Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2022/01199

 

 О.Заяанямын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/02871 дүгээр шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 170 дугаар магадлалтай,

 О.Заяанямын нэхэмжлэлтэй

Л.Алтанчимэгт холбогдох

 Бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх хөрөнгө гаргуулах, орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 Орон сууц худалдах, худалдан авах тухай 2014.03.31-ний өдрийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хишигжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хишигжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 1. Нэхэмжлэгч О.Заяанямаас хариуцагч Л.Алтанчимэгт холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх хөрөнгө гаргуулах, орон сууцнаас албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, орон сууц худалдах-худалдан авах тухай 2014.03.31-ний өдрийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/02871 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Заяанямын нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Л.Алтанчимэгийн хууль бус эзэмшлээс Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 8в байрны 71 тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг гаргуулан албадан чөлөөлж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Алтанчимэгийн 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, орон сууны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч О.Заяанямд холбогдох сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч Алтанчимэгээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Заяанямд олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Л.Алтанчимэгээс 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 170 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/02871 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хишигжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ИХШХШТХуулийн 172.2.1-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх нь ИШХШХТХуулийн 43.7 дахь хэсэгт Зохигчийн эхнэр, нөхөр, эцэг, эх хүүхдийг зөвхөн өөрсдийнх зөвшөөрснөөр гэрчээр мэдүүлгийг авч болно гэж заасан бөгөөд шүүх нь Л.Мөнхтэмүүлэн, М.Гүндалай нарыг гэрчээр асуулгах хариуцагчийн хүсэлтийг хангаагүй гэдэг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосонтой санал нийцэхгүй гэж үзэж байна.

Тус хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат гэгч нь 2020.09.22-ны өдрийн шүүх хурал дээр өмнө өгсөн хүсэлтүүдээс бүгдээс нь татгалзаж байгаагаа илэрхийлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах саналаа шүүхэд гаргасан байгаагаар хүсэлт гаргаагүй гэж үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болно.

Гэтэл давж заалдах шатны шүүх хэт нэг талын эрх ашигт нийцүүлэн зөвхөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангуулах заалт хийгдсэн байгаа нь магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулсан гэж харагдуулахаар байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд 1-х-88-91 талд байгаа нотлох баримтаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нотлох баримт болгон судлах хүсэлтийг өгсөн бөгөөд хэн нэгэн гэрчийг оролцуулах хүсэлтийг гаргаагүй байхад дээрх хуудас зааж гэрчүүдийг оролцуулах гэсэн байгаа нь бодит байдалд огтхон ч нийцээгүй дүгнэлт гэж үзэж байна.

Л.Алтанчимэг нь Голомт банканд өөрийн нэрийн данс руу эхний төлбөр болох 34,000,000 төгрөг, дараагийн төлбөр болох 46,000,000 төгрөг тус бүрийг шилжүүлэн өөрийн дансаар хүлээн аваад, цаашид хэрхэн захиран зарцуулах нь Л.Алтанчимэгийн өөрийн үзэмжийн асуудал байгаа болно. Л.Алтанчимэг нь өөрийн нөхөр болох Батчулуун, Мөнхтэмүүлэн нарын хамтаар мөнгийг өөрсдийн үйл ажиллагаанд хэрэглэж, зарцуулсан асуудал худалдан авагч О.Заяанямд огт хамааралгүй байсаар байтал бизнесийн хамтрагч байсан гэж хэт өрөөсгөл дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүйгээр хүчингүй болгосон байгааг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 6. Нэхэмжлэгч О.Заяаням нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Л.Алтанчимэгээс Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 21 дүгээр хороолол, 8в байрны 71 тоот 30 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг Орон сууц худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр худалдан авч, өөрийн өмчлөлд шилжүүлэн, хууль ёсны өмчлөгч болсон. Тухайн байрыг өөрийн хүүд зориулан худалдан авсан ба тухайн үед хүү тусдаа гарч амьдрах болоогүй байсан, хариуцагч нь хуучин нөхрийн таньдаг хүмүүс байсан тул уг байранд амьдрахыг зөвшөөрч байсан, одоо өөрийн орон сууцыг эргүүлэн авах гэхэд орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа тул орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү... гэж тайлбарласан,

 Хариуцагч Л.Алтанчимэг: ...нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч, түүний салсан нөхөр Мөнхтэмүүлэн нар намайг болон манай 2 хүүхдийг хууран мэхэлж, дүр үзүүлсэн гэрээ хийж, орон сууцыг өөрсдийн өмчлөлд шилжүүлсэн байна.

Мөнхтэмүүлэн нь 2013 онд Монгол Турс ХХК-ийн захирал, Таван толгой нүүрсний уурхайд 13 машин нүүрсний тээвэрт явуулдаг, ажилчдын цалингийн мөнгө хэрэгтэй байна, ...манай нөхрийг өөрийн компанид ажилд оруулж, 2 машины тээврийн ашгийг аваарай гэж хэлээд манай байрыг түр барьцаанд тавиад мөнгө зээлчих гэхээр нь итгээд Энх Цэцүүн ХХК-ийн ББСБ-д 23,000,000 төгрөгийн барьцаанд тавьж, мөнгийг Монгол Турс ХХК-ийн дансанд хийсэн, мөн намайг энэ компанид шатахуун тосны няраваар ажилд авсан. Энэ ББСБ-ын зээлийг Мөнхтэмүүлэн төлж барагдуулсан, ...2014 онд Голомт банкин дээр намайг дуудаад очиход баахан баримтад гарын үсэг зуруулсан, байрыг барьцаалсан гэж ойлгосон, сүүлд Мөнхтэмүүлэнгээс байрныхаа гэрчилгээг шаардаж, байрыг банкнаас суллаж өг гэхэд сүүлдээ утсаа авахаа больсон, улмаар цагдаагийн байгууллагад хандахад иргэд хоорондын маргаан байна гээд хэрэг үүсгэхээс татгалзсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Орон сууц худалах-худалдан авах гэрээг дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү... гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасан,

 Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй, маргажээ.

 7. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

 8. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо: ...шүүх хэргийн бодит үнэнийг тогтооход ач холбогдолтой байж болох зарим ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийж гүйцэтгээгүй, тухайлбал, гэрч асуулгах хариуцагчийн хүсэлтийг хангахаас татгалзахдаа үндэслэлгүй дүгнэлт хийж, нотлох баримт бүрдүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй, ...хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжгүй... гэжээ.

 9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж, 38 дугаар зүйлийн 38.6-д хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зохигч, тэдгээрийн төлөөлөгч өөрөө олж авах боломжгүй тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж, 168 дугаар зүйлийн 168.1.7-д энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн, 168.1.3-т хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно гэжээ.

 10. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбартаа орон сууцаа бусдад худалдаагүй, нэхэмжлэгч нараас орон сууцны үнэд нэг ч төгрөгийн төлбөр аваагүй, банкнаас ямар нэг зээл аваагүй, зээл авах хүсэлт гаргаагүй гэж маргаж байхад шүүх нэхэмжлэгч нь орон сууцыг бодитоор худалдаж авсан эсэх үйл баримтыг бүрэн тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, хариуцагчийн гаргасан гомдлоор Эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан хэргийн материалыг нотлох баримтаар авсан атлаа талуудын тайлбартай холбогдуулан тодруулаагүй, дүгнэлт хийгээгүй, хэрэгт цугларсан баримтаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, энэ талаар гаргасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 Шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 11. Дээр дурдснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 170 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хишигжаргалын гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч О.Заяанямаас 2021.02.06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                                                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН          Г.АЛТАНЧИМЭГ

                 ШҮҮГЧИД          Н.БАЯРМАА

                                              Б.МӨНХТУЯА

                                                   Х.ЭРДЭНЭСУВД