Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 653

 

                                                                                   

Э.Нд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Ганцэцэг,  

шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч Г.Батмөнх,  

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/453 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Нын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1906043412277 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

/;

 

Э.Н нь:

1. 2019 оны 4 дүгээр сарын 8, 23-ны өдрүүдэд иргэн Н.Бишдэрэмийг “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч, 3 удаагийн үйлдлээр нийт 1.675.000 төгрөгийг өөрийн Төрийн банкны 108800240125 дугаарын дансаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан,

2. 2019 оны 9 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд иргэн М.Эрдэнэбаатарыг “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч, 2 удаагийн үйлдлээр нийт 350.000 төгрөгийг өөрийн Төрийн банкны 108800240125 дугаарын дансаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Тарвилан хотхоноос интернэт банкаар шилжүүлэн авч залилсан,

3. 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд иргэн С.Хүрэлтогтохыг “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч, өөрийн Төрийн банкны 108800240125 дугаарын дансаар 2 удаагийн үйлдлээр 265.000 төгрөгийг, иргэн Ц.Энхцэцэгийн Хаан банкны 5447075392 дугаарын дансаар 1 удаагийн үйлдлээр 250.000 төгрөгийг, иргэн С.Банзрагчийн Хаан банкны 5173054713 дугаарын дансаар 2 удаагийн үйлдлээр 220.000 төгрөгийг, иргэн О.Дашнямын Хаан банкны 5009257622 дугаарын дансаар 1 удаагийн үйлдлээр 38.000 төгрөгийг буюу нийт 6 удаагийн үйлдлээр 773.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 оюутны байрнаас интернэт банкаар шилжүүлэн авч залилсан,

4. 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд иргэн Ц.Тайванжаргалыг “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч, иргэн Э.Пүрэвжавын Хаан банкны 5806053484 дугаарын дансаар 2 удаагийн үйлдлээр 1.100.000 төгрөгийг, иргэн Ц.Энхцэцэгийн Хаан банкны 5447075392 дугаарын дансаар 4 удаагийн үйлдлээр 980.000 төгрөгийг, иргэн О.Дашнямын Хаан банкны 5009257622 дугаарын дансаар 1 удаагийн үйлдлээр 76.000 төгрөгийг, иргэн О.Баяржаргалын Хаан банкны 5025831408 дугаарын дансаар 1 удаагийн үйлдлээр 30.000 төгрөгийг буюу нийт 8 удаагийн үйлдлээр 1.686.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-14 дүгээр гудамжны 253 тоотоос интернэт банкаар шилжүүлэн авч залилсан,

5. 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хооронд иргэн У.Ганзоригийг “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч, өөрийн Төрийн банкны 108800240125 дугаарын дансаар 7 удаагийн үйлдлээр 3.392.000 төгрөгийг, иргэн Ц.Энхцэцэгийн Хаан банкны 5447075392 дугаарын дансаар 2 удаагийн үйлдлээр 560.000 төгрөгийг буюу нийт 9 удаагийн үйлдлээр 3.952.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 73-5-8 тоотоос шилжүүлэн авч залилсан,

6. 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хооронд иргэн Г.Цэсмааг “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч, 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 1 сая төгрөгийг иргэн Э.Пүрэвжавын Хаан банкны 5806053484 тоот дансаар Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 49-21 тоотоос интернэт банкаар, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 250.000 төгрөгийг иргэн Э.Пүрэвжавын Хаан банкны 5806053484 дугаарын дансаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ивээл хотхоны 41Б-201 тоот гэртээ байхдаа интернэт банкаар, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэн О.Баяржаргалын Хаан банкны 5025831408 дугаарын дансаар 20.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ивээл хотхоны 41Б-201 тоотоос интернэт банкаар тус тус шилжүүлэн авч нийт 3 удаагийн үйлдлээр 1.270.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2019 оны 02 дугаар сарын 22, 28-ны өдрүүдэд иргэн Д.Цэвээнсүрэнг “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч, 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 1 сая төгрөгийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт зээлийн гэрээ байгуулан 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 200.000 төгрөгийг өөрийн Төрийн банкны 108800240125 дугаарын дансаар Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 61 дүгээр байрны 12 тоотоос интернэт банкаар шилжүүлэн авч, нийт 2 удаагийн үйлдлээр 1.200.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

8. 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 5 дугаар сарын 7-ны өдрийн хооронд иргэн Т.Лхагвасүрэнг “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч, өөрийн Төрийн банкны 108800240125 дугаарын дансаар 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 750.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны Дамба дахь салбараас, мөн тухайн өдрөө буюу 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 250.000 төгрөгийг иргэн Ч.Анхбаатарын Хаан банкны 5065099928 дугаарын дансаар, 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 100.000 төгрөгийг иргэн С.Цэсмаагийн Хаан банкны 5090564000 дугаарын дансаар, 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 100.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48 дугаар гудамжны 159а тоотоос интернэт банкаар, 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 350.000 төгрөгийг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Хаан банкны салбар дээрээс, 2019 оны 4 дүгээр сарын 19-ний 523.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Дамбадаржаагийн эцэст байрлах Төрийн банкны салбар дээрээс, 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 278.000 төгрөгийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 3, 4 дүгээр хорооллын эцэст байрлах Төрийн банкны салбар дээрээс өөрийн Төрийн банкны 108800240125 дугаарын дансаар тус тус шилжүүлэн авч, ниит 7 удаагийн үйлдлээр 2.351.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

9. 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 4 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд иргэн Б.Даваадуламыг “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 2 сая төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Сонсголонгийн 20-691А тоотоос, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 80.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, 19-3276 тоотоос, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 534.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 396.000 төгрөгийг Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Прадокс гэх газраас, 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 300.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрээс тус тус интернэт банкаар өөрийн Төрийн банкны 108800240125 дугаарын дансаар шилжүүлэн авч, нийт 5 удаагийн үйлдлээр 3.310.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

10. 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 9 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд иргэн А.Алтантуяаг “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч, өөрийн Төрийн банкны 108800240125 дугаарын дансаар 17 удаагийн үйлдлээр 5.683.000 төгрөгийг, иргэн Н.Энх-Эрдэнийн Хаан банкны 5622108672 дугаарын дансаар 1 удаагийн үйлдлээр 300.000 төгрөгийг, иргэн Ц.Энхцэцэгийн 5447075392 дугаарын дансаар 2 удаагийн үйлдлээр 370.000 төгрөгийг тус тус Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 32 дугаар гудамжны 323 тоотоос, 2019 оны 5 дугаар сарын 01-нд 1.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 16 дугаар хороолол, 71-2-1 тоотоос өөрийн Төрийн банкны 108800240125 дугаарын дансаар шилжүүлэн авч, нийт 20 удаагийн үйлдлээр 6.353.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

11. 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд иргэн Б.Зулцэцэгийг “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч, өөрийн Төрийн банкны 108800240125 дугаарын дансаар 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 986.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүрэгт байрлах Төрийн банкнаас, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 573.000 төгрөгийг, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 427.000 төгрөгийг Хан-Уул дүүрэг дэх Нисэх-Буянт-Ухаа 2 хотхоноос, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 134.000 төгрөгийг, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 500.000 төгрөгийг Дорноговь аймгаас, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөгийг Хан-Уул дүүрэг дэх Нисэх-Буянт-Ухаа 2 хотхоноос, 2019 оны 01 дүгээр сарын 26-нд иргэн О.Баяржаргалын 5025831408 дугаарын Хаан банкны дансаар 100.000 төгрөгийг, Хан-Уул дүүрэг дэх Нисэх-Буянт-Ухаа 2 хотхоноос шилжүүлэн авч дансаар нийт 3.220.000 төгрөгийг, 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Б.Зулцэцэгтэй “зээлийн гэрээ”-г Сонгинохайрхан дүүргийн нотариатын газарт байгуулан бэлнээр 7 сая төгрөг авч, нийт 8 удаагийн үйлдлээр 10.220.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

12. Иргэн М.Дэлгэрмааг “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч, өөрийн Төрийн банкны 108800240125 дугаарын дансаар 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 1.500.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкнаас, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 175.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны тооцооны төвөөс шилжүүлэн авч, нийт 2 удаагийн үйлдлээр 1.675.000 төгрөгийн хохирол учруулан залилсан буюу залилах гэмт хэргийн улмаас бусдад нийт 34.815.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас:

Э.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

   Шүүгдэгч -ыг “Зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ныг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Э.Нд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Нын урьд цагдан хоригдсон 120 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Э.Н нь хохирогч Г.Цэсмаад 1.270.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Наас 1.675.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Бишдэрэмд, 350.000 төгрөг гаргуулан хохирогч М.Эрдэнэбаатарт, 773.000 төгрөг гаргуулан хохирогч С.Хүрэлтогтоход, 1.686.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Тайванжаргалд, 3.952.000 төгрөг гаргуулан хохирогч У.Ганзоригт, 1.200.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Цэвээнсүрэнд, 2.351.000 төгрөг гаргуулан хохирогч Т.Лхагвасүрэнд, 3.310.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Даваадуламд, 6.353.000 төгрөг гаргуулан хохирогч А.Алтантуяад, 6.340.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Зулцэцэгт, 1.675.000 төгрөг гаргуулан хохирогч М.Дэлгэрмаад тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нарийвчлан тогтоохгүйгээр Э.Н надад 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

Эрүүгийн хариуцлагын арга хэмжээ, ял шийтгэл нь үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нийцэх ёстой бөгөөд Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлд заасан “Хууль ёсны зарчим”, мөн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим” зөрчигдсөн гэж үзэж байна.

Э.Н миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нарын хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Хохирогч Б.Зулцэцэгт 3.880.000 төгрөг, хохирогч Г.Цэсмаад 1.270.000 төгрөг, үүн дээр нэмж бас мөнгө өгсөн, хохирогч Ц.Тайванжаргалд учирсан хохирлоос 500.000 төгрөгийг өгч хохирлыг нөхөн төлсөн.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хэргийн бодит байдлыг нарийвчлан тогтоогоогүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, мөн зүйлийн 3-т “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” гэж заасныг зөрчсөн байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно” гэж маш тодорхой хуульчлан заасан байна. Б.Зулцэцэг нь Э.Н надад 7.000.000 төгрөг өгсөн гэдгээ нотлох ёстой, амаар мөнгө өгсөн гэж яриад байдаг, үүнийгээ баримтаар нотлох ёстой гэж үзэж байна. Би Б.Зулцэцэгээс 7.000.000 төгрөгийг хүлээн аваагүй, тэр надад мөнгө өгөөгүй байж надаас үндэслэлгүйгээр 7.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж нэхэмжилж байна. 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр надад 7 сая төгрөгийг бэлнээр өгсөн бол үлдэгдэл төлбөр болох 1.500.000 төгрөгийг хасаж өгсөн байдаг. 7 сая төгрөгийн эх үүсвэр болох машин борлуулж өгсөн гэдэг боловч уг машиныг 2020 оны 1 дүгээр сард зарж борлуулсан гэдгээ надад хэлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Намсрайжав миний бие яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө 7.000.000 төгрөгийг Б.Зулцэцэгээс аваагүй талаараа удаа дараа тайлбарлан мэдүүлэг өгсөн. Б.Зулцэцэг болон түүний нөхөр С.Амартүвшин нар нь надад 7.000.000 төгрөг өгсөн гэж худлаа зүйл ярьж мэдүүлэг өгсөн. Энэхүү мэдүүлэг нь холбогдох нотлох баримт болон эх сурвалжаар давхар нотлогдох ёстой. Гэрч О.Жаргалсайханы өгсөн мэдүүлэгт “...зээлийн гэрээ байгуулж байгаа хүмүүс ихэнхдээ эхэлж гэрээг байгуулж, түүний дараа хоорондоо мөнгийг өгч авдаг, ... миний нүдэн дээр мөнгөө тоолж өгөөгүй, дансаар өгч бай, баримттай нь дээр гэж хэлдэг. ...” /4 хх 145-146/ гэж мэдүүлэг өгсөн ба надад мөнгө өгөөгүй гэдгийг нотолж байна. Өмнө нь Б.Зулцэцэгээс авсан 3,880,000 төгрөгийг түүнд буцаан өгч, хохирлоо бүгдийг нөхөн төлсөн. Одоо Б.Зулцэцэг бид хоёрын хооронд хохирол төлбөрийн асуудал байхгүй.

Хохирогч А.Алтантуяа нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...Би Намсрайжавд 22 удаагийн үйлдлээр 6.353.000 төгрөг өгсөн. Анх 3 дугаар сарын 18-ны өдөр нөхөр, охин хоёртоо Солонгос улсын виз гаргуулах гэж 2.000.000 төгрөг өгсөн. Бусад мөнгөнүүдийг болохоор Намсрайжав бичиг баримт, онгоцны билет, хувийн хэрэгцээндээ зориулж надаас зээлсэн. Тухайн үед надад хувийн шалтгаанаа хэлээд мөнгө зээлдэг байсан. Яг виз гаргана гэж 3,080,000 төгрөгийг надаас авсан. ...” гэж мэдүүлсэн байна. Э.Н миний бие А.Алтантуяагаас 3,273,000 төгрөгийг хувийн шалтгаанаа хэлээд зээлж авсан мөнгө бөгөөд бидний хооронд иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ амаар байгуулагдсан юм. Энэхүү 3,273,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэхгүй юм. Иргэд хоорондын аман хэлцлээр харилцан тохиролцож авсан 3.300.000 төгрөгийг гэм буруугийн хохиролд оруулан тооцсонд гомдолтой байна. Хохирлын тооцоог зөвтгүүлэх хүсэлтэй байна.

Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нарийвчлан тогтоогоогүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.3-т “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол”, мөн хуулийн 1.4-т “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэж заасныг зөрчсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.7 дугаар зүйлийн 6.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах” гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/453 дугаартай шийтгэх тоггоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү.

2019 оны 3 дугаар сард Сүрэнхүүхэн гэх хүнээс виз гаргана хэмээн 1 сая төгрөг авсан. Намайг цагдан хоригдож байх хугацаанд хохирогч Сүрэнхүүхэн нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан. Улмаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа билээ. Иймд одоогийн 10 үйлдэл дээр энэ хэргийг нэгтгүүлэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батмөнх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.Н нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан. Хохирогч Алтантуяагаас нийт 6.000.000 төгрөгийг шүүгдэгч Э.Н авсан бөгөөд уг мөнгөний 50 хувь буюу 3.273.000 төгрөгийг виз гаргаж өгнө гэж авсан байдаг. Үлдэгдэл мөнгийг хувийн шугамаар Алтантуяагаас зээлсэн байдаг. Иймд иргэний эрх зүйн харилцаа үүссэн. Зээлсэн мөнгийг гэмт хэргийн хохиролд оруулж тооцсон нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтооно” гэж заасан. Виз гаргаж өгнө гэж авсан мөнгөнөөс бусад нь иргэний журмаар шийдвэрлэгдэх ёстой. Хохирогч Алтантуяа анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо зээлсэн гэдгээ хэлсэн байдаг. Зээлийн гэрээ байгуулсан боловч бодит байдал дээр шүүгдэгч Э.Нын данс руу мөнгө шилжүүлэгдээгүй. Шүүгдэгч Э.Н мөнгөө ихэвчлэн дансаар шилжүүлж авдаг байсан. Гэтэл 7.000.000 төгрөгийг дансаар шилжүүлж аваагүй. Мөн бэлэн мөнгө хүлээлцсэн гэх баримт байхгүй. Анхан шатны шүүх 7.000.000 төгрөгийг үндэслэлгүйгээр хохиролд оруулж тооцсон. Хэргийн бодит байдлыг тогтоогоогүй. Хохирлын хэмжээг нарийвчлан тогтоогоогүй. Иймд хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаах саналтай байна. Мөн Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа хэрэгтэй уг хэргийг нэгтгүүлж шалгуулах хүсэлтэй байна. ...” гэв.

 

Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Н нь Зулцэцэгээс 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 10 сая гаруй төгрөг залилж авсан. Анх шүүгдэгч Э.Н нь Зулцэцэгт хандаж “нөхөртэй чинь хамт Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хэлээд 3.200.000 төгрөг авсан. Дараа нь “та хоёрт хоёуланд чинь виз гаргаж чадахгүй юм байна. Нөхрийг чинь архивын ажилтан гэж баримт бичиг бүрдүүлээд нөхрийн чинь визийг гаргахаар болсон. Иймд “7.000.000 төгрөг нэмж өг” гэх асуудал яригдсан. Ингээд 7.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан байдаг. 7.000.000 төгрөг өгсөн, авсан эсэх асуудлыг шалгахад хохирогч машинаа зарсан байдаг, мөн хүүхдийнхээ хадгаламжинд байсан мөнгөний данс, хуулгыг бүгдийг харуулсан. Дээрээс нь хадам ээждээ зээлсэн байсан мөнгөө авч өгсөн гэдэг. Хохирогч 7.000.000 төгрөгийг шүүгдэгч Э.Нт өгсөн гэж мэдүүлсэн. Ганц хохирогч Зулцэцэг дээр биш бүх хохирогч нараас мөнгийг нь залилахдаа Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хэлж авсан байдаг. Шүүгдэгч Э.Н “эдгээр хүмүүс тухайн үед байр түрээслээд явж байсан. Надад 7.000.000 төгрөг бэлнээр гаргаж өгөх эдийн засгийн боломжгүй хүмүүс байсан” гэж хохирогч нарыг доромжилж байсан. Шүүгдэгч Э.Нт хохирол төлбөрийг төлөх санаа зорилго байхгүй. Хохирогч Зулцэцэгт 7.000.000 төгрөгийн эдийн засгийн баталгаа байсан уу гэдгийг бүгдийг шалгасан. Хохирогч Алтантуяагаас нийт 6.353.000 төгрөг авсан асуудал байдаг. Хохирогч Алтантуяа мэдүүлэхдээ “надаас нийт 6.353.000 төгрөгийг виз гаргаж өгнө гэж авсан” гэдэг. Шүүгдэгч Э.Н мэдүүлэхдээ “3 сая төгрөгийг визтэй холбоотойгоор авсан. Үлдсэн 3 сая төгрөгийг би зээлсэн” гэдэг. Зээлсэн гэж байгаа боловч “визтэй холбоотой ажлыг хөөцөлдөж байгаад ийм мөнгө шаардлагатай болчихлоо” гэж хэлээд авсан байдаг. Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдээд шалгагдаж байгаа гэж байна. Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс хохирогч Зулцэцэг, Д.Цэвээнсүрэн нартай холбоотой үйлдэл харъяаллын дагуу шилжиж ирсэн. Бүх дүүргүүдээс ирсэн албан тоотыг үндэслээд хэргүүдийг нэгтгээд эцсийн байдлаар шүүхэд шилжүүлсэн. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч Э.Н нь “..Солонгос улсын виз гаргаж өгнө...” гэж хуурч, хохирогч нараас мөнгийг нь авахын тулд “...шүүхийн шугамаар гаргаж өгнө, хамаатны хүн найдвартай гаргадаг, ажлын шугамаар явах хүмүүсийн нэг болгон Солонгос улс руу гаргана, онгоцны тийз бичүүлнэ,...” гэх мэт зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан иргэн Н.Бишдэрэмээс 2019 оны 4 дүгээр сарын 8, 23-ний өдрүүдэд 3 удаагийн үйлдлээр 1,675,000 төгрөгийг, иргэн М.Эрдэнэбаатараас 2019 оны 9 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд 2 удаагийн үйлдлээр нийт 350,000 төгрөгийг, иргэн С.Хүрэлтогтохоос 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 6 удаагийн үйлдлээр 773,000 төгрөгийг, иргэн Ц.Тайванжаргалаас 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд 8 удаагийн үйлдлээр 1,686,000 төгрөгийг, иргэн У.Ганзоригоос 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хооронд 9 удаагийн үйлдлээр 3,952,000 төгрөгийг,  иргэн Г.Цэсмаагаас 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр 1,270,000 төгрөгийг, иргэн Д.Цэвээнсүрэнгээс 2019 оны 02 дугаар сарын 22, 28-ны өдрүүдэд 2 удаагийн үйлдлээр 1,200,000 төгрөгийг, иргэн Т.Лхагвасүрэнгээс 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 5 дугаар сарын 7-ны өдрийн хооронд 7 удаагийн үйлдлээр 2,351,000 төгрөгийг, иргэн Б.Даваадуламаас 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 4 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр 3,310,000 төгрөгийг, иргэн А.Алтантуяагаас 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 9 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд 20 удаагийн үйлдлээр 6,353,000 төгрөгийг, иргэн Б.Зулцэцэгээс 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд 8 удаагийн үйлдлээр 10,220,000 төгрөгийг, иргэн М.Дэлгэрмаагаас 2019 оны 4 дүгээр сарын 02, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрүүдэд 2 удаагийн үйлдлээр 1,675,000 төгрөгийг тус тус авсан болох нь:  

 

“Солонгос улсын виз” гаргуулахаар Э.Нт мөнгө өгч хохирсон талаараа мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Бишдэрэм /1хх 19-20, 82/, М.Эрдэнэбаатар /1 хх 116-118/, С.Хүрэлтогтох /1хх 129/, Ц.Тайванжаргал /2хх 24-25/, У.Ганзориг /2хх 62-64, 147-148/, Г.Цэсмаа /3хх 39-40/, Д.Цэвээнсүрэн /3 хх 77/, Т.Лхагвасүрэн /3хх 83, 100-101, 134-135/, Б.Даваадулам /3хх 143-154, 4хх 11/, А.Алтантуяа /4хх 40-41, 71-72/, Б.Зулцэцэг /4хх 43-144/, М.Дэлгэрмаа /4хх 212/ нарын мэдүүлгүүд,

гэрч Г.Тод-Одын: “...манай эгч орой ирээд “Намсрайжав гэдэг хүнтэй танилцлаа. Энэ хүн шүүхийн байгууллагад ажилладаг, шүүхэд Солонгос улс руу 2 хүний урилга ирсэн байгаа юм байна. Найдвартай хүн Солонгос улс руу явуулна гэж байна, чи энэ хүнтэй уулзаад үз” гэж хэлээд тэр хүний утасны дугаарыг өгсөн. ... Ингээд би тэр хүнтэй утсаар холбогдож яриад Хан-Уул дүүргийн шүүхийн гадна уулзахад “би шүүхэд ажилладаг юм, манай байгууллагад 2 хүний урилга ирсэн байгаа, би танай эгчтэй чинь холбогдож чамайг явуулахаар болсон, чи гадаад паспорт, бичиг баримтаа урьдчилгаа 1 сая төгрөгтэй аваад ир” гэж хэлсэн. ...Хаан банкны 19-ийн үйлчилгээний төвд байдаг салбар дээр очиж Намсрайжавын данс руу шилжүүлж баримт авсан юм. ... Манай эгч Цэсмаа нь Намсрайтай холбогдож байсан. ...” /2хх 204/,

гэрч С.Амартүвшингийн: “...2018 оны 11 дүгээр сард манай эхнэр фэйсбүүк зараар Солонгос улс руу явах талаар судалж байсан. ...би эхнэртэйгээ хамт Намсрайжав гэх хүнтэй уулзахад “өөрийгөө шүүхэд шүүгчийн туслах ажилтай, манай байгууллага нь ажилчдаа Солонгос улс руу албан томилолтоор явуулах гэж байгаа, тэр хүмүүсийн дунд та хоёрыг манай ажилтан болгож бүртгүүлээд Солонгос улс руу явъя” гэж хэлсэн. 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр эхнэр бид хоёроос бичиг баримт, мөнгө төгрөг авсан. Намсрайжавын заасан хугацаа өнгөрөөд ажлаасаа гарсан байсан. Тэгээд Намсрайжавыг хүлээсэн боловч Солонгос улс руу гаргах нь худлаа болсон. Тэгээд Намсрайжавтай эхнэр бид хоёр уулзахад “та хоёрыг хохиролгүй болгож өгнө, ингэхийн тулд намайг гэрээгээр Солонгос улс руу гаргаж өгье, энэ 2019 оны 5 дугаар cap гэхэд баталгаатай гаргаж өгнө” гэж хэлсэн. ... “Чамайг Солонгос улс руу гаргаж өгөх мөнгө нь 7 сая төгрөг болно” гэхээр нь итгээд тухайн үед манай эхнэр Намсрайжавтай нотариатаар ороод баталгаажуулан баримт үйлдэж мөнгийг өгсөн, дээрх 7 сая төгрөгийн эх үүсвэр нь миний төрсөн дүү болох Энхболор нь над руу cap болгон Япон улсаас 1 сая төгрөгийг явуулдаг байсан ба тэрний хуримтлагдсан 4 сая төгрөг байсан. Мөн эхнэр бид хоёр өөрийн машинаа худалдаад 7 сая төгрөг болгосон юм. ... Тэгээд түүнээс хойш Намсрайжавд 7 сая төгрөг өгсөн боловч дахин алга болсон. ...” /4хх 96-97/,

гэрч О.Жаргалсайханы: “...Би Сонгинохайрхан дүүргийн тойрогт нотариатч хийдэг. 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппора үйлчилгээний төв дотор байрлах манай ажлын байранд Зулцэцэг болон Намсрайжав гэх 2 хүн зээлийн гэрээ байгуулсан болох нь бүртгэлийн дэвтрийн 410 дугаарт бүртгэгдсэн байна. Дээрх хоёр хүн нь гарын үсэг зурсан байгаа учраас энэ гэрээг би гэрчилсэн байна. ...” /4хх 145-146/ гэх мэдүүлгүүд,

 

Э.Нд банкны картаа хэрэглүүлж байсан тухайгаа мэдүүлсэн Хаан банкны 5806053484 дугаарын дансны эзэмшигч Э.Пүрэвжав /1хх 187-188/-ын гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг,

иргэн Н.Бишдуламын Хаан банкны  5114282139 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 9-10/,

хохирогч С.Хүрэлтогтохын 5058157471 тоот Хаан банкны дансны хуулга /1хх 130-139/,

иргэн Б.Булганцэцэгийн 5234057636 тоот Хаан банкны дансны хуулга /1хх 166-177/,

хохирогч Д.Цэвээнсүрэн, Э.Н нарын хооронд байгуулсан 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 65 дугаартай зээлийн гэрээ /3хх 52-53/,

хохирогч Д.Цэвээнсүрэнгийн Хаан банкны 5007357481 тоот дансны хуулга /3хх 78-79/,

хохирогч Б.Даваадуламын Хаан банкны 5166170502 тоот дансны хуулга /3хх 169-178/,

хохирогч Б.Зулцэцэг, Э.Н нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүд /4хх 82-87/,

хохирогч Б.Зулцэцэгийн банкны дансны хуулга /4хх 87-97/,

хохирогч У.Ганзоригийн Хаан банкны 5041342587 тоот дансны хуулга /2хх 35-40/,

Э.Нын 108800240125 тоот Төрийн банкны дансны хуулга /1хх 56, 59, 201-209, 4хх 154-157, 5хх 43-72/,

 

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Шүүхийн төрөлжсөн архивын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 13487 тоот “...Эрдэнэцогт овогтой Намсрайжав нь 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл Шүүхийн төрөлжсөн архивын судлаач-архивчаар, хүүхэд асрах чөлөөтэй байсан судлаач-архивч Э.Маралын оронд ажиллаж байгаад чөлөөлөгдсөн болно.” гэх албан бичиг /2хх 131/,

Э.Ныг ажилд томилох болон ажлаас чөлөөлөх тухай Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/47, 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн Б/84 дүгээр тушаалын хуулбарууд /2хх 132-133/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Ныг “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Э.Нын нэр бүхий 12 иргэнийг “..Солонгос улсын виз гаргаж өгнө...” гэж хуурч, тэднээс мөнгийг нь авахын тулд “...шүүхийн шугамаар гаргаж өгнө, хамаатны хүн найдвартай гаргадаг, ажлын шугамаар явах хүмүүсийн нэг болгон Солонгос улс руу гаргана, онгоцны тийз бичүүлнэ...” гэх мэт зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, нийт 34,815,000 төгрөг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгох ...замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол...” гэсэн гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэсэн ялаас анхан шатны шүүх Э.Нт хорих ялыг сонгон, ялын дээд хэмжээ болох 3 жилийн хугацаагаар оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан төдийгүй Э.Нын гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний “...үйлдсэн гэмт хэргийн хохирлоо төлөөгүй, удаа дараагийн үйлдлээр хохирогч нарыг хуурч, мөнгийг нь авсан...” хувийн байдал зэрэгт тохирчээ.

 

Шүүгдэгч Э.Н нь “...хэргийн үйл баримтыг болон хохирлын хэмжээг зөв тогтоогоогүй, дахин өөр залилах гэмт хэрэгт шалгагдаж байгаа тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хохирогч А.Алтантуяа нь шүүгдэгч Э.Нтай Солонгос улсын виз гаргуулах зорилгоор анх уулзсан ба визээ гаргуулахын тулд түүний хэлсэн шаардлагын дагуу 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 9 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд нийт 20 удаагийн үйлдлээр 6,353,000 төгрөгийг Э.Нт өгсөн болох нь хохирогч А.Алтантуяагийн: “...2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр манай охин Номинг “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах дүүргийн байрны гадна паспортоо аваад ир” гэж хэлсэн байсан. Тэгээд манай охиныг паспортаа аваад очтол “дахиад нэг хүний шаанс гарч магадгүй” гэж хэлсэн байсан. Тэгээд орой нь урьдчилгаа сая төгрөг хийсэн. Тэгтэл маргааш нь өглөө над руу утсаар залгаад “дахин нэг хүний шаанс гарсан, нөхрийнхөө паспортыг яаралтай өгөөд явуул” гэсэн. Тэгээд манай охин бас аваачиж өгсөн. ...Намсрайжав нэг хүний виз 3 сая төгрөг гэж хэлсэн. Намсрайжав гэж хүнийг нэг ч харж байгаагүй. ...Намсрайжав надад өөрийгөө Хан-Уул дүүргийн шүүхийн архивын ажилтан гээд “Архивын ажилтнаар авав” гэсэн тушаалын хавсралт фэйсбүүкийн хаягаар явуулсан. Тэгээд 6 дугаар сарын 20-ны үед  Чингэлтэй дүүргийн шүүхэд туслахаар орсон гэсэн. Манай ажлаас ажил хэргийн шугамаар хэдэн хүн Солонгос явуулахаар болсон, тэр дунд багтаагаад явуулна гэж хэлж байсан. ...Би дансаар мөнгө өгч байсан. ...” /4хх 40-41, 71-72/ гэсэн мэдүүлэг, банкны дансны хуулга зэргээр нотлогдож байна. 

 

 Э.Н нь хохирогч Б.Зулцэцэгийг “БНСУ-ын виз гаргаж өгнө" хэмээн хуурч, өөрийн Төрийн банкны 108800240125 тоот дансаар 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 986.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүрэгт байрлах Төрийн банкнаас, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 573.000 төгрөгийг, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 427.000 төгрөгийг Хан-Уул дүүрэг дэх Нисэх-Буянт-Ухаа 2 хотхоноос, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 134.000 төгрөгийг, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 500.000 төгрөгийг Дорноговь аймгаас, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөгийг Хан-Уул дүүрэг дэх Нисэх-Буянт-Ухаа 2 хотхоноос, 2019 оны 01 дүгээр сарын 26-нд иргэн О.Баяржаргалын 5025831408 тоот Хаан банкны дансаар 100.000 төгрөгийг Хан-Уул дүүрэг дэх Нисэх-Буянт-Ухаа 2 хотхоноос шилжүүлэн авч, дансаар нийт 3.220.000 төгрөгийг, “...нөхөр С.Амартүвшинг чинь шалгалтгүйгээр хөдөлмөрийн гэрээгээр Солонгос улс руу явах виз гаргаж өгнө.” гэж 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Б.Зулцэцэгтэй “Зээлийн гэрээ”-г Сонгинохайрхан дүүргийн нотариатын газарт байгуулж бэлнээр 7 сая төгрөг авч, нийт 8 удаагийн үйлдлээр 10,220,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Зулцэцэгийн: “... Э.Н гэх хүнд 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах Төрийн банкнаас 108800240125 гэх тоот дансанд 986.000 төгрөг урьдчилгаа мөнгө гэж өгсөн. 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Э.Н нь “Баяржаргал гэх хүний 5025831408 тоот дансанд 100.000 төгрөг шилжүүлчих” гэхээр нь шилжүүлж байсан. Тухайн үед юун мөнгө юм гэхэд визний материал бүрдүүлэлтийн мөнгө гэж хэлж байсан тул би мөнгийг шилжүүлж байсан. 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Э.Нын өөрийн 108800240125 тоот дансанд “тийз захиалганы мөнгө” гэж 573.000 төгрөг шипжүүлсэн. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Э.Нын өөрийн 108800240125 тоот дансанд 427.000 төгрөгийг шилжүүлсэн, тухайн мөнгө нь “тийзний мөнгийг бүтэн хийх ёстой” гэж хэлж байсан тул мөнгийг би мөн адил Хан-Уул дүүрэг дэх Нисэх-Буянт-Ухаа 2 хотхонд байхдаа шилжүүлж байсан. 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Э.Нын өөрийн 108800240125 тоот дансанд 134.000 төгрөгийг “нислэг хойшилсон торгуулийн мөнгө” гэж нэхсэн ба би тухайн мөнгийг Дорноговь аймагт байхдаа шилжүүлсэн. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Э.Нын өөрийн 108800240125 тоот дансанд 500.000 төгрөгийг “визний төлбөр, виз дарсан элчинд байгаа хүнд өгөх мөнгө” гэж нэхсэн ба би тухайн мөнгийг Дорноговь аймагт байхдаа шилжүүлсэн. 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Э.Нын өөрийн 108800240125 тоот дансанд өөрийн эгч Оюун-Эрдэнийн 5100107830 тоот данснаас 500.000 төгрөг шилжүүлж байсан. Тухайн мөнгө нь манай хүргэн ах визэнд орсон байсан ба Намсрайжав нь визний кодоор татаж визийг гаргуулан өгнө гэсэн тул урьдчилгаа мөнгө гэж шилжүүлж байсан. ...2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Э.Н нь “2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор манайх Солонгос улсын хөдөлмөрийн гэрээгээр виз гаргуулна” гэж хэлээд бэлэн 7 сая төгрөг авч байсан ба тухайн үед Э.Нтай хамт Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Саппорагийн хойд талын автобусны буудлын хойно байх нотариатын газарт гэрээ байгуулж нотариатаар батлуулж байсан. Ингээд нийт Намсрайжав гэх хүнд би 10.220.000 төгрөгийг өгч залилуулсан. ... Намсрайжав нь надад 3.880.000 төгрөгийг буцаан өгсөн. ... Одоо Намсрайжаваас 6.340.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /4хх 43-144/,

гэрч С.Амартүвшингийн: “...би эхнэртэйгээ хамт Намсрайжав гэх хүнтэй уулзахад “өөрийгөө шүүхэд шүүгчийн туслах ажилтай, манай байгууллага нь ажилчдаа Солонгос улс руу албан томилолтоор явуулах гэж байгаа, тэр хүмүүсийн голд та хоёрыг манай ажилтан болгож бүртгүүлээд Солонгос улс руу явъя” гэж хэлсэн. 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр эхнэр бид хоёр бичиг баримт болон 1 сая төгрөгийг Намсрайжавын данс руу шилжүүлж байсан. Тухайн үед манай эхнэртэй хамт Намсрайжав нотариатын газар орж гэрээ байгуулан баталгаажуулж авч байсан. Түүнээс хойш Намсрайжав нь эхнэр бид хоёроос мөнгө төгрөг нэхэж эхэлсэн ба надад хэлэхдээ шалтаг шалтгаан хэлээд 200000, 300000 төгрөг авсан, мөн түүнээс хойш “бичиг баримт бүрдүүлэх гэж байна гээд 500000 төгрөг өгчих, Солонгос элчин сайдын яаманд ажилладаг хүнд хахууль өгөх гэсэн юм” гээд авч, мөн бага сагаар мөнгө төгрөг зөндөө авч байсан. Намсрайжавын заасан хугацаа өнгөрөөд ажлаас гарсан байсан. Тэгээд Намсрайжавыг хүлээсэн боловч Солонгос улс руу гаргах нь худлаа болсон. Тэгээд Намсрайжавтай эхнэр бид хоёр уулзахад “та хоёрыг хохиролгүй болгож өгнө, ингэхийн тулд намайг гэрээгээр Солонгос улс руу гаргаж өгье, энэ 2019 оны 5 дугаар cap гэхэд баталгаатай гаргаж өгнө” гэж хэлсэн. ...Тэгээд Намсрайжавд 7 сая төгрөг өгсөн боловч дахин алга болсон.” /4хх 96-97/,

гэрч О.Жаргалсайханы: “...Би Сонгинохайрхан дүүргийн тойрогт нотариатч хийдэг, 12 дахь жилдээ ажиллаж байна. 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппора үйлчилгээний төв дотор байрлах манай ажлын байранд Зулцэцэг болон Намсрайжав гэх 2 хүн зээлийн гэрээ байгуулсан болох нь бүртгэлийн дэвтрийн 410 дугаарт бүртгэгдсэн байна. Дээрх хоёр хүн нь гарын үсэг зурсан байгаа учраас энэ гэрээг би гэрчилсэн байна. ...” /4хх 145-146/ гэх мэдүүлгүүд,

хохирогч Б.Зулцэцэг, Э.Н нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /4хх 82-87/,

хохирогч Б.Зулцэцэгийн банкны дансны хуулга /4хх 87-97/,

Э.Нын 108800240125 дугаартай Төрийн банкны дансны хуулга /5хх 43-72/ зэргээр нотлогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.” гэж зааснаар Э.Нын “...Б.Зулцэцэгээс 7,000,000 төгрөг аваагүй...” гэсэн мэдүүлэг нь эх сурвалжгүй тул нотлогдсонгүй гэж үзлээ. Харин хохирогч Б.Зулцэцэгийн мэдүүлэг нь гэрээ байгуулсныг гэрчилсэн бөгөөд энэ нь гэрч С.Амартүвшингийн мэдүүлэг болон уг зээлийн гэрээг гэрчилсэн наториатч О.Жаргалсайханы гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Э.Н нь энэ гэмт хэргээс өөр дахин гэмт хэрэг үйлдсэн талаархи нотлох баримт хавтас хэрэгт байхгүй байна.

  

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Нын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

 

Харин Э.Нын 2019 оны 11 дүгээр сарын 8-наас 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 130 хоногийг буруу тооцсон байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад оруулах нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/453 дугаартай шийтгэх тогтоолын:

 

тогтоох хэсгийн 4 дэх заалтад  “...цагдан хоригдсон 120 хоногийг...” гэснийг “...цагдан хоригдсон 130 /нэг зуун гуч/ хоногийг...” гэж  өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Э.Нын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                                        Д.ОЧМАНДАХ