| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2023/0146/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/150 |
| Огноо | 2023-12-15 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/150
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төмөрчөдөр, улсын яллагч Ц.Эрдэнэбат, хохирогчийн өмгөөлөгч Г.Гандөш, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзориг, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт, Улаанбаатар хот, *******,*******,******* тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд
Сүхбаатар дүүргийн шүүхийн ******* дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан
******* /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь шөнө 22 цагийн орчимд буюу үзэгдэх орчин хязгаарлагдсан үед Өвөрхангай аймгийн Хархорин сумын багийн нутаг зам гэх хатуу хучилттай авто зам дээр Хархорин сумаас Өгий нуур чиглэлд *******-24 УБП улсын дугаартай тоёото приус 10 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3, 12.3, 18.2 /а,б/ дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж эсрэг урсгалд замын хөдөлгөөнд оролцож байсан УНХ улсын дугаартай тоёото приус 10 загварын тээврийн хэрэгслээр зорчиж явсан биед хүндэвтэр гэмтэл, амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******н өдөр Улаанбаатар хотоос Хархоринд ирсэн юм. Хархориноос аавын машиныг аваад Архангай аймгийн Хашаат суманд манай 2 хүүхэд байсан юм. 2 хүүхдээ авах гэж яваад осол гаргасан гэх мэдүүлэг,
Хохирогч шүүх хуралдаанд: Сэтгэл санааны хохирол, амь насны хохирол, тэтгэврийн зээл төлөөд өгвөл гомдол санал байхгүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх уралдаанд: Сэтгэцэд учирсан хохирол, амь хохирогчийн тэтгэврийн зээлийг төлүүлнэ. Өөр гомдол саналгүй гэв.
Хохирогч ***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2023 оны *** дугаар сарын ***-ний өдөр 21 цагийн үед Өгий нуураас Хархорин сум руу засмал замаар явж байхад урдаас 1 машин гэрлээ хол дээр нь асаагаад ирж байсан. Тэгэхэд манай нөхөр /талийгаач/ гэрлээ шилжүүл гэсэн дохиог зөндөө олон удаа анивчуулсан ба урдаас ирж яваа машин ер гэрлээ шилжүүлэхгүй явсаар машины урдаас мөргөсөн. Тэгээд миний ухаан балартаад нүд харанхуйлж амьсгал давчдаад, цээжээр хөндүүрлэж байхад нөхөр маань машинаас бууж нөгөө машин дээр очсон. Тэгээд жолоочид нь “чи гэрлээ шилжүүлэхгүй явсаар урдаас мөргөчихлөө” гэж хэлээд ёолоод байсан. Тэр үед нөхрийн дүү араас ирсэн, нөхөр маань ч хэвтээд өгсөн. Тэгээд би машинаас буугаад хажууд нь очоод нөгөө жолоочид хандаж “чи чинь яаж байгаа хүүхэд вэ, гэрлээ шилжүүлэхгүй явсаар байгаад мөргөчих юм” гэхэд уучлаарай эгчээ, уучлаарай л гээд байсан. Удалгүй цагдаа, эмнэлэг ирсэн. Манай машинд манай нөхөр талийгаач маань жолоо бариад би хажууд нь суугаад ард суудалд **** 8 настай, **** 7 настай зээ нар маань сууж явсан. Нөхөр бид хоёр суудлын бүс бүсэлсэн байсан, ард хоёр хүүхэд суудал дээр хэвтээд унтаж байсан учир бүс зүүгээгүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Ээж, талийгаач аав бид нар Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг юм. 2023 оны *** дугаар сарын ***-ны өдөр ээж ***, талийгаач аав хоёр Хархорин суманд амьдардаг дүү ****д очихоор түрүүлээд явсан. Араас нь нөхөр бид хоёр хүүхдүүдийн хамтаар 2023 оны *** дугаар сарын ***-ний өдөр Улаанбаатар хотоос гарч орой 21-22 цагийн орчимд Хархорин сумын цагаан хаалгаар орж байтал манай дүү **** залгаад аав, ээж хоёр аваарт орчихлоо гэж хэлсэн. Тэгээд тухайн газарт очиход 2 машин хоорондоо мөргөлдөөд нэг нь замаас гарчихсан, аав газарт ухаангүй хэвтэж байсан. ...Манай аав нэг их архи уугаад байдаггүй, жолоо барих үедээ бол амсдаг ч үгүй. 2023 оны *** дугаар сарын ***-ны өдөр дүү **** очиход манай дүү 1 шил архи авч өгөөд түүнээс нь 3 рунк уусан гэсэн. ...Ажил явдалд зарцуулсан зардал, ээжийн эмчилгээний зардал, нааш цааш явсан зардлууд нийлээд 9,405,000 төгрөг, талийгаач аав маань тэтгэврийн зээлтэй байсан тэдгээрийг гаргуулах, тээврийн хэрэгслийг бүтнээр нь үнэлж мөнгөн дүнг нь нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн ******* тал/,
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2023 оны *** дугаар сарын ***-ний өдрийн 13 цагийн үед Өгий нуур орохоор талийгаач ах маань эхнэр, хүргэний 2 хүүхдийн хамтаар өөрийнхөө приус 10 загварын автомашинтай, би эхнэр **** хамтаар өөрийн тоёота ист загварын тээврийн хэрэгслээр явсан. Өгий нуурын эрэг дээр байж байгаад 21 цагийн үед Хархорин сум руу зэрэг хөдөлсөн. Тухайн үед би урд нь гарч явж байгаад даваа дээр зураг дарахаар зогсоход талийгаач хажуугаар гараад түрүүлээд явсан. Эхнэр бид хоёр ойролцоогоор 10 минут байгалийн зураг дарж байгаад араас нь хөдөлсөн. Явж байхад талийгаач ахын машин ер харагдаагүй. Тэгсэн намайг Өгөөмөр өнгөрч байхад талийгаач ах надруу залгаад “хаана явж байна” гэхэд би “музей өнгөрөөд араас чинь явж байна, аажуухан явж байгаарай” гэж хэлсэн. Хэсэг явж байгаад даваа даваад хартал урд талд нилээд зайтай машины арын тормосны гэрэл асаж харагдсан. Тэгээд би араас нь тойрогдуу замыг тойроод гараад иртэл засмал зам дээр 2 машин өөд өөдөөсөө хараад зогсож байсан. Яваад очтол ах машинаасаа буугаад ирчихсэн, нөгөө машины жолоочтой юм яриад зогсож байсан. Би машинаасаа буугаад гүйгээд яасан гээд очтол ах маань нэг гараараа элгээ тэврээд тонгойсон байдалтай зогсож байсан ба надад хэлэхдээ “энэ гэрлээ шилжүүлсэнгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөгөө машины залууд чи яахаар гэрлээ шилжүүлдэггүй юм, энэ стандарт зам биш нарийн зам гэхэд тухайн залуу “миний гэрэл шилжиж болохгүй байна” гэх утгатай зүйл хэлсэн. Тэр үед талийгаач ах маань ухаан алдаж газарт унах үед би тэвэрч аваад амьсгалыг нь сонсоход амьсгал сонсогдохгүй байсан. Тэгээд би уруулын доод хэсэгт нь хуруугаараа дараад, цээж дээр нь нэлээд хэдэн удаа зүрхний массаж хийсэн. Тэгсэн чинь амьсгалж эхэлсэн, би утсаар түргэн дуудсан. Түүнээс хойш түргэний машин 30-40 минут орчмын дараа ирсэн. Талийгаач ах маань бага багаар амьсгалаад 20 гаруй минут болоод нас барсан байх. Харанхуй болчихсон байсан учраас 70 орчим км/цагийн хурдтай явж байсан. Тухайн үед замын нөхцөл байдал шулуун, ямар нэг хагарсан зүйлгүй зам байсан. Үзэгдэх орчин чөлөөтэй, бороо ороогүй, салхи шуургагүй байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 тал/,
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Тухайн осол болсон өдөр **** бид хоёр Улаанбаатар хотоос Хархорин суманд ирсэн. Тэгээд Хархорин сумаас хадам аав **** эзэмшлийн приус 10 загварын тээврийн хэрэгслийг аваад Архангай аймгаас Хашаат сумруу 21 цаг өнгөрч байхад хөдөлсөн. Хархорин сумаас хөдлөөд л би унтчихсан байсан болохоор ямар шалтгааны улмаас осол болсныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд манай машин замаас гарчихсан, нөгөө машин зам дээр хөндлөн зогсчихсон, нөгөө машины жолооч нь газар буугаад манай машины хажууд сууж байгаад газар хэвтээд өгсөн. Осол болох үед миний ухаан санаа хэсэгт балартсан учир яг юу болсоныг мэдэхгүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 тал/,
Гэрч **** мөрлөн шалгах ажиллагаанд өгсөн: Тухайн осол болох өдрийн урд өдөр буюу 2023 оны *** дугаар сарын ***-ны өдөр манай аав талийгаач ***, ээж ***, аавын дүү **** түүний эхнэр нар хотоос ирсэн. Би ах эгч нар ирсэн юм чинь гээд 0.5 литрийн хэмжээтэй 1 ширхэг архи авч өгсөн. Уг архинаас аав, аавын дүү хоёр 3, 3 хундага уугаад унтсан. Үлдсэн архийг нь уугаагүй. Учир нь маргааш Өгий нуур явна гэж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 148 тал/,
Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмчийн 2023 оны *** дугаар сарын ***-ний өдрийн №*** дугаартай “...1.Талийгаач **** биед цээжний баруун талд 2, 3, 4, 5 дугаар хавирга, цээжний зүүн талд 2, 3, 4 дүгээр хавирганы бүрэн хугарал, 2 уушигны язарсан шарх, элэгний бяцрал, цээж хэвлийн хөндий дэх 1.2 л шингэн цус, нойр булчирхайд цус хуралт, цээж, баруун хөх, зүүн хөлд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтлүүд бүгд авто осол болох үед хатуу мохоо хүчний үйлчлэлээр үүссэн байх боломжтой. З. Дээрх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. 4. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн, талийгаачийн амь насанд хохирол учруулсан тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Талийгаач нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6. Эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй. 7. Талийгаач нь авто ослын улмаас цээж хэвлийн хөндийн хавсарсан олон эрхтний хүнд гэмтлийн улмаас нас баржээ. 8. Талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ... гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 40-43 тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны *** дугаар сарын ***-ний өдрийн №*** дугаартай “...1. *** биед зүүн 7, 8-р хавирганы хугарал, хамарт зулгаралт, зүүн тохой, өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 48-49 тал/,
Техникийн шинжээч ****, ****, ***** нарын 2023 оны *** дүгээр сарын ***-ны өдрийн №**** дугаартай “...**** УНХ улсын дугаартай тоёота приус-10 маркийн автомашины жолооч ***** Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3 дахь заалтыг зөрчсөн байна.
-**** УБП улсын дугаартай тоёота приус-10 маркийн автомашины жолооч ***** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.2 “Дараахь тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 м-ээс багагүй зайд; б/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн жолооч гэрэл шилжүүлэх дохио өгвөл зайн хэмжээг үл харгалзан,” Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
-Үзэгдэлт хангалтгүй /шөнө/ нөхцөлд замын болон зорчих хэсгийн өргөн стандарт биш нарийнхан байгаа нь осол болоход нөлөөлсөн байх талтай.
-**** УБП улсын дугаартай тоёота приус-10 маркийн автомашины жолооч ***** нь үзэгдэлт хангалтгүй /шөнө/ нөхцөлд холын гэрлээ ойрын гэрэлд шилжүүлээгүй, аюул саад тохиолдсон үед зогсоох арга хэмжээ аваагүй, зорчих баримжаа алдаж эсрэг урсгал сөрсөн нь осол болох шалтгаан болсон...” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 76-77 тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны *** дугаар сарын ***-ны өдрийн №*** дугаартай “...1.Шинжилгээнд ирүүлсэн тоёота приус маркийн **** УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн тал их хэмжээний эвдрэл гэмтэлтэй байна. 2. Автомашинд гарсан гэмтлүүд нь ослын үед үүссэн байх боломжтой. З. Дээрх гэмтлүүд нь ослын үед үүссэн байх боломжтой тул осолд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 93-95 тал/,
Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2023 оны *** дүгээр сарын ***-ний өдрийн №*** ДД№**** дугаартай “...үнэлгээгээр тогтоогдсон дүн 2,521,000 төгрөг...” гэх **** УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдэрсэн эд ангид үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 129-130 тал/,
эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь шүүгдэгч **** тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой буюу болгоомжгүй үйлдлийнх нь улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, нэг хүний амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч **** холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан бол 3 дахь хэсэгт хүний амь нас хохирсон бол гэж хүндрүүлэх шинжийг тодорхойлсон.
Иймд шүүгдэгч ***** авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, нэг хүний амь нас хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирлын хувьд:
Шүүх хуралдаанд шүүгдэгчээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд 9,000,000 төгрөг төлсөн, шүүх хуралдааны өмнө машины эвдрэл гэмтэлд гарсан зардалд 2,500,000 төгрөг өгсөн гэж мэдүүлж байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****, хохирогч ***** нар нь 11,500,000 хохирол шүүгдэгчээс төлсөн гэж шүүх хуралдаанд мэдүүлж байна.
Иймд шүүгдэгч ***** мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ****, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***** нарт эмчилгээний зардал болон оршуулгын зардал бусад хохиролд нийт 11,500,000 төгрөг төлснийг дурдав.
Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****, хохирогч **** нар нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг гаргуулах, талийгаачийн тэтгэврийн зээлийн үлдэгдлийг төлүүлэх нэхэмжлэл гаргасан боловч эрүүгийн хэрэгт цугларсан баримтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.
Учир нь гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээчийн дүгнэлтээр тогтоож холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ. Хэрэгт хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоогоогүй байна.
Шүүгдэгч шүүх хуралдаанд хохирогч баримтаа бүрдүүлэн иргэний журмаар дээрх хохирлыг нэхэмжилсэн тохиолдолд төлөхөө илэрхийлж байна гэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч **** хүлээн зөвшөөрсөн ялын санал, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, хохирол төлбөр төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын яллагчаас шүүгдэгч ***** хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаанд тэнсэх ялын дүгнэлт гаргасан.
Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруу, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна. Улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг зөвшөөрч байна гэв.
Иймд шүүгдэгч **** овогт ****** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** овогт ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, нэг хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***** овогт ************ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурван/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч ***** хохирогч *****, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **** нарт хохиролд 11,500,000 төгрөг төлснийг дурдаж, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг гаргуулах болон талийгаачийн тэтгэврийн зээлийн үлдэгдлийг төлүүлэх асуудлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА