Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 00083

 


М.Бийн нэхэмжлэлтэй хариуцагч

Ц.А-т холбогдох иргэний

хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШШ2018/00391 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч М.Б нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ц.А-т холбогдох,

Худалдах худалдан авах гэрээний үүрэг 65.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.А-ийн 2017.03.20-ны өдрийн **** тоот 3 өрөө орон сууцыг худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ц.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.У -ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаандНэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г , хариуцагч Ц.А-, хариуцагчийн өмгөөлөгч О.С , нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч М.Бшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2017 оны 03 сарын 20-ны өдөр иргэн Ц.А-т үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, **** тоотод байрлах өөрийн өмчлөлийн 3 өрөө 38 м.кв талбай бүхий орон сууцыг 65 000 000 төгрөгөөр худалдсан ба тухайн үед мөнгийг Д гэгч ломбард ажилуулдаг хүнээс авч өгнө гэж хэлсэн боловч одоог хүртэл төлөөгүй. Миний бие гэрээний дагуу үүргээ гүйцэтгэхийг шаардсан боловч эмнэлэгт хэвтэж байна, гадаад явна гэх мэтээр ярьсан. Сүүлдээ утсаа авахгүй болсон. Иймээс иргэн Ц.А-ээс үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу 65 .000.000 төгрөгийг гаргуулан олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйл, 57 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарахгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж буюу Ц.А-ээс 65.000.000 гаргуулж М.Бт олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хоёр талын худалдах-худалдан авах гэрээ Иргэний хуулийн 109-р зүйлийн 109.2-т заасан журмын дагуу хийгдэж мөн хуулийн 110-р зүйлийн 110.1-д заасанчлан хариуцагч Ц.А- өмчлөх эрхээ Улсын бүртгэлд бүртгүүлж хууль ёсны өмчлөгч болсон. Орон сууцны үнэ огт төлөгдөөгүй буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ бичээд байгаа шиг өмчлөх эрх шилжсэний дараа орон сууцны төлөгдөхөөр тохиролцсон юм бол гэрээндээ энэ талаар тусгах учиртай байтал тийм нэмэлт заалт байхгүй байна. Нэхэмжлэгч М.Бтухайн орон сууцанд хэзээ ч амьдарч байгаагүй байж ямар журмаар тухайн орон сууцны өмчлөх эрхийг олж аваад хариуцагч Ц.А-т худалдсан болохоо нотлох учиртай гэж үзэж байна. Иймд М.Бийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй учир нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Дараах үндэслэлүүдээр хоёр талын орон сууц худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болох нь нотлогдох юм. Үүнд:

Ө.Б 2016-08-04-нд банкнаас зээл авах зорилгоор дээр дурьдсан хаягт байрлах 90.0 сая төгрөгийн үнэ бүхий 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр Оюунцэцэгийн Ууганчимэгийг нэмж бүргүүлээд 000497545 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан Ө.Б , О.У нар өмчлөгч болсон.

2016-08-04-ны өдрөө тухайн орон сууцны хамтран өмчлөгчөөсөө Ө.Б татгалзаж О.У ганцаараа өмчлөгч болж өмчлөх эрхийн 000407204 дугаартай гэрчилгээ авчээ. Эндээс харахад нэг өдрийн дотор нэг үл хөдлөх хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой хоёр өөр бүртгэл хийгдэнэ гэж байх уу. Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15-р зүйлийн 15.1-д: ...мэдүүлгийг хүлээн авч 14 хоногийн дотор үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ" гэжээ.

2016-10-11-ний өдөр О.У дээрх орон сууцыг авахад 40.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн тул гээд М.Бийг хамтран өмчлөгчөөр нэмж оруулаад өмчлөх эрхийн 000543042 дугаартай гэрчилгээ авсан явдал нь Ө.Б ээс маргаан бүхий 2-р бичил хороолол 5-р байр 14 тоот 3 өрөө орон сууцыг 70.0 сая төгрөгөөр худалдан авсан мэтээр харагдаж байна. Гэтэл 2016-08-04-ны өдөр Ө.Б Банкнаас зээл авах зорилгоор У -ийг уг байрны хамтран өмчлөгч болгосон болохоо мартсан бололтой. Хүний орон байрыг хууль бусаар бусдад шилжүүлэхдээ юу гэж бичсэн болохоо ч мартддаг бололтой.

2016.10.21-ний өдөр буюу 10 хоногийн дараа О.У өөрийн өмчлөх эрхээсээ татгалзаж хамтран өмчлөгчөөс хасуулж дан ганц М.Бөмчлөгч болж 000515447 дугаартай гэрчилгээ авчээ.

2017-03-20-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээгээр 65.0 сая төгрөгөөр худалдагдсан байх ба 2 талын гэрээний 3.1-д: Шилжүүлж байгаа үл хөдлөх эд хөрөнгө нь худалдагчийн өмч болох нь нотлогдсон ба эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой бөгөөд гэрээ байгуулах үед бусдад худалдагдаагүй, битүүмжлэгдээгүй, хөлслөгдөөгүй, түрээслэгдээгүй, өмчлөлийн ямар нэгэн маргаангүй байна гэсэн байх бөгөөд 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл Д.О гэр бүлийн гишүүдийнхээ хамт тухайн сууцандаа амьдарсаар байхад гэрээний дээрх заалтыг биелэгдсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Үнийг нь төлөөд орон байр авч байгаа хүн тухайн байраа шалгаж үзэхийн зэрэгцээ өмчлөх эрхийн гэрчилгээгээ өөрийн гар дээрээ байлгаж байх учиртай биз дээ. Хэдийгээр О.У -ээс нэхэмжлэгч Бт орон сууц шилжиж Бөмчлөх эрхийн гэрчилгээ авсан байсан ч гэсэн өмчлөх эрхийн гэрчилгээ хариуцагч Ц.А-т байсан учир нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд орон сууц худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн болохоос Бтухайн орон сууцыг худалдах тухай ямар нэгэн зар өгөөгүй бөгөөд хариуцагч Ц.А- Ө.Б ээс авах учиртай 30.0 сая төгрөгийнхөө барьцаанд өмчлөх эрхийн гэрчилгээ нь байсан учраас Ө.Б ийн хүсэлтээр энэ худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн. Энэ гэрээний хүчин төгөлдөр бус болох нь А/ Иргэний хуулийн 128-р зүйлийн 128.2-т заасанчлан хариуцагч Ө.Б орон байрыг цааш нь бусдад шилжүүлэхдээ гэр бүлийн гишүүд болох хүмүүсийн бичгээр гаргасан зөвшөөрлийг авах учиртай байсан бөгөөд Ө.Б ийн О.Ууганчимэгийг хамтран өмчлөгч босгосон явдал нь Иргэний хуулийн 128-р зүйлийн 128.3-т: Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэжээ. Б/ **** тоот 3 өрөө сууцны өмчлөгчид 2016-04-18-ны өдөр орон сууцны өмчлөгчөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэлийн шалтгааныг тодорхой бичих хэсэгт Д.О -ийн гэр бүлийн гишүүдийн өмчлөх эрх хэдийнээс дуусгавар болох талаар байхгүй байгаагаас харахад тэд нарын өмчлөх эрх хэвээр байна гэсэн үг юм. Иймд Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл-д тооцох, мөн хуулийн 57-р зүйлийн 57.2-т: Шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна гэж заасанчлан 2017-03-20-ны өдрийн **** тоот 3 өрөө орон сууцыг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШШ2018/00391 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.А-ээс 65.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Бт олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн М.Б, Ц.А- нарын хооронд байгуулагдсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2-р баг Оюут 2 хороолол 5 дугаар байр 14 тоот 3 өрөө сууцыг худалдах худалдан авах гэрээг өөр хэлцэлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл-д тооцуулах, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах Ц.А-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 482.950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 482.950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 482.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.А- давж заалдсан гомдолдоо:

Худалдах худалдан авах гэрээний дагуу 65.000.000 төгрөг гаргуулахаар М.Бшаардсан. Гэтэл М.Бболон миний бие уг байрны өмчлөгч биш. Өөрөөр хэлбэл уг байранд ер амьдарч байгаагүй, М.Буг байрыг өмчлөлдөө бодитой шилжүүлээгүй, зөвхөн өмчлөх эрхийн бүртгэл дүр үзүүлэн хийсэн гэрээний үр дүн түүний болон миний нэр дээр шилжсэн байсан юм. Уг орон сууцны өмчлөгч Д.О гэдэг эмэгтэй байдаг тэрээр бодитойгоор уг байраа ашиглаж, өөрийн мэдэлдээ эзэмшиж байгаа. Д.О -ээс Ө.Б гэгч нь банкны барьцаанд тавиад эргүүлээд өмчлөх эрхийг шилжүүлж өгнө гэж анх өмчлөгчөөр орсон юм билээ. Ө.Б нь М.Бт өртэй байсан бөгөөд надад ч мөн мөнгө төлөх өртэй байсан юм. Миний бие уг байрыг бодитой өмчлөлдөө шилжүүлж аваагүй бөгөөд бидний хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус юм. Энэ хэргийг шийдвэрлэхэд Ө.Б ийг гэрчээр оролцуулах байсан бөгөөд энэ талаар би итгэмжлэгдсэн төлөөлөгчдөө хэлж байсан.Гэвч энэ хүсэлтийг хэрэгжүүлээгүй байна.Мөн шүүх хуралд О орж уг байранд амьдардгаа, яагаад Ө.Б д өмчлөх эрхээ шилжүүлснээ хэлсэн байна.2018 оны 04 сарын 03-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан сөрөг шаардлагад дээрхи байдлыг тодорхой дурьдсан байгаа билээ. М.Ббид хоёрын хооронд хийсэн хэлцэл нь дүр үзүүлж хийсэн хэлцэл юм. Учир нь М.Буг орон сууцанд бодитой өмчлөлийг бий болгоогүй, би ч гэсэн бодитойгоор уг байрыг өмчилж авах хүсэл зоригийг бий болгоогүй юм. Худалдах, худалдан авах гэрээний нөхцөлд зааснаар хөлслөгдөж, ашиглагдаагүй орон сууцыг шилжүүлэх заалт байгаа хэдий ч М.Буг байранд Д.О гэдэг эмэгтэй гэр бүлтэйгээ хамт амьдарч байгааг мэдэж байсан, би ч энэ байдлыг мэдэж байсан. Үүнээс үзэхэд бид хоёрын хооронд уг байрны худалдах, худалдан авах гэрээ бодитой хийгдээгүй юм. Иймээс бүтэн 1 жил М.Б, Ц.А- бид хоёрын аль аль нь уг байрыг бодитойгоор өмчлөл, эзэмшилдээ авахыг хүсээгүй нь бодит байдлын илэрхийллээр тогтоогдож байгаа юм. Шүүх миний сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай байна. Гэрч О -ийн мэдүүлэг Оюут багийн засаг даргийн тодорхойлолт зэргийг хэрхэн үнэлж дүгнэсэн талаар огт дурьдагдаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эсвэл Ц.А- миний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэсэн шаардлагыг хангаж, М.Бийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй байна.

Нэхэмжлэгч М.Бнь худалдах худалдан авах гэрээний үүрэгт 65.000.000 төгрөг хариуцагч Ц.А-ээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Ц.А- нь 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтооглох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч М.Бнь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Ц.А- нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг **** тоот 3 өрөө байрыг худалдах худалдан авах гэрээнд үндэслэн тус тус тодорхойлсон байх ба нэхэмжлэгч хариуцагч нар нэхэмжлэлийн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан байна.

Нэхэмжлэгч М.Бнь хариуцагч Ц.А- нарын хооронд 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг **** тоот 3 өрөө байрыг 65.000.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан байна.

Шүүх хариуцагчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлдээ Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг **** тоот 3 өрөө байрыг анх Ө.Б банкинд барьцаанд тавиулах зорилгоор хамтран өмчлөгчөөр орсон. Ингээд Ө.Б гэрчилгээнд олон хүний нэр байгаа учраас зээл авч чадахгүй байна гэснээр хамтран өмчлөгчөөс хасуулж Ө.Б ийн нэр дээр гэрчилгээ гаргуулсан, Ө.Б цааш нь дамжуулж бусдад шилжүүлснээр 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл Д.О гэр бүлийн хамт амьдарч байгаа.

М.БЦ.А- хоёрын хооронд хийгдсэн орон сууц худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хүчин төгөлдөр бус гэрээ тул хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэсэн, гэрч Д.О -ийн Ө.Б тэй гэр бүлийн найзууд тул зээл авах гэсэн юм хамтран өмчлөгөөр оръё гэхээр нь оруулсан. Зээл авах гэсэн чинь ганцхан миний нэр байвал зээл өгнө гэнэ гэхээр нь гэрчилгээнээс бид нэрээ хасуулсан. Тухайн үед хэдэн төгрөг хүлээн авсан, Ө.Б ээс Ц.А-т шилжсэнийг саяхан мэдсэн. Ө.Б зээл авахын тулд байранд нэрээ оруулсан бас байраа өөрийнхөө өмч гэж бодож байгаа гэж мэдүүлсэн мэдүүлэг гаргаж тайлбарлаж байх боловч тухайн үед Д.О -ээс Ө.Б д өмчлөх эрх шилжсэн Ө.Б өмчлөх эрхээ хэрхэн яаж бусдад шилжүүлсэн талаар шүүх дүгнэлт хийж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан шийдвэрлэх боломжгүй, зөвхөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэх учиртай Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх эд хөрөнгө хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсч өмнөх өмчлэгчийн эрх дуусгавар болно гэж дүгнэлт хийж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу хуулинд нийцээгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд М.БЦ.А- нарын хооронд хийгдсэн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг **** тоот 3 өрөө байрыг худалдах худалдан авах гэрээ нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндсөн /гэрч Д.О -/ байхад хариуцагч Ц.А-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийхгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нөгөө талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох Ө.Б , О.У нарыг гэрчээр асуулгах хүсэлтийг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1240 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбараа нотлох зорилгоор гаргасан хариуцагчийн хүсэлтийг шүүх хангаагүй гэж үзэхээр байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6, 40 дүгээр зүйлийн 40.3 зүйлийн зохицуулалтанд нийцээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШШ2018/00391 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн Ц.А-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Б.БАТТӨР

С.У -