| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Одмаа |
| Хэргийн индекс | 128/2026/0155/З |
| Дугаар | 221/МА2026/0351 |
| Огноо | 2026-05-21 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2026/0351
Ж.Бын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2026/0348 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц-ийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэгч шүүгч Ц.Одмаа
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Ж.Б
Хариуцагч: нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.Б
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э
Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 128/2026/0155/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2026/0348 дугаар шийдвэрээр “... Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Бын гаргасан хүсэлтийн дагуу газрын хэмжээг нь 300 м.кв болгон нэмэгдүүлж, өмчлүүлэх захирамж гаргахаас татгалзсан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01-08/8395 дугаартай захиргааны актыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж ...” шийдвэрлэжээ.
2. Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
2.1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан “захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлэх” зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.
2.2. Нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлээгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан Геодези, зураг зүйн ерөнхий газрын зураглал болон шүүхийн үзлэгээр нэгэнт тогтоогдсон “инженерийн шугам сүлжээний давхцал” хэмээх бодит нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт өгөлгүй орхигдуулсан байна. Нотлох баримтаар нэгэнт тогтоогдсон үйл баримтыг “дахин тодруулах шаардлагатай” гэж үзэж, захиргааны актыг түдгэлзүүлсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимтай нийцэхгүй байна.
2.3. Тогтоогдсон үйл баримт болон шүүхийн дүгнэлт зөрүүтэй. Шүүх шийдвэрийнхээ “Тогтоогдсон үйл баримт” хэсэгт нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан газар нь цэвэр, бохир ус болон цахилгааны шугамын хамгаалалтын бүстэй давхцалтай болохыг хүлээн зөвшөөрсөн атлаа “давхцалгүй хэсгийг өмчлүүлэх боломжийг захиргааны байгууллага судалж үзээгүй” гэх хийсвэр үндэслэлээр актыг түдгэлзүүлсэн нь логик алдаатай бөгөөд хэргийн бодит нөхцөл байдалд нийцээгүй дүгнэлт болжээ. Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “...зам, шугам сүлжээний газраас бусад газарт” газрыг өмчлүүлэхээр хууль тогтоогч императив (заавал биелүүлэх) хэм хэмжээгээр хориглосон байдаг. Хэргийн материалд авагдсан Геодези, зураг зүйн ерөнхий газрын зурган мэдээлэл болон хэргийн оролцогчдын тайлбараар нэхэмжлэгчийн өмчлөхийг хүсэж буй 300 м.кв талбай бүхий газар нь инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүстэй бодитоор давхцалтай болох нь нэгэнт тогтоогдсон. Анхан шатны шүүх дээрх хуулийн хориглох зохицуулалтыг хүлээн зөвшөөрсөн атлаа “тусгай нөхцөлтэйгөөр өмчлүүлэх боломж байгаа эсэхийг судлах” үүргийг захиргааны байгууллагад хүлээлгэсэн нь хууль бус юм. Нийтийн эрх ашгийг хамгаалсан хуулиар хориглосон бүхий бүсэд “тусгай нөхцөл” гэх нэрээр газар өмчлүүлэх эрх зүйн боломж захиргааны байгууллагад олгогдоогүй бөгөөд энэ нь хууль дээдлэх зарчимд харшилж байна.
2.4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол зорилго нь захиргааны актын хууль ёсны байдлыг хянах болохоос биш, нэгэнт тогтоогдсон нөхцөл байдлыг захиргааны байгууллага руу “дахин судлуулахаар” буцаах замаар шийдвэр гаргахаас зайлсхийх явдал биш юм.
2.5 Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа болон эрх зүйн залгамж чанарын тухайд, нэхэмжлэгч Ж.Б нь 2005 онд газар өмчлөх хүсэлтээ гаргаж, Нийслэлийн Засаг даргын 186 дугаар захирамжаар 181.46 м.кв газрыг өмчлөн авч, 2006 онд улсын бүртгэлийн гэрчилгээг ямар нэгэн гомдолгүйгээр хүлээн авсан байдаг. Захиргааны эрх зүйн харилцаанд иргэн өөрт олгогдсон эрхийг хүлээн зөвшөөрч, 20 жилийн турш уг захиргааны актын эрх зүйн үр дагаврыг эдэлж ирсэн нь тухайн актыг нэхэмжлэгчийн хүсэл зоригт нийцсэн, хуулийн хүчин төгөлдөр шийдвэр болохыг нотолж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт дуусгавар болсон нь шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болдог. Гэтэл анхан шатны шүүх “анхнаасаа хууль бусаар хасагдсан” гэх нэхэмжлэгчийн тайлбарт хууль зүйн дүгнэлт өгөлгүй орхигдуулсан нь эрх зүйн тогтвортой байх зарчим болон хууль ёсны итгэл хамгаалах зарчмыг ноцтойгоор алдагдууллаа.
2.6. Шүүх “тухайн үеийн захиргааны актын үр дүн” гэдгийг шийдвэртээ дурдсан атлаа 20 жилийн өмнөх үйл баримтыг дахин нягтлан судалж шинэ акт гаргахыг даалгасан нь хуулийн хүчин төгөлдөр актын залгамж чанарыг үгүйсгэсэн, процессын алдаатай дүгнэлт юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэгч 20 жилийн турш уг актыг биелүүлж ирсэн атлаа өнөөдөр “анхнаасаа хууль бусаар хасагдсан” гэж маргаж буй нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудалд хууль зүйн дүгнэлт өгөлгүй орхигдуулсан байна. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2026/0348 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хариуцагчийг хуульд заасан журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүрт дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ”, 56 дугаар зүйлийн 56.1-д “Хэрэг үүсгэсэн шүүгч дараахь ажиллагаа явуулна”, 56.1.1-д “хариуцагчийг дуудан ирүүлж, нэхэмжлэлийн хувийг гардуулж, энэ тухай баримтжуулах”, 56.1.2-д “хэргийн оролцогчид эрх, үүргийг нь тайлбарлан өгч, энэ тухайгаа баримтжуулах”, 57 дугаар зүйлийн 57.1-д “Хэрэг үүсгэсэн өдрөөс хойш нийслэлд долоо, орон нутагт 14 хоногийн дотор шүүх нэхэмжлэлийг хариуцагчид гардуулна”, 106 дугаар зүйлийн 106.2-д “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж тус тус заасан.
4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Ж.Баас нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “...Ж.Бын хууль ёсоор өмчлөх эрхтэй газрын хэмжээг 300 м.кв болгон нэмэгдүүлж захирамж гаргахаас татгалзсан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01-08/8395 дугаартай татгалзлыг хууль бус болохыг тогтоож, газрын хэмжээг 300 м.кв болгон нэмэгдүүлж захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад, Ж.Бын өмчлөлийн газрыг 300 м.кв-аар кадастрын зургийг оруулан бүртгэхийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгах...” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
5. Тус шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШЗ2026/0919 дүгээр захирамжаар уг нэхэмжлэлээр нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01/1291 мөн өдрийн 01/1292 дугаар албан бичгүүдээр хариуцагч нарт итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон ирүүлэх, хариу тайлбар, нотлох баримт гаргуулахаар нэхэмжлэлийн хувийг хүргүүлсний дагуу хариуцагч нийслэлийн Засаг даргаас 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 01/699 дүгээр албан бичгээр уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүнийг төлөөлөн оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилон ирүүлсэн. Харин хариуцагч нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эсэх хариу тайлбар, түүнд холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүй байна.
6. Улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “...Ж.Бын хууль ёсоор өмчлөх эрхтэй газрын хэмжээг 300 м.кв болгон нэмэгдүүлж захирамж гаргахаас татгалзсан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01-08/8395 дугаартай татгалзлыг хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлагыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн атлаа “газрын хэмжээг 300 м.кв болгон нэмэгдүүлж захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад, Ж.Бын өмчлөлийн газрыг 300 м.кв-аар кадастрын зургийг оруулан бүртгэхийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах” шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан, энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасанд нийцээгүй, энэхүү зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.
7. Өөрөөр хэлбэл, хариуцагч нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эсэх талаарх тайлбарыг гаргуулаагүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилоогүй байхад түүнд холбогдох шаардлагыг дахин шинэ акт гаргахаар шийдвэрлэж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагын талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан, хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан байна.
8. Зүй нь шүүх нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулж, хариу тайлбар, түүнд холбогдох баримтыг гаргуулсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлага тус бүрд дүгнэлт өгч хэргийг нэг мөр шийдвэрлэх байжээ.
9. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.1, 121.3.7 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2026/0348 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ОДМАА