Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/10

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

улсын яллагч М.Хэрлэнчимэг,

шүүгдэгч Т.Л,

хохирогч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч Т.Лид холбогдох эрүүгийн 2334000000466 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

         

                                    Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд 1994 оны 03 дугаар сарын 23-нд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, дугаарын регистртэй, Ч Т.Л

 

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Т.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Т.Л:

...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж,

 

Хохирогч Т.А:

...Тухайн өдөр чатаар 60 га газар байна. 4 сая төгрөгөөр хураах хүн байна уу? гэж асуусан. 4 саяас 3 сая төгрөгийг бэлэн өгөөд 1 сая төгрөгт нь шүдлэн үхэр өгөхөөр хүмүүстэй ярьж явсан. Тухайн үед би 2,3 хүнтэй зэрэг ярьж байсан. Т.Л фейсбүүкт байхаар ярьсан. Ирээд үхрээ больчих ахаа, та 4 сая төгрөгөө өгчих гэхээр нь за тэгье гэж тохиролцсон. Будаагаа зөөж байх явцад тухайн үед миний машин галаар будаад асаж унтраад яваад байсан. Машинаа асаж чадахгүй байж байсан чинь талбайн баруун тал руу нэг гэрэл өгсөөд давхиад явсан. Энэ яах гэж байгаа юм бол гэж наанаас нь харж байгаад би наанаас нь гүйсээр байгаад очиход портер дээр будаа ачиж байсан. Портер нь намайг хараад цаашаа будаа нь асгараад давхиад явсан. Энэ залуу дээр очоод наад машинаа зогсоогооч  гэсэн чинь яах вэ жаахан будаа ачиж явуулсан юм гэж хэлсэн. Чи наад хүнээ дууд асуудалд орно шүү гэхэд яах вэ явдгаараа явж байг. Бөөнөөрөө ярих юмаа ярьчихъя гэсэн. Би тухайн үед чи хэдэн удаа ингэж авсан бэ? гэхэд нэг л удаа ингэж авсан гэж хэлсэн. Би сумын төв рүү 2,3 хүн рүү залгахад утсаа аваагүй. Тухайн үед сумын төлөөлөгчдийн утас нь надад байсан болохоор нь би залгаад талбай дээрээс будаа ачсан машин явчихлаа урдуур нь саатуулаад өгөөч гэж хэлсэн чинь цагдаа зогсоолоо гэж хэлсэн. Энэ залуу тухайн үед өөрийнхөө буруутай үйлдлээ гэмшээд надаас уучлалт гуйгаад миний талбайг үнэ төлбөргүйгээр хурааж өгөхөөр болсон. Би сумынхаа төлөөлөгчид хэлсэн. Энэ залуу 2,3 удаа авсан бай хөлсөө аваагүй учраас намайг хохиролгүй болгочихлоо. Залуу хүн өөрийнхөө алдааг ухаарсан учраас энэ хэвээр нь түлхмээргүй байна. Би гомдолгүй гэж тухайн үед байцаагчид хэлж байсан. Миний талбайг үнэ төлбөргүйгээр хурааж өгсөн. Би одоо гомдолгүй... гэж тус тус мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2334000000466 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Т.Лийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны орой 22 цаг 30 минутын үед Төв аймгийн Сүмбэр сумын Сүмбэр багийн нутаг  дэвсгэр “Угалзын хоолой” гэх газарт байх иргэн Т.А эзэмшлийн тариалангийн талбайгаас хурааж байсан тарианаасаа 1200 кг улаан буудайг бусдад зарж завшиж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5 дугаар хуудас/,

шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ТЦ-23-189 дугаартай ...Шинжилгээний объектын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн зэх зээлийн үнэлгээ нийт 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв... талаарх дүгнэлт /хх-ийн 18-25 дугаар хуудас/, 

шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ТЦ-23-189 дугаартай ...Шинжилгээний объектын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн зэх зээлийн үнэлгээ нийт 5.371.875 /таван сая гурван зуун далан нэгэн мянга найман зуун далан тав/ төгрөгөөр үнэлэгдэв... талаарх дүгнэлт /хх-ийн 26-28 дугаар хуудас/, 

хохирогч Т.А ...Би энэ жилийн ургац хураалтаар фэйсбүүк дээрээс тариа хураан гэсэн зар байхаар нь 80906537 дугаараар холбогдоод Л гэдэг залуутай 60га талбайг 3.000.000 төгрөг, шүдлэн эр үхэр өгье гэж ярилцаад тохирсон. Тэгээд манайд Л гэдэг залуу утсаар ярьж байгаад 2023 оны 10 дугаар сарын 19-ний шөнө 23 цагийн үед ирээд хоносон. Тэгээд өглөө цай унд уугаад талбай дээр хамт очсон тэгсэн чинь Л та 6.000.000 төгрөг гаргах боломжтой юм байна үнээ нэм гэхээр нь би үхрээ болиод 4.000.000 төгрөгөөр хураалгая гэж хэлсэн чинь Л 4.500.000 төгрөг болго гэхээр нь за за тэгье гээд тохироод ажлаа эхэлсэн. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 20-ны шөнө 22 цагийн үед талбай дээрээс эхэлсэн Зил-30 маркийн автомашинаа унаад Улаан буудай дүүргэж ачаад Сүмбэр сумын Төв рүү явж байгаад талбайн баруун хойно машин унтарчихаар нь машинаа асаах гээд зогсож байсан чинь талбайн баруун талаар дээшээ манай талбай руу чиглээд Портер маркийн машин чиглээд явахаар харж байсан чинь Комбиантай уулзаад зогсож байгаад хураалтаа хийгээд явсан Портер тэндээ явахгүй гэрлээ унтраагаад зогсохоор нь наанаас нь гүйгээд очиж байхад Комбиан буцаж иргээд талбайн захад зогсож байсан Портер дээр будаагаа асгасан Портерын дээр хоёр хүн цэнхэр өнгийн бүтээлгэнийхээ амыг боох гээд зогсож байсан. Тэгээд тэр хоёр хүн миний гар чийдэнгийн гэрлийг хараад машиндаа суугаад будаагаа цацаад хамаг хурдаараа зугтаасан. Тэгээд Комбианы жолооч Л бууж ирээд та миний урьдчилгаа мөнгийг өгөөгүй болохоор би урьдчилгаа болгож будаа авч байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би Лид хандаад чи саяны хоёр хүнийг машинтай нь дууд дуудахгүй бол асуудал үүснэ шүү цагдаад хэлнэ гэж хэлсэн чинь Л та урьдчилгаагаа хийчихсэн бол ийм асуудал болохгүй байсан гээд биеэ өмөөрөөд байсан. Тэгээд дуудахгүй байхаар нь Сүмбэр сумын цагдаад утсаар хэлээд 86-32 УНО Улсын дугаартай Портер машиныг 2 тонн орчим Улаан буудай ачаад явж байсан. Тээврийн хэрэгслийг зогсоож шалгасан. Миний хулгайд алдсан Улаан буудай сорт Алтайский 325 сортын улаан буудай байгаа юм. Портер дээр 2 тонн улаан буудай ордог болохоор 2 тонн улаан буудай алдсан гэж бодож байна. Яг одоо 86-32 УНО улсын дугаартай Портер дээр тухайн үед зугтааж байхдаа асгаад үлдсэн нь 900кг орчим улаан буудай байгаа байхаа пүүлж үзээгүй байгаа. Тухайн үед Портертой 2 хүн явж байсан. Би Лид цалин мөнгө төгрөг өгөөгүй байгаа. Л 60га улаан буудай талбайг хурааж дуусгасан. Би Лоор анх удаа улаан буудай хураалгаж байна. Лид ямар нэг өр шир төлбөр тооцооны асуудал байхгүй сая хураалгасан 60 га талбайн цалин болох 4.500.000 төгрөгийг өгөөгүй байна... /хх-ийн 9 дүгээр хуудас/,

гэрч Р.Г ...2023 оны 10 дугаар сарын 20-ны орой гэртээ амарч байсан чинь хүү Г.Б утсаар залгаад манай найз ирээд будаа аваадах гэж байна гэж хэлэхээр нь утсыг нь аваад 86-32 УНО Улсын дугаартай Портер маркийн машиныг асаагаад найз Батдалайг дагуулаад хоёулаа хүнээс будаа аваад ирье гээд хамт явсан. Тэгээд 80906537 дугаар луу залгаад хаана очихын гэж асуусан чинь Төв аймгийн Сүмбэр сумын Жавхлант 2-р багийн нутаг дэвсгэрт Сумын төвийн зүүн урагшаа байдаг талбай дээр Комбайн харагдана шууд хүрээд ир гэсэн. Тэгээд Сүмбэр сумын төв өнгөрөөд явж байсан чинь 5,6 км явж байсан чинь улаанбуудай хурааж байгаа Комбиан харагдахаар нь шууд чиглээд очсон чинь цаанаас хүрж ирээд будаа дээрээс буулгахаар нь Б бид хоёр машинаасаа буугаад бүтээлгийг нь дэлгээд зогсож байсан чинь гар чийдэнгийн гэр тусгасан чинь Комбианы жолооч яваарай гэхээр нь айгаад машинаа асаагаад зугтаасан. Тэгсэн чинь Сүмбэр сумын гэр хорооллын урд цагдаад баригдсан. Би гэрээсээ гарахдаа хулгайн будаа гэж бодоогүй ирээд будаа буулгаад зогсож байхад Комбианы жолооч зугтаагаараа гэхээр нь хулгай хийж байгаа юм байна гэж ойлгоод зугтаасан. Миний унаж явсан 86-32 УНО Улсын дугаартай Портер машин болохоор Н гэдэг хүний нэр дээр байгаа. 2022 оны өвөл хүү Б худалдаж авсан сая нэрийг нь шилжүүлэх гээд бичиг баримтыг нь хотруу аваад явсан. Би Б Жаргалант сумын голоор айлын адуу мал хариулаад явж байдаг орон гэргүй хүн байгаа юмаа. Би шөнө байсан болохоор гуйгаад хамт явсан шан харамж мөнгө төгрөг өгнө гэж хэлээгүй. Манай хүү дээрээсээ 2 дахь хүүхэд байгаа юмаа тухайн өдөр Улаанбаатар хотод хүүхдээ үзүүлээд явж байсан. Би Лийг танихгүй хүү утсыг нь өгсөн болохоор утсаар нь ярьж байгаад очсон. Би одоо хүү Б 12-настай хүүхэдтэйгээ хамт амьдардаг, Манай эхнэр 2023 оны 03 дугаар сард нас барсан би өрх толгойлсон аав хүн байгаа юм. Тэр өдөр буюу 2023 оны 10 сарын 20-ны шөнө би 86-32 УНО Улсын дугаартай Портер машиныг жолоодож явсан архи уугаагүй эрүүл байсан. Өөр хүн байгаагүй Б бид хоёр комбианы жолооч талбайн эзэн бид 4 өөр хүн байгаагүй. Цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаагүй... /хх-ийн 11 дүгээр хуудас/

гэрч А.Б ...2023 оны 10 дугаар сарын 20-ны орой П гэдэг айлд хонохоор цай уугаад сууж байсан чинь Г орж ирээд Сүмбэр сум руу ханьтай явчхаад ирье хүнээс будаа авна гэхээр нь за тэгий гээд ханьтай хамт явсан. Тэгээд Сүмбэр сумын төвийн засмал замаар ертөнцийн зүгээр зүүн тийш явж байгаад Г утсаар Комбиан байгаа гээд ярьж байсан би өдөр адуунд явсан болохоор яараад хажууд нь унтаад өгсөн байна лээ хэсэг зуур унтаад сэрсэн чинь талбай дээр Комбианы дэргэд ирчихсэн байсан. Би машинаас буугаад шээчхээд Портер дээр ирж хучлагаар хучаад зогсож байсан чинь гар чийдэн тусгаад нэг хүн ирж байсан чинь Комбианы жолооч яв яв гээд байх шиг байсан тэгсэн чинь Г машиндаа суугаад Сүмбэр сумруу эргээд явсан. Тэгээд Сүмбэр сумын урдуур явж байсан чинь чинь цагдаа аа ирээд зогсоосон. Будаа ачаад Сүмбэр сум руу явж байсан чинь замдаа Г юу өгчихөв өө энэ хүүхэд чинь гэж байсан. Би замдаа юу болоод байгаа худалдаж аваагүй юм уу гээд уурласан чинь Г бас гайхаад байсан. Би Г ойрхон нэг доор байдаг болохоор сайн таньдаг юм. Г надад мөнгө төгрөг өгнө гэж яриагүй. Зүгээр ханьтай явчхаад ирье гэхээр нь хувцсаа өмсөөд хамт явсан. Г Портер машиныг жолоодож явсан. Бид хоёроос өөр хүн байгаагүй. Архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Би цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаагүй... /хх-ийн 13 дугаар хуудас/,

сэжигтэн Т.Лийн ...2023 оны 10 дугаар сарын 15-ны үед Фэйсбүүк дээр үр тариа хураана гэсэн зар байршуулаад 80906537 дугаарын утсаа үлдээсэн байсан тэр зарын дагуу А гэдэг хүн 99920032 дугаараас залгаад 50 га газар хураалгамаар байна гэж ярилцсан. 1 га улаан буудайг хураахад дундаж ханш 150.000 төгрөг байдаг юм тэгсэн чинь А хүн 4.000.000 төгрөгөөр хураалгамаар байна гэж ярьсан тэгэхээр Сүмбэр сум руу 2023 оны 10 дугаар сарын 19-ний орой Комбайнаа унаад ирсэн. Тэгээд А гэрт хоноод маргааш өглөө буюу 2023 оны 10 дугаар сарын 20-ны өглөө 15 цагийн үед 60 га талбай руу нь Комбайнаа асаагаад хураахаар орсон. А ярилцаад 4.500.000 төгрөг 400л түлш авч хураахаар сүүлдээ тохироод урьдчилгаа авъя гэж хэлсэн чинь Алтангэрэл өөдөөс ах нь хийнэ гэж хэлээд урьдчилгаа мөнгө өгөхгүй байсан. Тэгээд хурааж байгаад орой 21 цагийн үед талбайн талдаа ороод явж байхад Жаргалант сумын тал булаг дээр байдаг найз Баагийн аав Г гэдэг хүний 89936368 дугаарын утсаар холбогдоод Портертой ирээд будаа аваадах гэж хэлсэн чинь юун будаа юм үнэ хэд юм бэ гэж асуухаар нь дуугүй ирээд авчихаа гээд байгаа газраа зааж өгсөн чинь удалгүй Г нэг хүнтэй хамт 86-32 УНО Улсын дугаартай Портер машинтай талбай дээр ирээд утсаар залгаад ирчихлээ гэхээр нь талбайн цаана миний явж байгаа чигт зогсчих гэж хэлээд зогсохоор нь комбайнтай улаан буудайнаас 1 тонн орчмыг буулгасан. Тэгээд буулгаад би комбайнаа эргүүлээд хөдөлсөн чинь миний өөдөөс А гар чийдэн барьчихсан гүйгээд ирэхээр нь таныг тооцоогоо хийхгүй болохоор нь би ингэчихлээ гэж хэлсэн чинь А ална шулна гээд хараагаад байсан. Тэр хоёр хүнээ дуудаад авчир авчрахгүй бол цагдаа дуудна гэсэн тэгээд сүлжээ тасраад байсан чинь А цагдаад дуудлага өгсөн. Тэгээд миний дуудсан Портертой хоёр хүнийг цагдаа барьсан байна лээ. Би нэг удаа Портер машинтай хүн дуудаж 1 тонн орчим улаан буудай авсан. Миний дуудсан хүн Г гэдэг хүн манай найзын аав байгаа юм. Би мөнгө олох зорилгоор ийм үйлдэл хийсэн миний буруу. Ажлын хөлсөндөө улаан буудай авна гэж А хэлээгүй байсан. Би улаан буудайг тушаадаггүй малтай хүнд өгчихвөл 2,3 зуун мянган төгрөг болчих байх гэж бодож байсан юм. Нэгдүгээрт талбайн талдаа орчихсон байхад тооцоо хийхгүй байсан. Хоёрдугаарт тээврийнхээ машиныг удаагаад өөрөө зөөгөөд удаагаад ажил хийлгэхгүй байсан. Би эхнэр хүүхэдтэй манай эхнэр Оюунжаргал "Нүүдэлчин Агро" ХХК-ны фермерт тэжээлийн технологич ажил хийдэг. Би 60 га улаан буудайн талбайгаа өнөөдөр 2023 оны 10 дугаар сарын 22-ны орой 21 цагт хурааж дуусгасан. Би 4.500.000 төгрөгөөс юу ч аваагүй байна. Надад 50 литр түлш нэмж өгнө гэсэн тэр түлш ч байхгүй байна. 1 тонн улаан буудай үнэ 800.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийн хооронд байгаа байхаа. Тухайн үед бид хоёр хоорондоо цохиж зодолдсон зүйл болоогүй... /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

яллагдагч Т.Лийн ...Би тогтоолтой уншиж танилцлаа. Би ямар хэрэгт яллагдагчаар татагдсанаа ойлгож мэдсэн прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн одоо надад нэмж ярих зүйл байхгүй би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би тухайн буудайг Г ахын 86-32 УНО улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэлд ачуулж явуулсан. Тухайн портер машин нь Г ахын машин байгаа юм. Би тухайн тариалангийн талбайгаас 1 тонн орчим буудай ачуулсан. Би А гэх хүний талбайгаас ачуулсан буудайгаа буцааж өгөөд хохиролгүй болгосон одоо А ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн. Би анх А талбайг нь 4.500.000 төгрөгөөр хураахаар тохиролцсон боловч А одоо болтол надад нэг төгрөг өгөөгүй байгаа. Би А талбайгаас буудай ачуулсан гол шалтгаан бол А буудай хураалгасан хөлс мөнгөө өг эхгүй байсан, мөн намайг буудай хураахад хураасан буудайг ирж авахгүй тээвэр саатуулаад удаад миний ажиллах цагийг хомслоод байсан. Тэгээд миний уур хүрээд би Алтангэрэлийн тариалангийн талбайгаас буудай ачуулсан юм... /хх-ийн 39-40 дүгээр хуудас/, гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Т.Лийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 42-47 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч М.Хэрлэнчимэг:

...Шүүгдэгч Т.Л нь хохирогч Т.А эзэмшлийн тариан талбайгаас 1200кг улаан буудайг бусдад зарсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байна. Гэм буруу дээр маргаагүй учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй... гэсэн дүгнэлтийг,

Хохирогч Т.А:

...Залуу хүн учраас бага алдаан дээрээс нь түлхмээргүй байна. Өөрийнхөө алдааг ухаарсан... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Т.Л:

...Хэлэх зүйл... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Т.Л маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Л нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэл болон ял шийтгэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Т.Л нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

 

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.

 

Шүүгдэгч Т.Лийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших, бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.  

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд дотроо Завших гэмт хэрэг нь аж ахуйн нэгж, байгууллага өөрийн өмчийг хариуцуулахаар иргэдээс хэн нэгэн этгээдэд, эсхүл иргэн хууль буюу гэрээний үндсэн дээр өөрийн өмчийг хариуцуулахаар иргэдээс хэн нэгэн этгээдэд тус тус итгэмжлэн хариуцуулах үүрэг хүлээлгэснийг ойлгох бөгөөд итгэмжлэн хариуцах хугацаандаа өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшдаг байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Лийн бусдын өмчлөл, эзэмшилд буюу Т.А эзэмшлийн тариалангийн талбайгаас хурааж байсан тарианаасаа 1200кг улаан буудайг бусдад зарсан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас Т.Ад 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан тул энэ хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн, материаллаг шинжтэй гэмт хэрэг байна.

 

Тэрээр шүүгдэгч Т.Л нь хариуцсан ажил үүргээ гүйцэтгэж байхдаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бага хэмжээнээс дээш хохирол учруулж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч Т.А учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Т.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Т.Лийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.А 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан гэж яллах дүгнэлтэд бичигдсэн байна. 

 

Хохирогч Т.А нь улаан буудайг биет байдлаар нь хүлээн авсан шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 63 дугаар хуудсанд авагдсан хүсэлт, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, мөн шүүхийн мэдэгдэх хуудсаар шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байна.

    

Иймд шүүгдэгч Т.Л энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч М.Хэрлэнчимэг:

... Шүүгдэгч Т.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч Т.А:

...Хэлэх зүйлгүй... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Т.Л:

...Багасгаж өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Улсын яллагч ...2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох... гэсэн дүгнэлтийг гаргадаг хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимтай нийцэхгүй байна.

 

Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгч Т.Лид хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тооцож үзэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна торгох ялыг биелүүлэхтэй холбоотойгоор түүний хувийн байдлаараа цалин хөлс, бусад орлого олох боломж үгүй, нотлогдохгүй байх тул үндэслэлгүй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Т.Лид хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Улмаар шүүх шүүгдэгч Т.Лид оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Улаанбаатар хот, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Лид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2334000000466 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Т.Л энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч Т.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ч Т.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч Т.Лид шүүхээс оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, ялыг Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч Т.Лид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

 

5. Шүүгдэгч Ч Т.Лид шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.              

 

6. Эрүүгийн 2334000000466 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Т.Л энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч Т.Лид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч Т.Лид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ГАНДАНСҮРЭН