Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2020/0202

 

2020 оны 03 сарын 26 өдөр Дугаар 128/ШШ2020/0202 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х т ХХК /

Хариуцагч: Төрийн худалдан авах ажиллагааны газар

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Х т ХХК-д өгсөн А-2/4128 тоот мэдэгдэл, Э м ХХК-ийг шалгаруулсан мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах,

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын XII.1.1.218 Сургуулийн барилга, 320 суудал /Г*******, Х******* сум/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер-ийн үнэлгээний хорооны 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн дүгнэлт, тайланг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин явуулахыг даалгах

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н , нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Х , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М , А.О нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэл гаргагч Х т ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зарласан XII.1.1.218 Сургуулийн барилга, 320 суудал /Г*******, Х******* сум/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр манай компани оролцсон. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас татварын өртэй гэх шалтгаанаар манай тендерийн баримт бичгээс татгалзсан хариу бичгийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсан. /Хавсралт-4 ТӨБЗГ 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр А-2/4128 тоот/ Бид ямар нэгэн татварын өргүй байсан тул 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дээрх хариуг хүлээн зөвшөөрөхгүй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу Сангийн яаманд гомдол гаргасан.

Энэ тендерийн материал хүлээж авахаас өмнө Ховдын Татварын албанаас Манай компанийн 2016, 2017, 2018 оны санхүүгийн тайланд татварын албаны ээлжит хяналт шалгалт орж 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 34,5 сая төгрөгийн татварын хяналт шалгалтын акт гарсныг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр жагсаалтыг хэвлүүлэн авч энэ өдрөө компанийнхаа данснаас бүрэн төлж барагдуулснаар барахгүй, одоо ямар ч өргүй биз тендерт оролцох гэж байна гэж лавлаж асуусан. Үүнээс сарын дараа 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тендерт оролцохоор интернетээс татварын өргүй тодорхойлолтоо авсан. Энэ тодорхойлолт нь 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хүчинтэй гэсэн хугацаатай байгаа. /Хавсралт-10 МТА тендерийн тодорхойлолт/ Ховдын Татварын албанаас яагаад ийм өр гарчихаваа гээд лавлахад 2019 онд шинээр хэрэгжүүлж буй I ТАХ программд татварын нэхэмжлэх үүсээгүй үед татвар төлөх боломжгүй, урьдчилан төлөх боломжгүй, гэнэт шинээр татварын нэхэмжлэх үүсэх, илүү дутуу төлөлт үүсэх, гацах зэрэг алдаа гарч байна гэсэн бөгөөд энэ талаар татварын албанаас тодорхойлолт авч мөн холбогдох баримтуудыг хүргүүлсэн. /Хавсралт-7 Ховдын Татварын хэлтэс 288 тоот/ Бидний зүгээс ямар нэг татварын өргүй байсан тул үнэн зөвөөр хянаж шийдвэрлэнэ гэж үзэж байсан боловч тухайн гомдлыг хянасан Сангийн яамны албан хаагч Татварын Ерөнхий газрын Мэдээллийн Технологи Статистикийн Төвөөс тодорхойлолт хүсэхэд тухайн мэдээлэл технологи хариуцсан дарга нарийн учрыг нягтлалгүй, манай компанийг программд татварын өртэй байсан мэтээр бичсэн байна. /Хавсралт-8 ТЕГ 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 12/3768 тоот/ Ховд аймагт Татварын улсын байцаагч нар тухайн шинэ программаа бүрэн эзэмшээгүй /тухайн программ 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс улс орон даяар хэрэгжүүлж буй/, сургалт шинээр хийгдээд удаагүй, тухайлбал, дээрх МТСТөв хүмүүсээ хэрэгжүүлж эхлээд буй программаа бүрэн эзэмшүүлж сургаагүй зэрэг байдлаас манай компани хохироход хүрээд байна. Учрыг нарийн нягталж шалгаагүй зөвхөн программын өгөгдлөөр (тухайн программ эзэмшигч этгээд онлайн программдаа буруу код оруулж товчлуур дарахад засаж болохгүй үйлдэл гарсан) ийм хариу гарсныг мэдсэн даруйд Татварын Ерөнхий Газрын даргад гомдол гаргахад: Нэгэнтээ программд үүссэн түүхийг /хэнээс ч шалтгаалсан хамаагүй/ өөрчлөх боломжгүй, албан бичгээр тайлбар тодорхойлолт гаргаж болно гэсний дагуу хариуг тоотоор авсан болно. /Хавсралт-9 Татварын Ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 25 өдөр 04/3792 тоот/. /Энэ асуудлыг шалгаад Ховдын Татварын улсын байцаагч шинээр хэрэгжүүлж буй программаа бүрэн ашиглаж сураагүйн улмаас код буруу оруулах зэрэг хувь хүний алдаанаас болж ийм байдал үүсчээ гэдэг нь тогтоогдлоо./ Харамсалтай нь энэ бичгэн хариу нь Сангийн яамны тендерийн гомдол шалгаж дуусч хариу гарах өдөртэй давхцаж нэг өдөр гарч хугацаа хожимдсон байна. /Хавсралт-6/

Тус тендерт шалгарсан Э м ХХК нь тендер шалгаруулалт явагдаж байх үед 2019 оны 11 дүгээр сарын 18-нд Барилгын хөгжлийн төвийн сайтад барилгын тусгай зөвшөөрөлтэй компаниудын жагсаалтад нэр нь байхгүй, Б о ХХК-д бүртгэлтэй БУ43-.../.. /Хавсралт-13/ тоот тусгай зөвшөөрлийг хуурамчаар скайнердан үйлдэн, нотариатаар хуурамчаар тамга даруулан орсон нь гомдол хянасан тухай хариу бичигт тодорхой дурьдсан байна. /Хавсралт-5 Сангийн яамны 2019 оны 12 дугаар сарын 25 өдөр 6-1/8498 тоот/ Тухайн компани тендер зарлах үед буюу 2019 оны 11 дүгээр сарын 18-нд барилгын ямар ч тусгай зөвшөөрөлгүй байснаар барахгүй тендер шалгаруулалт болсноос хойш Монголын Барилгын Үндэсний Ассоциацын mnca.mn сайтад Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох асуудлаар урьдчилсан дүгнэлт гаргах ажлын хэсгийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний хурлаар орсон байгаа нь дээрх сайтаас харагдаж байна. Тухайн өдрийн хурлын шийдвэрийн шинээр олгох жагсаалтын 10-рт байна. /Хавсралт-12/

Энэ тендерт Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас шалгаруулсан Э м ХХК нь үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хуурамчаар үйлдсэн учраас тэр тендерт бэлтгэж орсон материал бүхэлдээ хуурамч болох нь бүхэнд ойлгомжтой. Ийм байсаар байтал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дэх хэсэгт заасан Хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдэх тендер гэж үзнэ гэсэн хэсгийг зөрчин хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн Э м ХХК-г шалгаруулсан нь буруу гэж үзэж байна. Тухайн тендерт 4 компани оролцсоны хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн компани нь Э м ХХК ТОӨЗ 4.4а-д заасан УБГэрчилгээ, Тусгай Зөвшөөрлийн эхээс хийсэн хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлнэ гэсэн заалтаар эх хувийг хуурамчаар үйлдэн нотариатаар баталгаажуулсан нь Сангийн яамны гомдол хянасан албан бичиг болон баримтаар нотлогдож байсаар байтал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу: Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ. гэсэн заалтын дагуу 3 жилээр тендерт оролцох эрх хязгаарлахгүй байгаа нь дээрх хуурамч хуулбар баталсан нотариатч болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын материал шалгаж үнэлгээ хийж байгаа албан тушаалтнууд ямар нэгэн хувийн шалтгаантай байгааг үгүйсгэх аргагүй.

Иймд дээрх шалгарсан Э м ХХК Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дэх хэсэгт заасны дагуу Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн нь тодорхой байх тул дээрх бичсэн зүйлсийг баримтанд тулгуурлан хянан шалгаж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Х т ХХК-д өгсөн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А-2/4128 тоот мэдэгдэл, тухайн газрын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Э м ХХК-ийг шалгаруулсан мэдэгдэл, XI 1.1.1.218 Сургуулийн барилга, 320 суудал /Г*******, Х******* сум/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер-ийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож, шалгаруулалтын үнэлгээг дахин явуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...XII. 1.1.218 Сургуулийн барилга, 320 суудал /Г*******. Х******* сум/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий үнэлгээний хороо Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/63 тоот тушаалаар байгуулагдсан.

Тендерийн баримт бичигт заасны дагуу 2019 оны 06 дүгээр сарын 27-ны өдөр тендерийг нээхэд 4 тендерт оролцогчоос тендер ирүүлсэн бөгөөд тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1-д заасны дагуу бүх тендерээс татгалзаж, дахин нээлттэй тендер зарлахаар шийдвэрлэсэн бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дахин нээлттэй тендер зарласан.

Тендерийн баримт бичигт заасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тендерийн нээлтийг хийхэд Х т ХХК болон Ч у ХХК-ийн түншлэл, Д к ХХК болон Ц у х ХХК-ийн түншлэл. Т б ХХК болон Х ш а XXК, Э м ХХК-ууд тендер ирүүлсэн бөгөөд тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ны 4.2.2-д Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн байна. Татварын тодорхойлолт ирүүлэх шаардлагагүй ба Татварын ерөнхий газрын цахим мэдээллийн сангаас тендер нээсэн өдрийн байдлаар татварын өр, төлбөрийн талаарх мэдээллийг шалгана гэж заасны дагуу тендерийн нээлт хийсэн өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Татварын ерөнхий газрын цахим мэдээллийн сангаас шалгахад Ховд-татварын алданги 185,152.00 төгрөгийн, Ховд-татварын торгууль 548,869.30 төгрөгийн, Ховд-суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан албан татварт 1,829,564.40 төгрөг буюу нийт 2,563,585.70 төгрөгийн өртэй бөгөөд илүү төлөлт 890,961.33 төгрөг, дутуу төлөлт 2,563,585.70 төгрөг буюу илүү дутуу төлөлтийн зөрүү дутуу төлөлт 1,672,624.37 төгрөг байсан тул Х т ХХК болон Ч у ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн тендерээс татгалзсаныг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А-2/4128 дугаар албан бичгээр хүргүүлсэн.

Сангийн яамнаас 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 6-1/8200 дугаар албан бичгээр тендерт оролцогч "Х т ХХК-аас гомдол гаргасны дагуу гүйцэтгэгчийг сонгох ажиллагааг түр түдгэлзүүлж, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 6-1/8498 дугаар гомдол хянасан тухай албан бичгээр тендер шалгаруулалтын нээсэн өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 2,563,585.70 төгрөгийн өртэй байх тул тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ны 4.2.2-д заасны дагуу уг заалтыг хангахгүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна. Уг тендерийн үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэний дагуу үнэлгээний хороо 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дахин үнэлгээ хийж, XII. 1.1.218 Сургуулийн барилга, 320 суудал /Г*******. Х******* сум/ тендерт оролцогч Х т ХХК болон Ч у ХХК- ийн түншлэл, Д к ХХК болон Ц у х ХХК-ийн түншлэл, Т б ХХК болон Х ш а ХХК, Э м ХХК-уудын ирүүлсэн тендерээс татгалзаж, шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул дахин зарлахаар шийдвэрлээд байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: ...Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын XII.1.1.218 Сургуулийн барилга, 320 суудал /Г*******, Х******* сум/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер-ийн үнэлгээний хорооны 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дүгнэлт, тайланг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин явуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: ...Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Х т ХХК-д өгсөн А-2/4128 тоот мэдэгдэл, Э м ХХК-ийг шалгаруулсан мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах 2 нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын XII.1.1.218 Сургуулийн барилга, 320 суудал /Г*******, Х******* сум/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер-ийн үнэлгээний хорооны 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дүгнэлт, тайланг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин үнэлж өгнө үү гэж өөрчилж байгааг хүлээж авна уу гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х т ХХК-иас шүүхэд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдуулан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Х т ХХК-д өгсөн А-2/4128 тоот мэдэгдэл, Э м ХХК-ийг шалгаруулсан мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах,

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын XII.1.1.218 Сургуулийн барилга, 320 суудал /Г*******, Х******* сум/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер-ийн үнэлгээний хорооны 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дүгнэлт, тайланг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин явуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг ирүүлжээ.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/63 дугаар тушаалаар Үнэлгээний хороог байгуулсан боловч Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 438 дугаар тогтоолоор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас худалдан авах ажиллагааны чиг үүргийг шилжүүлэн Төрийн худалдан авах ажиллагааны газрыг шинээр байгуулж хариуцуулснаар Төрийн худалдан авах ажиллагааны газраас итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон ирүүлсэн тул тус шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШЗ2020/1815 дугаар Эрх залгамжлагч солих тухай захирамжаар хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын эрх залгамжлагчаар Төрийн худалдан авах ажиллагааны газрыг сольж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

Нэхэмжлэгч 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан ба шүүх хуралдаанд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Х т ХХК-д өгсөн А-2/4128 тоот мэдэгдэл, Э м ХХК-ийг шалгаруулсан мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан татгалзлыг баталсан болно.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас XII.1.1.218 Сургуулийн барилга, 320 суудал /Г*******, Х******* сум/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарласнаар 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн тендерийн нээлтэд Х т ХХК болон Ч у ХХК-ийн түншлэл, Д к ХХК болон Ц у х ХХК-ийн түншлэл, Т б ХХК болон Х ш а XXК, Э м ХХК-ууд оролцож, Э м ХХК-д гэрээ байгуулах эрх олгож, мэдэгдэл хүргүүлсэн.

Гэвч нэхэмжлэгч Х т ХХК-иас Сангийн яаманд гомдол гаргаснаар Сангийн яамнаас 2019 оны 12 дугаар сарын Б-1/8498 тоот албан бичгээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт "...тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдье" гэсний дагуу Үнэлгээний хороо 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дахин үнэлгээ хийж, оролцогчдоос ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаагүй тул ирүүлсэн бүх тендерээс татгалзаж, Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тендерт оролцогчдод энэ талаар мэдэгдсэн байна.

Хариуцагч тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ны 4.2.2-д Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн байна. Татварын ерөнхий газрын цахим мэдээллийн сангаас тендер нээсэн өдрийн байдлаар татварын өр, төлбөрийн талаарх мэдээллийг шалгана гэж заасны дагуу тендерийн нээлт хийсэн өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Татварын ерөнхий газрын цахим мэдээллийн сангаас лавлагаа авахад Х т ХХК нь 2,563,585.70 төгрөгийн буюу эцсийн дүнгээр илүү дутуу төлөлтийн зөрүүнээс үүссэн 1,672,624.37 төгрөгийн өр төлбөртэй байсан тул Х т ХХК болон Ч у ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн тендерээс татгалзсаныг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А-2/4128 дугаар албан бичгээр хүргүүлсэн хариуцагчийн үйлдлийг шүүх буруутгах боломжгүй.

Харин Ховд аймгийн Татварын хэлтсээс Х т ХХК-ийн 2016 оноос 2018 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр татварын улсын байцаагчийн акт тогтоосныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн үнийн дүн 31,928,657.7 төгрөгийг 10 дугаар сарын 07-ны өдөр төлж, цахим татварын системээс 11 дүгээр сарын 07-ны өдөр татварын өргүй гэсэн тодорхойлолтыг авч тендерийн баримт бичигт хавсаргасан байна.

Гэвч Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд татварын өр төлбөрийн талаар бүртгэхдээ албан хаагч алдаа гаргаж, зөвшөөрөөгүй төлөвт бүртгэснээс татвар төлөгч 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төлөх боломжгүй, өртэй эсэхээ мэдэх болон нягтлах, маргалдах эрх үүсээгүй бөгөөд Татварын ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 12/3768, 12 дугаар сарын 25-ны өдрийн 04/3792, Ховд аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 288, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 69 тоот албан бичгүүдээр тендер нээх үед бодитоор татварын өргүй байсан болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Х т ХХК-ийн хувьд татварын өрөө төлж барагдуулсан, орон нутгийн татварын байгууллагаас татварын өртэй эсэхийг лавлаж, өр төлбөргүй болохоо нотолсон, тендерт оролцохдоо татварын өртэй гэдгээ санаатайгаар нуусан зүйл байхгүй, харин Татварын байгууллагад шинээр хэрэгжүүлсэн I ТАХ программын үр дүнтэй ашиглалт, албан хаагчдын программ эзэмших чадвар, татварын нэхэмжлэх үүсээгүй үед урьдчилан төлөх боломжгүй зэрэг захиргааны байгууллагын үйл ажиллагаанаас үүдэн тендерт татгалзагдах нөхцөл байдал бий болжээ.

Тухайн тендерийг анх Тендерийн баримт бичигт заасны дагуу 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр тендерийг нээхэд нийт 4 оролцогчоос тендерийн материал ирүүлсэн бөгөөд бүгд тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1-д заасны дагуу бүх тендерээс татгалзаж, дахин нээлттэй тендер зарлахаар шийдвэрлэн, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дахин нээлттэй тендер зарласан бөгөөд 2 удаа эрх бүхий байгууллагаас бүх тендерээс татгалзаж, дахин тендер зарлахаар шийдвэрлэсэн нь орон нутагт сургуулийн барилгыг яаралтай барих хэрэгцээ шаардлагыг хангах, хүүхдийн сурах аюулгүй орчныг бий болгох, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулахдаа аль болох хэмнэлттэй, шударга, хурдан шуурхай зарчмын үндсэн дээр явагдах хуулийн зохицуулалт алдагдахад хүргэж байна.

Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйл, 28 дугаар зүйл, 30 дугаар зүйлийн 30.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын XII.1.1.218 Сургуулийн барилга, 320 суудал /Г*******, Х******* сум/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер-ийн үнэлгээний хорооны 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн дүгнэлт, тайланг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин явуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1,106.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйл, 28 дугаар зүйл, 30 дугаар зүйлийн 30.1.1-д заасныг тус тус баримтлан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын XII.1.1.218 Сургуулийн барилга, 320 суудал /Г*******, Х******* сум/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер-ийн үнэлгээний хорооны 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дүгнэлт, тайланг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин явуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х т ХХК нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Х т ХХК-д өгсөн А-2/4128 тоот мэдэгдэл, Э м ХХК-ийг шалгаруулсан мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУМАА