Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 15 өдөр

Дугаар   2024/ШЦТ/15

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2024/0010/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                         Д.Ч

Шүүгдэгч                           Г.С нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Жавзандуламаар хөтлүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.С-д  холбогдох 2339003640443 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Г.С-ыг Хэнтий аймгийн ******* сум 5 дугаар баг "Үзүүр толгойн" ******* хашаанд байрлах Д.*******ийн гэрт 2023 оны 08 дугаар сарын 03-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Ө-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний баруун дал /нуруу/ хэсэгт 1 удаа, хэвлийн зүүн хажуу ар хэсэгт 1 удаа хутгалж “хэвлийд шарх, нуруунд зулгарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Г.Ө-ын өгсөн: ...Би 2023 оны 08 дугаар сарын 02-ны орой 19 цагийн үед С  гэх найзтайгаа хамт 2 шил 0,75 гр Хараа архи ******* сумын төвд байх гэртээ уусан ба 2 дахь архиа хөрш айл буюу ******* сум 5 дугаар баг Үзүүр толгойн *******од оршин суух ******* гэх ахынхаа гэрт уух гээд 23 цагийн үед аваад орсон юм. С  бид хоёрыг ******* ахын гэрт орох үед ******* ах ганцаараа гэртээ унтаж байсан ба бид хоёр сэрээгээд авч орсон архиа хамт уусан. Тэгээд архи ууж байгаад С  бид хоёр маргалдсан ба С  хаанаас ч юм гэнэт хутга гаргаж ирээд миний баруун талын дал хэсэгт 1 удаа, зүүн ташаа хэсэгт 1 удаа хутгалчихсан. Тэгээд тухайн үедээ би их согтуу байсан болохоор гэртээ ороод унтчихсан. С  хаачсан гэдгийг мэдэхгүй байна...******* ах бид хоёр юм яриад сууж байтал С  дундуур орж ирээд надтай маргалдаад эхэлсэн. Тэгээд л гэнэт хутга барьчихсан намайг хатгаж байсан....Надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15, 18-19 хуу/

Гэрч *******ын өгсөн: ...2023 оны 08 дугаар сарын 02-ны орой манай нөхөр болох Ө  найз С ын хамт гэртээ 1 шил архи уучихаад 1 шил архи бариад хажуу талын айл болох *******ийн гэр рүү орлоо гээд гарсан. Тэгээд 08 сарын 03-ны 05 цагийн үед нуруу болон далны хэсэгтээ хутганы шархтай дээгүүрээ нүцгэн цусаа урсгаад орж ирсэн. Тэгээд би цусыг нь цэвэрлэж өгөөд бид амарцгаасан...С  манай гэрт ирээд 10 гаран хоносон. Тэгээд хутгалуулж ирсний маргааш яваад өгсөн...С , Ө  хоёр найзууд, уурын зууханд цуг ажилладаг байсан хүмүүс...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/

Гэрч Г өгсөн: ...Би 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр би ******* сумын 5 дугаар баг Үзүүр толгойн *******од байх гэртээ ганцаараа 2 шил Хараа архи уугаад тасраад унтаж байтал орой 23 цагийн үед унтаж байтал манай хөрш болох Ө  намайг сэрээгээд хамт 1 шил архи ууя гэхээр нь би босоод хамт архи уусан юм. Тухайн үед Ө  зүс таних С  гэх залуугийн хамт орж ирсэн ба бид 3 тэр архийг ууцгаасан. Би тухайн архийг дуустал нь уусан үгүйгээ сайн санахгүй байгаа ба нэг сэрээд харахад Ө  С  хоёр маргалдаад хэрэлдээд байж байсан. Би нэг сэрж харчихаад буцаад унтаад өгсөн...Би Ө ын биед хэн гэмтэл учруулсан гэдгийг хараагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 08 дугаар  сарын 22-ны өдрийн 415 дугаартай дүгнэлт:

1. Г.Ө-ын биед хэвлийд шарх, нуруунд зулгарал гэмтэл тогтоогдлоо.

2. Ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, 1-2 удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.

3.4.  Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5.6. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

7. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй /хх-ийн 39-40 хуу /

Г.С ын яллагдагчаар өгсөн: ...би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн ******* сумын 5 дугаар баг Үзүүр толгойн 8-04 тоотод өөрийн найз Ө той маргалдаж муудалцаж, биед нь хутгаар гэмтэл шарх учруулсан байсан. Би тухайн үед архиндаа согтоод тасарчихсан байсан тухайн үед болсон асуудлыг сайн санахгүй байгаа.. Би өөрийн үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 хуу/

Г.С нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 хуу/

Г.С ын иргэний үнэмлэхийн  лавлагаа /хх-ийн 65 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 78-79 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.С ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.С нь Хэнтий аймгийн ******* сум 5 дугаар баг "Үзүүр толгойн" ******* хашаанд байрлах Д.*******ийн гэрт 2023 оны 08 дугаар сарын 03-ны шөнө 05 цагийн үед согтуугаар Г.Ө-той маргалдан түүний баруун дал /нуруу/ хэсэгт 1 удаа, хэвлийн зүүн хажуу ар хэсэгт 1 удаа хутгалж, хэвлийд шарх, нуруунд зулгаралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Г.Ө , гэрч *******, гэрч Д.*******, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь шүүх хуралдааны үед хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч Г.С нь хохирогч Г.Ө ыг хутгалсан үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хэвлийд шарх, нуруунд зулгарал бүхий гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Г.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

       Хохирогч Г.Ө  нь эмчилгээний зардалтай холбоотой ямар нэгэн нэхэмжлэл, нотлох баримт гаргаагүй, “надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох  ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, орлого олох боломжийг нь харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-ыг 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000  /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Г.С нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                             

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ОДХҮҮ