 сая төгрөгийг Ц.Э миний бие авч зарцуулсан. Уг зээл дээр Ц.Т нь 2 удаа төлөлт хийж үндсэн 6 сая төгрөгөөс 500 000 төгрөг хасагдаж 5 500 000 төгрөгийг үлдэгдэл байсан. Энэ үлдэгдэл мөнгө миний төлөх мөнгөтэй нийлээд 7 045 730 төгрөгийг Цэрмаа гэх хүнээр хаалгаж БИДЭТ ББСБ-аас анх 20,0 сая төгрөгийн зээл хамтран авсан. Цэрмаад 7,0 сая төгрөгийг буцаан өгч үлдсэн 13 сая төгрөгийг Ц.Э миний бие авч зарцуулсан. 20 сая төгрөгний зээлийг авч чөлөөлүүлэх хүртэл нийт 19 сарын хугацаанд Ц.Т нь огт төлөлт хийж байгаагүй бөгөөд өөрийн төлөх ёстой хүүгийн төлбөр 4 075 500 төгрөг нийт 9 575 500 төгрөгийг албан ёсоор төлөх ёстой гэж үзэж байна. Дээрх 19 сарын хугацаанд Ц.Э миний зүгээс БИДЭТ ББСБ-д 11 814 313 төгрөг төлсөн. Уг зээл нь хугацаа шахагдаж төлөлт хоцорч эхлэхэд банкнаас төлбөрөө төл гэж шахаж эхэлсэн. Ингээд Ц.Т -өөс бид хоёр өөр хүү багатай зээл судалж авахаар тохиролцсон. Тэгээд БИДЭТ ББСБ-аас зээл авах болж Ц.Т -ийн нэр дээр зээл гарах болохоор болгон одоо бичиг баримт барьцаагаа авчран зээлээ ав гээд Ц.Т ах надад чи одоо зээл хаах хүнтэйгээ уулзаад хаалгаад ир тэгээд 2-лаа зээлээ аваад буцаан төлнө гэж хэлсэн. Зээлээ хаагаад лавлагаа авах хүсэлтээ өгөөд 24 цагийн дараа лавлагаа гарна гэж хэлэхэд Ц.Т ах, ахдаа гэрчилгээ өгөөд явуулчих гэртээ нэг хонуулья гэж хэлсэн. Өглөө 9 цагт уулзаж зээлээ аваад хүний мөнгө өгье гэж тохиролцоод маргааш өглөө 09 цагт залгахад би одоо зээл авахаа болилоо гэсэн. Би хариуд та юу ярьж байгаа юм бэ, энэ хүний зээл чөлөөлсөн мөнгийг яах юм бэ, ядаж та өөрийн төлөх ёстой мөнгөө банкных нь хүүтэй өг гэж хэлэхэд үгүй гэсэн. Нэг хоногийн дараа би ахин утасдан та эсвэл 10,0 саяыг ч болов аваад өгөөч 2-лаа гэрээ хийгээд таны төлөх ёстой мөнгийг би төлье гэж хүртэл гуйж үзсэн. Огт зөвшөөрөхгүй байсан. Хэд хоногийн дараа О.Д нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Ингээд Ц.Т над руу холбогдон байр битүүмжилж байна гэсэн. Хэрвээ би алдах дээрээ тулвал бүгдийг чинь ална шүү надад айх зүйл байхгүй гэж хэлэхэд би ар гэр хүүхдүүддээ санаа зовж эхэлсэн. Дараа нь холбогдоод ах нь уулзаж ярих зүйл байна гээд би гэрт нь очиж уулзахад чи мэдүүлэг тайлбараа Т -өд огт хамааралгүй гэж хэл гэсэн. Тухайн үед би маш их дарамттай байсан. Би хэсэг бодож байгаад тайлбар бичиж өгье гэхэд яг одоо бич гээд машин дотроо бичүүлсэн. Бичиж дуусаад өөрийн үндсэн төлөх ёстой 10,0 сая төгрөгийг өгч чадахгүй, дараа нь 5,0 саяыг өгвөл өгнө гэсэн. Ц.Т -өөс үндсэн төлбөр 5 500 000 төгрөг, хүүгийн төлбөр 4 075 500 төгрөг нийт 9 575 500 төгрөгийг төлүүлэх хүсэлтэй байна. Уг тайлбар бичиж өгсний дараа шүүхэд үнэн зөвөөр мэдүүлэх нь зүйтэй юм гэж шийдээд энэ тайлбарыг бичлээ... гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2018/00515 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасныг баримтлан хариуцагч Ц.Эгаас 19.202.500 төгрөг гаргуулан О.Д д олгож, хариуцагч Ц.Т -өд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 253.970 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Эгаас 253.970 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан тус шүүхийн 2018.04.24-ний өдрийн 142/ШЗ2018/01929 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч О.Д , нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.С нар давж заалдсан гомдолдоо:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим зүйл заалтыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие О.Д Ц.Т -, Ц.Э нарын БИДЭТ ББСБ-д төлөх зээлийн үүргийг тэдний гуйсны дагуу 19.202.500 төгрөгөөр төлж үүргийг нь гүйцэтгэсэн. БИДЭТ ББСБ-д Ц.Т -, Ц.Э нар нь хамтран зээл авч зээлийн үлдэгдэл үүргээ надаар гүйцэтгүүлж Ц.Т -, Ц.Э нар үл хөдлөх эд хөрөнгийнхөө барьцаанд тавьсан өмчлөх эрхийнхээ гэрчилгээг авсан. Ц.Э өөрийнхөө утсаар Ц.Т -тэй ярьж регистр болон дансны дугаарыг нь авч зээлийг төлүүлэх гэж байсан. Мөн би зээлийг нь төллөө мөнгөө авъя гэхэд та 2 учраа ол гэсэн. Ц.Т -, Ц.Э нарыг би мөнгө зээлсэн гэж мөнгө нэхээгүй. Зээлийн үүргээ надаар төлүүлчихээд одоо 19.202.500 төгрөгийг өгөхгүй хохироож байна гэж нэхэмжлэл гаргасан. Ц.Т -, Ц.Э хоёрын хооронд зээлээ аваад 2 уулаа тодорхой хэсгийг хувааж авсан тухай яригдсан. Мөн Ц.Т 5.000.000-6.000.000 төгрөг төлнө гэж ярилцаж байснаа хүртэл хэлсэн. 19.200.000 төгрөгийг төлснөөр БИДЭТ ББСБ-д төлөх ёстой байсан тэр үүргээс хариуцагч нар чөлөөлөгдөж барьцаа хөрөнгийнхөө өмчлөх эрхийн гэрчилгээг суллаж аваад байгаа нь тэдний ашиг сонирхолд нийцэхгүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд би тэдний эрх ашигт нийцэж үйлдэл хийсэн тул өөрт байсан 19.202.500 төгрөгөө гаргуулахаар шаардах эрхтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэхь заалтанд өөрчлөлт оруулж хариуцагч Ц.Т -өөс нэхэмжилж буй мөнгөний тал хувийг гаргуулахаар өөрчилж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч О.Д нь хариуцагч Ц.Э, Ц.Т нараас 19.202.500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Ц.Т нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан, хариуцагч Ц.Э, Ц.Т -тэй хамтарч төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргаж мэтгэлцжээ.
Хариуцагч Ц.Э, Ц.Т нар нь 2016 оны 08 дугаар сарын 30-нд БИДЭТ ББСБ-аас 20.000.000 төгрөгийн зээлийг хамтран авч Ц.Т -ийн Баян-Өндөр сум, ** тоотын 33,4м2 2 өрөө байрыг барьцаалсан 20.000.000 төгрөгийг хариуцагч Ц.Э Эрдэнэт хэвлэл ХХК-ийнхаа үйл ажиллагаа явуулахад хэрэглэсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.
Шүүх БИДЭТ ББСБ-аас авсан 20.000.000 төгрөгийн зээлийн гэрээнд Ц.Т -, Ц.Э нар хамтран зээлдэгчээр орсон байх ба уг зээлийг чөлөөлөөд дахин хүү багатай зээл авч буцаагаад мөнгийг төлөхөөр О.Д тай Ц.Э ярилцаж тохиролцсон байдал тэдний тайлбараар нотлогдсон Ц.Э О.Д нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэсэн дүгнэлт хийж, хариуцагч Ц.Эгаас 19.202.500 төгрөг гаргуулж О.Д д олгож, Ц.Т -өд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасантай нийцжээ.
Хариуцагч Ц.Э нь нэхэмжлэгч О.Д ас БИДЭТ ББСБ аас авсан зээлийн үлдэгдэл мөнгийг зээлж авахаар амаар тохиролцсон, энэ тохиролцоонд хариуцагч Ц.Т оролцоогүй. Ц.Т О.Д нарын хооронд ямар нэгэн харилцаа үүсээгүй. Хариуцагч Ц.Т нь Ц.Эгийн хүсэлтээр түүний ББСБ-аас авсан 20.000.000 төгрөгийн зээлэнд хамтран зээлдэгчээр оролцсон өөрийн байрыг барьцаалсан болох нь нотлох баримтаар тогтоогдож байх боловч хариуцагч Ц.Э нь 20.000.000 төгрөгийг өөрөө авч үйл ажиллагаандаа зарцуулсан талаар тайлбар гаргасан , хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ц.Т зээлийн мөнгийг захиран зарцуулсан болох нь нотлогдоогүй байх тул Ц.Т хариуцах үндэслэлгүй болно.
Иймд нэхэмжлэгчийн болон өмгөөлөгчийн Иргэний хуулийн 491 дүгээр зүйлд зааснаар Ц.Т -ийн зээлийн гэрээний үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгч О.Д , нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.С нарын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2018/00515 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч О.Д , нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.С нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч О.Дамбын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254.000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.БАТТӨР
С.УРАНЧИМЭГ