Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/14

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024.01.15                                         2024/ШЦТ/14

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2024/0009/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч Э.Одхүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                                      Д.Ч

Шүүгдэгч                                   Г.Ц  нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Жавзандуламаар хөтлүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ц холбогдох 2339000000237 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Г.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Батноров сумын 1 дүгээр багийн хөдөө хэсэг "................... гэх газар байх Т.Ц-ын эзэмшлийн монгол гэрт 2023 оны 05 дугаар сарын 15-ны шөнө 02 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу төрсөн дүү /эцэг өөр, эх нэгтэй/ Т.Ц-тай "архи уулгасангүй үглэсэн" гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Т.Ц-ын баруун хөмсөг хэсэгт шаазан стакан аяга  шидэж, хагалж, мөн нийт 21,0 см урттай цэнхэр өнгийн бариултай, цагаан өнгийн хайчаар зүүн дал хэсэгт нь 1 удаа хатгаж, зүүн гарын тохой хэсэгт зүсэж, ноцолдож  түүний эрүүл мэндэд баруун нүдний дээд зовхины хэсэг, зүүн далны хэсэг, зүүн гарын тохойны хэсгүүдийн зүсэгдсэн шарх, зүүн шанаа хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Т.Ц-ын өгсөн: ...Манай ах Г.Ц ганцаараа 1 литрийн Соёрхол *******тэй архийг 2023 оны 05 дугаар сарын 14-ний оройн 21 цагаас хойш гэртээ уугаад надад хоёр хундага архи хийж өгөхөөр нь би уучихаад одоо би болсон та тааруулж уугаад унтаарай гэж хэлээд зурагт үзээд Г.Ц ах надтай юм яриад архиа уугаад байснаа 2023 оны 05 дугаар сарын 15-ны шөнийн 02 цагийн орчимд архиндаа согтоод надад агсам тавиад байхаар нь дөнгөж сая л та бид хоёр ах, дүү хоёр шиг байсан яагаад байгаа юм бэ гэхэд үг авахгүй өөдөөс хуц уль гээд хэрүүл хийгээд байсан. Тэгснээ над руу гэрийн хамаг юм гартаа таарсан болгоноо авч чулуудаад байсан. Тэгтэл цайны стакан над руу чулуудаад миний баруун хөмсгөн дээр онож язалсан.Тэгэхээр нь та яаж байгаа юм бэ гээд аль болох хорьж тайвшруулах, архийг нь гартал яаж байх хамаг юм чулуудаж эвдэж сүйтгэхийг нь хорих гэж ноцолдож байх хооронд гал тогооны шүүгээний шургуулгаас хайч авч ирээд миний хажууд суугаад над руу гар нь сарваганаад хатгах гээд би хориглоод сууж байснаа нэг удаа би хааж чадахгүй гар алдаад миний зүүн дал хэсэгт хайчаар нэг удаа хатгачихсан. Тэгээд би Г.Ц-т та яаж байгаа юм бэ намайг хайчаар хатгачихлаа гээд цусаа харуулаад  Цэдэв эгч рүү утсаар залга яаралтай эмнэлэгт очъё гэхэд гэнэт ухаан орсон уу яасан гэрийн суурин утсаар ярих гэхэд Г.Ц өөрөө утсыг нь тасалчихсан байсан болохоор ярьж болохгүй сүлжээгүй байсан. Тэгээд би Г.Ц ахтай хамжиж утсыг нь залгаад Цэдэв эгчтэй Г.Ц яриад намайг мотоциклоос уначихлаа та яаралтай ир гэж хэлээд удаагүй байхад манай эгч Цэдэв эгч нөхөртэйгөө хамт ирээд намайг Бэрх тосгон руу эмнэлэгт үзүүлэхээр авч ирж оёдол тавиулж боолт хийлгэсэн... Г.Ц ах манайд 1 жилийн өмнө ирээд надтай хамт миний туслах малчин маягаар хамт өвөлжсөн. Ах бид хоёр 1 жил хамт байсан...Би Цог ахад мал хариулсаны цалин, ямаа самнасан мөнгө зэргийг цаг тухайд нь өгч байсан...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 12 хуу/

Гэрч Ч.Мөнхтулгын өгсөн: ...Би 2023 оны 05 дугаар сарын 15-ны шөнө... ...хамтран амьдрагч Г.Цэдэвийн хамт унтаж байхад 02 цагийн орчимд манай эх*******ийн дүү Г овогтой Ц залгаад та хоёр Ц-ынд хүрээд ир ээ цаадах чинь мотоциклоос уначихсан байна гэхээр нь би эх*******ийн хамт яваад очиход Ц мотоциклоос унаагүй Г.Ц Т.Ц нар хоорондоо маргалдаж Г.Ц нь Т.Ц-ынхаа нүүр рүү шаазан аяга шидээд баруун хөмсгийг нь язалчихсан цус гарчихсан бас Т.Ц-ын зүүн далны ар хэсгээс цус гараад байхаар нь яасан талаар асуухад Г.Ц хайчаар хатгачихсан гэж хэлсэн. Тэгээд эх******* бид хоёр Г.Ц-ийг Т.Ц-ын гэрт хонийг нь харж байгаарай гэж хэлж орхиод би өөрийнхөө эзэмшлийн 16-08 ХЭН улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслээр Бэрх тосгоны эмнэлэгт авч ирж өгөөд би эмнэлэг рүү оролгүй гадаа машинд сууж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20 хуу/

Гэрч Г.Цэдэвийн өгсөн: ... би нөхөр Мөнхтулгын хамт яваад очиход Ц  мотоциклоос унаагүй манай дүү Г.Ц, Т.Ц нар хоорондоо маргалдаж Г.Ц нь Ц-гаа  зодоод баруун хөмсөг орчмоос нь цус гарчихсан бас Т.Ц-ын зүүн далны ар хэсгээс нь цус гараад байхаар нь яасан талаар асуухад Г.Ц хайчаар хатгачихсан гэж хэлсэн. Тэгээд би Г.Ц-ийг гэрт нь орхиод Т.Ц-ыг эмнэлэг дээр авч ирж хөмсгөнд нь оёдол тавиулсан... Г.Ц бид хоёрын төрсөн дүү маань байгаа юм бид гурав эх нэгтэй, эцэг өөртэй улсууд байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 24 хуу/

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 246 дугаартай дүгнэлт:

1. Т.Ц-ын биед баруун нүдний дээд зовхины хэсэг, зүүн далны хэсэг, зүүн гарын тохойны хэсгүүдийн зүсэгдсэн шарх, зүүн шанаа хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй

5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-ийн 33-34 хуу /

Г.Ц-н яллагдагчаар өгсөн: ...Би 2023 оны 05 дугаар сарын 15-ны шөнө 02 цагийн үед өөрийн эх нэгтэй, эцэг өөртэй дүү Т.Ц-г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шилэн аяга, стакан шидэж хөмсгийг нь гэмтээсэн мөн хайчаар дал хэсэгт нь хатгаж гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 50 хуу/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7 хуу/

Г.Ц нь  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62-63 хуу хуу/

Г.Ц-ийн иргэний үнэмлэхийн  лавлагаа /хх-ийн 53 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 80-83 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг  хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Ц нь Хэнтий аймгийн Батноров сумын 1 дүгээр багийн хөдөө хэсэг "..........." гэх газар байх Т.Ц-ын гэрт 2023 оны 05 дугаар сарын 15-ны шөнө 02 цагийн орчим Т.Ц-тай согтуугаар маргалдаж, баруун хөмсөг хэсэгт шаазан аягаар шидсэн, хайчаар зүүн дал хэсэгт нь 1 удаа хатгаж, баруун нүдний дээд зовхины хэсэг, зүүн далны хэсэг, зүүн гарын тохойны хэсгүүдийн зүсэгдсэн шарх, зүүн шанаа хэсгийн зулгаралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Т.Ц-ын мэдүүлэг, гэрч Ч.Мөнхтулга, гэрч Г.Цэдэв нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь шүүх хуралдааны үед хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч Г.Ц нь хохирогч Т.Ц-ын эцэг өөртэй төрсөн ах гэх боловч энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад албан ёсны иргэний бичиг баримт болон лавлагаагаар  тогтоогоогүй байна.

Иймд шүүгдэгч Г.Ц болон хохирогч Т.Ц нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс буюу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээдүүд мөн гэж үзэх үндэслэлгүй байна.

   Иймд шүүгдэгчийн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэсэн шинжгүй байх тул  Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон  хөнгөрүүлэн өөрчлөх  үндэслэлтэй байна

Шүүгдэгч Г.Ц  нь хохирогч Т.Ц-тай маргалдаж шаазан аяга шидсэн, хайчаар хатгасны улмаас  хохирогчийн эрүүл мэндэд учирсан баруун нүдний дээд зовхины хэсэг, зүүн далны хэсэг, зүүн гарын тохойны хэсгүүдийн зүсэгдсэн шарх, зүүн шанаа хэсгийн зулгаралт бүхий гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Г.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Хохирогч Т.Ц нь эмчилгээний зардалтай холбоотой ямар нэгэн нэхэмжлэл, нотлох баримт гаргаагүй, “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

тухайн хэрэгт Хэнтий аймгийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор ажилтай М.Отгонбаатарыг 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр прокурорын тогтоолоор иргэний нэхэмжлэгчээр тогтоосон / хх-ийн 91 хуу/ , байна.

Монгол Улсын Прокурорын тухай хуулийн  20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно. гэж заасан байх бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурорыг  иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Мөн Хэнтий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс Хэнтий аймгийн Цагдаагийн газарт явуулсан 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 32/89 дугаартай албан бичгийн / хх-ийн 90 хуу/ агуулгаас үзэхэд “судалгаа хүргүүлсэн” тухай байх ба ямар нэгэн нэхэмжлэл гаргасан утга агуулаагүй байгааг дурдах нь зүйтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, орлого олох боломжийг нь харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Ц энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн хуванцар бариултай, цагаан өнгийн нийт урт 22,5 см хайч 1 ширхэг, цагаан цэнхэр өнгийн сэнжтэй шаазан аяганы 17 ширхэг хагархай, цэнхэр өнгийн цээж хэсэгтээ шар өнгийн дугуй хээтэй футволка 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийг хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

                                                                                                                

1. Хэнтий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Г.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-ийг 1200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Г.Ц нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Шүүгдэгч Г.Ц нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч Г.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн бариултай хайч 1 ширхэг, шаазан аяганы хагархай, цэнхэр өнгийн цээж хэсэгтээ шар өнгийн дугуй хээтэй футволка 1 ширхэг зэргийг устгасугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ц-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ОДХҮҮ