| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2023/0124/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/04 |
| Огноо | 2024-01-03 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2023/0124/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.Одхүү даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Э.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Д.Ч
Иргэдийн төлөөлөгч Н.Аюушбаатар
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн
өмгөөлөгч Л.Наранчимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл
Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Батсүрэнгээр хөтлүүлж,
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-д холбогдох 2239002160140 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ц.Б-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн ******* сумын 6 дугаар баг тоот хашааны гадна хэсэгт 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын орчим насанд хүрээгүй хохирогч Б.З-тай "ээжийгээ авч явах гэлээ" гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Б.З-ын зүүн гуя хэсэгт зэвсгийн чанартай зүйл буюу нийт 20,5 см урттай цагаан өнгийн төмөр эвхмэл хутгаар 1 удаа хутгалж, түүний эрүүл мэндэд зүүн гуяны артери, вен, мэдрэл тасарсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
Мөн Хэнтий аймгийн ******* сумын 6 дугаар баг тоот хашааны гадна хэсэгт 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын орчим Б.Ө-ын баруун хөлийн дотор хэсэгт нийт 20,5 см урттай цагаан өнгийн төмөр эвхмэл хутгаар 1 удаа хутгалж, түүний эрүүл мэндэд баруун хөлийн дотор хэсгийн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь “эмчилгээний зардалд 5.000.000 төгрөг авсан, гомдолтой байна, цаашид гарах эмчилгээний зардалд 20.000.000 төгрөг нэхэмжилнэ” гэжээ.
Шүүгдэгч “ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна “ гэжээ.
Мөрдөн байцаалтын үед:
Насанд хүрээгүй хохирогч Б.З-ын өгсөн: ...би Хэнтий аймгийн ******* сумын төвд байх хүргэн ах ******* гэх айлд байж байхад 2022 оны 05 дугаар сарын 18-ны орой 01 цаг өнгөрөөд 02 цаг болох гэж байхад хамаатны дүү ******* бие засах гэж гараад орж ирэхдээ надад танай ээжийн дүү энэ баруун тал гараад байна хүн ээжийг чинь зодоод байх шиг байна гэхээр нь дүү *******ийн хамт ээжийн дуу гарсан газар руу очиход Ө гэх айлын хашааны гадаа гудамжинд манай ээж*******, Б ах, ******* ах гурав хоорондоо маргалдаад манай ээжийн араас Б ах тэвэрчихсэн байхаар нь би очоод та яагаад байгаа гээд цааш нь түлхсэн чинь манай ээж намайг урдаас тэврээд авсан тэгтэл Б ах намайг нүүр хэсэг рүү цохих гэхэд нь би арагш болтол манай ээжийн баруун шанаа хэсэг рүү цохичихоор нь би Б ахыг очоод хавирч унагаад дээр нь суутал гэнэт миний зүүн гуяны дотор хэсгээр халуу оргиод ирэхээр нь хартал миний өмд дан цус болоод гоожихоор нь хутгалчихсан байна гэж мэдээд Б ахын дээрээс босоод баруун урд хашааны булан чиглээд дахиад араас ирээд хутгалчих вий гэж бодоод гүйсэн...миний зүүн хөлийн гуяны дотор хэсэгт нэг удаа хутгалсан би эмнэлэгт маш их цус алдаж шоконд орсон байдалтай ирээд гуяныхаа дотор талын шарханд 3-н оёдол тавиулсан...******* сумын 2 дугаар багт байдаг Б ах хутгалсан...Би маш их гомдолтой байна... гэх мэдүүлэг /хх-ийн 20-25 хуу/...Би өөрт учирсан хохирол төлбөрийг нэхэмжилнэ. Миний биеийн байдал сайжрахгүй, хөл маань чинэрч бадайрч өвддөг. Би маш их гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 хуу/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б ын өгсөн: ...2022 оны 05 дугаар сард намайг хөдөө гэртэй ганцаараа байхад сумын эрүүл мэндийн төвөөс таны хүү Б.З нь бусдад хутгалуулсан байна гэж утсаар надад мэдэгдсэн. Тэгэхлээр нь би сумын төвийн эмнэлэгт очисон чинь миний хүү Б.З нь хүнд хутгалуулчихсан байсан. Харин миний төрсөн дүү******* нь миний хүүг харж байсан. Тэгээд юу болсон талаар нь дүүгээсээ асуухад миний салсан эхнэр******* хамт амьдардаг залуу Б буюу Ц.Б-г хутгалсан гэдгийг нь мэдсэн. Ийм л асуудал болсон... Би маш их гомдолтой байна. Миний хүү Б.З нь одоог болтол маш их айдастай байгаа ганцаараа явж чадахгүй болсон. Мөн хүүгийн маань эмчилгээний зардалтай холбоотой зардлыг нэхэмжил байгаа байна...гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 хуу/
Хохирогч Б.Ө-ын өгсөн: ...******* хүү, бас нэг хүүтэй 2 -лаа хамт ирээд Ц.Б-г та яагаад байгаан гээд түлхсэн тэгтэл******* хүүгээ урдаас нь тэвэрч аваад цаашлуулж байхад араас нь Б очоод цохих гээд далайтал*******ийн толгой хэсэг рүү цохьчих шиг болсон тэгтэл З уурлаад миний ээжийг яаж байгаа юм гээд Ц.Б рүү дайраад, тэр хоёр газар унацгаасан тэгээд дээр*******ийн хүү гарч суугаад ноцолдоод байхаар нь би салгах гээд тэр хоёрын нь дундуур орсон тэгтэл З гэнэт босоод гүйгээд алга болсон. Тэгээд би Ц.Б ,******* хоёрыг гэртээ дагуулж ороод орон дээр суутал миний баруун хөлийн шилбэ чинэрч өвдөөд байхаар нь хартал гутал дотор дүүрэн цус болчихсон байхаар нь өмдөө дээшлүүлээд харахад миний шилбэний ар хэсгээс мах булцайгаад гарчихсан байхаар нь би Ц.Б-д чи яаж байгаа юм намайг хутгалсан байна гэж уурласан ...тэгээд би Саруул эгчийнд очиход Саруул эгч танайд юу болоод байгаан Б.З хаан байна үхэх гэж байгаа юм бишүү утсаар над руу яриад байна гээд надаас түрүүлээд Оноко гэдэг зээ охиноо дагуулаад гарсан ...тэгээд би хөлнөөс цус гараад өвдөөд байхаар нь эмнэлэг дуудсан...намайг эмнэлэг дээр ирэхэд*******ийн хүү Зоригбаатар эмнэлгийн хүлээн авахын орон дээр хөлнөөсөө цус алдаад хэтцэн эмч нар гүйлдээд байсан. Би эмчид үзүүлэхэд миний баруун хөлийн шилбэний арын булчин хэсэгт 2 см орчим газар хутгаар дүрсэн байна гээд миний хөлөнд 3 оёдол тавьж, надад дусал тариа хийсэн ...Ц.Б , З хоёр ноцолдоод байсан тэгэхдээ Ц.Б хутгалсан байх...тэр өдөр дурангаасаа хуйтай хутга зүүлттэй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 хуу/...надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 87-88 хуу/
Гэрч өгсөн: ...2022 оны 05 дугаар сарын 18-ны шөнө намайг гэртээ амарч байхад 02 цагийн үед эмнэлгээс яаралтай дуудлага ирсэн. Тэгээд намайг эмнэлэг дээр очиход тус сумын иргэн Б.З нь зүүн хөлийн гуяны урд хэсэгт хутгалуулсан шархтай маш их цус алдсан, биеийн байдал хүнд ирсэн байсан. Б.З-ын биед үзлэг хийхэд ухаан саруул, хэл яриа дультраатсан байдалтай, арьс салст цагаан цонхигор, зүрхний цохилт минутад 112 удаа АД- 70/30-АД-60/20 той, амьсгалын тоо минутад 22 удаа, хэл нимгэн цайвар өнгөртэй, хэвлий зөөлөн эмзэглэлгүй, халуун 33,10, хэсэг газрын үзлэгээр зүүн гуяны урд дунд хэсэгт хутганы шархтай, шархнаас цус гоожсон байдалтай шархны урт 4 см, гүн нь 1,5-2,0 см байсан. Баруун төмсөг хавдсан эмзэглэлтэй байсан. Ингээд биеийн байдлыг маш хүнд гэж авч үзээд яаралтай тусламжийн арга хэмжээг аваад цагдаагийн байгууллагад мэдэгдээд байж байтал миний гар утас руу 02 цаг 50 минут орчимд тоотод иргэн Б.Ө нь хөлдөө хутгалуулсан гэх дуудлага ирсний дагуу бага эмч явуулж Б.Ө эмнэлгийн анхны тусламж үзүүлэн эмнэлэгт авч ирсэн. Б.Ө-ы биед үзлэг хийхэд биеийн байдал дунд асуумж авахад архи үнэртсэн байдалтай байсан. Зүрхний хэм 92 удаа АД-100/60-АД-110/70 байсан. Амьсгал 1 минутад 20 удаа, уушги хэвийн, хэл цэвэр, хэвлий зөөлөн эмзэглэлгүй байсан. Хэсэг газрын үзлэгээр баруун хөлийн шилбэний ар хэсэгт хутгалуулсан шархтай, шархнаас цус гарсан байдалтай шархны хэмжээ 3,5 см урттай, гүн 1,5 см байсан тул яаралтай тусламжийн арга хэмжээг авч ажилласан...Намайг асуумж авахад Б.З нь ******* сумын 2 дугаар багийн иргэн Ц-гийн хүү Б /Б / хутгалуулчихсан гэж хэлж байсан. Мөн өвчтөн Б Ө оос асуумж авахад намайг Б /Б / гэх хүн хутгалсан гэж хэлж байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 51 хуу/
Гэрч өгсөн: ....Б.З 16 настай эрэгтэй хүүхэд байсан. Б.Ө 41 настай эмэгтэй байсан...Б.З-ыг эмнэлэгт авч ирээд хэнд хутгалуулсан бэ гэж асуухад Б гэж хариулж байсан. Мөн Ө-оос асуухад Б намайг хутгалсан гэж хэлж байсан... Б гэж Хэнтий аймгийн ******* сумын 2 дугаар малчин Ц.Б гэх залуу байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 55 хуу/
Гэрч өгсөн: ...Би 2022 оны 05 дугаар сарын 17-ны орой ******* сумын төвд байдаг ахтай хоёулаа 0,75 граммын Соёрхол нэртэй нэг шил архи хувааж уугаад Дахиж нэг шил архи ууя гээд Ундрах зоогийн газрын гадаа ирээд ороход тэнд Ө ,,******* гурав Сэрүүн нэртэй пиво уугаад сууж байсан. Тэгээд бид хоёр нийлээд хамт Нийслэл нэртэй пиво аваад цуг сууж ууцгаасан Тэгээд удаагүй байхад гаднаас манай сумын залуу Б орж ирээд бид хэдтэй нийлээд хамт Ө-ынх руу очихоор болоод тэр газраасаа 2,5 литрийн Боргио нэртэй 3 сав пиво аваад гарч гараад Ө ы гэрт бид хэд бүгдээрээ очиж авсан пивоо уугаад юм яриад сууж байтал гэрээс гараад явчихаар нь би араас нь олж авчрах гээд гарсан тэгээд гадаа гараад салхинд цохиулаад тасарчихсан байна лээ өглөө гэгээ орж байхад Ө хашааны баруун талын хашааны гадаа суугаагаараа унтчихсан байсан.... Б.Ө , Б., Ц.Б , Н., бид хэд байсан тэгээд хамгийн түрүүнд гараад явсан би араас нь гарсан, нөгөө хэд гэрт үлдсэн би эргэж гэрт ороогүй... Намайг гэрт байхад тийм зүйл ажиглагдаагүй, хоорондоо юм яриад сууцгааж байсан... Орой нь бид хэдийг хамт явж байхад Ө хөл зүгээр байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 59 хуу/
Гэрч Б.******* өгсөн: ...Би 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ажлаа тараад Арвижих дэлгүүрт ороод худалдагчын хамт найз Ө ы гэрт очсон тэгээд бид гурав 22 цаг өнгөрч байхад Ундрах зоогийн газарт очиж 2,5 литрийн Сэрүүн нэртэй пиво авч уугаад сууж байтал гаднаас манай сумын , гэх хоёр залуу орж ирээд бид 3-тай хамт суусан. Тэгээд бид хэдийг пиво ууж байтал гаднаас Б гэх залуу орж ирсэн, тэгээд бид нартай хамт сууж 2,5 литрийн Нийслэл нэртэй пиво ууцгаагаад тэгээд тэндээсээ гарах болоод найз Ө ыд очъё гээд гарахдаа 2,5 литрийн 3 том пиво авсан. Ө ыд очиход гэрт нь хүн байгаагүй бид нар зургуулаа гэрт нь очоод авсан пиво уугаад юм яриад сууж байсан. Тэгтэл гараад алга болсон. Тэгэхээр нь би араас нь гарахад 00-д сууж байсан. Тэгээд би очоод оръё гэхэд та орж бай би араас чинь орлоо гэсэн тэгэхээр нь би гэрт түрүүлээд орж ирээд байсан чинь араас хальт орж ирээд удалгүй эргээд алга болсон. Тэгтэл дараахан нь бас гэрт байхгүй гараад явсан байсан. Тэгээд гэрт Б . Ө , бид 4 үлдээд байж байсан тэрнээс хойш би болсон асуудлын талаар юу ч санахгүй байна. Нэг мэдэхэд өглөө болсон 10 цаг өнгөрч байхад Б гийн гэрт сэрсэн. Тэгээд сэрээд Б гийн гар утсыг харсан чинь манай ээж болон миний охин нараас олон дуудлага ирсэн байхаар нь гайхаад ээж рүү залгасан чинь чи хүн мөн үү хүүхэд чинь хүнд хутгалуулчихаад үхэх гэж байхад архи уугаад алга болчих юм гуйлгачин минь хүүхэд рүүгээ очооч гэхээр нь та юу яриад байгаа юм бэ би юу ч санахгүй байна шүү дээ хэлээд охин рүү залгаж өчигдөр шөнө юу болсон юм бэ гэж асуухад та ямар сонин юм бэ аа хүнд хутгалуулаад хамаг бие нь цусгүй болоод үхэх гэж байхад хаашаа алга болчихдог юм бэ зөндөө залгалаа утсаа аваач гээд загнасан. Тэгэхээр нь ээж нь юу ч санахгүй байна нээрээ юм уу гэхэд манай охин би юу гэж худлаа ярих юм бэ гээд уйлсан. Тэгээд би хэсэг сонин болоод Б гээс юу болсон юм бэ гэж асуухад би юу ч санахгүй байна гэсэн. Тэгэхээр нь би өндийгөөд харахад орны урдуур цус болсон байсан энэ юун цус вэ гэж Б гээс асуугаад татсан чинь гар нь дүүрэн цус болчихсон байсан. Тэгэхээр нь ахиулаад харсан чинь зуун гарын ядам хурууны өндөг нь Нэлээн лав зүсэгдсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 хуу/
Гэрч өгсөн: ... Би 2022 оны 05 дугаар сарын 18-ны шөнө гэртээ байхад манай хүү ******* гарч орж ирээд манайд хэвтэж байсан З-ын өрөө рүү ороод нэг юм хэлэх шиг болсон. Тэгтэл З болон манай хүү ******* нар гэрээс гүйгээд гарсан тэгэхээр нь хаашаа явж байгаа нь бол гээд араас нь гарч харахад гудмаар баруун тийшээ гүйгээд явж байсан тэгэхээр нь эргэж гэртээ орж ирээд нөхөртөө баруунтай гийн тэр хавьд бөөн дуу болоод согтуу хүмүүс байх шиг байна гэж хэлсэн. Тэгээд би хэсэг хүүгээ хүлээгээд унтахгүй байж байгаад ирэхгүй болохоор нь санаа зовоод согтуу хүмүүс рүү явчихлаа гээд араас нь очих санаатай гэрээсээ гарсан чинь манай хүү хашааныхаа баруунтай зогсож байсан тэгээд намайг яах гээд байгаа нь гэхээр нь буцаад гэр рүүгээ орсон. Тэгээд байж байтал хэсэг хугацааны дараа манай хүү над руу залгаад аа ах хүнд хутгалуулчихлаа гэж утсаар ярихаар нь хаана юм бэ гэж асуухад аа ахын дэлгүүрийн урд гэж хэлсэн тэгэхээр нь би нөхрийгөө босоорой гээд машинаа асаагаад хамт яваад очиход манай дүү З бөөн цус болчихсон газар хэвтэж байсан. Тэгэхээр нь эмнэлгийн дуудлагын дугаар луу залгасан чинь утсаа авахгүй байхаар нь би өөрийн биеэр эмнэлэгт очиход сувилагч ээ эгчид манай дүү аагийн дэлгүүрийн урд хүнд хутгалуулчихаад байна яах вэ гэхэд надад эмнэлгийн анхны тусламжийн багажаа өгөөдаа эмч рүү оч гэсэн. Тэгээд нөхөр бид хоёраа эмчийг гэрээс нь аваад дүү рүүгээ очсон...гэх мэдүүлэг /хх-ийн 68-70 хуу/
Насанд хүрээгүй гэрч Н.*******ийн өгсөн: ...Би 2022 оны 05 дугаар сарын 18-ны шөнө 00 цаг өнгөрч байхад унтахынхаа өмнө бие засах гээд гарахад манайхаас баруун тийш******* эгчийн дуу гараад чи яагаад намайг дандаа зовоогоод байдаг юм бэ гээд хашхичаад байсан. Тэгэхээр нь би З ахын гэр рүү орж танай ээжийн дуу баруунтай гараад хашхичаад байна гэж хэлэхэд З ах шууд гэрээсээ гүйгээд гарсан. Тэгэхээр нь би араас нь хамт явсан тэгээд гудмаар баруун тийшээ явж байтал Ө эгчийн гэрийн хашааны урд хэсэг хүмүүс муудалцаад байхаар нь очиход З ахын ээж*******, Б , , Ө нар байсан тэгээд З ах очоод Б гэх хүнд хандан та ээжийг яагаад байгаа бэ гээд түлхэхэд******* эгч З ахыг шууд тэвэрч аваад цаашлуулахад араас нь Б гэх хүн З ахыг цохих гэхэд нь З ах арагш булттал******* эгчийн хацар хэсэг рүү нь цохисон. Тэгтэл З ах уурлаад яаж байна гээд Б гэх хүнтэй дээр дороо ороод газар унаад өгсөн тэгэнгүүт нь би очоод Б гэх хүнийг өшиглөх гэтэл намайг******* эгч бариад холдуулаад явуулахгүй байсан тэгтэл гэнэт З ах босоод гүйгээд явахаар нь би цохиод зугтаж байна гэж ойлгоод зүүн тийшээ гэрийнхээ зүгт зугтаасан тэгээд хашааны буланд очоод З ахыг хаанаас гарч ирэх нь үү гээд хэсэг хугацаанд хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь гэр рүүгээ орж ус уугаад эргээд гэрээсээ гараад хашааны гадаа гартал З ахын эгчтэй таарсан тэгтэл надад аа хаана байна хүнд хутгалуулчхаад байна гээд утсаар ярьж байна. аагийн дэлгүүрийн урд байна гэнэ гэсэн тэгэхээр нь хашааны урд талаар нь яваад очиход З ах газар хэвтсэн утасныхаа гэрлийг асаагаад байж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 хуу/
Иргэний нэхэмжлэгч гийн өгсөн: ... дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.З 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хэнтий Уламжлалт анагаах ухааны эмнэлэгт тус тус хэвтэн эмчлүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас 5.645.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх зардлыг Ц.Б гээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн Төрийн сангийн 10090000280 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 363 дугаартай дүгнэлт:
1. Б.Ө-ын биед баруун хөлийн дотор дээд хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой /хх-ийн 113-114 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 374 дугаартай дүгнэлт:
1.2. Б.З-ын биед зүүн гуяны артери, вен, мэдрэл тасарсан хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.
3 Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
6. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой /хх-ийн 155-157 хуу/
Ц.Б гийн яллагдагчаар өгсөн: ...Би 2022 оны 05 дугаар сарын 18-ны шөнө 02 цагийн орчимд Хэнтий аймгийн ******* сумын төвд гудамжинд Ө , З нарыг хутгалж биед нь гэмтэл учруулсан үйлдэлдээ маш их харамсаж мөн гэмшиж байна ...би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 176 хуу/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-13 хуу/
Хохирогч Б.З-ын өвчний түүхийн хуулбар /1 хх-ийн 129-154 хуу/
Ц.Б гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 179хуу/
Ц.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 182 хуу/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгч, эмчилгээний зардалд тооцоож нэхэмжилсэн нийт 1.674.459 төгрөгийн үнийн дүн бүхий баримтууд /1 хуу-ийн 209-214, 239-242 хуу, 2 хх-ийн 61-62 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 47-48 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Ц.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ц.Б нь согтуурсан үедээ Хэнтий аймгийн ******* сумын 6 дугаар баг тоот хашааны гадна 2022 оны 05 дугаар сарын 18-ны шөнийн 01 цаг 30 минутын орчим Б.Ө , 15 нас 10 сартай Б.З нартай маргалдаж, Б.З-ын зүүн гуя хэсэгт 1 удаа хутгалж, түүний эрүүл мэндэд зүүн гуяны артери, вен, мэдрэл тасарсан шарх бүхий гэмтэл учруулсан, Б.Ө-ын баруун хөлийн дотор хэсэгт 1 удаа хутгалж, түүний эрүүл мэндэд баруун хөлийн дотор хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдлууд тогтоогдсон бөгөөд эдгээр нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч Б.З , хохирогч Б.Ө нарын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Ц.Б гийн үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.З-ын эрүүл мэндэд зүүн гуяны артери, вен, мэдрэл тасарсан шарх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах,
Хохирогч Б.Ө-ын эрүүл мэндэд баруун хөлийн дотор дээд хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Б нь дээрх гэмт хэргүүдийг үйлдэхдээ нийт урт 20,5 см хэмжээтэй эвхдэг хутга ашигласан болох нь тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн “Тайлбар”-т “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. гэж тайлбарласан байна.
Үүнээс үзэхэд шүүгдэгч Ц.Б нь насанд хүрээгүй хохирогч Б.З-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан хэргийг зэвсэг ашиглаж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул уг үйлдлийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан буюу зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргээр зүйлчлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Б нь хохирогч Б.Ө-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ц.Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иргэдийн төлөөлөгч Н.Аюушбаатар шүүх хуралдааны үед шүүгдэгчийг гэм буруутай байна гэсэн дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь эмчилгээний зардалд тооцож нийт 1.674.459 төгрөгийн үнийн дүн бүхий баримт гаргаж өгч нэхэмжилсэн байна. Шүүгдэгч Ц.Б нь эмчилгээний төлбөрт тооцож 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 1.000.000 төгрөгийг, 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 4.000.000 төгрөгийг нийт 5.000.000 төгрөг шилжүүлсэн болох нь Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулгаар /хх-ийн 184-186 хуу/ тогтоогдож байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь уг мөнгийг хүлээн авсан талаараа шүүх хуралдааны үед мэдүүлэг өгсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Мөн хохирогч Б.Ө мөрдөн байцаалтын шатанд “надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 87-88 хуу/ өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б нь цаашид гарах эмчилгээний зардалд 20.000.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд үүнтэй холбоотой ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй, тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний нэхэмжлэгч гийн гаргасан Эрүүл мэндийн даатгалын сангаас 5.645.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь тухайн хэрэгт Хэнтий аймгийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор ажилтай г 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэний нэхэмжлэгчээр тогтоосон /1 хх-ийн 95 хуу/, мөн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор ажилтай ыг иргэний нэхэмжлэгчээр /1 хх-ийн 243 хуу/ тогтоосон байна.
Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно. гэж заасан байх бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
Мөн Хэнтий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс Хэнтий аймгийн Цагдаагийн газарт явуулсан 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 32/99 дугаартай албан бичгийн / хх-ийн 196 хуу/ агуулгаас үзэхэд “лавлагаа хүргүүлсэн” тухай байх ба ямар нэгэн нэхэмжлэл гаргасан утга агуулаагүй байгааг дурдах нь зүйтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож 50 хоног буюу нийт эдлэх ялыг 9 жил 50 хоногоор тооцож хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж үүний 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож 30 хоног хорих ял буюу нийт 3 жил 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт тус тус гаргасан.
Шүүгдэгч Ц.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлснийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 60 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 6 сар 60 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу нэг цаг хугацаанд согтуугаар зэвсэг хэрэглэн 2 хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, учирсан хохирлын шинж чанар буюу насанд хүрээгүй хүний амь насанд аюултай хүнд хохирол учруулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх журмыг хэрэглэх үндэслэлгүй гэж үзэн энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авахгүй байх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 197 хоног цагдан хоригдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар уг хугацааг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон 197 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн нийт урт 20,5 см төмөр эвхмэл хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийг хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Б г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Б-д 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож, 60 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 5 жил, 6 сар, 60 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 5 /тав/ жил, 6 /зургаа/ сар, 60 /жар/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б гийн цагдан хоригдсон 197 /нэг зуун ерэн долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн нийт урт 20,5 см төмөр эвхмэл хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б ын “цаашид гарах эмчилгээний зардал”-д тооцож нэхэмжилсэн 20.000.000 төгрөгийн нэхэмжлэл нь тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, иргэний нэхэмжлэгч гийн гаргасан Эрүүл мэндийн даатгалын санд 5.645.000 төгрөг төлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОДХҮҮ
ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР
Э.ХОСБАЯР