| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 143/2020/00424/И |
| Дугаар | 490 |
| Огноо | 2020-10-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 490
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: аймаг сум, багт оршин суух, М овогт Ц.Ц /регистрийн дугаар: /
Хариуцагч: аймаг сум, баг, тоотод оршин суух, Б овогт Ч.У /регистрийн дугаар: /
3 498 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ц, нарийн бичгийн дарга Ж.Мухлай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.У нь металл хайгч (4000)-ыг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 3 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Улмаар төлбөрийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд эргүүлэн төлөхөөр тохиролцсон боловч одоог хүртэл өгөхгүй утсаа солин гэрт нь очихоор зугтан алга болж тааралдахгүй байгаа болно. Энэ хугацаанд Ц.Ц миний бие нь Номгон сумын Тоорой хэмээх газраас гурван ч удаа ирж уулзах гэсэн боловч уулзаж чадалгүй түлшний мөнгөөрөө хохирсон билээ. Талдаа 210 км явдаг. Нийт 3 удаа ирж очсоны зардал болох 378 000 төгрөг дээр алданги болох 120 000 төгрөгийг нэмээд нийт 3 498 000 төгрөгийг Ч.У нэхэмжилж байна. Иймээс миний энэхүү хүсэлтийг хүлээн авч Ч.У-с төлбөр болох 3 498 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ. Хариуцагч талтай эвлэрэн хэлэлцэх хүсэлт байхгүй гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээний хуулбар, "Ник” ХХК-ийн төлбөрийн баримтууд /хх-5/ зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Ц нь Ч.У-д холбогдуулж 3 498 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасан байна.
Хариуцагч Ч.У нь 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд ирж нэхэмжлэлийн хувийг өөрийн биеэр гардан авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүрэгтэй танилцаж, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан, үндэслэл түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй талаар мэдсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбарыг ирүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Түүнчлэн хариуцагч Ч.У шүүх хуралдааны товыг хуульд зааснаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, шүүх хуралдаанд оролцох боломжгүй эсхүл шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч Ч.У-с 3 498 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ц-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Ц улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 918 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.У-с 70 918 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ц-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.УГТАХБАЯР