Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/09

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

     2024          01          23                                   2024/ШЦТ/09

      

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.О-д холбогдох эрүүгийн ................ дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            Б.Н

 Улсын яллагч                                               С.Б

 Шүүгдэгч                                                  М.О нар оролцов.

 

Монгол улсын иргэн, 19....... оны ......... дугар сарын ...........-ны өдөр ...........аймгийн .......... хотод төрсөн,.......... настай, ........, ........... боловсролтой, ..........., эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа ........дүүргийн .......дугаар хороо, ............ дүгээр гудамжны ....... тоотод оршин суух хаягтай боловч одоо .......... дүүргийн ......... дүгээр хороо,........... дугаар байрны ..........тоот амьдардаг гэх, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ..........дүүргийн шүүхийн ............оны.......... дүгээр сарын ........-ны өдрийн ......... дугаартай шийтгэх тогтоолоор 1987 оны Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ялаар,

.......... аймаг дахь Сум дундын........... дүгээр шүүхийн ........ оны ........... дүгээр сарын..........-ны өдрийн ........ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 5 хоногийн хорих ялаар шийтгүүлснийг .......... оны ......... дугаар сарын .........-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 5 хоногийн хорих ялаас 3 жилийг өршөөн хасч, түүний биечлэн эдлэх ялыг 4 жил 5 хоногийн хугацаагаар тогтоосон,

............. дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ........... оны ........ дүгээр сарын ..........-ны өдрийн ........ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овгийн М-н М.О /РД: /.

М.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ........ оны ........ дүгээр сарын ........-ны өдөр ........... дүүргийн .......... дүгээр хороо .......... хэсгийн .......... дугаар гудамжны ........ тоотод хамт архи ууж байсан хохирогч Б.Б-тэй маргалдан, улмаар духанд нь 1 удаа мөргөж үснээс нь зулгаан 2 удаа шал мөргүүлэх зэргээр зодож, эрүүл мэндэд тархины доргилт, хамрын таславч мурийлт, хамрын ясны хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч М.О-гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Б, Б, Т бид дөрөв хамт архи уусан бөгөөд Б намайг “Тахад хэлнэ, зодуулна” гэхээр нь түлхсэн чинь гэрээс гарахгүй буцаж дайраад байхаар өөдөөс нь мөргөсөн. Бид хоёрыг маргалдаж байхыг ....... хараад салгасан. Би өмнө нь ...... найзтайгаа хамт 1 шил архи уусан байсан бөгөөд шал мөргүүлснээ болон юунаас болж маргаснаа санахгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 41-42, шүүх хуралдааны тэмдэглэлээс)

Хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...М.О хамт байсан Т-г элдвээр хэлээд дайраад байхаар нь дундуур нь ортол М.О босож ирээд духаараа миний дух хэсэгт мөргөсөн. Би нүүрээ дараад сууж байсан чинь үснээс зулгаагаад 2 удаа шал мөргүүлж баруун хөлийн шилбэ рүү 2 удаа өшиглөхөөр нь зугатаж гараад найз Б-р цагдаа дуудуулсан. Миний толгой өвдөнө, нүдний ухархай хэсгээр хатгуулна, нүд хааяа бүрэлзээд юм харахгүй байгаа. Эдгээр гэмтлийн 17 цагийн үед учруулсан. Би гомдолтой байна, сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг хуульд заасны дагуу нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хх-ийн 21, 24-25 ),

Гэрч Д.Т-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Б, М.О бид 3 манай гэрт архи уугаад нилээд согтсон байсан. Б, М.О хоёр нэг сандал дээр зэрэгцэж суугаад юм яриад сууж байснаа нэг мэдсэн чинь маргалдаад эхэлсэн. Юу болсон талаар Б-с асуутал М.О намайг мөргөсөн гэсэн, М.О-гээс асуутал би Б-г мөргөсөн гэж хэлсэн. Б манайхаас 17 цагийн үед гарч яваад цагдаа нар 22 цагийн үед манайд ирсэн...” гэх мэдүүлэг (хх-н 26),

Гэрч Ц.О-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Би Туяагийнд байж байсан чинь Б орж ирсэн бөгөөд нүүр нүд нь хөхөрсөн байхаар нь асуусан чинь ........ гээд Т-н танил ах мөргөсөн, цагдаа бариад явсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-н 31),

Гэрч Д.Б-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Батгэрэл гаднаас 18 цагийн үед орж ирэхдээ зодуулсан байдалтай орж ирсэн бөгөөд асуутал “Т-н найз ......... гэх хүн намайг Т-г өмөөрлөө” гэх шалтгаанаар мөргөж унагаад зодчихлоо, найзаа цагдаа дуудаад өгөөч” гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хх-н 34),

Гэрч Б.Т-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “унтаж байхад Б намайг сэрээгээд “Б хүнд зодуулчихаад ирсэн байна” гэхээр нь босоод хартал Б-н дух, баруун нүд, дээд уруул нь хавдчихсан, хамраас нь цус гарсан байдалтай нилээд согтуу байсан. Тэгээд хэнд зодуулсан талаар асуутал “........., ........ хоёр маргалдахаар нь Т-г өмөөрөөд голоор нь орсон чинь ............ миний нүүр лүү мөргөсөн, ухаан балартаад хэвтэж байхад үсдээд шал руу 2 удаа мөргүүлэхээр нь зугатаад ирлээ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-н 37-38),

              Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №09шэ/003 дугаартай: “Б.Б-гийн биед тархины доргилт, хамрын ясны шинэ хугарал, хамрын таславч мурийлт, баруун нүдний дээд, доод зовхи, дээд уруул зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт, баруун хөлийн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх тархины доргилт, хамрын ясны хугарал, хамрын таславч мурийлт нь гэмтлийн журам тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. (хх-ийн 57-58)

              Хууль зүй дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/267 дугаартай тушаалын зургадугаар хавсралтаар баталсан Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвараар “сэтгэцэд учирсан хор уршгийн 2 (хоёрдугаар) зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн хохирогч Б.Б” гэжээ (хх-ийн 60)

              Согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр “хохирогч Б.Б 2.69 хувийн согтолттой, шүүгдэгч М.О 3.13 хувийн согтолттой” гэжээ. (хх-н 12, 19),

              Хохирогч Б.Б нүүр дух хэсгийг урдаас нь хажуу талаас харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-н 13-14),

              Яаралтай тусламжийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 22 цаг 04 минутад бичсэн “ Б.Б нь дух өвдөнө, хавдсан, айлд хүнд мөргүүлсэн, дух хэсэгт хавдсан овойсон байдалтай хүргэгдэж ирсэн” гэх хуудас болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 13-14, 88-90)

Хохирогч Б.Б амбулаториор эмчлүүлэгсдийн картад “2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр 2 нүдний зовхи хөхөрч хавдсан, уруул хөхөрсөн, дух хаван хавдартай, үндсэн онош- тархи доргих, гавал дотор ил шархгүй” талаархи болон толгойн КТ шинжилгээгээр тархинд голомтод болон эзлэхүүнт өөрчлөлтгүй, гавал ясанд хугарлын шинж илрээгүй, хамрын таславч муруйсан, хамар яс шинэ хугаралтай, хамар болон дух нүүрний өмнөд хэсэгт зөөлөн эдэд хаван ихтэй” талаарх баримтууд (хх-ийн 92-93)

Иргэний үнэмлэхний болон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар “......регистрийн дугаартай Б овгийн М-н М.О нь ............дүүргийн ............. дугаар хороо, .......... дүгээр гудамжны ........... тоотод оршин суудаг...” гэжээ.  (хх-н 65, 67)

Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэсийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 287 дугаартай Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолоор “......... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .........оны ......... дүгээр сарын .......-ны өдрийн .........дугаартай шийтгэх тогтоол, .......... дугаартай гүйцэтгэх хуудастай, 20320027 хувийн хэргийн дугаартай М.О-д холбогдох эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссанд тооцсугай” гэжээ. (хх-н 118)

Шүүгдэгч М.О нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд 3 удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-н 69-70, 73-78, 80-85) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн талаар

Шүүгдэгч М.О нь ......... оны ........ дүгээр сарын ..........ны өдөр 17-18 цагийн үед ....... дүүргийн ......... дүгээр хороо ........... дугаар гудамжны ......... тоотод буюу Д.Т-н гэрт архидан согтуурсан байх бөгөөд хамт архи ууж байсан хохирогч Б.Б-тэй таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар дух руу нь 1 удаа мөргөж, үснээс нь зулгаан 2 удаа шал мөргүүлэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь тархины доргилт, хамрын ясны шинэ хугарал, хамрын таславч мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

           -шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Б намайг “Т ахад хэлнэ, зодуулна” гэхээр нь түлхсэн чинь гэрээс гарахгүй буцаж дайраад байхаар нь өөдөөс нь мөргөсөн” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Б мэдүүлсэн “М.О босож ирээд духаараа миний дух хэсэгт мөргөхөөр нь нүүрээ дараад сууж байтал үснээс зулгаагаад 2 удаа шал мөргүүлээд баруун хөлийн шилбэ рүү 2 удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Т-н “Б-с асуухад  М.О намайг мөргөсөн гэсэн” гэх мэдүүлэг, гэрч Ц.О-н “Б гаднаас орж ирэхдээ нүүр, нүд нь хөхөрсөн байхаар нь асуутал Ооноо мөргөсөн гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Д.Б-н “Б гаднаас зодуулсан байдалтай орж ирэхээр нь асуутал Т-н найз....... мөргөж унагаад зодчихлоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Б.Т-н “унтаж байхад Б  намайг сэрээгээд “Б хүнд зодуулчихаад ирсэн байна” гэхээр нь босоод хартал Б-н дух, баруун нүд, дээд уруул нь хавдчихсан, хамраас нь цус гарсан байдалтай байсан бөгөөд ......... миний нүүр лүү мөргөөд ухаан балартаад хэвтэж байхад үсдээд шал руу 2 удаа мөргүүлэхээр нь зугатаад ирлээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг, хохирогчийн биед тархины доргилт, хамрын ясны шинэ хугарал, хамрын таславч мурийлт, баруун нүдний дээд, доод зовхи, дээд уруул зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт, баруун хөлийн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №09шэ/003 дугаартай дүгнэлт, хохирогчийн нүүр хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч М.О-гийн хохирогчийн биед халдаж, түүний нүүрэн тус газарт мөргөх, үсдэж байгаад шал мөргүүлсэн зэрэг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.

Хэргийн үйл баримтуудыг дүгнэвэл, уг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал нь согтууруулах ундааны зүйлийг шүүгдэгч, хохирогч нарын хэн алины зүй бус хэрэглээтэй холбоотой гэж дүгнэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч М.О нь хохирогч Б.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд гэм буруугийн талаар улсын яллагчийн гаргасан “шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч М.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

              Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.О нь хохирогч Б.Б биед тархины доргилт, хамрын ясны хугарал, хамрын таславч мурийлт бүхий хөнгөн хохирол учруулжээ.

Хохирогч Б.Б нь эмчилгээтэй холбоотой 300.000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаарх баримтыг хэрэгт ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

Мөн хохирогчоос “сэтгэцэд учирсан хоёрдугаар зэрэглэлийн хор уршгийг гаргуулах”-аар нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж заасан.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал” болон Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалын 1, 2 дугаар хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгий зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-д тус тус заасны дагуу тухайлсан гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирогч Б.Б сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол нь “хоёрдугаар зэрэглэл” гэж хүснэгтээр тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх бөгөөд уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлтэй адилтгаж үзнэ.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3.960.000 төгрөг, мөн хохирогчийн эмчилгээний зардалд 300.000 төгрөг, нийт 4.260.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох” гэсэн дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна.

              Учир нь Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаартай тогтоолын 1 дэх заалтад “Улсын хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 3273 төгрөг 80 мөнгө буюу сард 550,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосугай”,

              Мөн Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай тогтоолын 1 дэх заалтад “Улсын хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 3929 төгрөг 80 мөнгө буюу сард 660.000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосугай” гэж тус тус заажээ.

Иймд дээрх гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа буюу 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр улсын хэмжээнд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зардлыг тооцох нь зүйтэй.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-аар сэтгэцийн эмгэгийн хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тооцохоор заасан.

 Шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээг тооцохдоо шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа болон түүний төлбөрийн чадвар зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 2.750.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ. (550.000х5=2.750.000)

           3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас “Шүүхээс М.О-г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн зүгээс улсын яллагчийн ялын саналтай маргаагүй болно.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-д 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч М.О нь хамгийн сүүлд .......... онд эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч тэрээр ялаа эдэлж дууссан тул энэ нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Б овгийн М-н М.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн М-н М.О-д 360 (гурван зуун жаран) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг ялтан М.О-д мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.О-гээс хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрт 2.750.000 (хоёр сая долоон зуун тавин мянган) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Б-гийн эрүүл мэндэд учирсан гэм хорын зардлыг хэлэлцэхгүй орхисугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол М.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. М.О-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА