Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2024/ШЦТ/38

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг 

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, ****** ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорнод аймгийн Чойбалсан сумын 1 дүгээр баг Хулстай цайдам гудамж ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД: *******/

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнө 00 цагийн үед согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг “*******” хорооллын ******* тоотод хохирогч таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохих, толгойн тус газарт нь пивоны шилээр цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хуйхны зүүн зулай хэсгийн зүсэгдсэн шарх, зүүн зулай, дагз хэсгийн зөөлөн эдийн няцрал болон цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Анчин овогт ******* ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 16-ноос 17-нд шилжих шөнө 00 цагийн үед согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг “******” хорооллын ******* тоотод хохирогч таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохих, толгойн тус газарт нь пивоны шилээр цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь “хуйхны зүүн зулай хэсгийн зүсэгдсэн шарх, зүүн зулай, дагз хэсгийн зөөлөн эдийн няцрал болон цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэх мэдүүлэг,

            шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч “...*******д би хаалга тавьж өгөөд гэртээ оруулсан бөгөөд гэрт нь орж ирээд хэсэг сууж байгаад надтай маргалдаж байгаад нүүр хэсэгт алгадаад дайраад байх үед надтай хамт найз түүнийг “боль” гэж хэлэхэд уурлаад найз болон түүний хадам дүү нартай маргалдаж байгаад ******* нь манай заазуурыг гартаа бариад хөөсөн бөгөөд манай 2 найз гэрээс гарч явсан. Би гэртээ ганцаараа хамт үлдсэн юм. ******* нь надад хандаж “ямар ч шалтгаангүйгээр найзууд чинь томордог болсон байна” гээд нүүр хэсэгт олон удаа цохиж намайг газарт хэвтэж байхад толгойн ар хэсэгт гэрт байсан пивоны шилээр цохисон юм. Ингээд удалгүй байж байтал цагдаа нар гаднаас орж ирсэн юм. ...******* нь өнөө өглөө буюу 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө 10 цагийн орчимд надтай уулзаж уучлалт гуйж бид 2 хоорондоо харилцан ойлголцож ямар нэгэн маргаантай асуудалгүй болсон. Ийм учраас миний хувьд *******ас ямар нэгэн эмчилгээний зардал төлбөр нэхэмжлэхгүй мөн түүнтэй холбоотой ямар нэгэн гомдол санал байхгүй. Энэ хэрэгт надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 8-9 тал/

            Гэрч А.ын “...Би 2024 оны 01 дүгээр сарын 16-ны орой 23 цагийн орчимд багийн найз гэрт нь буюу Хэрлэн сумын 6 дугаар баг ******* хороолол ******* тоотод дүү гийн хамтаар очсон юм. Тэдний гэрт нь манай найз нь ганцаараа байж байсан бөгөөд түүний хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тэр хоёрын хувьд маргалдаж байгаад гаднаас орж ирсэн залуу нь нүүр хэсэгт нь алгадаж дараагаар цохиод, өшиглөөд, түүнийг түлхэж унагаагаад байсан. Ингээд бид 2 гэрийнх нь гадаа байж байхад цагдаа нар ирсэн тул цагдаа нартай хамт гэрт нь буцаж ороход толгой нь ар хэсэгтээ хагарсан цус гоожсон байдалтай байж байсан...” гэжээ. /хх-ийн 13-14 тал/

Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 79 тоот дүгнэлтэд: “... биед хуйхны зүүн зулай хэсгийн зүсэгдсэн шарх, зүүн зулай, дагз хэсгийн зөөлөн эдийн няцрал болон цус хуралт, дагзны зулгаралт, зүүн завжны зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх хуйхны зүүн зулай хэсгийн зүсэгдсэн шарх, зүүн зулай, дагз хэсгийн зөөлөн эдийн няцрал болон цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь бүрдэл байдлаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 21-22 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй шүүгдэгчид гаргах гомдол санал, түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч *******д прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б. 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Л.БАТЖАРГАЛ