Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/20

 

 

 

 

 

 

 

 

 

  2024           01               16                                               2024/ШЦТ/20                                                      

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун, 

улсын яллагч Л.Наранхүү,

шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Ш.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Э.Тт холбогдох эрүүгийн 2334004770492 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.      

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Баянхонгор аймагт 1992 оны 08 дугаар сарын 16-нд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Sky Star ХХК-нд ковшийн оператор ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, дугаарын регистртэй, Б Э.Т.

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Э.Т нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын (delta-9-tetrahydrocannabinol) агууламжтай “өвс” гэх нэршилтэй, нийт 5031.8 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар тус бодисыг Төв аймгийн Жаргалант сум Буянбулаг 3 дугаар багийн нутаг дэвсгэр хүртэл “Хонда си ар ви” /Honda CR-V/ маркийн 25-63 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалсан  гэх гэмт хэрэгт холбогджээ.                

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Э.Т: 

...2023 оны 09 сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагаан нуур суманд найзынхаа машинаар юм нүүлгэх гэж барьж явж байгаад бие засах үед гадаа ургамал байсан. Би мөн эсэхийг нь сайн мэдэхгүй байсан. Өөрийнхөө бодлогогүй үйлдлээ түүж бэлтгэсэн. Өөр хэлэх зүйлгүй... гэж мэдүүлжээ.

  

Үйл баримт:

Эрүүгийн 2334004770492 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Э.Тын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын (delta-9-tetrahydrocannabinol) агууламжтай “өвс” гэх нэршилтэй, нийт 5031.8 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар тус бодисыг Төв аймгийн Жаргалант сум Буянбулаг 3 дугаар багийн нутаг дэвсгэр хүртэл “Хонда си ар ви” /Honda CR-V/ маркийн 25-63 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд авч явсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-11 дүгээр хуудас/,

биологийн дээж, авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-14 дүгээр хуудас/,

эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-23 дугаар хуудас/,

шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №4285 дугаартай ... Шинжилгээнд ирүүлсэн Б.Б  2023.09.11 гэж хаягласан шээснээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №4284 дугаартай ... Шинжилгээнд ирүүлсэн Ц.Б 2023.09.11 гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илрэв. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно... талаарх дүгнэлт /хх-ийн 59-60 дугаар хуудас/,

шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн №4283 дугаартай ... Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Э.Т ВЮ92081612 2023.09.11 гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц-ийн 2 жагсаалтад багтдаг болно... талаарх дүгнэлт /хх-ийн 64-65 дугаар хуудас/,

шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №4295 дугаартай ... Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Э.Т ВЮ92081612 2023.09.11 гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц-ийн 2 жагсаалтад багтдаг болно... талаарх дүгнэлт /хх-ийн 69-71 дүгээр хуудас/,

шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №5024 дугаартай ... Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Рингер 500 мл дуслын шингэн гэсэн хаягтай гялгар ууттай шингэн, дуслын систем, гялгар уутанд хийсэн тариур, “Тарины хөвөн” гэсэн бичиглэлтэй гялгар уут, гялгар уутанд хийсэн тариур, гялгар уутанд хийсэн TEBANTIN 300 mg гэсэн бичиглэлтэй эмийн сав, улаан болон шар өнгө хосолсон капсултай эм мэт зүйлүүдээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 76-77 дугаар хуудас/,

шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 07/377 дугаартай ... Honda CR-V маркийн 25-63 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зэх зээлийн үнэ цэнэ нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 2.271.750 /хоёр сая хоёр зуун далан нэгэн мянга долоон зуун тавин/ төгрөг болно... талаарх дүгнэлт /хх-ийн 85-96 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч Ц.А ...Би 2019 онд Хэнтий аймгийн Мөрөн сумын харьяат Ц.Э гэдэг хүнд 25-63  ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээ 4 сая төгрөг, 25 эм хониор зарсан. Би тухайн тээврийн хэрэгслээ зээлээр 2016 он хавьцаа худалдаж авч байсан. Би нэрээ шилжүүлэх гэсэн боловч Энхболд гэдэг хүн нь Говьсүмбэр аймаг руу шилжсэн байсан. тэгээд огт холбогдож чадаагүйн улмаас шилжүүлэг хийгдээгүй байсан. Одоо энэ машин надад ямар ч хамаарал байхгүй. Би тийм нэртэй хүн огт танихгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч Ц.Б ...Тиймээ 25-63 ХЭҮ улсын дугаартай Honda CR-V маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Тухайн тээврийн хэрэгслийн нэрээ шилжүүлж авах гэсэн боловч торгуулийн хэмжээг төлөх боломжгүй учраас нэр шилжүүлж авч чадаагүй. Нэр шилжүүлж авахад заавал торгууль төлсөн байх шаардлагатай гэсэн. 2023 оны 08 дугаар сард сарын дундуур манай эхнэр Б бид хоёр Фэйсбүүкээс зар харж байгаад 4.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үедээ торгуулийн мөнгө 800.000 гаруй төгрөг, машиндаа аржатар 200.000 аваад машины эзэнд 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Уг тээврийн хэрэгслийг худалдаж авахад оношлогоондоо орчихсон байсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 35 дугаар хуудас/,

гэрч Б.Б ...2023 оны 09 дүгээр сарын 09-ний орой 23 цагийн үед нөхөр Б нөхрийн найз Т, хүүгийн хамт 25-63 ХЭҮ улсын дугаартай CR-V маркийн тээврийн хэрэгсэлтэй Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум руу явсан. Тэгээд тухайн үед Сэлэнгэ манай нөхөр жолоодох эрхээ хасуулсан байсан учраас найз Тыг машин бариад яваад өгөөч гэж гуйгаад явсан. Тэгээд 09 дүгээр сарын 10-ны өглөө Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд очсон. Тэндээ ажил төрлөө амжуулаад Б ахынд очиж хоол унд идээд орой 21 цагийн үед айлын амбаараас машиндаа хөнжил гудас, авдар сав, аяга тавгаа ачсан. Тэгээд Улаанбаатар хот руу гарсан. Хүү бид хоёр арын суудал дээр унтаад өгсөн. Тэгээд 09 дүгээр сарын 11-ний өдөр үүрээр 05 цагийн үед сэрэхэд Дархан-Уул аймагт бензин дууссан гэж хэлээд замын хажууд зогсож байсан. Тэгээд 11 цагийн үед хүнээс мөнгө зээлээд машиндаа бензин хийгээд Дарханаас хөдөлсөн. Тэгээд Жаргалант сум руу салдаг уулзвар дээр явж байхад цагдаа зогсоосон. Тэгээд цагдаа машин шалгаж эхэлсэн. Тэгээд машины урд талын хоёр суудал доороос хар ууттай ногоон ургамал гарч ирсэн тэрийг хурааж авсан. Сүүлд Ж цагдаа нар нэмж ирээд хог хийчихсэн байсан уутан дотроос тариур, натри баахан ундаа усны сав хурааж авсан. Тэр талаар би мэдэхгүй байна. Цагдаа нар зогсооход машин дотор мансууруулах төрлийн ургамал байгааг мэдсэн. Тэгээд нөхөр Батжаргалаас энэ юу юм бэ хэнийх юм бэ гэж асуухад замаас түүсэн юмаа гэж хэлсэн. Би тухайн ургамлыг хэрэглээгүй. Би огт мэдээгүй. Би арын суудал дээр хүүтэйгээ унтаж явсан. Намайг цагдаагийн алба хаагч сэтгэцэд нөлөөлөх мансууруулах төрлийн зүйл хэрэглэсэн эсэхийг нэг удаагийн тестээр шалгахад эерэг гарсан. Миний хажууд бол хэрэглэж байгаагүй. Өмнө нь 2017 онд хар тамхины хэргээр өвс хэрэглэсэн гэж цагдаад баригдаад ял шийтгэл эдэлж байсан. Тэгээд ер нь гарынх нь алганы дээд хэсэгт сорвитой болсон байсан. Тэгээд би сэтгэцэд нөлөөлөх мансууруулах эм тарьсан байна гэж мэдсэн... /хх-ийн 37 дугаар хуудас/,

гэрч Б.Б ...Тухайн үед цагдаа зогсооход машинаас мансууруулах төрлийн өвч ургамал гарч ирсэн. Тэгээд нөхрөөсөө асуухад замаас түүсэн юмаа, замаас түүчихсэн байна гэж хэлсэн. Яг Б түүсэн үгүйг нь би мэдэхгүй байна. Улаанбаатараас Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум орох хүртэл тэгээд тэнд очоод айлуудаар ороход гээд Батжаргал надаас огт салаагүй хажууд хамт байсан. Тэгэхээр тэр өвсийг түүсэн байх хугацаа боломж Батжаргалд гараагүй гэсэн үг. Яг тухайн үед Б би өрөөр түүсэн юмаа гэж хэлээгүй, замаас Тыг түүсэн юм байна гэж хэлсэн. Т Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд очоод Б бид хоёртой цуг айлуудаар ороогүй гадаа машинд байсан... /хх-ийн 39 дүгээр хуудас/,

сэжигтэн Ц.Б ...2023 оны 09 дүгээр 09-ний өдөр 23 цагийн үед Улаанбаатараас Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум руу гэрээсээ үлдсэн юмаа авахаар эхнэр Б, найз Т, хүү Б хамт 4-үүлээ 25-63 ХЭҮ УЛСЫН дугаартай Хонда СР маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан. Тухайн үед би жолоо барих эрхгүй, эрхээ сэргээгүй байсан тул найз Тыг гуйж машинаа бариулж явсан. Тэгээд 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өглөө 06 цагийн үед Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ирсэн. Тэгээд гэрийнхээ үлдэгдэл эд зүйлээ аваад хамаатан садан ахынхаа гэрээр ороод хоол цай идээд 22 цагийн үед Улаанбаатар хот руу хөдөлсөен. Тэгээд Дархан-Уул аймагт 05 цагийн ирсэн. Тухайн үед машины бензин дууссан байсан. Бинзений мөнгө хайгаад хүнээс асуугаад хүлээгээд байж байхдаа Т бид хоёр колонкын 00-ийн хажууд тамхины доторхыг дүнсийг нь асгаж байгаад дотор нь өвс хийчихсэн байсан тамхийг Т надад 1 ширхгийг гаргаж ирж өгөөд хамт татсан. Тухайн үед Т тамхин дотор өвс хийгээд бэлдчихсэн байсан. Тэгээд хүнээс бензины мөнгө аваад 10 цагийн үед хөдөлсөн. Тэгээд явж байгаад Төв аймгийн Жаргалант сум руу салдаг замын уулзвар дээр цагдаа зогсоосон. Эхлээд Т бууж уулзсан. Тэгээд цагдаа машинаа замаа чөлөөлөөд тавьчих үзлэг шалгалт хийнэ гэж хэлсэн. Тэгээд цагдаа машинд үзлэг хийгээд машин дотор байсан эд зүйлсийг бүгдийн гаргасан. Тэгсэн урд талын 2 суудал доороос хар ууттай 5,6 ширхэг өвс гарч ирсэн. Машинд ууттай хогнууд байсан тэрэн дотор миний хэрэглээд хаясан байсан тариа, систем, тебантин эмний хэрэглээд хаясан кабсул зэрэг зүйл байсан. Тэгээд цагдаа мансууруулах сэтгэцэт нөлөөт бодис тээвэрлэсэн байна гээд цагдаагийн хэсэг рүү дагуулж явсан. Өвс болон ууттай хогийг цагдаа хураан авсан. Би огт мэдээгүй. Цагдаа зогсооход надад замаа чөлөөлөөд машинаа тавь гэж байна, нэгжлэг хийх юм шиг байна. Машин дотор суудал доор өвс нуучихсан байгаа гэж хэлсэн. Хаанаас түүж хийснийг мэдэхгүй байна. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутгаас түүсэн гэж надад Т хэлсэн. Би хараагүй. Тэр талаар би мэдэхгүй байна. Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байхад Т манай машинтай ганцаараа дэлгүүр явсан. Айлд ороход гадаа машиндаа сууж байсан. Цагааннуур суманд байхад түүсэн байх гэж би бодож байна. Хэрэглэсэн. Тебантиныг 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хэрэглэсэн, 09 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд очоод хэрэглэсэн. Уг эмийг кабсулнаас нь гаргаж аваад тариуранд хийгээд натриар шингэлээд судас руугаа тарьж ганцаараа хэрэглэсэн. Харин өвс мэт зүйлийг 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Ттай хамт Дархан-Уул аймгийн колонкын оо-ийн хажууд татаж хэрэглэсэн. Шалгасан. 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Жаргалант сумын цагдаагийн байранд шалгасан. Шалгахад 1 багана 1 зураастай мансууруулах сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн байна гэж гарч ирсэн. 2023 оны 08 дугаар сарын дундуур манай эхнэр Буянжаргал бид хоёр Фэйспүүкээс зар харж байгаад 4.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэр дээрээ шилжүүлж авах гэхэд 800.000 төгрөгийн торгуультай байсан учраас тухайн үедээ шилжүүлж авч чадаагүй. Тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн дугаар 99032538 гэсэн дугаартай. 2017 онд каннабис нэртэй өвс хэрэглэсэн байх үедээ баригдаж байсан. Тухайн үед хэрэглэсэн, түүсэн, тээвэрлэсэн гэсэн зүйлээр 3 сар 1 хоногийн баривчилгаа авч байсан... /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

 сэжигтэн Э.Тын ...2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 13 цагийн үед найз Б залгаад Сэлэнгэ аймаг яваад гэрийн эд зүйл ачаад аваад ирье, машин бариад өгөөч, надад машин барих эрх байхгүй гэж хэлсэн. Тэгээд орой би ажлаа тараад саппорогоос Б, эхнэр Б, хүүхдийн хамт аваад Б 25-63 ХЭҮ улсын дугаартай Хонда СР-В маркийн машиныг нь бариад Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум руу хөдөлсөн. Тэгээд 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өглөө үүрээр 06 цагийн үед Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ирсэн. Цагааннуур сум орохоос Гачуурт гэх нэртэй газарт зогсоод бие засаж байхад өвс байхаар нь сонирхоод түүж аваад цааш Цагааннуур сум руу явсан. Тэгээд Б, эхнэр хүүхдийн хамт айлуудаар орсон. Би тухайн үед машин дотор нь ганцаараа байж байсан. Тэгээд өдөр ганцаараа байж байхдаа Цагааннуур сумын гэр хорооллын жалга дагуух газраас дахиад өвс түүгээд машины урд талын жолооч болон хажуу талын суудал доогуур хийсэн. Тэгээд авдар хивс хөнжил гудас аяга таваг зэрэг нэлээн эд зүйлс машиныхаа ар талын багаж хэсэгт ачаад 22 цагийн үед Улаанбаатар хот руу хөдөлсөн. Тэгээд Цагаануураас гарч яваад өмнө түүсэн Гачуурт гэх газраасаа дахиад жоохон өвс түүсэн. Тэгээд Дархан-Уул аймагт 09 дүгээр сарын 11-ний өглөө үүрээр зам дагуух колонк дээр 05 цагийн ирсэн. Тухайн үед машины бензин дууссан байсан. Бензиний мөнгө хайгаад хүнээс асуугаад хүлээгээд байж байхдаа Б бид хоёр колонкын 00-ийн хажууд би Б Mevius нэртэй тамхины дотор нь өвс хийчихсэн байсан тамхийг гаргаж өгөөд бид хоёр нэг нэг тамхи татсан. Тэгээд хүнээс бензины мөнгө орж ирээд 9 цагийн үед хөдөлсөн. Тэгээд явж байгаад Төв аймгийн Жаргалант сум руу салдаг замын уулзвар дээр цагдаа зогсоосон. Эхлээд бичиг баримт шалгаад машинаа замаа чөлөөлөөд зогс үзлэг хийнэ гэж хэлсэн. Тэгэхээр би Батжаргалд би өвс түүгээд сандал доор хийчихсэн байгаа, цагдаа шалгана гэж байна гэж хэлсэн. Тэгээд цагдаа машин доторхыг нэгжиж үзсэн. Тэгсэн урд талын 2 суудал доороос хогийн хар ууттай 5 ширхэг өвсийг гаргаж ирсэн. Машинд ууттай хогууд байсан тэрийг бас гаргаж ирээд шалгаад хураан авсан. Цагдаа нар хууль бус өвс авч явж байна гээд шууд Жаргалант сумын Цагдаагийн хэсэг рүү явсан. Өвс болон ууттай хогийг цагдаа хураан авсан. 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өглөө үүрээр Б, эхнэр хүүхдийн хамт унтаж байхад нь бие засах гээд гарахдаа Цагааннуур сум орохоос 20 км-ийн наана Гачуурт гэх нэртэй газраас замын хажуунаас бага зэрэг өвс түүсэн, тэгээд Цагааннуур суманд ирээд өдөр нь Б эхнэр хүүхдийн хамт айл руу орсон байх хойгуур нь би дэлгүүр явж ундаа авч ирэх гэж байгаад замдаа гэр хорооллын жалганаас нэлээн их өвс түүсэн. Тэгээд хүн байхгүй хойгуур нь бага зэрэг өвс машин дотор наранд тавиад хатаасан. Тэгээд орой нь Цагааннуураас хөдлөөд явж байхдаа шөнө Гачуурт гэх газрын тэнд нойр хүрээд зогсоод тэр хугацаанд бас жоохон өвс түүсэн. Тэгээд тэндээ унтсан. Б, Б нар огт мэдээгүй. Би байх хооронд нь түүсэн, бас унтаж байхад нь түүсэн. Төв аймгийн Жаргалант сумын тэнд цагдаа зогсооход нь би Б хэлсэн. Сонирхоод түүсэн юм. Зарж борлуулах тийм бодол бол огт байгаагүй. Монгол улсад хориглодог гэдгийг мэднэ. Би Чех улсад 2013-2017 онд байхдаа тухайн мариуханыг ганц нэг удаа хэрэглэж үзсэн. Тухайн улс мариухан татаж зөвшөөрөлтэй байсан. Шалгасан. 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Жаргалант сумын цагдаагийн байранд шалгасан. Шалгахад 1 багана 1 зураастай мансууруулах сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн байна гэж гарч ирсэн. Б бас хэрэглэсэн гэж гарч ирсэн. Үгүй. Би өмнө нь ямар ч гэмт хэрэгт холбогдож байгаагүй... /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

яллагдагч Э.Тын ...Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, Надад сонсгож байгаа прокурорын яллагдагчаар татаж байгаа дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө сэжигтнээр мэдүүлэг өгсөн. Надад нэмж ярих зүйл байхгүй.  Ямар нэгэн худалдан борлуулах зорилгоор түүгээгүй. Өөрөө сонирхоод түүсэн юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 113 дугаар хуудас/, гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт  

            Гэм буруугийн болон хууль зүйн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Л.Наранхүү:

            ...Шүүгдэгч Э.Т нь 2023 оны 09 сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын нутаг дэвсгэрээс НҮБ 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ агууламжтай өвс гэх нэршилтэй нийт 5,031,8 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар тус бодисыг Төв аймгийн жаргалант сумын Баянгол 3 дугаар багийн нутаг дэвсгэр хүртэл Хундай CRV маркийн 25-63 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Э.Т нь бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнийн дүн болох 2.271.750 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасны дагуу шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Буянжаргал:

            ...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Тын өмгөөлөгчөөр оролцож байна. Би Скай стар буюу Э.Тын ажилдаг компанид хуулийн зөвлөх хийдэг. Би эрүүгийн өмгөөлөгч биш. Иргэний хэргийн компанийн өмгөөлөгч. Э.Тын эрх ашгийг хамгаалж оролцож байна. Шүүгдэгч Э.Т нь гэм буруугаа анхнаасаа хүлээсэн. Манай компани Хөдөлмөрийн хуулийн талаар, бусад хуулийн талаар сургалт ордог байсан. Гэхдээ  гэмт хэргийн сургалтууд ордоггүй байсан. Одоогоор сургалтууд явуулж байна. Э.Тын гэм буруугаа хүлээсэн, хэрэг анх удаа үйлдэж байгаагаас харахад тамхины нөлөөлөлд автаагүй байна гэх дүгнэлтэд хүрсэн учраас бид нар энэ хүнийг компанидаа авч ажиллуулж цааш үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэх компанийн зүгээс сонирхол байна:. Яагаад гэвэл Э.Т нь ажилтай, томоотой, үүрэг даалгавар сайн биелүүлдэг. Гэм буруу нь тодорхой авч татсан, түүсэн байна. Тийм учраас гэм буруу дээр маргах зүйлгүй. Хөнгөрүүлэх нөхцөл байдлын улмаас өмгөөллийн үйл ажиллагаа явуулна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Э.Т:

            ...Өөрийнхөө бодлогогүй үйлдлээс болж ийм хэрэгт холбогдсондоо үнэхээр их харамсаж байна. Манай эхнэр жирэмсэн. Би ажил хийж ар гэрээ авч явах шаардлагатай байгаа. Гэм буруутай... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

Гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Буянжаргал, шүүгдэгч Э.Т нар “гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч Э.Тын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Э.Т дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

                            

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Тухайлбал шүүгдэгч Э.Тын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Хорьдугаар бүлэгт хуульчлагдсан “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд тус бүлгийн гэмт хэргүүдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан” гэх шинжүүдийн аль нэгийг хангасан тохиолдолд гэмт үйлдэл, эс үйлдэхүй байхаар хуульчилсан.

 

Улмаар шүүгдэгч Э.Тын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодис”-ыг хууль бусаар бэлтгэсэн гэмт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн бол гэмт хэрэг төгссөн, хэлбэрийн шинжтэй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Э.Тыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Харин Хадгалсан гэдэг нь хууль бусаар бэлтгэсэн, олж авсны дараа тодорхой хугацаанд ямар нэг байдлаар аливаа нэг обьект болон орон байр, бусад агуулах саванд байлгасныг ойлгох бөгөөд тухайн хууль бусаар бэлтгэсэн цаг хугацаанд биедээ авч явах болон тээврийн хэрэгсэлд тээвэрлэж явахыг хадгалсан гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Тийм учраас Төв аймгийн Прокурорын газраас эрүүгийн 2334004770492 дугаартай хэрэгт шүүгдэгч Э.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэх хоёр диспозецоор гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээс шүүх хадгалсан гэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлтээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Э.Тын гэм буруутай үйлдлийн улмаас Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдалд хор уршиг учирч болохоор байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

            Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Л.Наранхүү:

            ...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтогдоогүй. Шүүгдэгч Э.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Эд мөрийн баримтаар хураагдсан 5.031.8грамм мансууруулах бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах саналтай, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Буянжаргал:

            ...Улсын яллагчийн саналыг ойлголоо. Өмгөөлөгчийн хувьд хөнгөрүүлэх нөхцөл байдлыг дурдаж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээсэн, тохиолдлын шинжтэй энэ гэмт хэргийг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Хоёрдугаарт, манай компанид ажилладаг. Хөнгөрүүлэх нөхцөл байдлын дагуу Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзаж өгнө үү гэх хүсэлт гаргаж байна. Шүүх үүнийг хүлээж авахгүй бол хорих ялаас өөрөөр зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх, хязгаарлалтын бүсийг Улаанбаатар хотоор тогтоож өгнө үү. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээсэн. Компанийн хувьд энэ хүнийг дахин гэмт хэрэг үйлдүүлэхгүй... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Э.Т:

            ...Ийм хэрэг хийсэндээ үнэхээр их харамсаж байна. Аль болох бага ял оногдуулж өгнө үү. Дахиж би хуулиас гадуур зүйл хийхгүй. Өөр хэлэх зүйлгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

            Шүүх шүүгдэгч Э.Тт хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тооцож үзэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

            Мөн ял шийтгэлийг оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ болон шүүгдэгчийн хувийн байдлыг зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулах нь тохирно гэж үзлээ. 

 

            Дээрх оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2334004770492 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Э.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5031.8гр делта-9 тетрагидроканнабинолыг устгахыг зохих байгууллагад даалгасныг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

     Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг хянан

         шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 36.2.,

  36.1., 36.6., 36.7., 36.8., 36.10., 36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2.,

38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг

тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Э.Тт холбогдох эрүүгийн 2334004770492 дугаартай хэргээс “хадгалсан” гэх гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Шүүгдэгч Б Э.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Шүүгдэгч Б Э.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх эхсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Э.Тт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5031.8гр делта-9 тетрагидроканнабинолыг устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн 2334004770492 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Э.Т энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б Э.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний хорих ял эдлэх хугацааг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Э.Тт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ш.ГАНДАНСҮРЭН