Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/34

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000000006 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2004 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, туслах малчин хийдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Улаанбаатар хот, ******* дүүрэг, 10 дугаар хороо, ******* ******* тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор Дорнод аймгийн сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт ******* ******* /РД: /.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө 09 цагийн орчимд Улаанбаатараас Дорнод чиглэл рүү хүн тээвэрлэн явж байсан Тоёота Алфард маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явахдаа бусдын эзэмшлийн Самсунг Нөте /Samsung Note-8/, Самсунг нөте-10 /Samsung Note-10/, Самсунг Жиэн-2 /Samsung Jean-2/ маркийн нийт 3 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 680,000 /зургаан зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Шүүгдэгч Боржигон овогт ******* ******* нь Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу улсын дугаартай, Toyota alphard маркийн тээврийн хэрэгслээр зорчиж яваад 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 09 цагийн орчимд Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд буухдаа бусдын эзэмшлийн Samsung Note-8, Samsung Note-10, Samsung Jean-2 загварын гурван ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 680,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би 2023 оны 11 дүгээр сарын 25-ны орой шиг санаж байна. Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу явах гээд “” худалдааны төв рүү очиход хар өнгийн Аlphard маркийн тээврийн хэрэгсэл байхаар нь очоод жолоочтой нь уулзаад Дорнод аймаг руу явахаар болсон. Уг машин нь хүнээ бүрдүүлж байгаад шөнө Дорнод аймаг руу явсан бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө 09 цагийн орчим Хөлөнбуйр суманд ирээд жолооч нь хоол идэх үед хөл доор газарт хооронд нь холбосон 2 ширхэг гар утас, нэг тусдаа гар утас байхаар нь авч халаасандаа хийгээд авч буусан. Ингээд хуучин мал маллаж байсан Дашдаваа гэх айлд очоод авсан гар утсаа харсан чинь тусдаа авсан нэг гар утас нь байхгүй, замдаа хаясан юм шиг байсан. ...Би нийт 3 ширхэг гар утас авсан. 2 гар утас нь хоорондоо холбоотой байсан ба нэг нь тусдаа байсан юм. ...Би хооронд нь холбосон 2 гар утсыг эзэнд нь буцаагаад өгсөн. Харин нөгөө гар утасны мөнгийг эзэнд нь удахгүй төлнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч “...Би Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу хувиараа хүн тээвэрлэдэг. Ингээд 2023 оны 10 дугаар сарын 25-ны орой Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу өөрийн улсын дугаартай, Аlphard маркийн тээврийн хэрэгслээр нийт 4 хүн аваад 23 цагийн орчим хөдөлсөн. Миний хажууд буюу жолоочийн хажуугийн урд суудал дээр өөрийгөө Тулга гэж танилцуулж байсан залуу суусан бөгөөд Хөлөнбуйр суманд 2023 оны 10 дугаар сарын 26-ны өглөө 09 цагт ирэхэд “би энд бууна” гээд буусан. Машинаас буухдаа урд хайрцагт байсан 3 ширхэг гар утсыг хулгайлж аваад буучихсан байсан. Би тухайн үед хоол идэх гээд цайны газар руу машинаа онгорхой орхиж буугаад удалгүй буцаж машиндаа орж ирсэн. Хулгай хийсэн гэж бодолгүй аймгийн төвд ирээд хүний карго өгөх гэсэн чинь гар утаснууд нь байгаагүй. ...Харин миний хулгайд алдсан утас миний илүү утас байсан бөгөөд ямар нэгэн сим карт хийгээгүй, машины урд талын хайрцагт байсан. ...******* гэх залуу урд суусан ба арын суудал дээр 3 эмэгтэй хүн суугаад нийт 4 хүнтэй байсан бөгөөд арын хүмүүс замын турш унтаж явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 41-43/,

хохирогч “...Би 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гар утас хэрэгтэй болоод Улаанбаатар хотод амьдардаг өөрийн хүү Азбаярт гар утас захиад Самсунг нөте-10, Самсунг Jean-2 маркийн гар утаснуудыг Дорнод аймаг руу “” плаза төвөөс хар өнгийн Аlphard машины жолоочид өгүүлсэн. 2023 оны  11 дүгээр сарын 26-ны өглөө гар утсаа авах гээд жолоочтой нь утсаар ярьсан чинь “урд сууж явсан хүүхэд гар утсыг хулгайлаад буусан юм шиг байна, би замд явж байхдаа шалгаагүй юм, өөр авах боломжтой хүн байгаагүй, би цагдаагийн байгууллагаар шалгуулна” гэж хэлсэн. ...Би өөрийн алдсан 2 гар утсаа хүлээж авсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

гэрч “...Манай хүүгийн гар утас болох Нөте-8 гэдэг гар утсыг дугаараа сэргээгээд барина гээд нөхөр авч явсан. Манай нөхөр Дорнод Улаанбаатарын хооронд хүн тээвэр, карго зөөдөг юм. 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймаг руу явж байхдаа машинаасаа хулгайд алдсан гэж байсан. ...Өөрийнх нь утас зар тавихаар гацаад байдаг. Тиймээс хүүгийнхээ утсыг авч явсан. Би тэр алдсан гар утсыг 2019 онд 1,200,000 орчим төгрөгөөр худалдан авч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8/, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ДЦ-23-311 тоот дүгнэлт /хх-ийн 28-31/, эд зүйлийг хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 32-33/, Дорнод аймгийн сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолтын хуулбар /хх-ийн 63/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 680,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч З.ад 240,000 төгрөгийн, 440,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч ******* нь хохирогч З.ад гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 240,000 төгрөгийг төлж, хохирогч Samsung note-8, Samsung Jean-2 загварын гар утсыг буцаан өгчээ. Харин шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “Samsung note-8, Samsung Jean-2 загварын гар утсыг үнэлсэн шинжээчийн зардалд зарцуулсан 20,000 төгрөгийг шүүгдэгч *******ас нэхэмжилж байна” гэх боловч холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул энэхүү шүүх хуралдаанаар шүүгдэгч А. бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан бусад гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн 6 сарын хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлагын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч *******д прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид тэнссэн 6 сарын хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******д тэнссэн 6 сарын хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч З. нь нэхэмжлэх зүйлгүй, хохирогч нь  гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ПАГМА