Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2020/02966

 

2020 11 03                                                                                                     183/ШШ2020/02966

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: С ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.У-т холбогдох

Төлбөр болон төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 251 542 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.У нь 2019 оны 1 сарын 22-ны өдөр ....... тоот С М үйлчилгээний гэрээг С ХХК-тай байгуулсан. Энэхүү гэрээг С М гурвалсан үйлчилгээг гэрээнд заасан нөхцөлөөр авч, үйлчилгээний төлбөрийг гэрээний дагуу төлөх харилцааг зохицуулах зорилгоор байгуулсан. Гэтэл Б.У нь гэрээний дагуу авсан үйлчилгээний төлбөрийг төлж барагдуулаагүй тул үйчилгээг гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.5.1, 5.5.2, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-д заасны дагуу 2019 оны 2 сарын 22-ны өдөр тасалбар болгон зогсоосон. Гэсэн хэдий ч 2019 оны 1 сар болон 2 сарын үйлчилгээний төлбөр болох 56 542 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. мөн төхөөрөмжийн үлдэгдэл болох 195 000 төгрөг нийт 251 542 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд Б.Ууганбаатараас үйлчилгээний төлбөр болон төхөөрөмжийн төлбөрт нийт 251 542 төгрөг, нотариатын зардалд 4 000 төгрөг, нийт 255 542 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 8 316 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Б.У-т холбогдуулан төлбөр болон төхөөрөмжийн үлдэгдэл 255 542 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Талуудын хооронд 2019 оны 1 сарын 22-ны өдөр С М үйлчилгээний гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээгээр Б.У нь сарын 48 000 төгрөгийн үнэ бүхий онцгой багцыг 195 000 төгрөгийн үнэ бүхий HD бокс төхөөрөмжийг тус тус худалдан авах нөхцөлтэйгээр тохиролцжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэг хүлээдэг.

Харин хариуцагч Б.У нь С М үйлчилгээг төхөөрөмжийн хамт авч ашигласан байх боловч дээрх гэрээний хугацаанд төлбөрийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Б.У нь 2020.10.28-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, 2020.10.30-ны өдөр шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд буюу шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсвэл татгалзсан үндэслэл, тайлбар, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүйгээс гадна, хуульд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй байна. Энэ нь хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл болдог.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.У-аас 255 542 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 8 316 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.У-аас улсын тэмдэгтийн хураамжинд 8 316 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ