| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Одмаа |
| Хэргийн индекс | 128/2026/0146/З |
| Дугаар | 221/МА2026/0324 |
| Огноо | 2026-05-14 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2026/0324
"Т" ХККийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2026/0243 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Д-ийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэгч шүүгч Ц.Одмаа
Хэргийн оролцогчид:
Гомдол гаргагч:"Т"ХХК
Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Д
Шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагчийн төлөөлөгч Б.Л
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М
Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Д
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 128/2026/0146/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2026/0243 дугаар шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 7.4, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч"Т" ХККийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Дашзэвэгийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0135056 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2. Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Д шүүхийн шийдвэрийг эс зөвшөөр дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
2.1. “... нэгдмэл сонирхолтой этгээдүүд нь давуу эрхийн хувьцаа гаргах шийдвэр гаргасны дараа хувьцааны үнэ ханшийг өсгөх чиглэлд арилжааг идэвхтэй хийж эхэлсэн ба арилжааны самбарт байх өмнөх өдрийн хаалтын ханш, эсхүл хамгийн сүүлийн хэлцлээс дээгүүр зарах захиалгуудыг биелүүлэх замаар буюу зах зээлд оролцогчид эзэмшиж буй үнэт цаасаа илүү өндөр үнээр зарах захиалга өгөх нөхцөлийг бүрдүүлэх замаар хувьцааны үнэ ханшийг удаа дараагийн үйлдлээр өсгөсөн байдаг.
2.2. Тодруулбал, нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн нэг болох"Т"ХХК нь 2025.10.16-ны өдрийн хамгийн сүүлийн ханшийг 2,650 төгрөг, 2025.10.23-ны өдрийн хамгийн сүүлийн ханшийг 2,555 төгрөг, 2025.10.24-ний өдрийн хамгийн сүүлийн ханшийг 2,900 төгрөг, 2025.10.28-ны өдрийн хамгийн сүүлийн ханшийг 3,100 төгрөг тус тус болж хувьцааны үнэ өсөхөд худалдан авах хэлцэл хийж оролцсон. Ийнхүү өсгөх арилжааг хийхдээ арилжааны самбарт харагдаж буй өмнөх өдрийн хаалтын ханш, эсхүл хамгийн сүүлд биелэгдсэн хэлцлийн ханшаас дээгүүр ханшаар зарах захиалгуудыг биелүүлэх замаар буюу зах зээлд оролцогчид зарах захиалга өгөх нөхцөл байдлыг бий болгох байдлаар хэлцлийг хийсэн нь “Монгол хөрөнгийн бирж” ХК-ийн шалгалтын тайлангийн хавсралтаар ирүүлсэн арилжааны хэлцлийн дэлгэрэнгүй мэдээллийн захиалгын шивэгдсэн хугацаа (Buy order entry time, Sell order entry time)-aap тогтоогддог. Үнэт цаасны арилжаанд оролцож буй этгээдүүд нь “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн арилжааны самбарт хувьцааг хэдээр зарах, хэдээр авах захиалгууд шивэгдсэн байна гэдгийг харах боломжтой байдаг.
2.3."Т"ХХК нь өмнөх өдрийн хаалтын ханш, эсхүл хамгийн сүүлийн хэлцлийн ханшаас дээгүүр үнээр зарах захиалгуудыг ээлж дараалан биелүүлэх тусам дээгүүр үнээр зарах дараагийн захиалгууд арилжааны самбарт нэмж орж ирсэн байдаг. Энэхүү үйлдэл нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-д “Тодорхой үнэт цаасыг бусад этгээд худалдан авах, худалдан авахгүй байх, захиалах, захиалахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ханшийг өсгөх, бууруулах, тодорхой түвшинд барихад чиглэсэн хоёр ба түүнээс дээш хэлцэл хийсэн бол үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтоосон гэж үзнэ” гэж заасныг илтэд зөрчсөн байдаг.
2.4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 5.6-д “Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2, 80.3-д заасан зах зээлийг урвуулан ашиглах 2 хэлбэр буюу хуурамч арилжаа хийх, ханшийг зохиомлоор тогтоох нь тухайн тодорхойлсон үйлдлийг хийсэн байхад л зөрчил болох буюу хэлбэрийн бүрэлдэхүүнтэй юм” гээд 5.7-д “Тийм ч учраас зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 7.4 дэх заалтад дээрх 2 хэлбэрийг оруулаагүй, харин материаллаг бүрэлдэхүүнтэй буюу тухайн үйлдлийн улмаас заавал хохирол учирсан байх хэлбэр болох үнэт цаасны зах зээлд оролцогч, харилцагчийг хууран мэхлэх замаар арилжаанд оролцуулсан, эсхүл оролцуулахгүй байх, эсхүл бусад арга хэлбэрээр үнэт цаасны зах зээлийг урвуулан ашигласан бол хууль бусаар олсон орлого, хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан торгох хариуцлага хүлээлгэхээр заасан гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хэлбэрийн, эсхүл материаллаг бүрэлдэхүүнтэй эсэхээс үл хамааран үнэт цаасны зах зээлд хуурамч арилжаа хийсэн, эсхүл үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтоосон, үнэт цаасны зах зээлд оролцогч, харилцагчийг хууран мэхлэх замаар арилжаанд оролцуулсан, эсхүл оролцуулахгүй байх зөрчлүүд нь бүгд үнэт цаасны зах зээлийг урвуулан ашигласан үйлдэл юм.
2.5. Ийнхүү "Т" ХККийн гаргасан хууль илтэд зөрчсөн үйлдлийг анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.5.5-д дурдсан байдлаар зөвтгөх нь цаашид үнэт цаасны зах зээлд зах зээлийг урвуулан ашиглах нөхцөл байдал бий болгохоор байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2026/0243 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Дашзэвэг нь 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0135056 дугаартай шийтгэлийн хуудсаар “...Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-д заасныг зөрчсөн...” хэмээн дүгнэж"Т" ХККд Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 7.4-д зааснаар 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
4. Гомдол гаргагч "Т" ХККиас маргаан бүхий 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0135056 дугаартай шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “... "Б" ХХК-ийн хувьцааны ханшид зохиомлоор нөлөөлөх зорилгоор зах зээлийг урвуулан ашиглах үйлдэл хийгээгүй ..."Т"ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш "Б" ХК-ний хувьцааны ханш хэд байхаас үл хамааран тогтмол худалдан авдаг бөгөөд энэ нь хувьцааны хуримтлал үүсгэх зорилготой ...” зэрэг үндэслэлээр тайлбарлан маргасан.
5. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 1.2 дугаар зүйлийн 1-т “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 11.10 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 7.3-т “үнэт цаасны зах зээлд хуурамч арилжаа хийсэн, эсхүл үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтоосон”, 7.4-т “үнэт цаасны зах зээлд оролцогч, харилцагчийг хууран мэхлэх замаар арилжаанд оролцуулсан, эсхүл оролцуулахгүй байх, эсхүл бусад арга хэлбэрээр үнэт цаасны зах зээлийг урвуулан ашигласан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж,
5.1. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Үнэт цаасны зах зээлд хуурамч арилжаа хийх, үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтоох, үнэт цаасны зах зээлд оролцогч, харилцагчийг хууран мэхлэх замаар арилжаанд оролцуулах, эсхүл оролцуулахгүй байх болон бусад арга хэлбэрээр үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглахыг хориглоно”,
80.3-д “Тодорхой үнэт цаасыг бусад этгээд худалдан авах, худалдан авахгүй байх, захиалах, захиалахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ханшийг өсгөх, бууруулах, тодорхой түвшинд барихад чиглэсэн хоёр ба түүнээс дээш хэлцэл хийсэн бол үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтоосон гэж үзнэ”,
80.4-д “Дараах үйлдэл, эс үйлдэхүйг үнэт цаасны зах зээлд оролцогч, харилцагчийг арилжаанд оролцуулах, эсхүл оролцуулахгүй байх зорилгоор хууран мэхэлсэн гэж үзнэ:”, 80.4.1.бодит бус, төөрөгдүүлсэн, эсхүл хуурамч мэдэгдэл, амлалт, таамаг гаргах, нийтлэх, чухал үйл баримтыг нуун дарагдуулсан; 80.4.2.бодит үйл баримтын талаар худал мэдэгдэл хийх замаар хэлцлийн нөгөө талыг төөрөгдүүлсэн; 80.4.3.тодорхой арга, хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглан хэлцлийн нөгөө тал болох этгээдийг төөрөгдүүлсэн” хэмээн тус тус заасан.
5.3. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд тодорхой үнэт цаасыг бусад этгээд худалдан авах, худалдан авахгүй байх, захиалах, захиалахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ханшийг өсгөх, бууруулах, тодорхой түвшинд барихад чиглэсэн хоёр ба түүнээс дээш хэлцэл хийсэн мөн үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтоосон бол эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр заасан байна.
6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, "Б" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 04/25 дугаар тогтоолоор компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлж давуу эрхийн хувьцааг 1000 /нэг мянга/ ам.долларын нэгжийн үнэтэйгээр 10,000 /арван мянга/ ширхэг хүртэл тоогоор гаргах эрхийг тус компанийн ТУЗ-д хурлын дарга Д.Дээс олгосон байна.
6.1. Гэтэл"Т" ХККийн хувьцааны 60 хувийг Д.Д, 30 хувийг Б.Л, 10 хувийг Н.Б нар эзэмшдэг, "М" ХХК-ийн хувьцааны 70 хувийг Д.Д, 30 хувийг Б.Л нар тус тус эзэмшдэг байх бөгөөд "Б" ХК-ийн ТУЗ-ийн даргаар Д.Д, гүйцэтгэх захирлаар Б.Л нар тус тус ажилладаг байна.
6.2. Улмаар"Т"ХХК нь үнэ өсгөх чиглэлд 4 удаагийн хэлцэл хийсэн байх ба худалдан авах гүйлгээнүүдийн хувьд "Б" ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох"Т"ХХК нь ханшийн өсөлттэй үнээр худалдан авах гүйлгээг ихээр хийсэн болох нь хэрэгт авагдсан"Т" ХККний зүгээс "Б" ХК-ний хувьцааг захиалсан, уг захиалга биелсэн гэрээгээр тогтоогдож байна.
6.3. "Б" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 04/25 дугаар тогтоолоор компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлж давуу эрхийн хувьцааг 1000 /нэг мянга/ ам.долларын нэгжийн үнэтэйгээр 10,000 /арван мянга/ ширхэг хүртэл тоогоор гаргах эрхийг төлөөлөн удирдах зөвлөлд олгосны дараагийн өдөр тус компанийн нэгж хувьцааны үнэ 1,599 төгрөг байсан.
6.4. Тухайн компанийн нэгж хувьцааны үнэ 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд дээрх дүнгээс 3,105 төгрөг болж 94.18 хувиар өсөхөд нэгдмэл сонирхолтой этгээд болох гомдол гаргагч"Т"ХХК нь голлох оролцоотой буюу 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хамгийн сүүлийн ханш 2,650 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хамгийн сүүлийн ханш 2,555 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн сүүлийн ханш 2,900 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн сүүлийн ханш 3,100 төгрөг болж хувьцааны үнэ өсөхөд худалдан авах хэлцэл хийж оролцсон нь арилжааны самбарт харагдаж буй өмнөх өдрийн хаалтын ханш, эсхүл хамгийн сүүлд биелэгдсэн хэлцлийн ханшаас дээгүүр ханшаар зарах захиалгуудыг биелүүлэх замаар хэлцэл хийсэн гэж үзэхээр байх бөгөөд энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
6.5. Компанийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д Дараах хамаарал бүхий этгээдийг энэ хуульд заасан нэгдмэл сонирхолтой этгээд гэж тооцно, 99.1.3-т компанийн удирдлагын шийдвэрийг хамтран тодорхойлох боломж бүхий компани болон хүн /бүлэг хүмүүс/, 99.1.5-д компани болон уг компанийн эрх бүхий албан тушаалтан, 99.1.7-д нэг хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчид гэж заасан бөгөөд "Б" ХК-тай нэгдмэл сонирхолтой этгээд болох"Т"ХХК нь "Б" ХХК-ийн хувьцааны ханшийг өсгөхөд чиглэсэн 2 ба түүнээс дээш удаагийн хэлцэл хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
6.6. Гомдол гаргагчаас “...үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш "Б" ХК-ний хувьцааны ханш хэд байхаас үл хамааран тогтмол худалдан авдаг бөгөөд энэ нь хувьцааны хуримтлал үүсгэх зорилготой” гэж тайлбарлан маргах хэдий ч хэрэгт авагдсан "Б" ХК дахь"Т" ХККийн харилцагчийн дансны 2018-2025 оны дэлгэрэнгүй хуулгаас үзвэл"Т"ХХК нь "Б" ХК-ийн хувьцааг зарж байсан болох нь нотлогдож байна.
7. Эдгээрээс нэгтгэн дүгнэвэл, анхан шатны шүүх нотлох баримтуудыг буруу үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй, улмаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
8. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь үнэт цаасны зах зээлд оролцогчдын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Санхүүгийн зохицуулах хороо /цаашид "Хороо" гэх/ нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага мөн”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Хороо үйл ажиллагаандаа бие даасан, ил тод байх, бусдын нөлөөнд үл автах, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зарчмыг удирдлага болгоно” гэж тус тус заасан.
8.1. Дээрх хуулийн зорилго нь зөвхөн байгууллагын дотоод үйл ажиллагааг журамлах бус, харин санхүүгийн зах зээлд оролцогч бүх этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зах зээлийн шударга, тогтвортой байдлыг хангахад чиглэх бөгөөд энэ нь үнэт цаасны зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй компани, брокер, дилер, хөрөнгө оруулагч зэрэг этгээдүүд хуульд нийцсэн, ил тод, шударга ажиллагаа явуулах, төрөөс түүнд хяналт тавих үүргийг тодорхойлсон. Улмаар үнэт цаасны зах зээлийг хууль ёсны, ил тод, тогтвортой байлгах, хөрөнгө оруулагч болон үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдэнэ.
8.2. Түүнчлэн, хариуцагч улсын байцаагч нь хөрөнгө оруулагчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор маргаан бүхий шийтгэлийн хуудсыг үйлдсэн байх тул шийтгэл оногдуулах үед заавал хохирол учирсан байхыг шаардахааргүй байхад энэ талаар анхан шатны шүүх буруу дүгнэсэн байна.
8.3. Хэдийгээр хариуцагч улсын байцаагч тухайн зөрчилд шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 7.3-д заасныг баримтлаагүй хэдий ч мөн хуулийн 7.4-т заасан “... бусад арга хэлбэрээр үнэт цаасны зах зээлийг урвуулан ашигласан...” гэж үзсэнийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
8.4. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 7.3, 7.4-т заасан зөрчлүүд нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т заасан үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглах арга хэлбэрт нэгэн адил хамаарахаар байна.
9. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2026/0243 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3, Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 7.3, 7.4 дэх заалтыг тус тус баримтлан гомдол гаргагч “Т” ХХК-ийн Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Д-ийн үйлдсэн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0135056 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Ц.ОДМАА