Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2020/0271

 

2020 оны 04 сарын 27 өдөр Дугаар 128/ШШ2020/0271 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т э ХХК 

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/540 дугаар хууль бус захирамжийг хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У , Я.Ц нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т э ХХК-ийн захирал Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Т э ХХК нь 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гишүүний ам нэртэй газарт 56.16 гектар талбайд ....... дугаартай Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшин хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байсан.

Гэтэл 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 03/350 албан тоотыг манай Т э ХХК-д хүргүүлсэн бөгөөд үүндээ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор УБ хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоосон. Үүнд танай MV-012.... ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай хамаарч байх тул хүчингүй болгохыг мэдэгдэж байна гэсэн байв. Энэхүү мэдэгдлийг бид хүлээн аваад, цуцлах үндэслэлгүй хэмээн холбогдох тайлбар, нотлох баримтуудыг хавсарган хүргүүлсэн.

Гэвч Нийслэлийн Засаг дарга нь 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн

А/540 дугаар захирамжаар Т э ХХК-ийн MV-012.... дугаар тусгай зөвшөөрлийг цуцалж дуусгавар болгосон. Ингэхдээ Т э ХХК-д 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Байгаль орчны газрын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 02/731 тоот албан бичгийг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/540 дугаар захирамжийн хамтаар гардуулан өгсөн болно.

Т э ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/540 дугаар захирамжийг хүлээн аваад үг маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Засаг даргад хандан гомдол гаргаагүй ба учир нь Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-т Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно. гэсэн заалт нь үүрэг хүлээлгэсэн заалт биш байх тул нэхэмжлэгч нь энэ хуульд заасны дагуу Нийслэлийн Засаг даргад хандан гомдол гаргах, эсхүл шууд шүүхэд хандах эрхийнхээ алийг нь эдлэх эсэхээ өөрөө сонгон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана гэсэн заалтын дагуу шууд шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байгаа болно.

Т э ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/540 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй, мөн хуулийн 61-65 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчиж, 67 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус эрхийн актыг удирдлага болгон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, маргаан бүхий хууль бус акт гаргасан гэсэн үндэслэлээр, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.8 дахь хэсэгт зааснаар уг захирамжийг хүчингүй болгуулах шаардлагыг гаргаж байгаа юм.

Учир нь манай Т э ХХК нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гишүүний ам нэртэй газарт ....... тоот Ашиглалтын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан 56.16 гектар талбайн зарим хэсэг болох 3.4 гектар талбай нь Улсын их хурлаас 2009 онд баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3-д заасны дагуу Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Хилийн заагийн тогтоох тухай 194 дүгээр тогтоолоор баталсан ашигт малтмал ашиглахыг хориглосон газар хамрагдаж, Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 68 дугаар шийдвэрээр хориглосон хэсэгт заагдсан хэсгийг ашиглах эрхийг буцаан өгч, 53.16 гектар талбайд ашиглах эрхийг баталгаажуулан, солбицолд өөрчлөлт оруулж бүртгүүлсэн байсан.

Үүний дараа 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас 6/4830 дугаар албан тоотоор MV-012.... тоот тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан усан сан бүхий газрын хамгаалалтын бүстэй бүтэн давхцалтай байна гэсэн мэдэгдэл хүргүүлэн үйл ажиллагааг үндэслэлгүйгээр зогсоосон байсныг, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Байгаль орчин ногоон хөгжил, Аялал жуулчлалын яамнаас 5/7466 дугаар албан тоотоор MV-012.... ашиглалтын тусгай зөвшөөрөл нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.3-д заасан Засгийн газрын 194 дүгээр тогтоолоор баталсан /Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон/ Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай тус тус давхцалгүй байна гэсэн бичиг ирүүлж ашиглах эрхийг нээсэн.

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д ..ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно гэж заасан байдаг. Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоос хойш Засгийн газраас урт нэртэй хуулиар хориглосон дээр дурдсан газрын хилийн заагийн солбицлыг шинэчлэн тогтоосон ямарч тогтоол гараагүй ба энэ тогтоол нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа болно.

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д .. Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг Усны тухай хуулийн 22.3-д заасны дагуу усны сан бүхий газрын эргээс 200 метрээр тогтооно...., Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22 2-т Усны сан бүхий эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно гэж заасан байх ба 22.2.1-д Онцгой хамгаалалтын бүсэд ... ашигт малтмал хайх, олборлохыг хориглоно гэж заажээ.

Гэтэл манай Т э ХХК-ийн эзэмшиж буй тусгай зөвшөөрөлтэй талбай

нь усны сан бүхий эргээс 1200 метрийн зайд оршдог бөгөөд холбогдох хууль тогтоомжоор хориглосон онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн аль алинд нь огт хамаарахгүй байхад, Нийслэлийн засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д Захиргааны хэм хэмжээний акт нь Үндсэн хууль, энэ хууль болон бусад хууль тогтоомжид нийцсэн байх, 60.1.6-д хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх гэсэн шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3-д Захиргааны хэм хэмжээний актыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж бүртгэнэ., 67 дугаар зүйл Захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болох гэсэн заалтын 67.1-д Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл-д бүрэн эхээр нь нийтлүүлнэ., 67.2-т Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний эмхтгэл-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ., 67.3-д Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй. 67.8-д Захиргааны хэм хэмжээний актыг үндэслэл болгох, хэсэгчлэн нийтлэх болон байгууллагын албан ёсны цахим хуудас, мэдээллийн самбарт байршуулахдаа улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн он, сар, өдөр, дугаарыг заана. гэсэн хуулийн дагуу хүчин төгөлдөр болоогүй Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай 50 дугаартай хүчин төгөлдөр бус тогтоолыг удирдлага болгон манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосонд гомдолтой байна.

Нийслэлийн Засаг даргын энэхүү хууль бус актын улмаас манай Т э ХХК нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болж, уг талбайд оруулсан их хэмжээний хөрөнгө оруулалтаа алдаж, улмаар бусдын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрч, их хэмжээний төлбөр,алданги хүлээх эрсдэлд орж, эдийн засгийн хүнд нөхцөл байдалд орон хохирч байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.8 дахь хэсэгт заасны дагуу Т э ХХК-ийн ....... дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/540 дугаартай Тусгай зөвшөөрлийг

цуцалж, дуусгавар болгох тухай захирамжийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр батлагдан гарснаар Нийслэлийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ байрших түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх эрхтэй болсон бөгөөд тус бүрэн эрхийнхээ хүрээнд Т э ХХК-ийн MV-012.... дугаар түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүстэй давхацсан үндэслэлээр цуцалж, дуусгавар болгосон.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоосон.

Тус тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор Я ХХК нарын нэр бүхий 10 компани шүүхэд нэхэмжлэл гаргаж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0110 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд тус шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Иймд Т э ХХК нь хүчин төгөлдөр бус тогтоолыг удирдлага болгон манай компанийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон гэх гомдол нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэлд дурдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу Засгийн газрын 2012 оны 194, 2015 оны 289 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагийг үндэслэл болгоогүй болно.

Тус компанийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд орж, Усны тухай хууль, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан тушаалаар баталсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам-ыг тус тус зөрчиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/540 дүгээр захирамжийг нотлох баримтын шаардлага ханган хүргүүлэв. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Т э ХХК нь 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гишүүний ам нэртэй газарт 53,1 га талбайд MV-012.... дугаартай, түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг ашиглан хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байсан.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга нь 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/540 дугаар захирамжаараа Т э ХХК-ийн MV-012.... дугаар тусгай зөвшөөрлийг цуцалж, үг шийдвэрийг Т э ХХК-д 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гардуулан өгсөн болно.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/540 тоот Захирамжийн хууль зүйн үндэслэл болсон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д заасан Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ тус хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан 4 үндэслэлээр л цуцлах эрхтэй байсан. Тэгвэл Т э ХХК нь дээрх 4 үндэслэл заасан ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй болно.

Хууль зүйн үндэслэлд дээрх хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д Аймаг, нийслэлийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан бол мэргэжлийн хяналтын байгууллагад, ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан бол татварын асуудал эрхэлсэн байгууллага, төрийн захиргааны байгууллагад тус тус мэдэгдэнэ гэсэн үндэслэлийг дурдсан.

Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжид Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д тусгагдсан усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэглүүлж, бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах гэсэн заалт, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-д заасан онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно. гэсэн заалт, 22.4-д Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно. гэсэн заалт, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 50 дугаар тогтоол зэргийг тус тус үндэслэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь:Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д усны нөөц хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийг тогтооно гэж заасан.

Мөн хуулийн 22.2-д Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно, 22.3-д Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно гэсэн заалтуудыг үндэслэл болговол манай Т э ХХК-ийн дээрх тусгай зөвшөөрөл бүхий 53,1 га газар нь усны сан бүхий газрын эргээс 1200 метр буюу онцгой хамгаалалтын бүсэд оршдоггүй болно.

Харин Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам-ыг баталсан байдаг.

Тэгвэл А/540 тоот Захирамжийн захирамжлах хэсэгт Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Гишүүний аманд Т э ХХК-ийн MV-012.... дугаар тусгай зөвшөөрөл бүхий Түгээмэл тархацтай ашигт малтмалын талбай нь Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд орсон тул тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж дуусгавар болгосугай гэж заасан нь захирамжид хууль тогтоомжийн заалтуудтайгаа илтэд зөрчилдсөн байгаа болно,

Ер нь ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүс гэсэн ойлголт, нэр томьёоны тодорхойлолт нь Монгол Улсын Усны тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актуудад огт байдаггүй болно.

Харин Усны тухай хуулийн 3.1.6-д усны эх үүсвэр гэж ус хангамжийн эх үүсвэрт ашиглаж байгаа усны нөөц болон гол мөрний урсац бүрэлдэх эх гэж, 3.1.15-д ус хангамжийн эх үүсвэр гэж худаг, татах, цуглуулах, цэвэршүүлэх байгууламж, түгээх зориулалт бүхий усны барилга байгууламжийг хэлнэ гэж тус тус тодорхойлсон байдаг болно.

Нийслэлийн засаг даргын энэхүү хууль бус актын улмаас манай Т э ХХК нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болж, уг талбайд оруулсан их хэмжээний хөрөнгө оруулалтаа алдаж, улмаар бусдын өмнө гэрээгээр хүлээн үүргээ биелүүлж чадахгүйд хүрч, их хэмжээний төлбөр, алданги төлөх эрсдэлтэй нөхцөл байдалд орж, хохирч байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Т э ХХК-ийн MV-012.... дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/540 дугаартай Тусгай зөвшөөрлийг цуцалж, дуусгавар болгох тухай захирамжийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүх хуралдаанд мэдүүлсэн тайлбартаа: ...холбогдох судалгаа хийгдсэний үндсэн дээр Т э ХХК-ийн тусгай зөвшөөрлийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын ундны эх үүсвэрийн хамгаалалтын бүстэй давхцсан гэх үндэслэлээр цуцалсан.

Геодези зураг зүйн газраас болон Нийслэлийн газрын албанаас ирүүлсэн нотлох баримтаас үзэхэд Т э ХХК-ийн талбай нь Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэртэй давхацсан гэдгийг тодорхойлсон. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэж заасан байна. Энэ хуулиар ч гэсэн Т э ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хориглохоор байна.

Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх тухай гэх журмыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар баталсан. Энэ тушаалаар бүсүүдийг тогтоож, тогтоосон бүсүүдэд ямар дэглэм үйлчлэхийг заасан. Тогтоосон бүсийн дагуу онцгой хамгаалалтын бүсэд ашигт малтмал ашиглахыг хориглосон байдаг.

Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1 дэх заалтад онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно гэж заасан байдаг. Энгийн хамгаалалтын бүсэд ашигт малтмал, олборлолт хийхийг хориглох нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэж тодорхой заасан байна. 5 хамгаалалтын бүс байдаг боловч аль ч хамгаалалтын бүсэд хамарсан бай ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон. Манай зүгээс Т э ХХК-ийн талбайг онцгой хамгаалалтын бүсэд орсон гэж тогтоож тусгай зөвшөөрлийг цуцалсан. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ц шүүх хуралдаанд мэдүүлсэн тайлбартаа: ...А/609 дугаар захирамж гарсан үндэслэл нь нөхөн сэргээх ажиллагаа хийгээгүй, тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаанд ашиглаагүй, усны хамгаалалтын бүстэй давхцсан гэх 3 үндэслэлийн хүрээнд аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Хамгийн анх 96 аж ахуйн нэгжийн нэр байсан бөгөөд дунд нь Т э ХХК-ийн нэр багтаж байсан ба сүүлд хасагдсан. Т э ХХК нь голын хамгаалалтын бүсэд байдаг. Т э ХХК-ийн газраас хол ууланд байх С х ХХК, И г ц ХХК нарын тусгай зөвшөөрлийг цуцалсан. Эдгээр аж ахуйн нэгжүүд Т э ХХК-тай барьцаж байсан.

Голын хамгаалалтын бүс дотор байгаа тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөлрийг цуцалснаар түүний эдийн үнэ, замын зардал, хомсдол үүснэ гэдэг нь баталгаатай баримт биш. Олон улсын усны шинжилгээ хийдэг байгууллагаас хийсэн судалгаагаар Монгол Улс 2050 он гэхэд ундны усны эх үүсвэргүй болно гэсэн дүгнэлт гарсан. Эко системийн тэнцлийг хангадаг зүйл бол газрын доорх ус, алтны суудал байна. Эдгээр нь эко системийн тэнцлийг хангаж газрыг цөлжилтөөс хамгаалдаг. Бүгд усны төлөө тэмцэх ёстой байтал ганцхан аж ахуйн нэгж байгууллагын орлогын төлөө усны эх үүсвэрийг алдаж болохгүй. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т э ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/540 дугаар хууль бус захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн

нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1063 дугаар шийдвэрийн дагуу Т э ХХК-д Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гишүүний ам нэртэй газарт 56.56 гектар түгээмэл тархацтай ашигт малтмалын талбайд ....... дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон ба тус тусгай зөвшөөрөл бүхий талбайн зарим хэсэг нь гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газар нутгийн хил заагтай давхцалтай үндэслэлээр Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 68 дугаар Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцааж авах тухай шийдвэр гарч Т э ХХК нь тухайн давхцал бүхий 3.40 гектар талбайг буцаан өгч үлдэх 53.16 гектар талбайд MV-012.... тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байжээ.

Үүний дараагаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 71/40 дугаар зөвлөмжийн дагуу Улаанбаатар хотын усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалт, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн дэглэмийг хатуу мөрдөх ажил хийгдэж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам-ыг баталсан ба үүний дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай 50 дугаар тогтоолыг баталж Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоосон.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд Т э ХХК-ийн MV-012.... дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь дээрх тогтоолын дагуу шинэчлэн тогтоосон усны онцгой хамгаалалтын бүстэй давхцаж байх тул Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д Энэ хуулийн 4.1-д заасан газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй гэж зааснаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцалж, дуусгавар болгох тухай А/540 дүгээр захирамж гарах үндэслэл болсон гэх

тайлбарыг ирүүлсэн.

Энэхүү Нийслэлийн Засаг даргын А/540 дүгээр захирамж нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-д онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно., 22.4-д Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно гэж заасныг тус тус үндэслэл болгосон байна.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг Усны тухай хуулийн 22.3-д заасны дагуу усны сан бүхий газрын эргээс 200 мeтрээр тогтооно. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно, мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалын хавсралт Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам-ийн 2 дугаар зүйлийн 2.3.2-т гол мөрөн, горхи, булаг, шандын эргээс 50 метрээс доошгүй зайд буюу түүнээс өргөн, намаг бүхий татамтай тохиолдолд нийт татмын хэмжээгээр өргөсгөж, гэж тус тус усны онцгой хамгаалалтын бүсийг энгийн хамгаалалтын бүсээс ялган тогтоохоор зохицуулжээ.

Хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн зураг болон лавлагаануудаас үзвэл маргаан бүхий газар болох Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гишүүний ам нэртэй газарт байрлах MV-012.... дугаартай тусгай зөвшөөрлийн 53.16 гектар талбай нь:

-Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалыг харуулсан 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хэвлэсэн тусгай зөвшөөрлийн талбайн зурагт Энгийн хамгаалалтын зурвас-ын голд байрлалтай, /хх-ийн 1-223 дахь талд/

- 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр өнгөтөөр хэвлэсэн зургийн тайлбарт

Усны энгийн хамгаалалтын бүстэй 100%, онцгой хамгаалалтын бүстэй 100%, усны тэжээгдлийн мужтай 100 хувь буюу бүхэлдээ давхацсан гэж тодорхойлсон /энэ зургийг маргаан бүхий тушаал гаргахдаа үндэслэл болгосон гэх/, /хх-ийн 2-115 дахь талд/

- Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 09/189, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2/161 дугаар албан бичиг бүхий лавлагаануудаар Хот байгуулалтын мэдээллийн менежментийн систем-д тусгагдсанаар усны хамгаалалтын бүс-д багтаж байгаагаар,/хх-ийн 1-219, 222 дахь талд/

Харин нэхэмжлэгчээс ирүүлсэн тухайн газрын байрлалыг бодит байдлаар харуулсан бичлэг болон фото зургаас харахад Туул голын эргийн дагуу энгийн хамгаалалтын бүсийг хязгаарласан далангийн гадна уг талбай байрлаж байгааг харуулсан зэргээр тус тус зөрүүтэй байдлаар тодорхойлогдож байна.

Гэвч Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/540 дугаар захирамжийг гаргах болсон үндэслэлдээ усны онцгой хамгаалалтын бүсэд маргаан бүхий талбай хамаарах болсон тул цуцлах хуулийн зохицуулалтыг тусгасан боловч захирамжлах хэсэгтээ Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд орсон гэх зөрүүтэй нөхцөл байдлуудыг тодруулах, түүнчлэн тус хамгаалалтын бүсүүдийн ялгааг нарийвчлан тогтоох, усны хамгаалалтын бүсчлэлийн нэр томьёоны зөрүүг гаргаж, уг тусгай зөвшөөрлийн талбай маань усны хамгаалалтын аль бүстэй давхцаж байгаа эсэх, эсхүл усны энгийн болон онцгой хамгаалалтын бүсийг зааг, хил хязгаарыг шинэчлэн тогтоосон 50 дугаар тогтоол гарсантай холбоотойгоор энгийн хамгаалалтын бүсийн хорио хязгаарыг заагласан одоо байгаа далангийн байрлал өөрчлөгдөх эсэхийг тогтоох шаардлагатай байна.

Учир нь нэхэмжлэгчээс маргаан бүхий газар нь туул голын эргээс 50 метрээс хол зайд буюу 1200 метр зайд оршдог тул онцгой хамгаалалтын бүсэд хамаарахгүй хэмээн тайлбарлаж байх бөгөөд үүнд дүгнэлт хийвэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай 50 дугаар тогтоол болон Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар баталсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам зэрэгт, Туул голын онцгой хамгаалалтын дэглэм бүхий бүсийг тогтоохдоо гол мөрний үндсэн урсгал бүхий эргээс, эсхүл түүнээс салаалсан урсгал гол, горхийн эргээс тооцож хамгаалалтын бүсийг тогтоосон эсэх, мөн Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийг хаагуур хэрхэн тогтоогдсон талаар тодорхой заагааүй тул шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байна.

Түүнчлэн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд /2 дугаар хавтас 5-18 дугаар талд/ тусгагдсан Туул голын усны нөөцийн талаарх эрдэмтэн, судлаачдын ...судалгааны үр дүнг харахад Туул голын дагуух хөрс маш их бохирдсон, мөн төвлөрсөн худгууд руу хөрсөөр дамжин бохирдолт орж байна. ... Туулын хөндийд 4 эх үүсвэр, дээр нь нэмээд 3 эх үүсвэр байгаа, ... Туул голын хөндийн ... Улаанбаатар хотын усан хангамжийн эх үүсвэр болж байгаа газрын доорх ус дээрээс бохирдох магадлал амархан, ... иймд газар доорх усны ордуудыг илрүүлэн, хатуу дэглэмийн ба эрүүл ахуйн хамгаалалтын бүсүүдийг нарийн үнэн зөв тодорхойлох зайлшгүй хийгдэх ажлууд байна гэх саналууд, Усны тухай хууль, Ашигт малтмалын тухай холбогдох хуулиудын зохицуулалтаас харахад энгийн хамгаалалтын бүсэд Хайрга олборлох ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэхийг тодорхойлох шаардлагатай.

Хариуцагчийн маргаан бүхий А/540 дүгээр захирамжийг гаргах болсон үндэслэл нь өмнөх А/609 дүгээр захирамжаас Т э ХХК-д холбогдох хэсэг техникийн алдаанаас болж орхигдсон учир гаргасан гэх тайлбар нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 02-01/244 тоот албан бичигт ...Улаанбаатар хотын ундны эх үүсвэрийн хамгаалалтын бүстэй давхцалтай 46 тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлж 45 тусгай зөвшөөрлийг А/609 дүгээр захирамжаар цуцалж, Т э ХХК-ийн тусгай зөвшөөрөл тодорхойгүй шалтгаанаар цуцлагдаагүй үлдсэн байна. Иймд ундны усны хамгаалалтын бүсэд орсон дээрх аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг шийдвэрлэх арга хэмжээ авч өгнө үү гэж дурьдснаар, мөн маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/540 дүгээр захирамжийг техникийн алдаагаа засч гаргасан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газрын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 02/1361, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 02/1419 тоот Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.А д хүргүүлсэн албан бичгүүдээр нотлогддог.

Гэтэл өмнө үйлдэгдсэн гэх Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн үндэслэх хэсэгт Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.6, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасныг тус тус үндэслэсэн мөртлөө маргаан бүхий А/540 дүгээр захирамжид эдгээр хуулийн зүйл заалтыг баримтлалгүйгээр, Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 22 дугаар зүйлийн 22.2.1-д заасныг үндэслэл болгосон, цуцалсан тусгай зөвшөөрлийн талбай нь усны онцгой хамгаалалтын бүс, эсхүл Улаанбаатар хотын ундны уусны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн алинд хамааруулсан болох нь ойлгомжгүй.

Мөн Мэргэжлийн хяналтын газраас 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 02-03/1522 тоот албан бичигт хавсарган ирүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай захирамжийн 1 дүгээр заалтаар ....63 аж ахуйн нэгж, ...62 аж ахуйн нэгж гэж зөрүүтэй бичигдсэн ижил огноо, дугаар бүхий зхирамжийн аль нь хүчин төгөлдөр болохыг шүүхээс тогтоох боломжгүй, аль нэгийг хариуцагч эрхийн хүрээнд хүчингүй болгоогүй нөхцөл байдал илэрсэн.

Захиргааны байгууллагаас Т э ХХК-д 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Байгаль орчны газрын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 02/731 тоот албан бичгийг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/540 дугаар захирамжийн хамтаар гардуулан өгч, гомдол гаргах эрхийг хангасан болохоос биш Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ гэж зааснаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоол гарснаас хойш Т э ХХК-ийн MV-012.... ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь Усны тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахтай холбоотой захиргааны байгууллагаас аливаа сонсох ажиллагаа явуулж мэдэгдсэн талаар тогтоогдохгүй, хариуцагчаас энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй байх тул хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд захиргааны байгууллагаас акт гаргах ажиллагааг урьдчилан мэдэгдэх, санал, тайлбараа өгөх оролцоог хангах нь зүйтэй.

Иймд Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д усны нөөц хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийг тогтооно, 22.2-т Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно, 22.3-д Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно гэж тус тус заасны дагуу Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д заасан Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ тус хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан 4 үндэслэлээр цуцлах эрхийг хуулиар олгосон учир дээрх нөхцөл байдлыг нарийвчлан судалж, маргаан бүхий актад тусгагдсан усны онцгой хамгаалалтын бүс болон ундны усны эх үүсвэрийн алинд Т э ХХК-ийн MV-012.... ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь хамаарч байгааг тогтоох асуудал нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байх тул маргаан бүхий актыг 4 /дөрөв/ сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.2.1, 22.3, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч үүссэн нөхцөл байдалд өөрийн бүрэн эрхийн хүрээнд дүн шинжилгээ хийж, дахин шинэ акт гаргах хүртэл нэхэмжлэлд дурьдагдсан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцалж, дуусгавар болгох тухай А/540 дугаар захирамжийг 4 /дөрөв/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгохыг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУМАА