Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2020/0282

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж,

Гомдол гаргагч: Ө д ХХК 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Л.Э , Б.Г

Гомдлын шаардлага: Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0295259 тоот шийтгэлийн хуудсыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болуулах тухай шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.А , хариуцагч улсын байцаагч татварын улсын байцаагч Л.Э , Б.Г , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Ө д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х шүүхэд гаргасан гомдолдоо: ... Шийтгэлийн хуудсаар 2018 оны 22,403,350.60 төгрөгийн хүүгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж төлөөгүй гэх үндэслэлээр 22,403,350.60 төгрөгийн зөрчилд 2,240,335.00 төгрөгийн нөхөн татвар, 672,100.00 төгрөгийн торгууль, 345,513.00 төгрөгийн алданги оногдуулах, 2016 онд 18,769,900.61 төгрөгийн, 2017 онд 7,386,946.67 төгрөгийн, 2018 онд 72,140,913.67 төгрөгийн, нийт 98,297,760.95 төгрөгийн урсгал засварын зардлыг илүү тооцож албан татвар ногдох орлогоос хасч, албан татвар ногдуулж төлөөгүй, 2016 оны 18,769,900 61 төгрөгийн зөрчилд 1,876,990.00 төгрөгийн нөхөн татвар, 563.097.00 төгрөгийн торгууль, 375,398.00 төгрөгийн алданги оногдуулах, 2017 оны 7,386,946.67 төгрөгийн зөрчилд 738,695.00 төгрөгийн нөхөн татвар, 221,608.00 төгрөгийн торгууль, 147,739.00 төгрөгийн алданги оногдуулах, 2018 оны 72,140,913.67 төгрөгийн зөрчилд 7,214,091.00 төгрөгийн нөхөн татвар, 2,164,227.00 төгрөгийн торгууль, 1,112,586.00 төгрөгийн алданги оногдуулах,

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2016 онд 33,508,111.70 төгрөгийн, 2017 онд 148,140,847.00 төгрөгийн, 2018 онд 41.269.301.0 төгрөгийн, нийт 222,918,259.70 төгрөгийн татварын өрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй, 2016 оны 33,508,111.70 төгрөгийн зөрчилд 2,010,487.00 төгрөгийн торгууль, 1,078,599.00 төгрөгийн алданги оногдуулах, 2017 оны 148,140,847.00 төгрөгийн зөрчилд 4,444,225.00 төгрөгийн торгууль, 2,399,882.00 төгрөгийн алданги оногдуулах, 2018 оны 41.269.301.0 төгрөгийн зөрчилд 1,238,079.00 төгрөгийн торгууль, 589.325.0 төгрөгийн алданги оногдуулах.

Шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч
шийдвэрийг хүлээн авсанаас хойш 30 хоногийн дотор Захиргааны хэргийн анхан
шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж заасны дагуу дараахь гомдлыг гаргаж
байна.

1. 2016 оны 33,508,111.70 төгрөгийн зөрчилд 2,010,487.00 төгрөгийн торгууль 1,078,599.00 төгрөгийн алданги оногдуулах,

2. 2017 оны 148,140,847.00 төгрөгийн зөрчилд 4,444,225.00 төгрөгийн торгууль, 2,399,882.00 төгрөгийн алданги оногдуулах,

3. 2018 оны 41,269,301.00 төгрөгийн зөрчилд 1,238,079.00 төгрөгийн торгууль, 589,325.00 төгрөгийн алданги оногдуулах.

Зөрчлийн тухай хуулийн 11.19-д татварын хууль зөрчих үйлдэлийн төрлийг нэрлэн заасан бөгөөд зөрчсен тохиодолд авах арга хэмжээ нь зөвхөн Торгох шийтгэл оногдуулахаар хуульд тусгасан байна.

Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1-д Татварыг хуулиар топгоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу зөвхөн торгох шийтгэлийг оногдуулна. Харин алданги тооцохгүй бөгөөд энэ нь дээрх зөрчилд торгууль, алданги зэрэг тавиж нэг зүйл дээр хоёр хариуцлага тооцож байна.

Иймд Татварын улсын байцаагчийн 2019 оны 12 дүгээр сарын 31-ний өдрийн 0295259 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Б.Г , Л.Э нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Л.Э , Б.Г бид, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад Ө д ХХК нь 901139... тоот улсын бүртгэлийн дугаартай, 5691... тоот регистртэй, гүйцэтгэх захирал Б овогтой Х г татварын хяналт шалгалтыг дуусгах эрх бүхий албан тушаалтанаар тодорхойлсон тул 2018 оны 22,403,350.60 төгрөгийн хүүгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж төлөөгүй, 2016 онд 18,769,900.61 төгрөгийн, 2017 онд 7,386,946.67 төгрөгийн, 2018 онд 72,140,913.67 төгрөгийн, нийт 98,297,760.95 төгрөгийн урсгал засварын зардлыг /их засварын зардалд оруулан тооцоогүй албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд оруулан тооцож/ албан татвар ногдох орлогоос хасч, албан татвар ногдуулж төлөөгүй зөрчил, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2016 онд 33,508,1 11.70 төгрөгийн, 2017 онд 148,140,847.00 төгрөгийн, 2018 онд 41,269,301.10 төгрөгийн, нийт 222,918,259.80 төгрөгийн татварын өрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй зөрчилд зөрчлийг илрүүлсэн нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлгийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх, 1.2 дахь хэсэг, 11.19 дүгээр зүйлийн 2 дахь заалтанд заасан зөрчил үйлдсэнийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12 цаг 00 минутад илрүүлж, Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон тэмдэглэл үйлдсэн.

Ө д ХХК-д хийсэн татварын хяналт шалгалтаар нийт 222,918,259.80 төгрөгийн зөрчил илэрч, Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд: 18.1. Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ, 18.1.1, татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх.. гэж заасныг болон бусад хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн нь нотлох баримтаар нотлогдож, татвар төлөгч зөрчлөө хүлээн зөвшөөрсөн тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэж 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0295259 тоот шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан.

Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлгийн 11.19 дүгээр зүйлийн Тайлбар: Энэ зүйлийн 1,2,3,4,5 дахь хэсэгт заасан нөхөн төлүүлэх хугацаанд нь төлөөгүй татвар алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна. гэж заасан тул гомдол үндэслэлгүй байна. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зөрчлийн тухай хуулийн дагуу хэрэг хялбаршуулсан журмаар явагдсан. Хэрэг шийдвэрлэгдсэний дараа зөрчлийн хэргээр шийтгүүлсэн торгуулийг төлсөн. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан. Гэтэл дахин алданги тооцсон нь хууль бус ажиллагаа гэж үзэн нэхэмжлэгч талаас маргаж нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нарын тайлбараас үзэхэд 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нэмэлт өөрчлөлт орсон Татварын Ерөнхий хуулийг Зөрчлийн тухай хуультай холбогдуулж арга хэмжээ авсан гэдэг. 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нэмэлт өөрчлөлт орсон Татварын Ерөнхий хуулийн 2 дугаар зүйлд зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг. Тиймээс алданги тооцох нь үндэслэлгүй байна. Энэ харилцаа нь зөвхөн Зөрчлийн тухай хуулиар зохицуулагдах учраас торгуулийн арга хэмжээ авах нь зүйтэй байна. Алдангийн хэмжээ 6,050,042 төгрөг байна. Үүнийг нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Татварын Ерөнхий хууль 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт өөрчлөлт орж мөн адил 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Хуулинд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өөрчлөлт орж 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. 2019 оны Төрийн мэдээллийн тусгай дугаарт 97-101 дүгээр талд 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай гээд Энэ хуулийг Татварын Ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч Ө д ХХК нь тус шүүхэд хандан Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0295259 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болуулах шаардлага бүхий гомдлыг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Л.Э , Б.Г нарт холбогдуулан гаргасныг шүүх гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтад үнэлэлт өгч дараах үндэслэлээр гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Л.Э , Б.Г нар нь Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Н/40 дугаар тушаалаар баталсан татварын албаны 2019 оны эхний хагас жилийн Татварын хяналт шалгалтад хамруулах эрсдэл бүхий татвар төлөгчдийн жагсаалт төлөвлөгөөт, иж бүрэн татварын хяналт шалгалт хийх 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 35190300171 дугаар татварын хяналт шалгалт хийх томилолтын дагуу Ө д ХХК-д 2014-2018 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийжээ.

Шалгалтаар Ө д ХХК нь 2018 оны 22,403,350.60 төгрөгийн хүүгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж төлөөгүй, 2016 онд 18,769,900.61 төгрөгийн, 2017 онд 7,386,946.67 төгрөгийн, 2018 онд 72,140,913.67 төгрөгийн, нийт 98,297,760.95 төгрөгийн урсгал засварын зардлыг албан татвар ногдох орлогоос хасч, албан татвар ногдуулж төлөөгүй зөрчил, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2016 онд 33,508,1 11.70 төгрөгийн, 2017 онд 148,140,847.00 төгрөгийн, 2018 онд 41,269,301.10 төгрөгийн, татварын өрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй 222,918,259.80 төгрөгийн зөрчил илэрсэн ба нийт 343,619,371.41 төгрөгийн зөрчилд Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ, 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх... гэж заасныг болон бусад хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн нь нотлох баримтаар нотлогдож, татвар төлөгч зөрчлөө хүлээн зөвшөөрсөн тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 0295259 тоот шийтгэлийн хуудсыг бичжээ.

Тус шийтэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэг, 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар нөхөн татвар 11,313,823.00 төгрөгийн торгууль, 6,050,042.20 төгрөгийн алданги, нөхөн төлбөрийн 12,070,111 төгрөг, нийт 29,433,976.00 төгрөгийн төлбөр оногдуулжээ.

Харин гомдол гаргагч Ө д ХХК-ийн зүгээс шалгалтаар илэрсэн зөрчлийг эс зөвшөөрсөн тайлбар гаргаагүй ба харин Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан. Гэтэл нөхөн төлбөр, торгууль, алдангийг давхардуулан тооцож шийтгэл оногдуулсан нь хууль бус ажиллагаа хэмээн тайлбарлан маргаж байна.

Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байх боловч маргаан бүхий шийтгэлийн хуудас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гарсан бөгөөд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, үүнтэй холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд мөн адил өөрчлөлт орсон тул тухайн шийтгэлийн хуудсаар алданги ногдуулах зохицуулалт байхгүй болсон гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Татварын Ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Их Хурлаар батлагдсан боловч тухайн өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлээгүй.

Тодруулбал 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлд Энэ хуулийг Татварын Ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан ба одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Татварын ерөнхий хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. мөн Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлд Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж тус тус хуулиудын хүчин төгөлдөр мөрдөх хугацааг тогтоосон байна.

Үүнтэй холбогдуулан тус шийтгэлийн хуудас нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө буюу 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хэлбэржин гарсан байх тул 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд орсон нэмэлт өөрчлөлтөөс өмнөх хууль тогтоомжийн хүрээнд хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шийтгэлийн хуудас гарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл бусад хүн хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан, 1.2 дахь хэсэгт татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн, мөн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Татварыг хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн зохицуулснаар нөхөн төлбөр оногдуулсан бөгөөд үүнтэй гомдол гаргагч маргаагүй.

Харин Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлгийн 11.19 дүгээр зүйлийн Тайлбар хэсэгт Энэ зүйлийн 1,2,3,4,5 дахь хэсэгт заасан нөхөн төлүүлэх хугацаанд нь төлөөгүй татвар алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна. гэж заасан ба Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна. гэж тус тус зохицуулсны дагуу алдангийг давхар оногдуулан шийтгэлийн хуудас гаргасан хариуцагч нарын шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу явуулсан хяналт шалгалтын ажлын хүрээнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлэн, зөрчил үйлдсэн этгээдэд шийтгэл оногдуулж, нөхөн төлбөр, алданги шаардсан улсын байцаагчийн шийтгэлийн хуудас, албан шаардлагыг хууль бус хэмээн үзэж, хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хууль/2015 оны/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэг, 11.19.2 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, Татварын ерөнхий хуулийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 10 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан Ө д ХХК-иас Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Л.Э , Б.Г нарт холбогдуулан гаргасан Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0295259 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУМАА