| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 131/2016/0066/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/108 |
| Огноо | 2016-07-28 |
| Зүйл хэсэг | 096.2.9, |
| Улсын яллагч | Д.Мөнх-Эрдэнэ |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 2016/ШЦТ/108
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Ч.Байгалмаа, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй,
Улсын яллагч Д.Мөнх-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,
Иргэдийн төлөөлөгч *******,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.9 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******гийн ,
Шүүгдэгч ******* нь 2013 оны 12 сарын 06-ны өдрийн өглөө 08 цагийн орчим Баянхонгор сумын 2-2-24 тоотод хамтран амьдрагч *******гийн охин болох 5 настай г биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж түүний зүүн талын шанаан тус газарт хүчтэй алгадаж зодсоноос хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдэснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг судлав. Үүнд :
Насанд хүрээгүй хохирогч гийн мөрдөн байцаалтанд өгсөн:
2013 оны 12 сарын 06-ны өглөө ээж ажилдаа явсан. Тэгээд би баруун талын орон дээр сууж байтал аав сэрээд үхсэндээ ээжийгээ дагаад байгаа юм гээд миний зүүн талын шанаа руу цохиод би нөгөө талын шанаагаараа орны толгойруу мөргөчихсөн. Тэгээд би уйлтал намайг дугаалаад гарч гудамжны өнцгөөс нэг машинд суугаад цэцэрлэг дээр хүргэж өгчихөөд эргээд гараад явчихсан. Миний толгой өвдөөд байсан. Аав намайг хүргэж өгөх замдаа багш болон ээждээ ширээн дээрээс унаад бэртсэн гэж хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд би бөөлжөөд байсан чинь багш надаас яасан талаар асуухад гэртээ ширээн дээрээс уначихсан гэж хэлсэн. Бие одоо гайгүй байгаа. Миний зүүн талын шанаа руу 3 хуруугаа гозойлгоод цохисон. Би ширээн дээрээс унаагүй. Намайг зүгээр байж байсан чинь нуруун дээр маажсан. Бас орны араар шахаад байсан. Би айдаг гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21/,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн шүүх хуралдаанд өгсөн: Би 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүүхдээ хувцаслачихаад хамтран амьдрагч *******ыг цэцэрлэгт нь хүргэж өгөөрэй гэж хэлчихээд дүүтэйгээ колонкруу гэдэс арилгах гээд явсан юм. 10 цагийн үед цэцэрлэгийнх нь багш танай хүүхэд бөөлжөөд байна ирж ав гэж надруу ярьсан. Өглөө зүгээр байсан болохоор нь би 14 цаг өнгөрөөгөөд цэцэрлэг дээр нь очиход манай хүүхэд хоёр талынх нь шанаа хавдчихсан байсан. Эмнэлэг дээр очиж үзүүлэхэд тархиндаа гэмтэл авсан байна, зургийг нь авхуул гэсэн. Маргааш нь хотруу авч явсан. ******* 1500.000 төгрөг өгсөн тэрүүгээр нь хотод 10 хоног эмчилгээ хийлгэсэн. Түүнээс хойш хүүхэд зүгээр, эрүүл болсон. Одоо надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй, ялыг нь хөнгөлж өгнө үү гэх мэдүүлэг
Гэрч гийн мөрдөн байцаалтанд өгсөн:
2013 оны 12 сарын 06-ны өдрийн 08 цаг 50 минутад ажилдаа ирж жижүүр багшаар хүүхдүүдээ хүлээж авсан. Тэгээд гэх миний хариуцсан ангийн 5 настай эмэгтэй хүүхэд 09 цаг 20 минутын орчмоос бөөлжөөд эхэлсэн. Би 00 руу 2 удаа оруулсан ба сүүлийн оролтод толгойг норгоод нүүрийг угаачихаад үсийг нь хойш илтэл 2 талын шанаа хэсэг орчимд хавдсан байсан ба баруун талынх арай илүү хавдсан байсан Би гээс яасан юм бэ гэж асуухад би гэртээ хар өнгийн ширээн дээрээс унасан гэхээр ээждээ хэлсэн үү гэхэд хэлээгүй гэж хариулсан. Тэгээд цайнд оруултал мөн бөөлжөөд байхаар нь би унтуулсан Тэгээд ээж рүү 10 цаг өнгөрч байхад залгаад хүүхэд чинь бөөлжөөд байна. хоол унд идэхгүй байна, та ирээд аваатхаач гэж хэлтэл ээж нь би жаахан ажилтай байна гайгүй шиг бол азнаж байгаад авъя гээд 16 цаг дөхүүлээд авсан. Би ээжид нь хүүхдийн толгой ингээд хавдчихсан, ямар ч юм идэж уусангүй, өдөржингөө унтсан гэж хэлсэн. Тэгээд г ээж нь дагуулаад эмнэлэгт үзүүлнэ гээд явсан. Миний хариуцсан бүлэгт өнгө бүрэн ялгаж чадахгүй. тоог бол 10-ын дотор ярих болон хуруугаараа үзүүлнэ Намайг ажилдаа ирэхэд ангийнхаа хажуу талын сандалд суусан ба жижүүр багш өглөө ирээд л ингээд байгаад байна. хүүхдүүдтэй ноцолдож тоглоогүй ингээд л суугаад байна гэж хэлсэн Ер нь тэр өдөр харахад их зовиуртай. юу ч дуугарахгүй их сонин байсан Урд өмнө их хөдөлгөөнтэй, хүүхдүүдтэй тоглоод ийш тийшээ гүйгээд байдаг хүүхэд байсан Жижүүр багш г нэг эрэгтэй хүн хүргэж өгсөн гэж хэлсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22-23/
Гэрч гийн мөрдөн байцаалтанд өгсөн:
2013 оны 12 сарын 06-ны өдөр эгч тэй хамт өглөө 07 цаг 30 минутын орчимд байхаа сургуулийн хүүхдүүдээ хичээлд нь явуулчихаад эгчийн хүүхэд нь хойд аав нь цэцэрлэгт хүргэж өгөхөөр үлдсэн юм. эгч бид 2 төв колонкийн урд байх айлын хашаанд мал нядалж байсан газар гэдэс арилгасан юм. Тэгээд 10 цагийн орчимд гийн цэцэрлэгээс рүү хүүхэд бөөлжөөд байна гэж ярьсан. Тэгээд бид нар 13 цагийн орчим ажлаа тараад гэртээ ирчихээд ээж нь 14 цагийн үед цэцэрлэг рүү явсан. Тэгээд 16 цагийн орчимд залгаад түргэн дээр байна. гийн толгойн зургийг авах гэж байна гэхээр нь очиход эгчийн охин г эмч үзэж, зургийг авчихаад толгойндоо гэмтэлтэй байна. яаралтай хэвтүүл гэсэн. эгчтэй хамтран амьдраад нэг жил гаруй болж байгаа байхаа, их ширүүн догшин хүн шиг санагддаг. Яагаад гэвэд харьцаж байгаа байдал. харьцаа нь бүдүүлэг байдаг 2013 оны 11 сарын эхээр гийн нуруун тус газарт няслаад хөхрүүлчихсэн байсан, гээс асуухад гурван хуруугаа гозойлгоод аав цохисон гэж байсан. Их нурмайчихсан, дуугүй болчихсон байсан, их сэргэлэн хүүхэд юм гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27/
Шинжээч эмч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2013 оны 12 сарын 06-ны өдрийн их эмч ын тодорхойлолтыг үндэслэж дүгнэлтээ гаргасан. Уг тодорхойлолтод баруун талын шанаа хавдсан. тархины рентген зурагт баруун талын чамархайн яс дотогш цөмөрсөн шинжтэй, зулайн заадас давхацсан цууралтын шинжтэй, хурууны даралтын шинж илэрсэн, тархины судас өргөссөн шинжтэй байсан. гийн биед баруун чамархай ясны цөмөрсөн хугарал. зулайн ясны цууралт. тархины доргилт, няцрал, баруун шанааны цус хуралт гэмтлүүд үүссэн байсан Эдгээр гэмтлүүдээс баруун чамархай ясны цөмөрсөн хугарал нь 2010 оны шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 буюу тухайн учрах үедээ амь насанд аюултай гэмтэл гэдгээр гэмтлийн хүнд зэрэгт тооцож дүгнэлтээ гаргасан. Миний үзэж буй гавал ясны рентген зурган дээр гавал ясны баруун талын чамархай ясны цөмөрсөн хугарлын шинж, баруун талын зулай яс мөн заадсын дагуу цууралттай, тархины судасны зураглал олширсон, хурууны даралтын шинжүүд харагдаж байна. Дээрх гэмтлүүд нь тухайн талаас /баруун талаас/ хүчтэй цохих эсвэл хатуу мохоо зүйлийг мөргөх үйлчлэлүүдээр үүсэх боломжтойгэх мэдүүлэг /1-р хх-ийн 37/
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2013 оны 12 сарын 06-ны өглөө миний хамтран амьдрагч өглөө эрт 06 цагт төв колонкийн тэнд айлд очиж гэдэс арилгахаар явсан ба явахдаа өөрийн 5 настай охин г хувцаслаж үлдээчихээд гарсан. Тэгэхэд би орондоо хэвтэж байсан ба нэг мэдэхэд дугхийчихсэн байсан.Хүүхэд байхгүй. хамаг хувцсаа тайлчихсан. гадаа гартал хашаан дотор явж байсан. Гэрт оруулж ирээд хувцсыг нь өмсүүлж байхдаа би загнаад нэг удаа алгадсан чинь хүүхэд орны толгойн бөөрөнхий модыг мөргөчихсөн. Тэгээд би г хувцаслаад дагуулан гарч гудамжны үзүүрээс таксигаар цэцэрлэгт нь хүргэж өгсөн Би цэцэрлэг рүү нь оруулж өгчихөөд таксигаараа гэртээ хүргүүлсэн. Тэгээд 17 цагийн орчимд хамтран амьдрагч хүүхэд бөөлжөөд байна. хүрээд ир гэхээр нь би эмнэлэг дээр ирээд цагдаа нар намайг аваад явсан. намайг унтчихсан байсан чинь хувцсаа тайлаад гэрт үлдээчихсэн гадаа нимгэн хувцастай явж байхаар нь оруулж ирээд хатгаа авчихна гэж загнаад түүнийг алгадсан.гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46, 49/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 141 тоот 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт:
-гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 3-5/
-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 13-16/
-*******ын иргэний үнэмлэхний хуулбар /1-р хх-ийн 50/
-Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 51/
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 52/
-насанд хүрээгүй хохирогч гийн төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 61/
-толгойн компьютерт томографийн шинжилгээний тайлал /1-р хх-ийн 71/
-насанд хүрээгүй хохирогч гийн эмчлүүлсэн баримт /1-р хх-ийн 72-85/
-хураан авах тогтоол, тэмдэглэл /2-р хх-ийн 47-52/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь 2013 оны 12 сарын 06-ны өдрийн өглөө 08 цагийн орчим Баянхонгор сумын 2-2-24 тоотод хамтран амьдрагч *******гийн охин болох 5 настай г биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж түүний зүүн талын шанаан тус газарт алгадаж зодсоноос хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан эд мөрийн баримт, шүүхээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч *******ыг бусдын бие махбодид хүнд гэмтлийг санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмуудыг баримтлан, эрүүгийн хариуцлага хүлээлгэн ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгч *******оос учирсан хохиролыг бүрэн барагдуулж авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй, хүүхдийн бие бүрэн эдгэрсэн тул гомдол саналгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хохирол нөхөн төлсөн байдал, гэм хорыг арилгасан байдал, хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо нөхөн төлсөн байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдасны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж, жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогчийн толгойн томографын зураг 2 ширхэгийг буцаан олгож, шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 506 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож шийдвэрлэв.
Хохирол, иргэний нэхэмжлэлийг хангуулах үүднээс шүүгдэгч *******ын эзэмшилийн хенсим маркын мотоциклийг битүүмжилсэн 2014 оны 01 сарын 09-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 294 дүгээр зүйлийн 294 дүгээр зүйлийн 294.2., 294.3., 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн ыг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэхь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.9 дэхь хэсэгт зааснаар *******ыг дөрвөн жил найман сар нэг хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдасны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан дөрвөн жил найман сар нэг хоногийн хугацаагаар хорих ялаас хоёр жилийг хасч, биечлэн эдлэх ялыг хоёр жил найман сар нэг хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан хоёр жил найман сар нэг хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон таван зуун зургаа хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогчийн толгойн томографын зураг 2 ширхэгийг буцаан олгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар *******ын эзэмшилийн улсын дугааргүй хенсим маркийн мотоциклийг битүүмжилсэн 2014 оны 01 сарын 09-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь учирсан хохиролоо бүрэн гаргуулж авсан, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг
цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 07 сарын 28-ны өдрөөс эхлэн тооцсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Ч.БАЙГАЛМАА
Н.БААСАНБАТ