| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2024/0034/э |
| Дугаар | 2024/ШЦТ/31 |
| Огноо | 2024-01-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч Д.Ганчимэг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000000014 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын 6 дугаар баг, ******* дунд ******* ******* ******* тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор Сэлэнгэ аймгийн ******* сумын 6 дугаар баг, 14 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсан,
мөн шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
2008 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар 6 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар,
Сэлэнгэ аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Боржигон овогт ******* /РД: /.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн суманд малын бойн дээр ажиллаж байхдаа буюу 2023 оны 12 дугаар сарын 19-ний орой 22 цагийн үед согтуугаар хохирогч таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, толгойн тус газарт нь шаазан тавгаар шидэх, цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зулайн хуйханд шарх, уруулын дотор салтад өнгөц шарх, баруун нүдний дээд зовхи, зүүн бугалганд цус хуралт, цээжний зүүн хэсэг, зүүн бугалганд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Боржигон овогт ******* нь Дорнод аймгийн сумын төвд малын бойн дээр ажиллаж байхдаа 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 22 цагийн орчимд согтуугаар хохирогч таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, толгойн тус газарт нь шаазан тавгаар шидэх, цохих зэргээр зодож түүний биед зулайн хуйханд шарх, уруулын дотор салстад өнгөц шарх, баруун нүдний дээд зовхи, зүүн бугалганд цус хуралт, цээжний зүүн хэсэг, зүүн бугалганд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “би гийн толгойн тус газар цохисон нь үнэн” гэх мэдүүлэг /хх-ийн 66-68/,
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч “...ууж байтал гээд хүүхэн нь “гэдэснийхээ мөнгийг бага өгөөд байна, мөнгөө нэм” гэхээр нь би “үхрийнхээ мөнгийг нэмье, харин хонины гэдэс нэмж чадахгүй” гэсэн бөгөөд эмэгтэй нь өмөөрөөд надтай хэрэлдээд байхаар нь би “бид хэд ойлголцохгүй хэрэлдээд хэрүүл болох юм байна, би унтлаа” гээд ор руугаа очоод ороо засаж байсан чинь араас толгой гэнэт тас хийгээд явсан. Харсан чинь эмэгтэй ард байсан бөгөөд толгойноос бөөн цус гарч байхаар нь шууд очоод түлхээд унагаасан. Тэгтэл босож ирээд надтай барьцалдахад нөхөр голоор орж салгаж байсан чинь нөхрийн баруун гарын долоовор хурууг хазсан. ...Би өөрийн мөнгөөрөө эм авсан бөгөөд миний хохирлыг барагдуулаагүй, гэхдээ би нэхэмжлэхгүй. Би шүүх хуралд оролцохгүй учир нь Хэнтий аймагт хөдөө мал дээрээ байдаг, мөн сэтгэцэд учирсэн хохирол нэхэмжлэхгүй, надад цаашид гаргах гомдол санал байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,
гэрч Н.гийн “...Эмэгтэй ширээн дээр байсан шаазан таваг аваад эхнэр /Э./ рүү шидсэн. Тэгэхэд эхнэрийн толгой дагз хэсэгт оносон бөгөөд толгойноос нь нэлээн их цус гарсан. Эхнэр эргэж хараад руу очиж түлхэж унагаахад ирээд эхнэртэй заамдалцахаар нь би салгах гээд голоор нь орсон чинь миний баруун гарын долоовор хурууг хазаад тавихгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,
гэрч “...Тухайн үед эгч, нөхөр , эрэгтэй, эмэгтэй , а гээд тавуулаа уусан бөгөөд бид хоёр хоол идчихээд амрах байр руугаа явсан. Ингээд буудалдаа очоод амарч байсан чинь шөнө 23 цаг өнгөрч байхад эгч над руу залгаад “эгчийнх нь толгойг эмэгтэй хагалчихлаа, хүрээд ир” гэж хэлсэн. Яваад очиход эгчийн толгойноос бөөн цус гарсан. Хамт архи уусан хүмүүс нь бүгд байсан. Тэгэхээр нь би “та хэд чинь юу болж байгаа юм, аятайхан ууж идэж чадахгүй” гэхэд эмгэтэй “бөөлжлөө” гэж гараад алга болсон. Санаа зовоод хайгаад байсан чинь цагдаа дээр ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,
Дорнод аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 13 тоот “... биед зулайн хуйханд шарх, уруулын дотор салстад өнгөц шарх, баруун нүдний дээд зовхи, зүүн бугалганд цус хуралт, цээжний зүүн хэсэг, зүүн бугалганд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 34-35/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/, эмчийн анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 33/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч *******т прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э. нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА