Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 122

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар: 

улсын яллагч Д.Мөнх-Эрдэнэ,         

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

шүүгдэгч Л.Гантөмөр, түүний өмгөөлөгч Л.Золжаргал нарыг оролцуулан тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Гантөмөрийг холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж, хялбаршуулсан журамаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 201605000229 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:                

Монгол  Улсын иргэн, 1984 оны 07 сарын 04-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5-р багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ВП84070415 регистрийн дугаартай, Тавнан овогт Лхагвацэрэнгийн Гантөмөр,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Гантөмөр нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5-р багийн нутагт 2016 оны 08 сарын 04-ний өдрөөс 05-ны өдөрт шилжих шөнө 22:00 цагийн үед архидан согтуурч иргэн Г.Наранзултай хувийн таарамжгүй байдлаас маргалдан Г.Наранзул, Г.Ууганбаяр нарыг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.         

                                                   /сэжигтэнг яллагдагчаар татах тогтоолд бичигдснээр/

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Г.Наранзулын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

...2016 оны 08 сарын 04-ний өдөр Улаанбаатар явна гээд надаас 50.000 төгрөг аваад гэрээсээ гарч яваад буцаж 22 цагийн үед Цэрэнтогтохтой хамт архи уусан байдалтай ирсэн. Гэрт байсан 2 литр нэрмэл архийг Тоогий, Цэрэнчанаа, Дөлгөөнзориг нартай  уусан. Гантөмөр архи ууж согтчихоод урьд нь дотно харилцаа холбоотой байсан Доржоо гэдэг эмэгтэйтэй утсаар яриад ээжийн бие яаж байна гээд байхаар нь би уурлаад чи битгий намайг доромжлоод бай, наад хүнтэйгээ миний дэргэд битгий яриад бай гэж хэлхэд тэр би хэнтэй ярихаа чамаар заалгахгүй гэж хэлээд бид хэрэлдсэн. Тэр надруу дайрч үснээс зулгаагаад зүүн өвдөг, баруун гуя руу өшиглөж, баруун гарыг мушгисан. Дөлгөөнзориг, Цэрэнчанаа 2 салгаад намайг зугт гэсэн. Би зугтааж яваад хажуу хашааныхаа айлд унтсан. Өглөө нь гэртээ орход Гантөмөрийг цагдаа аваад явсан байсан. Манай 3 хүүхэд гэртээ унтаж байсан. Гэтэл миний том охин Ууганбаярын дух хавдсан байхаар нь яасан юм бэ гэхэд аав өшиглөчихсөн гэж хэлсэн... ... манай нөхөр одоо их гэмшсэн бололтой байнга уучлалт гуйгаад байгаа. 3 хүүхдийн маань эцэг юм даа гэж бодоод уучилсан. Гэхдээ энэ нь түүнтэй буцаад хамт амьдарна гэж байгаа юм биш шүү. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-н 14-16/,

Насанд хүрээгүй хохирогч Г.Ууганбаярын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

... архи ууж байгаад аав, ээж хоёр хэрэлдэж эхэлсэн. Юунаас болж хэрэлдсэнийг мэдэхгүй байна. Аав ээжийн үснээс зулгаагаад тавихгүй байсан. Тэгээд ээжийн энд тэнд нь өшиглөөд байсан. Цээгий эгч, Дөлгөөнзориг ах 2 аавыг хориглоод ээжээс салгасан. Ээж гараад зугтаасан. Би айгаад гэрийн гадаа усны хуванцар сав дээр сууж байтал аав гэрээс гарч ирснээ ор чи гэж хэлээд миний дух руу өшиглөчихсөн. Би уйлсан чинь Дөлгөөнзориг ах болиоч ээ чи хүүхдээ аллаа ш дээ гэж хэлээд намайг өргөж гэрт оруулсан гэх мэдүүлэг /хх-н 18-20/

Шүүгдэгч Л.Гантөмөрийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

...2016 оны 8 сарын 4-ний өдөр Өлзийт суман дах гэртээ байж байгаад ус авах гэж гараад Тоогий ахтай таарсан. Түүний мотоциклиор усаа авчихаад 2,5 литрийн пиво авч хувааж уусан. Гэртээ хувцасаа угаагаад сууж байхад эхнэр аймгаас ирсэн. Бас Тоогий ах эхнэр Цэрэнчанаагийн хамт ирсэн.  Хоол унд хийж өгөөд дахин нэг пиво уусан. Архинд яваад Дөлгөөнзоригтой таарсан. Архи авчраад уухад Дөлгөөнзориг уугаагүй. Тоогий ах тасраад унтсан байсан, тэр үед би нилээд согтсон байсан. Тэгсэн Цэрэнчанаа эгч танай эхнэр цагдаа дуудчих шиг боллоо гэхээр нь би эхнэрийгээ чи яахаараа цагдаа дууддаг юм гээд барьж аваад үснээс нь зулгаагаад 2 алгадсан. Тэгээд зууралдаад байж байхад  Цэрэнчанаа, Дөлгөөнзориг 2 салгасан. Сумын цагдаа ирээд намайг авч явсан. Өрөөндөө намайг хоно архиа гарга гээд байж байгаад дуудлага ирлээ гээд гархаар нь дагаж гараад зугтсан. Хамар хашааныхаа айлын хашаанд хэвтэж байгаад шөнө хагаслаад гэртээ орж хүүхдүүдтэйгээ унтсан. Би архи уучихаад эхнэр хүүхдээ зодсондоо маш их гэмшиж байна. Бүх буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг /хх-ийн 50-52/,

Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний албаны 2016 оны 08 сарын 08-ны өдрийн 407 тоот шинжээчийн дүгнэлт: 1.Г.Наранзулын биед тархи доргилт, баруун бугалга, шуу, зүүн хөх, баруун гуя, зүүн өвдөг, хүзүүнд цус хуралт гэмтлүүд үүссэн байна. 2. Үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. 3.Г.Наранзулын биед үүссэн гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох хурмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Г.Наранзулын биед үүссэн дээрхи гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй  гэх дүгнэлт /хх-33/,

Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний албаны 2016 оны 08 сарын 08-ны өдрийн 407 тоот шинжээчийн дүгнэлт: 1.Г.Ууганбаярын биед тархи доргилт, духанд зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтлүүд үүссэн байна. 2. Үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. 3.Г.Ууганбаярын биед үүссэн гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох хурмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Г.Ууганбаярын биед үүссэн дээрхи гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй  гэх дүгнэлт /хх-38/,

-Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай санал хүргүүлэх тогтоол, шүүгдэгч, хохирогчийн хүсэлт /хх-ийн 2-4/

-Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 10-12/,

-насанд хүрээгүй хохирогч Г.Ууганбаярын төрсний гэрчилгээний хуулбар  /хх-ийн 21/

-Г.Наранзулын иргэний үнэмлэхний хуулбар, Л.Гантөмөр, Г.Наранзул нарын ,

гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 23/,

-Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт  /хх-ийн 53/,

-Л.Гантөмөрийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 54/

-урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-56/,

-эвлэрсэн тухай баримт /хх-ийн 60/

-Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 63/ зэргийг шинжлэн судалсан болно.  

Шүүгдэгч Л.Гантөмөр нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5-р багийн нутагт 2016 оны 08 сарын 04-ний өдрөөс 05-ны өдөрт шилжих шөнө 22:00 цагийн үед архидан согтуурч иргэн Г.Наранзултай хувийн таарамжгүй байдлаас маргалдан Г.Наранзул, Г.Ууганбаяр нарыг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Л.Гантөмөрийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Хэрэг бүртгэлийн ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, шүүгдэгч, хохирогч нар хэргийг хялбаршуулсан журамаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Л.Гантөмөрийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэв.  

Шүүгдэгч Л.Гантөмөрийн хохирогч Г.Наранзул, насанд хүрээгүй хохирогч Г.Ууганбаяр нарын бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, түүнд энэ зүйлд зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Гантөмөр болон насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч Г.Наранзул нар нь хэргийг хялбаршуулсан журамаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг цагдаагийн байгууллагад гаргасан, шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохиролын талаар маргаангүй байх ба хэргийн зүйлчлэлийн хувьд хялбаршуулсан журамаар байцаан шийтгэх ажиллагаа явуулах хэргийн харьяалалд хамаарах учир шүүх хялбаршуулсан журмаар хэрэгийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Прокурорын санал болгосон 1 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ял оногдуулах тухай ялын төрөл, хэмжээг шүүгдэгч болон хохирогч нар хүлээн зөвшөөрсөн байна.

Л.Гантөмөрт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалыг харгалзан ял шийтгэл оногдуулсан болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Л.Гантөмөр нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Гантөмөрийн дундын  эзэмшлийн 4 ханатай гэрийг битүүмжилсэн 2016 оны 08 сарын 17-ны өдрийн хэрэг бүртгэгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар хохирол нэхэмжлээгүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283.1, 294 дүгээр зүйлийн 294.2, 295, 296, 297, 298, 418 дугаар зүйлийн 418.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                              

                                                                                                                           ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Тавнан овогт Лхагвацэрэнгийн Гантөмөрийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гантөмөрийг нэг сар арван тав хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гантөмөрт оногдуулсан нэг сар арван тав  хоногийн хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гантөмөрт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тооцсугай.       

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гантөмөрийн дундын эзэмшлийн 4 ханатай гэрийг битүүмжилсэн 2016 оны 08 сарын 17-ны өдрийн хэрэг бүртгэгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч Л.Гантөмөр нь хохирогч нарт төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Гантөмөрт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Л.Гантөмөрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ