Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/11

 

 

 

 

 

 

 

 

 

                                           

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

улсын яллагч Л.Наранхүү,

шүүгдэгч Д.У,

хохирогч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Д.Ут холбогдох эрүүгийн 2334000000483 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

         

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Батсүмбэр суманд 1989 оны 06 дугаар сарын 19-нд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, дугаарын регистртэй, Б Д.У

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

                                    Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Д.У:

...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж,

 

Хохирогч Г.Б:

...Манай гэрт хотоос хүүхдүүд ирсэн байсан. Орой гэрт унтах зайгүй байсан. Манайх хажуудаа илүү гэртэй. Илүү гэртээ ороод унтах гэсэн чинь 3 хүн архи уугаад сууж байсан. Юу хүн бэ гэхээр нь  гэрийн эзэн байна гэсэн чинь ийм гэрийн эзэн мэдэхгүй, танихгүй юм байна гээд зодсон. Болиоч ээ гэхэд болихгүй байсан. Д.У нуруу, толгой руу дэвссэн. Би тухайн үед хувиараа ажил хийдэг. Бүтэн 2 сар ажил хийгээгүй байна. Эмнэлэг сум хоёрын хооронд хүний машин гуйж явдаг. Хүний машинд хийсэн бензин, тос, тэр хүмүүсийн ажлыг алдуулаад явсан. Өөрөө таараад танд хэдэн төгрөг өгөх вэ гэхээр нь 6.500.000 төгрөг өгчих гэхэд дүү нь зохицуулна гээд тэр чигээрээ алга болсон. Одоо 6.500.000 төгрөг нэхэмжилж байна. Мөнгөө өгвөл гомдолгүй, мөнгөө өгөхгүй бол гомдолтой... гэж тус тус мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2334000000483 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Д.Уын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутаг Уйлантын 7 гудамжны 13 тоотод иргэн Г.Б үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж толгой болон нуруун тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан  үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Үүнд:

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 658 дугаартай  ...Г.Б биед бүсэлхийн L1 нугалмын баруун сэртэн, L2 нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, нуруунд цус  хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх бүсэлхийн L1 нугалмын баруун сэртэнгийн хугарал, L2 нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Нуруунд үүссэн цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохиулах болон нуруугаар унах үед үүсэх боломжтой... талаарх дүгнэлт /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

хохирогч Г.Б ...Би 2023 тараад ангийнхаа хүүхдүүдтэй байж байгаад 03 цаг өнгөрч байх үед Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1-р баг Уйлантын 7-н 13 тоотод байх гэртээ ороод унтах гэтэл манай том гэрт хотоос хүүхдүүд ирээд унтах зай олдохгүй болохоор нь жижиг гэртээ унтахаар ортол танихгүй 3 залуу том шилтэй соёрхол нэртэй архи тавьчихсан уугаад сууж байсан би ороод юун хүмүүс вэ? гэтэл тэд нар чи юун хүн бэ ханахын хулгайч вэ? гэхээр нь би гэрийн эзэн байна О аав нь байна гэтэл У гэх нэртэй бүдүүн залуу чамайг танихгүй байна О ийм байхыг мэдэхгүй юм байна гээд У гэх залуу намайг гэрийн баруун баганы хажууд татаж унагаад миний нуруу цээж орчим дээрээс дэвссэн тэгээд мөлхөөд гэрийн хойморт зассан байсан нааран дээр гараад босох гэсэн боловч тэнд байсан казак залуу намайг дарчхаад босгоогүй У болохоор толгойн дагз цохиж нуруун дээр өвдгөлж байгаад босгоогүй У дарсан мөн хоёр чихийг мушгисан тэгээд би чамайг алчихаад энэ хоёр дээр хэргээ тохоод өөрөө мултраад үлдэнэ за юу гэх зэргээр хэл амаар доромжилж айлган сүрдүүлсэн тэгээд сүүлдээ У намайг зодож цохиж ядраад амьсгаадаад тамхи татаад суухаар нь би жижиг гэрээсээ зугтаж гараад том гэртээ ороод дагавар хүү О хэлтэл манай найзууд юу гэж таныг зоддог юм гээд байсан тэгээд би өөрийн дүү Будсүрэнгийн гар утас руу залгаж дуудаад гэрт нь очиж хоносон тэгээд өглөө нь нуруу бөөр өвдөөд байхаар нь гэмтлийн эмнэлэг явж эмнэлэгт үзүүлэхэд тархи доргисон нурууны яс хугарсан байна гэсэн тэгээд би Уыг миний дагавар хүү Оюутанбаатарын найз учраас өнөөдрийг хүртэл гомдол гаргалгүй ирж уулзаад уучлалт гуйж эм тарианы мөнгө өгөх байх гэж хүлээгээд ирээгүй тул гомдол гаргаж байна. Би тэр үед өдөр нь жоохон архи уугаад халамцуу байсан тэрнээс согтуу байгаагүй. У зодож цохисон казак залуу нь намайг барьж байгаад зодуулсан гэхдээ тэр залуу намайг зодож цохиогүй нөгөө залуу нь угаасаа хөдлөөгүй У ганцаараа намайг зодож цохисон. У болон казак залуу өөр нэг танихгүй залуу бид дөрвөөс өөр хүн байгаагүй. Тэр гурав их согтуу байсан нүд нь улаанаараа эргэчихсэн сууж байсан У нь намайг Д.У гэж намайг мэдэх үү? гээд агсарч орилоод байсан. Тийм зүйл байхгүй би аятайхан байж байгаад зугтахыг бодсон. Тархи толгой бөөр доргиж нурууны яс хугарсан байгаа би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би учирсан хохирлоо тэд нараар төлүүлж авмаар байна зүгээр байж байгаад зодуулсандаа гомдолтой байна... /хх-ийн 6 дугаар хуудас/,

гэрч Т.Ан ...Би 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр сургуулийн 100 жилийн арга хэмжээ болж 10 жилийн ангийн хүүхдүүд болгох О, Г, У бид дөрөв 21 цагийн үед О гэрт очсон. Тэгээд 2.5 литрийн “Соёрхол” нэртэй архи  аваад О илүү гэрт ороод У, Г бид гурав авсан архиа хувааж уугаад архиа дуусгаж чадалгүй ядраад амарцгаасан юм. Маргааш нь буюу 2023 оны 10 дугаар сарын 08-ны өглөө 07 цагийн үед гэр рүүгээ явсан юм. Батсүмбэр сумын Баянголд ангийн уулзалтад Г, У бид гурав 2-3 шил 0.5 литрийн “Хараа” нэртэй архийг уугаад дараа нь О гэрт нэг шил 2.5 литрийн “Соёрхол” нэртэй архийг хувааж уусан. Би унтаж байсан болохоор юу болсныг мэдэхгүй байна. Маргааш нь Оюунбаатар над руу залгаад “Та гурвын амарч байсан гэрт юу болсон юм бэ, хойд эцэг Б хэн зодсон юм бэ” гэж асуусан. Тэгэхээр нь би мэдэхгүй нам унтсан байсан гэж хэлсэн. Надад хэлэх зүйл байхгүй. Тэр өдрөөс хойш Утой уулзаж ярилцаагүй юм... /хх-ийн 8 дугаар хуудас/,

сэжигтэн Д.Уын ...2023 оны 10 дугаар сарын 07-ны сургуулийн 100 жилийн арга хэмжээ болж 10 жилийн ангийн хүүхдүүд болох О, А, Г нарын хамт 21 цагийн үед Оюунбаатарын гэрт очсон. Тэгээд нэг шил 2.5л Соёрхол нэртэй архи аваад О илүү гэрт орсон тэгээд архи ууж байгаад Ас, Г бид 3 илүү гэрт нь унтахаар болж унтсан байсан. Тэгсэн нэг мэдсэн чинь шөнө нэг хүн намайг алагдаад байх шиг байхаар сэрээд харсан чинь нэг танихгүй хүн гэрт орж ирчихсэн хөнжил хуу татаад байхаар яах гээд байгаа юм бэ чи хэн юм бэ гээд барьж аваад ноцолдоод тэгээд яг яаснаа санахгүй байна. Манай нөгөө хоёр ч уг нь унтаж байсан. Босч ирсэн юм уу үгүй юу сайн санахгүй байна. Би тухайн үед согтуу байсан болохоор яг юу ярьсан ямар үйлдэл хийснээ санахгүй байна. Маргааш нь л О залгаад хойд аав Б чи зодчихсон юм уу гэхээр нь үгүй би зодож нүдээгүй байлгүй гэсэн. Тэгээд эмнэлгээр яваад байна гэхээр нь за би очиж уулзая гээд зав гарахгүй явсаар өдий хүрсэн... /хх-ийн 10 дугаар хуудас/,

яллагдагч Д.Уын ...2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр сургуулийн 100 жилийн арга хэмжээ болж 10 жилийн ангийн хүүхдүүд болох О, А, Г нарын хамт 21 цагийн үед О илүү гэрт очсон. Тэгээд бид дөрөв нэг шил 2.5 литрийн “Соёрхол” нэртэй архи аваад О илүү гэрт ороод тэндээ архиа ууж байгаад А, Г бид гурав илүү гэрт нь унтахаар болж амарцгаасан. Тэгээд намайг унтаж байхад шөнө нэг хүн алгадаад байх шиг байхаар нь сэрээд харсан чинь нэг танихгүй хүн гэрт орж ирчихсэн хөнжил хуу татаад байхаар нь яах гээд байгаа юм бэ, чи хэн юм бэ гээд барьж аваад ноцолдоод тэгээд яг яаснаа санахгүй байна. Манай нөгөө хоёр ч уг нь унтаж байсан. Гэхдээ босч ирсэн юм уу үгүй юу сайн санахгүй байна. Би тухайн үед их согтуу байсан болохоор яг юу ярьсан ямар үйлдэл хийснээ санахгүй байна. Маргааш нь л О залгаад хойд залгаад хойд аав Б зодчихсон юм уу гэхээр нь үгүй би зодож нүдээгүй байлгүй гэсэн. Тэгээд эмнэлгээр яваад байна гэхээр нь за би очиж уулзая гээд зав гарахгүй явсаар өдий хүрсэн. Би Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа тогтоолыг ойлгосон. Би хүлээн зөвшөөрч байна. Би бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байгаа. Би хохирлоо нөхөн төлж барагдуулна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 23 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Д.Уын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 37-42 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу: 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Л.Наранхүү:

...Шүүгдэгч Д.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн 13 тоотод 2023 оны 10 дугаар сарын 07-08 шилжих шөнө иргэн Г.Б үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж толгой болон нуруун тус газарт гараа цохих, хөлөөрөө хөшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Хохирогч Г.Б нь 6.500.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч баримт гаргаж өгөөгүй учраас 6.500.000 төгрөгийг гаргуулах боломжгүй. Хохирогч Г.Б нь баримтаа бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхээр нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй...  гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч Г.Б:

...Хэлэх зүйлгүй... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Д.У:

...Дахиж ийм алдаа дутагдал гаргахгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Д.Уыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч нь маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.У гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутай гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Д.У дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

 

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.

 

Шүүгдэгч Д.Уын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Д.У нь хохирогч Г.Б  цохиж түлхэх, зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.

 

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Д.У нь хохирогч Г.Б толгой болон нуруун тус газарт гараараа нэг удаа цохиж түлхэн унагаасны улмаас хүндэвтэр гэмтэл буюу хүндэвтэр хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд зүүн шаант яс, тахилзуур ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Д.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргийг харьцуулан шинжлэн судлаад шүүгдэгч Д.Уын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Г.Б эрүүл мэндэд бүсэлхийн L1 нугалмын баруун сэртэн, L2 нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, нуруунд цус  хуралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Б эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ гэсэн байна.

 

Иймд хохирогч Г.Б нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Д.Уоос жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгчээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Л.Наранхүү:

…Шүүгдэгч Д.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч Г.Б:

...Хэлэх зүйлгүй... гэсэн тайлбарыг,

 

Шүүгдэгч Д.У:

... Дахиж ийм алдаа дутагдал гаргахгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Улсын яллагч ...700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох... гэсэн дүгнэлтийг гаргадаг хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимтай нийцэхгүй байна.

 

Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгч Д.Ут хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тооцож үзэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Иймд шүүх шүүгдэгч Д.Ут таван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэлээ.

Улмаар шүүх шүүгдэгч Д.Ут оногдуулсан таван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч Д.Ут нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2334000000483 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.У энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

     Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6., 36.7.,

    36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                 хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б Д.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б Д.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Д.Ут шүүхээс оногдуулсан таван зуун  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, ялыг Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Д.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

 

5. Шүүгдэгч Б Д.Ут шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.            

 

6. Эрүүгийн 2334000000483 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.У энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Хохирогч Г.Б нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Д.Уоос жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б Д.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Д.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.ГАНДАНСҮРЭН