Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/10

 

 

 

 

        

 

 

 

         2024         01             30                                        2024/ШЦТ/10

      

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.Бямбажав даргалж,

Нарийн бичгийн дарга                                   Б.Наранжаргал

Улсын яллагч                                                 С.Баяр-Эрдэнэ

Шүүгдэгч                                                        ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2404000000006 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, малчин ажилтай, ам бүл 5, эхнэр гурван хүүхдийн хамт Багануур дүүргийн *******,******* тоот хашаанд оршин суух, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээж байсан, ******* овгийн ******* /РД:*******/

Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар          

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 01-ний шөнийн 22 цагийн орчимд Багануур дүүргийн *******ны тоот өөрийн гэртээ хамтран амьдрагч болох хохирогч ******* хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа өөрийг нь алгадаж, хамраас нь цус гаргасан гэсэн шалтгаанаар хохирогчийн баруун нүдэнд гараараа нэг удаа цохих, хэд хэдэн удаа алгадах зэргээр зодож, эрүүл мэндэд нь тархины доргилт, баруун нүдний дээд доод зовхины няцрал, зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч ******* мэдүүлэг /хх-н 9-13/, шинжээчийн №039 тоот дүгнэлт /хх-н 34/, гэрч ******* өгсөн мэдүүлэг /хх-н 22-26/, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч үйлдэл нь хохирогч Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Иймд нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа мөрдөн шалгах ажиллагааны  үед бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, зорчих эрх хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Багануур дүүргийн *******, тоот оршин суух газраа өөрчлөх, мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,

   36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлдүүдэд заасныг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. ******* овгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д нэг /1/ сарын хугацаагаар Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д шүүхээс оногдуулсан нэг /1/ сарын хугацаагаар Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр байнга оршин суух Багануур дүүргийн *******, тоот оршин суух газраа өөрчлөх, мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих үүрэгтэйг тус тус мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
  6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, *******д холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       А.БЯМБАЖАВ