Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 111

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Д.Эрдэнэсоёл,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Иргэний нэхэмжлэгч Д.Тоомой,

Шүүгдэгч Т.Буянням, түүний өмгөөлөгч Л.Золжаргал нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Т.Буяннямд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201605000094 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 01 сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ЙО87011116 тоот регистрийн дугаартай, Боржигон овогт Төмөрхуягийн Буянням,

Үйлдсэн хэргийн талаар:

Т.Буянням нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шууд санаатайгаар 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 38-б11 тоотод оршин суух Г.Баянбилэгийн гэрт нэвтэрч 43 инчийн LCD зурагт хулгайлж 330.000 төгрөгийн,

мөн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шууд санаатайгаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн 12-28 тоотод оршин суух хохирогч М.Гүнжилмаагийн гэрээс 1 ширхэг их гарын мөнгөн аяга хулгайлж 270.000 төгрөг төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг давтан үйлдэж бусдад нийт 600.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                              

                                                      /Яллах дүгнэлтэд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч Т.Буянням нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шууд санаатайгаар 2016 оны 04 сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-р баг 38-р гудамжны б11 тоотод оршин суух хохирогч Г.Баянбилэгийн гэрт нэвтэрч 43 инчийн ЭлСиДи зурагт, 2016 оны 04 сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3-р баг 12-28 тоотод оршин суух хохирогч М.Гүнжилмаагийн гэрээс 1 ширхэг их гарын мөнгөн аяга хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан ...

хохирогч Б.Баянбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

...Би 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн өглөө ажилруугаа 08 цаг өнгөрч байхад явсан. Ажлаа хийж байгаад орой ажлаа тараад хүүхдээ дагуулаад 18 цаг өнгөрч байхад гэртээ очсон. Гэрийн үүдэн дээр очиход гэрийн хаалганы цоож байхгүй байсан. Гэрийн хаалгаа онгойлгоод ортол гэрийн цоож, даруулга үүдний гутлын гишгүүр дээр байсан. Гэрээ тойруулаад хартал хойморт мөлхөө тавилганы зурагтын суурин дээр байсан манай 43 инчийн Самсунк брэндийн LCD зурагт алга байсан...гэх мэдүүлэг /ХХ-ийн 28-р хуудас/,

-хохирогч М.Гүнжилмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн:

...2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр манайд 16 цагийн үед Буянням нь манай нөхөр бид хоёрыг сураглаад гэрээр орсон гэсэн. Манайд хадам ээж Шоовдор байсан юм. Ээжээс бид хоёрыг асуучихаад нэг их удалгүй гараад явсан гэсэн. Тэгээд өглөө нь ээжид хоол аягалж өгөх гэсэн чинь мөнгөн аяга олдоогүй. Тэгсэн цагдаа нар ирээд танайх мөнгөн аягаа алдсан уу гэж асуугаад алдсан гэсэн чинь цагдаад мэдэгдэхгүй яасан юм бэ гээд хамт яваад очоод хараадах гээд хамт цагдаа дээр ирсэн. Ирээд цагдаа нарын Буяннямын хулгайлсан гэх аягыг надад үзүүлэхэд манай алдсан мөнгөн аяга мөн байсан...гэх мэдүүлэг /2 дугаар хавтас 10-р хуудас/,

иргэний нэхэмжлэгч Д.Тоомойн мөрдөн байцаалтанд өгсөн:

...Би 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Хөх толгой явж байгаад нэг залуугаас LCD телевизор 80.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Зурагт надад худалдсан залуутай дэлгүүрийн үүдэнд таарахад зурагтаа газар тавьчихсан зогсож байсан. Эгчээ би зурагтаа зарах гэсэн юм, уурхайд ажиллаж байгаад нутаг буцах гээд, шагналдаа авсан зурагтаа зарах гэж байгаа юм. Би өөрөө тавьж байсан. Би Өвөрхангай аймгийн Уянга сумын хүн байгаа юм, тийшээ явах гэсэн замын зардалгүй болчихоод зурагтаа зарж замын зардал хийх гээд гэж байсан... Тэгээд зурагтыг нь шалгаж үзээд худалдаж авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24 дугаар хуудас/,

Гэрч Г.Буяннэмэхийн мөрдөн байцаалтанд өгсөн:

Баянбилэг эгч 2016 оны 4 сарын 5-ны өдөр манай хүүхдүүдээс манай гэр рүү хүн орохыг харсан уу гэж асуучихаад гарсан гэсэн. Би тэр үед гэртээ байгаагүй. Гадуур машинтайгаа явж байсан. Тухайн өдрийн үдээс хойш би гэрээсээ гараад гудамжны үзүүр тойртол нэг эрэгтэй шүгэлдсэн. Зогстол таксинд явахуу? зах руу явъя гэж хэлсэн. Явах замдаа би Баянхонгор аймагт ажил хийдэг, телевизороо зарж замын зардал хийгээд буцах гэж байгаа талаараа ярьсан. Тэр залуу өөрийгөө Өвөрхангай аймгийнх энд ажлладаг, замын зардал байдаггүй, телевизороо зараад гэж ярьж явсан гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2016 оны 04 сарын 08-ны өдрийн Эд зүйлс үнэлсэн тухай: 2016 оны 04 сарын 08-ны өдрийн байдлаар 43 инчийн Самсунг маркийн ЭлСиДи телевизорын үнэ, цэнэ 330.000 /гурван зуун гучин мянга/ төгрөг болохыг тодорхойлов гэх тайлан /хх-ийн 40-42 дугаар хуудас/

Ашид билгүүн ХХК-ийн 2016 оны 04 сарын 15-ны өдрийн №ӨВР/006 дугаартай: их гарын мөнгөн аяга 1 ширхэг зах зээлийн дундаж үнэ 270.000 /хоёр зуун далан мянга/ төгрөг гэх үнэлгээний дүгнэлт /хх-ийн 12-15/

-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 3-10/,

-хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 19-20/,

-хураан авсан телевизорыг хууль ёсны эзэмшигчид нь хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 21/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67, 22/

-түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3/

-эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 4-5/

-эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 6/

-иргэний үнэмлэх авч байсан эсэх тухай лавлагаа /хх-ийн 18/

-Өвөрхангай аймгийн Уянга сумын 7-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 19/

-Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 48/

Шүүгдэгч Т.Буяннямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Надад сонсгож байгаа ялтай холбогдуулан гаргах санал хүсэлтгүй. Надад бусдад төлөх төлбөр байхгүй. Хулгайлж авсан авсан телевизор, мөнгөн аяга зэргийг хүлээлгэж өгсөн. Одоо иргэний нэхэмжлэгчид 80.000 төгрөг төлчих юм бол өөр хохирол төлбөр байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 53-р хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй тул гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй болно.

Гэрч, хохирогч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүгүй байх ба гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа зориуд худал мэдүүлэг өгвөл хуульд заасан хариуцлага хүлээлгэх тухай үр дагавар буюу Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлүүдийг сануулж байцаалт авсан бөгөөд шүүгдэгч нь гэрч, хохирогч нар нь худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.

Шүүгдэгч Т.Буянням нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шууд санаатайгаар 2016 оны 04 сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-р баг 38-р гудамжны б11 тоотод оршин суух хохирогч Г.Баянбилэгийн гэрт нэвтэрч 43 инчийн ЭлСиДи зурагт хулгайлсан,

мөн 2016 оны 04 сарын 11-ний өдөр шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шууд санаатайгаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3-р баг 12-28 тоотод оршин суух хохирогч М.Гүнжилмаагийн гэрээс 1 ширхэг их гарын мөнгөн аяга хулгайлсан гэмт хэргүүдийг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хохирогч Г.Баянбилэг нь 43 инчийн телевизорыг, хохирогч М.Гүнжилмаа нь их гарын мөнгөн аягаа хүлээж аван хохирол, гомдолгүй болсон байна. Харин шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч Д.Тоомойд учруулсан хохирол 80.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна.

Шүүх шүүгдэгчийн Т.Буяннямыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн мөн түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, хохирол нөхөн төлсөн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, үйлдлийн шинж, чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан эд хөрөнгө хураахгүйгээр баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Т.Буяннямын хэргийн учир цагдан хоригдсон 73 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Боржигин овогт Төмөрхуягийн Буяннямыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Буяннямыг эд хөрөнгийг хураахгүйгээр гурван сар нэг хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Буяннямын эдлэх гурван сар нэг хоногийн хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Буяннямын цагдан хоригдсон далан гурав хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд зүйлгүй болохыг дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.Буяннямаас 80.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Тоомойд олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Буяннямд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Буяннямд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ