| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 155/2020/01043/И |
| Дугаар | 001/ХТ2022/01084 |
| Огноо | 2022-11-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 001/ХТ2022/01084
Д.Хын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 155/ШШ2020/01756 дугаар шийдвэр,
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар магадлалтай,
Д.Хын нэхэмжлэлтэй
Садан төрлийн холбоо тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Б.Оюунбилэгийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Х, прокурор Б.Ичинхорол, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Д.Хын нь садан төрлийн холбоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
2. Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 155/ШШ2020/01756 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д зааснаар хэлмэгдэгч Намнангийн Н.Дын төрсөн хүү буюу садан төрлийн холбоотой болохыг тогтоолгох тухай Зэлмэн овогт Дийн Д.Хын хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар магадлалаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1756 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгч Д.Хын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөг Б.Оюунбилэг хяналтын гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан 2020.11.11-ний өдөр хуралдаж шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч Д.Хын давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн төдийгүй нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн энэхүү шийдвэрийг үл хайхран нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн алдаатай шийдвэрийг хэвээр үлдээсэнд нэхэмжлэгч Д.Хын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунбилэг миний бие эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар “хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу шүүхийн тогтоол байгаа бол шүүх нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана” гэсэн заалтын дагуу Д.Х нь садан төрлийн холбоо тогтоолгох асуудлаар дахин хэзээ ч шүүхэд хандах эрхгүй бөгөөд цаашид улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн төрсөн эцэг Н.Дын нөхөн олговорыг авах хуулиар олгогдсон эрх ашиг нь зөрчигдөж байгаа юм. Д.Х нь одоо биеийн эрүүл мэндийн хувьд сайнгүй байгаа нас өндөр болсон хүн байна./ Одоо 82 настай/ Нэхэмжлэгч Д.Х ярихдаа миний эцэг хэлмэгдээд явсан учраас би насан туршдаа л эцэггүй, ээж Дээрээ овоглож ирсэн хүн л дээ гэж ярьж байгаа. Мөн миний аав хурлаа удирддаг Аригын хүрээний том лам хүн байсан учраас эхнэр авч болохгүй гэдэг байсан гэсэн. Тиймдээ ч 1933 оны тооллогоор ээжийг өрхийн тэргүүн гэж аавыг ах гэж тоолуулсан байх гэж би боддог юм гэж ярьж байгаа. Энэ нь ч хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа. Багадаа тоглож өссөн намайг сайн мэдэх амьд байгаа хүмүүсийн нэг нутгийн хөгшин Б.Дарьсүрэнгээрээ тухайн үеийнхээ байдлыг гэрчлүүлэх гэсэн боловч шүүх түүний тодорхойлолтыг үл ойшоож гэрчийн мэдүүлэг ч аваагүй байтлаа хэрэгт хийсээд ороод ирсэн юм шиг бичжээ. Үүнд ч би бас гомдолтой л байна гэж гомдоллож байна. Анхан шатны шүүх доорхи хуулийн заалтуудыг хэрэг шийдвэрлэхдээ ч анхаарч үзсэнгүй. Тухайлбал. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д “Нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана.Энэ хуулийн 133 дугаар зүйлд заасан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт энэ зүйл хамаарахгүй”. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д заасан “садан төрлийн холбоо тогтоолгох тухай хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгдэнэ” гэсэн хуулийн заалтууд байсаар атал шүүх нотлох баримтыг өөрөө бүрдүүлж хэргийг шийдвэрлэх ёстой. Гэтэл анхан шатны шүүх шийдвэртээ “...Б.Дарьсүрэнгийн тодорхойлолт гэх бичиг нь хаана, хэзээ, юуны учир бичсэн нь тодорхойгүйгээс гадна нотлох баримт цуглуулах арга хэрэгслээр олж аваагүй хуульд заасан шаардлага хангахгүй баримт байх тул үнэлээгүй болохоо дурьджээ. Нэхэмжлэгч Д.Хын анхан шатны шүүхэд гаргасан энэ хэрэгт гэрчээр Чулууны Ням-Очир, Бямбажийгийн Дарьсүрэн нарыг асуулгах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүйн дээр уг хүсэлтийг хэрэгт хавсаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.3, 38 дугаар зүйлийн 38.6 дугаар зүйлд заасан заалтуудыг, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2,43.4 дэх хэсгүүдэд заасан заалтуудыг ноцтой зөрчжээ. Б.Дарьсүрэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бөгөөд хэвтэрт байдаг ч учир шүүхэд хүрэлцэн ирж мэдүүлэг өгч чадахгүй талаар эмчийн бичиг авч, хэргийн талаар мэдэх зүйлээ тодорхойлж тодорхойлолт ирүүлсэн байхад шүүх түүнийг үндэслэн гэрчээр асууж нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй эргэлзээтэй дүгнэлт хийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан үүргээ биелүүлээгүй, шүүхийн шийдвэр хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан шаардлагыг хангаагүй байна. Түүнчлэн шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан заалтыг зөрчжээ. Шүүх хэлмэгдэгч Н.Дад холбогдох хүн амын тооллогын лавлагааг бүрэн аваагүй, Үндэсний төв архивын 2020.05.19-ний өдрийн лавлагаагаар хязгаарласан, хэлмэгдэгч Намнангийн Н.Д нь хадам эцэг Дондогийн Лувсантай хамт Хөвсгөл аймгийн Чандмана-Өндөр сумаас 1938 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж хамт баривчлагдан явсан байсан нь хэлмэгдэгчдийн цагаан номонд бичигдсэн, мөн гэрчээр асуух ёстой Б.Дарьсүрэнгийн тодорхойлолтонд ч дурьдсан байдаг. Энэхүү хэрэгт шаардлагатай бусад нотлох баримтуудыг эргэлзээгүй цуглуулсны эцэст хэргийг шийдвэрлээгүйд гомдолтой байна. Монгол Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн 2006.02.03-ны өдрийн 11-р захирамжийн хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Дээд шүүхээс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгасан тухай үнэмлэх олгох журам”-ын 2.5 дахь хэсэгт: Үнэмлэхийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай Монгол Улсын хуулийн 10-р зүйлд заасан дарааллыг баримтлан хэлмэгдэгч өөрөө амьд байгаа бол түүнд, хэрэв тэрээр нас барсан бол хэлмэгдэгчийн эхнэр нөхөр, эдгээр хүмүүс байхгүй бол хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач зээд олгоно. Эдгээр хүмүүс өөрийнхөө хэлмэгдэгчтэй төрөл садангийн холбоотой болохоо нотолсон байхыг шаардаж байх бөгөөд хэлмэгдэгч Намнангийн Н.Дын цагаатгалын 6930 дугаартай 1999.04.30-ны өдрийн Улсын Дээд шүүхээс олгосон үнэмлэхийг Дийн Д.Хт олгосон нь түүнийг хэлмэгдэгчтэй садан төрлийн холбоотой болохыг нотолсон бас нэгэн баримт юм. Шүүх энэ байдлыг харгалзан үзэлгүй хэт өрөөсгөл дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчим алдагдахад хүрчээ. /Дээрхи журмын 3.1-д зааснаар Улсын дээд шүүхийн Тамгын газраас лавлагаа авч болох байсан/ Хэлмэгдэгч Н.Дадүүний эхнэр Л.Д нарт холбогдох 1918, 1924, 1927, онуудын хүн амын тооллогын лавлагаануудыг Архивын Ерөнхий газрын 2020.06.19-ний 03/612 дугаартай лавлагаагаар тус архивт баримт ирээгүй болохыг мэдэгдсээр байхад тухайн үед харъяалагдаж байсан буюу Хөвсгөл аймгийн архиваас дээрхи онуудын тооллогын бүртгэлийн талаар лавлагаа аваагүй, мөн шаардлагатай бусад нотлох баримтуудыг судалж цуглуулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь мөн алдаа болжээ. Иймд магадлалыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй. Шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримт бүрдүүлэх үүргээ хэрэгжүүлээгүйгээс үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэх агуулгатай гомдлыг хангахгүй орхив.
6. Нэхэмжлэгч Д.Х нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Н.Дын төрсөн хүү мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ. Тэрээр нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “...миний аав Намнангийн Н.Д, ээж Лувсангийн Д нар бөгөөд би аавын нэрээр овоглоогүй. Учир нь миний эцэг Н.Да Хөвсгөл аймгийн Чандмань Өндөр сумын нутагт оршиж байсан Аригийн доод хийдэд аграмба мяндагтай, цогчин, гэвхгүй, тушаалтай лам хүн байсан, түүнийг 1938 онд буюу намайг эхийн хэвлийд байх үед улс төрийн хилс хэрэгт баривчилсан юм...тэгээд би ээж Л.Дээр овоглож явдаг...” гэжээ.
7. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д заасан журмыг зөрчөөгүй, хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд эрх зүйн ач холбогдол бүхий байдал тогтоогдоогүй талаар дүгнэсэн, шүүхийн шийдвэр магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.
8. Хэрэгт цугларсан нотлох баримтаар, хэлмэгдэгч Н.Да нь Ёнзонхамбын бүлэг хэрэгт оролцон, гишүүн элсүүлж, цуурхан, хорлон сүйтгэж, бослогод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогдож Онцгой бүрэн эрхт комиссын 1938.05.06-ны өдрийн 17 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлсэн байх ба хожим нь Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992.04.03-ны өдрийн 41 дүгээр магадлалаар цагаатгагдсан, энэ талаар Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2020.04.13-ны өдрийн 08/1852 дугаартай лавлагаанд тусгагдсан, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн болох нь тогтоогдсон байна.
9. Нэхэмжлэгч Д.Х нь 1938.02.02-ны өдөр төрсөн, эх Лувсан овогтой Дээр овоглодог нь иргэний үнэмлэх, архивын болон улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтаар тогтоогджээ. Тэрээр 1933, 1944, 1947, 1956 оны хүн амын тооллогын тухай Үндэсний төв архивын лавлагааг шүүхэд гаргасан боловч үүнээс зөвхөн “ Хөвсгөл аймгийн Чандмань сумын 4 дүгээр багийн 1933 оны хүн амын тооллогын бүртгэлийн 5 дугаар хуудсанд: өрхийн тэргүүн Лувсангийн Д эмэгтэй, 34 настай, ах Намнангийн Н.Д 54 настай, лам, дүү Цогбадрахын Балжаа 31 настай, лам гэж бүртгэгдсэн” лавлагаа ач холбогдолтой боловч нэхэмжлэгчийн эх нь “өрх толгойлсон” гэж, хэлмэгдэгч Н.Да нь “ах” гэж бүртгэгдсэнээс үзэхэд нэхэмжлэгч Д.Хыг Н.Дын төрсөн хүү гэж, Н.Да болон Л.Д нарыг эхнэр, нөхөр гэж үзэх боломжгүй байна.
10. Түүнчлэн гэрчээр асуугдсан Ч.Ням-Очир нь 1936 онд төрсөн, шүүхэд бичгээр тодорхойлолт гаргасан Б.Дарьсүрэн нь 1939 онд тус тус төрсөн байх ба 1938 оны үйл явдлыг мэдэх боломжгүй, хүмүүсийн яриаг сонсож байснаа мэдүүлсэн, энэ талаар тайлбар гаргасан нь хангалттай нотолгоо болж чадаагүй байх тул “Б.Дарьсүрэнг гэрчээр асуугаагүй, шүүх нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчсөн” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзэв. Нэхэмжлэгч Д.Х нь 1918, 1924,1927 онуудын хүн амын тооллогын архивын лавлагааг гаргуулах талаар шүүхэд хүсэлт гаргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ нотлохын тулд шаардлагатай бүхий л мэдээллийг шүүхэд мэдэгдэх үүрэгтэй бөгөөд энэ талаар тайлбар ч гаргаагүй байхад шүүхийг буруутгах үндэслэлгүй юм.
Гэвч Үндэсний төв архивын 2020.06.19-ний өдрийн 03/612 тоот албан бичигт /хх-24/ 1929 оны хүн амын тооллогын бүртгэлийг шүүж үзэхэд Намнангийн Н.Д, Лувсангийн Д нарт холбогдох баримт байхгүй, улмаар 1924-1928 оны хүн амын тооллогын баримт шилжиж ирээгүй гэж тусгагдсан байх ба 1924, 1927 оны Хөвсгөл аймгийн Чандмань сумын хүн амын тооллогын баримт архивт байхгүй нь тогтоогдсон, 1918 оны хүн амын тооллогын баримт байхгүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэх боломжгүй байна.
11. Иймд хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт байгаа баримтын хэмжээнд хууль зүйн дүгнэлт хийсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 155/ШШ2020/01756 дугаар шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ