Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/13

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2024/0007/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                         З.Н

Шүүгдэгчийн өмгөөлөгч         Б.Болортунгалаг                             

Шүүгдэгч                           Ц.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Батсүрэнгээр хөтлүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Наранчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-д холбогдох 2339000000429 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны  өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ц.Б-ийг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн ******* сумын 5 дугаар баг "Цагаан байр-т" байрлах бусдын гэрт хохирогч А.Г-тай "Айлд орж ирчихээд орилоод байна" гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж, улмаар А.Г-ын биед уруулд язарсан шарх бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч А.Г-ын өгсөн: ...2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 10 цагийн үед гэрээсээ хөдөө өвс хураахаар явна гэж хэлээд гарсан. Тэгээд очоод удах юм шиг санагдаад байхаар нь нөгөө хүмүүстээ болилоо гэж хэлээд би больсон. Тэгээд найзын ахындаа очоод 3 лаазтай пиво 0,33 граммын архи ганцаараа уусан. Тэгээд тэр айлаас гарж яваад яг хэдэн цаг гэдгийг би сайн санахгүй байна нэлээн согтсон байсан хуучин багш нарын байр гэдэг байх цагаан тоосгон байшин байдаг тэнд замаараа таньдаг ******* гэж ахындаа ортол үл таних 2 залуу архи уугаад сууж байсан. Тэгээд би гаднаас орохдоо хүчтэй хаалгыг нь тогшоод орсон байх тэд нар уурлаад нэг залуу нь чи айлын хаалгыг яасан чанга тогшдог юм гээд уурлахаар нь чи хэн юм би ахынхаа хаалгыг тогшсон юм гэж хэлтэл намайг нүүр хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд миний амнаас цус гараад байхаар нь би өөрийн гэр болох ******* сумын 4 дүгээр баг ******* 406-36 тоотод очтол эхнэр ******* нь эмнэлгийн байгууллага болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн....Эрүүл мэндийн даатгалын дэвтэр урьд онуудад төлөөгүйн учраас эмнэлэгт үзүүлж уруул дээрээ боолт хийлгэж чадахгүй байгаа. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр сунгаад төлөөд өгчихвөл өөр гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 7 хуу/

Гэрч *******ын өгсөн: ... ******* ах, Б ах бид гурав 0.75 литрийн Хамаг Монгол нэртэй архи уугаад сууж байтал яг хэдэн цаг гэдгийг нь санахгүй байна гаднаас үл таних ах нэлээн согтуу орж ирээд бид нар руу дайраад хэрүүл маргаан үүсгээд байсан. Тэр хүн нь ******* ахыг таньдаг юм байна лээ. Тэгээд тэр ах хэрүүл маргаан үүсгээд зүгээр байгаа хүмүүс рүү дайраад байхаар нь Б ах босож ирээд чи яагаад байгаа юм гэж хэлээд нүүр хэсэг рүү нэг удаа гараараа цохиод тэр үл таних ах газар унаад өгсөн. Би тэр хоёрыг салгаад одоо боль гээд Б ахыг хойш нь суулгаад нөгөө ахыг харахад ам хэсгээс нь цус гараад байхаар нь ус авч угааж өгөөд ******* ахынхаас гаргаж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/

Гэрч У.*******ийн өгсөн: ... 21 цаг өнгөрөөгөөд гаднаас нөхөр Г  нь нэлээн согтуу завжнаас нь цус гарсан байдалтай орж ирсэн. Тэгээд цусыг нь цэвэрлэх гэсэн тогтохгүй эмнэлэг явъя гэтэл явахгүй байхаар нь би 103 дуудтал нэгэнт цус нь тогтохгүй байгаа юм чинь оёдол тавина эмнэлэг авч явъя гэхээр нь би нөхрийгөө дагуулаад цуг явсан. Эмнэлэг дээр очтол цагдаа дууд гэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан. Нөхөр Гантулгын завж хэсэгт гадна талд 4 оёдол дотор талд нь 2 оёдол тавьсан... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 11 дүгээр  сарын 06-ны өдрийн 532 дугаартай дүгнэлт:

1. А.Г-ын биед уруулд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй /хх-ийн 27-28 хуу /

Ц.Б-ий яллагдагчаар өгсөн: ...гэм буруугаа хүлээж байна...Би тухайн үед А.Г-ын биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна.. хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулна...гэх мэдүүлэг /хх-ийн 63 хуу/

Ц.Б нь  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 хуу/

Ц.Б-ийн  иргэний үнэмлэхийн  лавлагаа /хх-ийн 47 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 66-67 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Э нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн ******* сумын 5 дугаар баг "Цагаан байр"-нд хохирогч А.Г-тай согтуугаар маргалдан нүүрэнд нь гараараа 1 удаа цохиж, уруулд нь язарсан шарх бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч А.Г , гэрч *******, гэрч У.******* нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч  нь шүүх хуралдааны үед хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч Ц.Б нь хохирогч А.Г-г зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан уруулын язарсан шарх бүхий гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ц.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

      Хохирогч А.Г нь эмчилгээний зардалтай холбоотой ямар нэгэн нэхэмжлэл, нотлох баримт гаргаагүй, “эрүүл мэндийн даатгалын дэвтэрээ сунгуулна, даатгалын төлбөрөө төлүүлнэ” гэх боловч үүнийг тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох  ял оногдуулах дүгнэлтүүдийг тус тус гаргасан.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт  хэрэг үйлдсэнийг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр  шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Ц.Б-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ц.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй

4. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ОДХҮҮ