| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2024/0013/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/07 |
| Огноо | 2024-01-04 |
| Зүйл хэсэг | 21.2.2., |
| Улсын яллагч | З.Н |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2024/0013/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Ц.Жавзандулам
Улсын яллагч З.Н
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Наранчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.М-д холбогдох 2339000000450 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.М нь 4597 дугаартай гэмт хэргийн шинжтэй гомдлыг шалгах явцад 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 19 цаг 30 минутаас 20 цаг 05 минутын хооронд Хэнтий аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Хэнтий аймгийн цагдаагийн газрын мэдүүлэг авах тусгайлан бэлтгэсэн 211 тоот өрөөнд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа "В.Н нь хүзүүний гинжийг нь тасдаж аваад зугатаасан" гэж бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь: шүүгдэгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны үед өгсөн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 4-5 хуу/, гэрч В.Н-ийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/, гэрч*******ын өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/, гэрч *******гийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21-23 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
В.Н нь шүүгдэгч Б.М нь худал мэдүүлэг өгсөнтэй холбоотой ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.М нь хүлээн зөвшөөрсөн 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суух газар болох Хэнтий аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн 2339000000450 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хавтаст хэрэгт хадгалах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу мөрдөн шалгах ажиллгааны үед хохирогчоор мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.М-д зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суух газар болох Хэнтий аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүрэг хүлээлгэсүгэй.
4. Шүүгдэгч Б.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.М энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хавтаст хэрэгт хадгалсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээс бусад тохиолдолд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОДХҮҮ