| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Одмаа |
| Хэргийн индекс | 128/2025/0705/З |
| Дугаар | 221/МА2026/0364 |
| Огноо | 2026-05-28 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2026/0364
"Д" ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2026/0111 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас гаргасан давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэгч шүүгч Ц.Одмаа
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: "Д" ХХК
Хариуцагч Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г, Э.М
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц
Хариуцагч Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.М
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 128/2025/0705/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2026/0111 дүгээр шийдвэрээр “... Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "Д" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай 07/08 дугаар тогтоолын "Д" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
2. Хариуцагч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
2.1. “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/607 дугаар захирамжаар "Р"ХХК-д Налайх дүүргийн 7 дугаар хороонд байрлах 12603108** талбарын дугаартай 26.3 га газрыг үйлдвэр, орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн. "Р"ХХК нь 2020 оноос 2024 он хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн 26.3 га газар дээр үйлдвэр орон сууцны барилга байгууламж болон хашаа барих зэрэг бүтээн байгуулалтын ажил огт эхлүүлээгүй бөгөөд уг эс үйлдэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан үндэслэлээр газрын гэрчилгээг хүчингүйд тооцох үндэслэл нөхцөлийг бүрэн хангасан байна. Нийслэлийн Засаг дарга нь газар эзэмшүүлэх гэрээ болон хуулиар хүлээсэн чиг үүргийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй аж, ахуй нэгж байгууллага, хуулийн этгээдэд хариуцлага тооцож, газар эзэмшүүлэх гэрчилгээг хүчингүй болгоогүй эс үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3-д заасан “захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй” гэх үндэслэлээр эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад хамаарч байна.
2.2. Мөн нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны А/163 дугаар тушаалаар ""Р"ХХК-ийн эзэмшил Налайх дүүргийн 7 дугаар хороонд байрлах 26.3 га газрыг "Д" ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн бөгөөд газрын гэрчилгээ дэх газрын зориулалтыг "үйлчилгээний орон сууц" болгон өөрчилсөн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.6-д заасан "иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, дуусгавар болгох, газрын байршил болон хэмжээ, зориулалт өөрчлөх асуудлыг шийдвэрлэх" гэх нийслэлийн Засаг даргад олгогдсон бүрэн эрхийн заалтыг зөрчсөн болно. Уг үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь заалтад тусгасан “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэх үндэслэлээр илт хууль бус захиргааны актад хамаарч байна. 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд эдгээр хууль бус актуудыг нотлох баримтууд болох нийслэлийн Засаг даргын 2020 оны А/607 дугаар захирамж, нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны А/163 дугаар тушаал, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, "Д" ХХК-ийн газар эзэмших гэрчилгээ, маргаан бүхий газрын кадастрын болон фото зураг, нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ирүүлсэн 01-05/7615 дугаар албан бичиг зэрэг бичиг баримтуудыг шинжлэн судлуулж, нэхэмжлэгч талаас холбогдох тайлбарыг авсан болно.
2.3. Хариуцагчаас нотлох баримтуудыг буруу үнэлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
3. Тогтоогдсон үйл баримтын тухайд,
3.1. Анх Налайх дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/261 дүгээр захирамжаар Налайх дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдвэр, орон сууцны зориулалтаар 400,000 м.кв газрыг эзэмшиж байсан иргэн Х.Д-ийн хүсэлтийг үндэслэн "Р"ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, уг захирамжийг үндэслэн газар эзэмших эрхийн 0003220** дугаартай гэрчилгээ олгож, 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулжээ.
3.2. Улмаар нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/607 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлдвэр, орон сууцны зориулалтаар 137003 м.кв газрыг, Налайх дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдвэр, орон сууцны зориулалтаар 262997 м.кв газрыг тус тус 15 жилийн хугацаатайгаар "Р"ХХК-д эзэмшүүлж, энэхүү захирамж гарсантай холбогдуулан Налайх дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/261 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд тус захирамжийг үндэслэн газар эзэмших эрхийн 000017** дугаартай гэрчилгээ олгож, 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан байна.
3.3. Харин нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/163 дугаар тушаалаар нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/607 дугаар захирамжаар "Р"ХХК-д эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрших үйлдвэр, орон сууцны зориулалттай нэгж талбарын 13331084** дугаар бүхий 136893 м.кв газрыг, Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрших үйлдвэр, орон сууцны зориулалттай нэгж талбарын 12603108** дугаар бүхий 262997 м.кв газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч "Д" ХХК-д 15 жилийн хугацаагаар шилжүүлж, улмаар "Р"ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.
3.4. Дээрх тушаалыг үндэслэн нэхэмжлэгч "Д" ХХК-д газар эзэмших эрхийн 00003394** дугаар гэрчилгээг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар олгож, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 01113-2024/04500 дугаар “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан байх ба эдгээр шийдвэрүүд нь хүчин төгөлдөр байна.
4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээд нь Налайх дүүргийн 7 дугаар хороо, нэгж талбарын 12603108** дугаар бүхий газар дээрээ орон сууцны цогцолбор барихаар 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2025/00-60 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг зэргийг батлуулж, тухайн газраа ашиглахтай холбоотой бэлтгэл ажлуудыг хийж байжээ.
5. Улмаар маргаан бүхий Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” 07/08 дугаар тогтоолоор “... Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 16 дугаар зүйлийн 16.1.17, 16.2, 20 дугаар зүйлийн 20.1.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 ...”-д заасныг тус тус үндэслэн Налайх дүүрэгт ногоон байгууламж байгуулах зорилгоор 7 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 84 га нийтийн эдэлбэр газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, хилийн заагийн солбицлыг баталсан байна.
6. Гэвч тус тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан 84 га газартай нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэгж талбарын 12603108** дугаар бүхий 262997 м.кв газар бүхэлдээ давхцалтай байх бөгөөд ийнхүү нэхэмжлэгч "Д" ХХК нь Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” 07/08 дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргасан.
7. Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай, авто зогсоол, ногоон байгууламж, нийтээр ашиглах барилга байгууламжийн газар ... зэрэг газар хамаарна”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна:”, 16.1.17-д “нийтийн эдэлбэр газар”, 16.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүрэг энэ хуулийн 16.1.1, ... 16.1.17 ...-д заасан зориулалтаар өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно”, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 20.1.3-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, сум, нийслэлийн тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох”, 20.1.4-т “бусдын эзэмшил газрыг аймаг, сум, нийслэлийн тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргах” гэж тус тус заасан.
8. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд нийтийн эдэлбэр газарт ногоон байгууламж хамаарах бөгөөд дүүргийн иргэдийн Хуралд тухайн зориулалтаар өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах эрхийг олгосон, ингэхдээ тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, бусдын эзэмшил газрыг тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргахаар зохицуулжээ.
8.1. Тодруулбал, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.2.5-д “газрыг тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг газар эзэмшигч болон тухайн шатны Засаг даргатай тохиролцсоны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх” гэж зааснаар нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах бол эхлээд газар эзэмшигчтэй тохиролцох үүрэгтэй, гэтэл энэ тохиолдолд маргаан бүхий тогтоолоор Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 84 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, хил зааг солбицлыг тогтоохдоо захиргааны байгууллага нь нэгэнт эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр газар эзэмших эрх олж авч, үйл ажиллагаа явуулж байгаа газар эзэмшигчийн эрх, захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа тогтвортой байдалд итгэх итгэлийг хамгаалах зарчмыг харгалзаагүй, нөхөх олговрын асуудлыг урьдчилан тохиролцоогүй нь буруу байна.
8.2. Нөгөөтээгүүр, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж, 20.1.4-т “бусдын эзэмшил газрыг аймаг, сум, нийслэлийн тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргах” гэж зааснаас үзэхэд эхлээд олгох нөхөн олговрыг газар эзэмшигчтэй тохиролцож, дараа нь Иргэдийн хуралд санал оруулж, шийдвэрлүүлэх нь тухайн шатны Засаг даргын хуулиар хүлээсэн үүрэг байна.
9. Мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч байгаа тохиолдолд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Заавар батлах тухай” А/73 дугаар тушаалын хавсралт болох “Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх заавар”-ыг дагаж мөрдөхөөр байна.
10. Тодруулбал тус зааврын 2.1-т “Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахад дараах үйл ажиллагааг мөрдлөг болгоно. Үүнд:” 2.1.1-д “Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах болсон үндэслэлийг тогтоох”, 2.1.2-т “Судалгаа хийж, дүгнэлт гаргах”, 2.1.3-т “Баталгаажуулах үйл ажиллагаа”, 2.1.4-т “Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах”, 2.1.5-т “Кадастрын мэдээллийн санд бүртгэх” гэж тус тус заасан байх бөгөөд газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахдаа эдгээр ажиллагааг хийхийг журамлажээ.
11. Гэтэл хариуцагч захиргааны байгууллага нь дээрх ажиллагааг огт хийж хэрэгжүүлээгүй байх төдийгүй түүний шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй байна.
12. Захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаа буюу аливаа захиргааны шийдвэр нь “зорилгодоо нийцсэн”, “бодит нөхцөлд тохирсон байх” ерөнхий зарчмыг баримтлахаар Захиргааны ерөнхий хуульд заасан, эдгээр ерөнхий зарчмыг хэрэгжүүлэх арга журмыг мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “...бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэх зэргээр тусгайлан заажээ.
13. Тодруулбал, захиргааны байгууллага нь шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг тодорхойлж, тухайн нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох талаар Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1-д тус тус заасан. Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон эдгээр журмууд нь захиргааны байгууллага шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг урьдчилан бодитоор зөв тогтоох, үүний тулд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг “сонсох”, ингэснээр гаргасан шийдвэр нь хуульд нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон байдлаар гарах нөхцөлийг бүрдүүлэх агуулгыг илэрхийлнэ.
14. Үүнээс үзэхэд, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд “оролцогчийг сонсох” зорилго нь нэг талаар тухайн шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийн зүгээс өөрийн байр сууриа илэрхийлэх, баримт гаргах болон учир шалтгаанаа тайлбарлах зэргээр эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломжийг олгох, нөгөө талаас захиргааны байгууллагад “зорилгодоо нийцсэн”, “бодит нөхцөлд тохирсон”, хууль ёсны шийдвэр гаргахад туслах агуулгатай. Энэхүү маргааны хувьд хариуцагчаас сонсох ажиллагаа хийгээгүй болохоо хүлээн зөвшөөрсөн мөн Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийхгүй байх тохиолдол байгаагүй болохыг илэрхийлсэн.
15. Мөн хариуцагчаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн газрын зориулалт “үйлдвэр, орон сууц” байсан хэр нь “үйлчилгээтэй орон сууц” болж өөрчлөгдсөн гэж маргах хэдий ч шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” 07/08 дугаар тогтоол холбогдох хуульд журамд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар дүгнэх учиртай.
16. Харин хариуцагчаас холбогдох хууль журамд нийцүүлэн газрыг шинээр орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тохиолдолд энэхүү шийдвэр, магадлал саад болохгүйг тэмдэглэв.
17. Эдгээр үндэслэлүүдээр давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2026/0111 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Ц.ОДМАА