| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 187/2020/0142/Э |
| Дугаар | 654 |
| Огноо | 2020-05-21 |
| Зүйл хэсэг | 20.16.1., |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 654
М.У, Н.Снарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Алтанцэцэг,
хохирогч Г.Ганзулын өмгөөлөгч Б.Энхтүвшин,
шүүгдэгч М.У, Н.С, тэдний өмгөөлөгч С.Оюунцэцэг,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/137 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Ганзулын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч М.У, Н.Снарт холбогдох 201726030511 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
байсан гэх;
Шүүгдэгч М.У нь Н.Стай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, 2017 оны 4 дүгээр сарын 9-ний өглөө 07 цагийн үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингисийн хүрээ” амралтын газар амарч байсан иргэн Г.Ганзул, Ц.Цог-Эрдэнэ, Д.Долгион нарын халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр Г.Ганзул, Ц.Цог-Эрдэнэ нарыг хүч хэрэглэн зодож, амгалан тайван байдлыг алдагдуулсан,
Шүүгдэгч Н.С нь М.Утай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, 2017 оны 4 дүгээр сарын 9-ний өглөө 07 цагийн үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингисийн хүрээ” амралтын газар амарч байсан иргэн Г.Ганзул, Ц.Цог-Эрдэнэ, Д.Долгион нарын халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр Г.Ганзул, Ц.Цог-Эрдэнэ нарыг хүч хэрэглэн зодож, амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас:
Шүүгдэгч М.У, Н.Снарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, ...хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчин амгалан тайван байдлыг алдагдуулж” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан М.У, Н.Снарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус заасныг баримтлан М.У, Н.Снарт мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, “согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох” албадлагын арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар М.У, Н.Снар нь шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг тус тус зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож мөн хуулийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд тус тус заасан журмаар ял оногдуулахыг тэдэнд мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий CD 3 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт М.У, Н.Снар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй, нэр бүхий хохирогч нар нь эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч Г.Ганзул нь давж заалдах гомдолдоо “...Шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан М.У, Н.Снарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахыг тус бүр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж заасан нь үндэслэлгүй байна.
Шийтгэх тогтоолын хэргийн талаархи шүүхийн дүгнэлт хэсэгтээ “шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөр, хохиролгүй” гэж дүгнэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ хохирогчийн эрх ашгийг үл тоомсорлож, шүүх хуралдаанд оролцох боломж нөхцлөөр ханган, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэлгүй, оролцох эсэх талаар тодруулах ажиллагааг огт хийгээгүйн улмаас хохирогч өөрт учирсан хохирол, гомдлын талаар нотлох баримтыг гаргаж өгөх боломж олгосонгүй.
Тус хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм буруугийн шүүх хуралдаанд миний бие С.Базарханд шүүгчийн туслах А.Арайн хариуцлагагүй, эсхүл санаатай үйлдлийн улмаас биечлэн оролцож гомдол саналаа илэрхийлж, өөрт учирсан хохирлыг нэхэмжлэн мэтгэлцэх эрхээ эдэлж чадалгүй хохирч байна.
Миний бие 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдөр шүүгчийн туслах А.Арайтай “99880046” гэх дугаараар дамжуулан холбогдож, шүүх хуралдааны товын талаар лавлаж, хуралдаанд өөрийн биеэр биечлэн оролцох тухайгаа илэрхийлж, түүнд мэдэгдсэн. Шүүхээс ямар нэгэн хурлын тов мэдэгдэлгүй таг болсон тул А.Арай руу 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр “80015081” гэх утасны дугаараар дахин холбогдоход тэрээр “...шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийгээд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хурлыг яаралтайгаар зарлан 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр шийдвэрлэчихсэн, хохирогчид хурлын товыг мэдэгдэх шаардлага байхгүй, прокурор хохирогчийг оролцуулах шаардлагагүй гэсэн тул хохирогчид мэдэгдэлгүй буюу байлцуулалгүйгээр шийдвэрлэсэн...” гэх хариуг өгсөн.
Улмаар хохирогч миний Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад заасан “...өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрх...”-ийг минь ноцтой зөрчлөө.
Дээрхээс дүгнэхэд шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9, 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасны дагуу шүүх хуралдааны товыг хохирогчид 3-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх үүргээ эс биелүүлж, тус хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.13-д заасан хэргийн оролцогч болох хохирогч миний 8.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох эрхийг шууд санаатайгаар зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүхээс хуульд заасан үүргээ биелүүлж, хохирогчийн эдлэх ёстой эрхийг эдлүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг маш ноцтойгоор зөрчсөн эс үйлдэхүй юм. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ" гэж заасан.
Шүүхээс тус хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтуудыг чанд сахих үүргээ биелүүлээгүйн улмаас хохирогч нь шүүх хуралдаанд гаргаж өгөхөөр бэлдэж байсан өөрт учирсан хохирлын нотлох баримтуудыг гаргаж өгч чадсангүй.
Улмаар шүүхээс хохирогчийн эрхийг зөрчсөн дээрх эс үйлдэхүйдээ дулдуйдан шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хохирлын нотлох баримт байхгүй гэж дүгнээд оногдуулсан хорих ялыг тэнссэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол”, 1.4 дэх хэсэгт “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэж заасан. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх хангалттай үндэслэл бүрдэж байна.
Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/137 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэжээ.
Хохирогч Г.Ганзулын өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулаагүй. Үүнд, бид гомдол гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9, 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасны дагуу шүүх хуралдааны товыг хохирогчид 3-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх үүргээ эс биелүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.13-д заасан хэргийн оролцогч болох хохирогчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан “шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох” эрхийг шууд санаатайгаар зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх хүсэлтэй байна. ...” гэв.
Шүүгдэгч М.У “тус шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй” гэв.
Шүүгдэгч Н.С “тус шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 4 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө болсон асуудал байдаг. 4 удаа прокурорын тогтоолоор “танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй” гэх үндэслэлээр хэргийг хаасан байдаг. Гэтэл 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар бүлэглэсэн, танхайрсан гэх зүйлээр яллаж, яллагдагчаар татсан. Камерын бичлэгээс харахад хэрүүл, маргааныг эхлүүлсэн хүн бол хохирогч өөрөө байдаг. Гарч ирээд шүүгдэгч нартай маргалдаад цохисон байдаг. Ингээд олон нийтийн газар танхайрсан уу гээд шалгахаар амралтын газар амарч байсан хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулсан болон аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг тасалдуулсан зүйл тогтоогддоггүй. Шүүгдэгч М.Уын дүү өвчтэй хэвтэрт байдаг. Эмчилгээ, сувилгааны мөнгийг нь шүүгдэгч Э.Учрал ажил хийж олдог. Уг хэргээс болж 3 удаа ажлаасаа халагдсан. 3 жил хохироод явж байна гэдэг. Шүүгдэгч нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулаагүй. 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хохирогч мэдүүлэхдээ “надад 3 сая төгрөг өгчих. Тэгвэл гомдолгүй гэж хэлнэ” гэсэн байдаг. Мөн хохирогчийн ах, дүү нь прокурорт ажилладаг. “Мөнгө өгөөгүй тохиолдолд заавал шоронд оруулна” гэдэг. Сүүлдээ 3 сая төгрөг нь 6 сая болсон байдаг. Мөн хохирогч “180.000 төгрөгөөр томографийн зураг авхуулсан, хоёр удаа бариачид бариулсан санагдаж байна” гэдэг. Өөр эмчилгээ хийлгээгүй гэх мэдүүлэг хавтас хэрэгт авагдсан байдаг. Бидний зүгээс “уулзъя” гэхээр хохирогч ирдэггүй. Үнэхээр гомдолтой байгаа бол өнөөдрийн шүүх хуралдаанд ирээд тайлбараа хэлэх боломжтой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсын бөгөөд үндэслэлтэй гарсан. Хохирогч Г.Ганзул нь мөрдөн шалгах ажиллагаанд болон прокурорын шатанд хохирлын баримт гаргаж өгдөггүй. Хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө прокуророос хохирогчтой холбогдож “нэхэмжлэх зүйл байна уу” гэж асуухад “нэхэмжлэх зүйл байхгүй” гэж хэлдэг. Ингээд хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх” хүсэлт гаргасны дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг зарласан байдаг. Урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх захирамж гарсны дагуу шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирол нэхэмжлээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзаад прокуророос яллагдагч нартай ял тохиролцож анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д “шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох;” гэж заасан хохирогчийн эрхийг хангаагүй, мөн хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ.” гэж заасан хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй байна.
Прокуророос хохирогч Г.Ганзулыг шүүх хуралдаанд оролцуулах саналтай, хохирлын баримтаа өгөөгүй байсан талаар яллах дүгнэлт үйлдэж /3хх 25/ хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Гэтэл анхан шатны шүүх хохирогчийн хохирлын асуудлыг хэрхсэн болохыг хянаж шийдвэрлэлгүйгээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг даруй үргэлжлүүлэн явуулж болно” гэж заасныг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Дээрхи байдлууд нь хохирогчийн эрхийг хязгаарласан нөхцөл байдлыг бий болгожээ.
Мөн анхан шатны шүүх шүүгдэгч М.У, Н.Снарт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол...” гэж заасан хуулийн шаардлагыг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэрхэн хангаж байгаа талаар хууль зүйн дүгнэлт өгөөгүй нь хуульд нийцээгүй төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн нь хууль хэрэглээний хувьд буруу болжээ.
Иймд давж заалдах шатны шүүх хохирогч Г.Ганзулын гомдлыг хангаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.У, Н.Снарт холбогдох эрүүгийн 201726030511 дугаартай хэргийг ердийн журмаар, анхан шатны шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/137 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.У, Н.Снарт холбогдох эрүүгийн 201726030511 дугаартай хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч М.У, Н.Снарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ