| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Одмаа |
| Хэргийн индекс | 114/2025/0022/З |
| Дугаар | 221/МА2026/0328 |
| Огноо | 2026-05-14 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2026/0328
"Б" ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 114/ШШ2026/0013 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч"Б"ХХК-ийн өмгөөлөгч Ө.Э-н давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч шүүгч Ц.Одмаа
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч:"Б"ХХК
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг дарга
Гуравдагч этгээд: "С" ХХК
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, Г.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 114/2025/0022/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 114/ШШ2026/0013 дугаар шийдвэрээр “... Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг баримтлан "Б"ХХК-иас Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1-10/169 дүгээр татгалзал хууль бус болохыг тогтоож,"Б"ХХК-ийн Дархан-Уул аймаг Дархан сум 9 дүгээр багийн нутагт 45061026** нэгж талбарын дугаартай 500 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг сэргээсэн шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
2.1. Шүүх хариуцагчийн шүүхийн шийдвэр биелүүлээгүй эс үйлдлийг хууль ёсны гэж үзсэн байна. Шүүхийн тус дүгнэлттэй огт санал нийлэх боломжгүй байна. Учир нь шүүхийн шийдвэр заавал биелнэ гэх зарчмыг дурдсан атлаа шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй хариуцагчийн эс үйлдлийг бүхэлд нь зөвтгөсөн байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 191 тоот магадлал газар эзэмшүүлсэн захирамжуудын хувьд шийдвэрлэх асуудал шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул 3 сарын хугацаатайгаар актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Хоёр компанийн хувьд хэн алины газар эзэмших эрх олгосон шийдвэртэй маргасан маргааны хувьд захиргааны байгууллага магадлалд дурдсан нөхцөлүүд дээр дүгнэлт хийж аль нэг байдлаар шийдвэр гаргах байдлаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.
2.2. Гэтэл хариуцагчийн хувьд шүүхээс тогтоосон хугацаанд ямар ч ажиллагаа явуулаагүй атлаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107.6-д заасан үр дагаварт хүрч маргаан бүхий захиргааны актууд хүчингүй болсон гэж шүүхэд тайлбарлаж буй нь үндэслэлгүй юм. Мөн шүүхийн шийдвэрийн 6.7-д тодорхойлсончлон “хэн хэн нь хуульд заасан шаардлага хангаагүй тул хэнийх нь ч эрх ашгийг хөндөхгүйгээр дахин сонгон шалгаруулалтаар олгох нь зүйтэй гэж үзээд захиргааны шинэ акт гаргаагүй” гэж дурдсан үйл баримт огт байхгүй. Хариуцагч шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд хэрхэн шийдвэрлэх талаар шийдвэр гаргаад тэрхүү гаргасан шийдвэр нь дээр дурдсанчлан нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хувьд хэн хэн нь эрх зүйн алдаатай тул сонгон шалгаруулалт явуулж тухайн газрыг олгохоор шийдвэрлэсэн гэх шийдвэр гаргасан ямар ч нотлох баримт байхгүй байхад шүүхээс тийнхүү үйл баримт болсон мэтээр дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3-д заасныг ноцтой зөрчсөн.
2.3. Бодит үйл баримтын хувьд хариуцагч нь шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд ямар ч үйлдэл хийгээгүй, шийдвэр гаргахгүй, хүсэлтийг шийдвэрлэхгүй байсаар өнгөрөөсөн. Гэтэл хариуцагчид тийм эрх байхгүй. Хариуцагчийн зүгээс шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд магадлалын хянавал хэсэгт “Захиргааны ерөнхий хуулийн 11-д “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны үйл ажиллагааны зарчим гээд 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж заасны дагуу бодит нөхцөл байдлыг дахин тогтоох үүргийг хэрэгжүүлсний эцэст Газрын тухай хуулийн 61.1-д заасны дагуу өөрийн аль нэг шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэх ёстой байсан. Тийнхүү ажиллагаа явуулаагүй тул"Б"ХХК-ийн хувьд шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд өөрийн бие даасан шаардлагыг хангуулж, "С" ХХК-д газар эзэмших эрхийг сэргээсэн 2016.12.21-ний өдрийн А/491 тоот захирамжийг хүчингүй болгож,"Б"ХХК-ийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р багын нутагт 45061026** нэгж талбарын дугаар бүхий 500 м.кв газар эзэмших эрхийг сэргээж шинэ акт гаргуулах хүсэлтийг гаргасан. Харин энэхүү хэрэгт гуравдагч этгээдээр шүүгчийн захирамжаар татагдан орсон "С" ХХК нь тухайн хугацаанд огт хүсэлт, өргөдөл гаргаагүй орхисон байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс тогтоосон хугацаанд дотор буюу 2023.06.15-ны өдөр 0/40 дугаартай албан бичгийг Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.А-д хандсан албан бичгийг ирүүлсэн мэт баримтыг бүрдүүлж шүүхэд ирүүлсэн боловч мөн л урьдын адил шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн болох нь 2026.04.02-ны өдөр хийсэн шүүхийн үзлэгээр тодорхой болсон.
2.4. Магадлалд гаргасан хяналтын гомдлыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023.05.30-ны 221 тоот тогтоол гарснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.03.28-ны өдрийн 191 тоот магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон. Улмаар 2023.05.30-ны өдрөөс эхлэн хариуцагчийн шийдвэр гаргах шүүхээс тогтоосон 3 сарын хугацаа тоологдож эхэлж 2023.08.30-ны өдрөөр дуусах байсан бөгөөд ”Баясах түшээ” ХХК-ийн зүгээс тухайн тогтоосон хугацаа дуусахаас өмнө 2023.08.29-ны өдөр “шүүхээс түдгэлзүүлсэн хугацаанд өөрийн газар эзэмших эрхийг сэргээн олгох” хүсэлтийг шүүхэд гаргасан.
2.5 .Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7.1-д “хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хариуцагчаас дахин шинэ акт гаргах 3 сарын хугацаа дуусахаас өмнө"Б"ХХК нь өмнө дүгнэсэнчлэн “газар эзэмших эрхээ сэргээлгэх” хүсэлт гаргасан, гуравдагч этгээд "С" ХХК-аас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн түүний Дархан-Уул аймгийн Засаг даргад 2023.06.15-ны өдрийн 01/40, 2023.11.16-ны 0/73 дугаартай албан бичгээр гаргасан хүсэлтүүд нь хариуцагчид хүргэгдээгүй болох нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдох боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан шийдвэрийг шүүхээс гаргасан тохиолдолд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхээс тогтоосон хугацаанд хүсэлт гаргаснаар тухайн захиргааны байгууллага, албан тушаалтнаас шийдвэр гаргах хугацаа сунгагдах, түүний эрх ашиг сонирхлыг сэргээсэн шийдвэрийг гаргах ёстой гэж үзэх боломжгүй юм” , 7.2 “Өөрөөр хэлбэл мөн хуулийн 110.1.2-т зааснаар Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 191 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.05.30-ны 221 тоот тогтоол гаргаснаар хуулийн хүчин төгөлдөр болж, хариуцагчаас дахин шинэ акт гаргах 3 сарын хугацаа тухайн өдрөөс тоологдож, 2023.08.31-ний өдөр дуусжээ” гэжээ. Магадлалд гаргасан хяналтын гомдлыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023.05.30-ны 221 тоот тогтоол гарснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.03.28-ны өдрийн 191 тоот магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон. Улмаар 2023.05.30-ны өдрөөс эхлэн хариуцагчийн шийдвэр гаргах шүүхээс тогтоосон 3 сарын хугацаа тоологдож эхэлж 2023.08.30-ны өдрөөр дуусах байсан бөгөөд "Б” ХХК-ийн зүгээс тухайн тогтоосон хугацаа дуусахаас өмнө 2023.08.29-ны өдөр “шүүхээс түдгэлзүүлсэн хугацаанд өөрийн газар эзэмших эрхийг сэргээн олгох” хүсэлтийг шүүхэд гаргасан. Тус эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгуулах нэхэмжлэлийг Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Улмаар хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч Дархан-Уул аймаг дах захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.07-ны өдрийн “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 24 тоот захирамж гаргасан. Тухайн шүүгчийн захирамжийн биелэлтийг хангаагүй тул гүйцэтгэх хуудас бичүүлж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025.04.03-ны өдрийн 1-10/169 тоот албан бичгээр"Б"ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргэхээс татгалзсан шийдвэр гаргасан.
2.6. Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15-д “Иргэн, хуулийн этгээд тогтоосон журмаар гомдол гаргасан, захиргааны байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасан. Иймд"Б"ХХК нь хуульд заасан журмаар гомдол, нэхэмжлэл гаргаж улмаар хариуцагч Дархан-уул аймгийн Засаг дарга нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснөөр Захиргааны хэрэг давж заалдах шатны шүүхээс тогтоосон 3 сарын хугацаа тасалдана. Хариуцагч байгууллагын өөрөө хүлээн зөвшөөрч шүүхээр баталгаажсан хууль бус эс үйлдэхүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасан үр дагаврыг үүсгэх үндэслэлгүй. Зөвхөн нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт хариуцагч гаргасан бөгөөд түүнийг шүүхээс түдгэлзүүлсэн бол тухайн хугацаандаа хариуцагч өөрийн нийтийн эрх зүйн чиг үүргээ гүйцэтгэж нэхэмжлэгчийн эрхэд халдсан шийдвэр, үйл ажиллагааг шүүхээс тогтоосон хугацаанд явуулах эсэх нь тухайн захиргааны байгууллагын сонголт байж болох юм. Энэ тохиолдолд мөн хуулийн 107.6-д заасан үр дагаварт хүрнэ. Харин хоёр хуулийн этгээд өөрсдийн субьектив эрхийг сэргээлгэхээр шүүхээр маргаж, шүүх тус нэхэмжлэл, болон бие даасан шаардлагыг шийдвэрлэхэд шинжлэн судлах боломж шүүхийн боломжоос хязгаарлагдмал байх тул хариуцагчид хугацаа тогтоон түдгэлзүүлсэн бол хариуцагчид өөрийн дураар тухайн хугацааг өнгөрүүлэх эрх байхгүй.
2.7. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хууль бус тул сэргэхгүй талаар шүүхээс хийсвэрээр дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгчийн хувьд хариуцагч дахин захиргааны акт гаргах ажиллагаа явуулсан тохиолдолд “дуудлага худалдааны анхны үнийг нөхөн төлөх байдлаар” эрхийн зөрчлийг арилгах боломжтой гэж тайлбарладаг. Харин хариуцагчаас тийнхүү ажиллагаа явуулаагүй тул бид дуудлага худалдааны анхны үнийг өөрсдөө тодорхойлж төлөх боломжгүй юм. Харин шүүх дээрх дүгнэлтийн хэсэгт “нэхэмжлэгчийг хүсэлт гаргах үед гуравдагч этгээдийн газар эзэмших эрх хүчинтэй”, “Газрын давхцал арилаагүй төдийгүй хариуцагчаа тухайн хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэх үед"Б"ХХК болон "С" ХХК-ийн газар эзэмших эрх шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүй болсон үр дагаварт хүрэхээр байна” гэж дүгнэсэн хэсгүүд огт үндэслэлгүй юм. Үүнд дүгнэж байгаа нэхэмжлэгчээс хүсэлт гаргах үед гэж авч үзэж байгаа үе нь анх эрх олгосон 2016 оныг хэлж байгаа тохиолдолд нэхэмжлэгч"Б"ХХК нь анх 2016.06.03-ны өдөр газар эзэмших хүсэлтийг Дархан-Уул аймгийн засаг даргад гаргасан бөгөөд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 06 сарын 22-ны А/227 тоот захирамжаар"Б"ХХК-д газар эзэмших эрх олгосон байдаг. Харин "С" ХХК-ийн хувьд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014.03.31-ний өдрийн 173 тоот дугаартай захирамжаар 2 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосон бөгөөд тус компани Газрын тухай хуулийн 37.1-д зааснаар хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй тул Газрын тухай хуулийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно: 39.1.1.газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж зааснаар дуусгавар болсон байсан. Тус компани дээрх нөхцөл үүсээгүй мэт харагдуулах зорилгоор "С" ХХК нь 2016.03.01-ний өдөр Дархан-уул аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандаж газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлт гаргасан мэт баримтыг гаргаж өгсөн боловч тус баримтыг 2016.03.01-ний өдөр бүртгэн авсан мэтээр Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын ажилтан ... албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж тус газрын ирсэн бичгийн бүртгэлийн 190 дугаарт бүртгэлийн агуулгыг өөрчилсөн гэмт хэрэг үйлдсэн болохыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас хэрэг бүртгэлийн 1918005** дугаартай хэрэг нээн шалгаж, тус аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 06 дугаар сарын 07-ний өдрийн 229 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн.
2.8. Тус агуулгыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 191 тоот магадлалын хянавал хэсгийн 2.8-д “Улсын Дээд шүүхийн дээрх тогтоол гарснаас хойш хэрэгт цугларсан баримтуудаас нэхэмжлэгч "С" ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгасантай холбоотой баримтуудыг үнэн зөв гэж үзэх боломжгүй байна. Учир нь Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын ажилтан ...албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж тус газрын ирсэн бичгийн бүртгэлийн 190 дугаарт бүртгэлийн агуулгыг өөрчилсөн гэх гомдлыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас хэрэг бүртгэлийн 1918005** дугаартай хэрэг нээн шалгаж, тус аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 06 дугаар сарын 07-ний өдрийн 229 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн буюу нэхэмжлэгчээс хуулийн хугацаанд хүсэлтээ гаргасан гэх баримт үнэн зөв гэж үзэх боломжгүй энэ тохиолдолд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн үндэслэлээр анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ” гэж тогтоосон.
2.9. Эсвэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 191 тоот магадлалын дагуу"Б"ХХК дахин захиргааны акт гаргах өөрийн газар эзэмших эрхийг сэргээлгэх хүсэлт гаргах үед гуравдагч этгээдийн газар эзэмших эрх хүчинтэй байсан гэж дүгнэж байгаа бол "С" ХХК-ийн газар эзэмших эрх дээрх байдлаар дуусгавар болсноос хойш газрын мэдээллийн нэгдсэн сан дээр огт хүчинтэй болоогүй. Газрын давхцалын зураг гэж хариуцагчаас ирүүлэх боловч хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ бүхий газрын хувьд бус харин "С" ХХК-ийн 2014.03.31-2016.03.31-ны хооронд эзэмшиж байсан хүчингүй болсон газрын мэдээллийг"Б"ХХК-ийн хүчинтэй газар эзэмших эрх бүхий газартай давхцуулсан зураг ирүүлдэг. Харин"Б"ХХК-ийн газар эзэмших эрх 2016.06.22-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа бөгөөд үүнийг нэхэмжлэгчийн гаргаж өгсөн газрын мэдээллийн нэгдсэн сан egazar.gov.mn-ийн мэдээлэл болон Газрын харилцаа геодези зураг зүйн газрын 2025.06.12-ны өдрийн 2/2077 тоот албан бичгээр тодорхойлогдоно. Газрын тухай хуулийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан тул нэхэмжлэгч"Б"ХХК-ийн эзэмших эрх бүхий 500 м.кв газрыг гуравдагч этгээд "С" ХХК-ийн газартай давхацсан, газрын давхцал арилаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Иймд Дархан-Уул аймаг дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026.04.02-ны өдрийн 114/ШШ2026/0013 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, анх Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 173 дугаар захирамжаар "С" ХХК-д Дархан сумын * дүгээр баг 4/3 байрны урд, О* буудлын зүүн талд гэх байршилд 500 м.кв газрыг 2 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, улмаар аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/181 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/491 дүгээр захирамжаар ... "С" ХХК-ийн урьд эзэмшиж байсан 500 м.кв газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжаа хүчингүй болгож, газар эзэмших тухай шийдвэрийг дахин гаргаж, урьд эзэмшиж байсан 500 м.кв газар эзэмших эрхийг нь сэргээсэн бол Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/227 дугаар захирамжаар"Б"ХХК-д Дархан сумын 9 дүгээр багийн 4 дүгээр хороолол 3 дугаар байрны баруун урд талд байрлах 500 м.кв талбайтай газрыг нийтийн орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон.
4. Улмаар "С" ХХК-иас"Б"ХХК-д газар эзэмшүүлсэн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/227 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг захиргааны хэрэгт"Б"ХХК гуравдагч этгээдээр татагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд "С" ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээсэн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/491 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар бие даасан шаардлага гаргаж тус тус маргасныг Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр “нэхэмжлэгч "С" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 191 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтыг “... Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны А/227 дугаар, 2016 оны А/491 дүгээр захирамжуудыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, 2 дахь заалтаараа “... 3 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны А/227 дугаар, 2016 оны А/491 дүгээр захирамжуудын холбогдох хэсэг хүчингүй болгохыг дурдаж шийдвэрлэсэн байх ба магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримтууд тогтоогдож байна.
5. Гэвч хариуцагчаас дээрх хүчин төгөлдөр магадлалд дурдсан хугацаанд холбогдох ажиллагааг хийж, дахин шинэ акт гаргаагүй, улмаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар маргаан бүхий Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны А/227 дугаар, 2016 оны А/491 дүгээр захирамжуудын холбогдох хэсэг хүчингүй болсон байх бөгөөд нэхэмжлэгч"Б"ХХК-ийн хувьд өмнө эзэмшиж байсан Дархан сумын 9 дүгээр багийн нутагт байрлах 45061026** нэгж талбарын дугаар бүхий 500 м.кв газрын эзэмших эрхийг сэргээлгэхээр гаргасан хүсэлтэд татгалзсан хариу өгсөн Дархан-Уул аймгийн Засаг дарга маргаан бүхий 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1-10/169 дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоож, дээрх нэгж талбар 500 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг сэргээсэн шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулахаар маргасан.
6. Маргаан бүхий Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1-10/169 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч"Б"ХХК-иас гаргасан хүсэлт нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33.1.1-д заасныг зөрчиж байх тул тухайн байршилд газар эзэмшүүлж шийдвэрлэх боломжгүй ба Газрын тухай хуульд заасны дагуу газар зохион байгуулалтын хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дараа уг хүсэлтийг шийдвэрлүүлэх талаар дурджээ.
7. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан.
8. Гэтэл Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Дархан-Уул аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа маргаж буй газрыг Амины орон сууц, үйлчилгээ, авто үйлчилгээний зориулалтаар баталсан байх бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд тухайн газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дахин тусгагдаагүй, тус тогтоол өөрчлөгдөж, хүчингүй болоогүй нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдох ба"Б"ХХК-д 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/227 дугаар захирамжаар уг газрыг эзэмшүүлсэн атлаа маргаан бүхий 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1-10/169 дүгээр албан бичгээр “... газар зохион байгуулалтын хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дараа хүсэлтээ шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй ...” гэх хариуг өгсөн нь үндэслэлгүй байх төдийгүй одоо тухайн газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцалтай болох нь тогтоогдохгүй байхад хариуцагчаас дээрх үндэслэлүүдийг зааж татгалзсан хариу өгсөн нь хууль бус гэж үзэхээр байна.
9. Түүнчлэн, дээр дурдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар хариуцагч захиргааны байгууллагын шинжлэн судалж тогтоох нөхцөл байдлыг тодорхой зааж, түүнд дурдсан ажиллагааг хийж, нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоосны эцэст хуулийн этгээдүүдийн хэн алиных нь газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр хуульд нийцүүлэн дахин шинэ акт гаргах замаар маргааныг нэг мөр шийдвэрлэх үүргийг хариуцагчид хүлээлгэсэн.
10. Тухайн шийдвэрээр"Б"ХХК болон "С" ХХК нарт газар эзэмших эрхийг давхцуулан олгосон нь хууль бус бөгөөд захиргааны байгууллагаас өөрийн шийдвэрээ эргэн харж, засаж залруулах боломжийг олгож, ингэхдээ хэргийн оролцогч нарын эрх ашгийг хөндөхгүйгээр шаардагдах захиргааны акт гаргахыг Дархан-Уул аймгийн Засаг даргад үүрэг болгосон,"Б"ХХК шүүхийн шийдвэрийг биелүүлж шаардагдах захиргааны акт гаргуулахаар Засаг даргад хандсан.
11. Дээр дүгнэснээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хариуцагч захиргааны байгууллагын шинжлэн судалж тогтоох нөхцөл байдлыг тодорхой зааж, тухайн ажиллагааг хийж, нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоосны эцэст хуулийн этгээдүүдийн хэн алиных нь газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр хуульд нийцүүлэн дахин шинэ акт гаргах замаар маргааныг нэг мөр шийдвэрлэх үүргийг хариуцагчид хүлээлгэсэн байхад хариуцагч нь"Б"ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн шүүхийн шийдвэрт заасан шаардагдах захиргааны акт гаргуулах хүсэлтэд дээр дурдсанчлан татгалзсан нь үндэслэлгүй, хуульд нийцэхгүй байна.
12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтаар дахин шинэ акт гаргах шүүхээс тогтоосон хугацааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш тооцох бөгөөд шийдвэр, магадлалыг хяналтын журмаар хянан хэлэлцэхээс татгалзсан Улсын дээд шүүхийн тогтоол 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гарсан байх тул энэ хугацаанаас 3 сарын дотор захиргааны байгууллага шүүхийн шийдвэрт заасан нөхцөл байдлыг шинжлэн судалж тогтоох ажиллагааг дахин хийж, шаардагдах захиргааны актыг гаргах үүрэгтэй.
13. Гэтэл хариуцагч захиргааны байгууллага шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд шийдвэрт заасан ажиллагааг огт хийлгүйгээр, тийнхүү татгалзсан хариуг өгсөн нь хууль бус байна.
14. Ийнхүү нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтэд татгалзсан хариу өгсөн нь хууль бус болох нь тогтоогдсон боловч шүүх нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээсэн шийдвэр гаргахыг хариуцагчид шууд даалгаж шийдвэрлэх боломжгүй энэ нь захиргааны байгууллагын бүрэн эрхэд хамаарах бөгөөд энэ тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн хүрээнд талуудын хэн алины эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөлгүйгээр Газрын тухай хуульд заасан журмын дагуу шаардагдах захиргааны акт гаргахыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах нь зүйтэй байна.
15. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 114/ШШ2026/0013 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч"Б"ХХК-иас Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1-10/169 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгч"Б"ХХК-ийн өмгөөлөгч Ө.Э-н давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Ц.ОДМАА