Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 108

 

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Ч.Байгалмаа, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй,      

Улсын яллагч Д.Мөнх-Эрдэнэ, 

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,  

Иргэдийн төлөөлөгч А.Одмаа,    

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Хоролсүрэн, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр,

Шүүгдэгч Д.Эрдэнэ-Очир, түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.9 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэ-Очирт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201305000480 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1979 оны 07 сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн, 36 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-2-24 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 04 сарын 05-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 1 сар 25 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ВЕ79072111 тоот регистрийн дугаартай, Хууз овогт Дуламсүрэнгийн Эрдэнэ-Очир,    

Шүүгдэгч Д.Эрдэнэ-Очир нь 2013 оны 12 сарын 06-ны өдрийн өглөө 08 цагийн орчим Баянхонгор сумын 2-2-24 тоотод хамтран амьдрагч А.Хоролсүрэнгийн охин болох 5 настай Г.Баасансүрэнг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж түүний зүүн талын шанаан тус газарт хүчтэй алгадаж зодсоноос хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                     /яллах дүгнэлтэнд бичигдэснээр/

                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг судлав. Үүнд :      

Насанд хүрээгүй хохирогч Г.Баасансүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2013 оны 12 сарын 06-ны өглөө ээж ажилдаа явсан. Тэгээд би баруун талын орон дээр сууж байтал аав сэрээд үхсэндээ ээжийгээ дагаад байгаа юм гээд миний зүүн талын шанаа руу цохиод би нөгөө талын шанаагаараа орны толгойруу мөргөчихсөн. Тэгээд би уйлтал намайг дугаалаад гарч гудамжны өнцгөөс нэг машинд суугаад цэцэрлэг дээр хүргэж өгчихөөд эргээд гараад явчихсан. Миний толгой өвдөөд байсан. Аав намайг хүргэж өгөх замдаа багш болон ээждээ ширээн дээрээс унаад бэртсэн гэж хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд би бөөлжөөд байсан чинь багш надаас яасан талаар асуухад гэртээ ширээн дээрээс уначихсан гэж хэлсэн. Бие одоо гайгүй байгаа. Миний зүүн талын шанаа руу 3 хуруугаа гозойлгоод цохисон. Би ширээн дээрээс унаагүй. Намайг зүгээр байж байсан чинь нуруун дээр маажсан. Бас орны араар шахаад байсан. Би айдаг гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Хоролсүрэнгийн шүүх хуралдаанд өгсөн: Би 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүүхдээ хувцаслачихаад хамтран амьдрагч Д.Эрдэнэ-Очирыг цэцэрлэгт нь хүргэж өгөөрэй гэж хэлчихээд дүүтэйгээ колонкруу гэдэс арилгах гээд явсан юм. 10 цагийн үед цэцэрлэгийнх нь багш танай хүүхэд бөөлжөөд байна ирж ав гэж надруу ярьсан. Өглөө зүгээр байсан болохоор нь би 14 цаг өнгөрөөгөөд цэцэрлэг дээр нь очиход манай хүүхэд хоёр талынх нь шанаа хавдчихсан байсан. Эмнэлэг дээр очиж үзүүлэхэд тархиндаа гэмтэл авсан байна, зургийг нь авхуул гэсэн. Маргааш нь хотруу авч явсан. Д.Эрдэнэ-Очир 1500.000 төгрөг өгсөн тэрүүгээр нь хотод 10 хоног эмчилгээ хийлгэсэн. Түүнээс хойш хүүхэд зүгээр, эрүүл болсон. Одоо надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй, ялыг нь хөнгөлж өгнө үү гэх мэдүүлэг

Гэрч Г.Доржнамжаагийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2013 оны 12 сарын 06-ны өдрийн 08 цаг 50 минутад ажилдаа ирж жижүүр багшаар хүүхдүүдээ хүлээж авсан. Тэгээд Баасансүрэн гэх миний хариуцсан ангийн 5 настай  эмэгтэй хүүхэд 09 цаг 20 минутын орчмоос бөөлжөөд эхэлсэн. Би 00 руу 2 удаа оруулсан ба сүүлийн оролтод толгойг норгоод нүүрийг угаачихаад үсийг нь хойш илтэл 2 талын шанаа хэсэг орчимд хавдсан байсан ба баруун талынх арай илүү хавдсан байсан Би Баасансүрэнгээс яасан юм бэ гэж асуухад би гэртээ хар өнгийн ширээн дээрээс унасан гэхээр ээждээ хэлсэн үү гэхэд хэлээгүй гэж хариулсан. Тэгээд цайнд оруултал мөн бөөлжөөд байхаар нь би унтуулсан Тэгээд ээж Хоролсүрэн рүү 10 цаг өнгөрч байхад залгаад хүүхэд чинь бөөлжөөд байна. хоол унд идэхгүй байна, та ирээд аваатхаач гэж хэлтэл ээж нь би жаахан ажилтай байна гайгүй шиг бол азнаж байгаад авъя гээд 16 цаг дөхүүлээд авсан. Би ээжид нь хүүхдийн толгой ингээд хавдчихсан, ямар ч юм идэж уусангүй, өдөржингөө унтсан гэж хэлсэн. Тэгээд Баасансүрэнг ээж нь дагуулаад эмнэлэгт үзүүлнэ гээд явсан. Миний хариуцсан бүлэгт өнгө бүрэн ялгаж чадахгүй. тоог бол 10-ын дотор ярих болон хуруугаараа үзүүлнэ Намайг ажилдаа ирэхэд ангийнхаа хажуу талын сандалд суусан ба жижүүр багш Оюунцэцэг өглөө ирээд л ингээд байгаад байна. хүүхдүүдтэй ноцолдож тоглоогүй ингээд л суугаад байна гэж хэлсэн Ер нь тэр өдөр Баасансүрэн харахад их зовиуртай. юу ч дуугарахгүй их сонин байсан Урд өмнө Баасансүрэн их хөдөлгөөнтэй, хүүхдүүдтэй тоглоод ийш тийшээ гүйгээд байдаг хүүхэд байсан Жижүүр багш Оюунцэцэг Баасансүрэнг нэг эрэгтэй хүн хүргэж өгсөн гэж хэлсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22-23/

Гэрч А.Хашсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2013 оны 12 сарын 06-ны өдөр эгч Хоролсүрэнтэй хамт өглөө 07 цаг 30 минутын орчимд байхаа сургуулийн хүүхдүүдээ хичээлд нь явуулчихаад Хоролсүрэн эгчийн хүүхэд Баасансүрэн нь хойд аав Эрдэнэ-Очир нь цэцэрлэгт хүргэж өгөхөөр үлдсэн юм. Хоролсүрэн эгч бид 2 төв колонкийн урд байх айлын хашаанд мал нядалж байсан газар гэдэс арилгасан юм. Тэгээд 10 цагийн орчимд Баасансүрэнгийн цэцэрлэгээс Хоролсүрэн рүү хүүхэд бөөлжөөд байна гэж ярьсан. Тэгээд бид нар 13 цагийн орчим ажлаа тараад гэртээ ирчихээд ээж нь 14 цагийн үед цэцэрлэг рүү явсан. Тэгээд Лхагвасүрэн 16 цагийн орчимд залгаад түргэн дээр байна. Баасансүрэнгийн толгойн зургийг авах гэж байна гэхээр нь очиход эгчийн охин Баасансүрэнг эмч үзэж, зургийг авчихаад толгойндоо гэмтэлтэй байна. яаралтай хэвтүүл гэсэн. Эрдэнэ-Очир эгчтэй хамтран амьдраад нэг жил гаруй болж байгаа байхаа, их ширүүн догшин хүн шиг санагддаг. Яагаад гэвэд харьцаж байгаа байдал. харьцаа нь бүдүүлэг байдаг 2013 оны 11 сарын эхээр Баасансүрэнгийн нуруун тус газарт Эрдэнэ-Очир няслаад хөхрүүлчихсэн байсан, Баасансүрэнгээс асуухад гурван хуруугаа гозойлгоод аав цохисон гэж байсан. Их нурмайчихсан, дуугүй болчихсон байсан, Баасансүрэн их сэргэлэн хүүхэд юм гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27/

Шинжээч  эмч С.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2013 оны 12 сарын 06-ны өдрийн их эмч С.Энхбаярын тодорхойлолтыг үндэслэж  дүгнэлтээ гаргасан. Уг тодорхойлолтод баруун талын шанаа хавдсан. тархины рентген зурагт баруун талын чамархайн яс дотогш цөмөрсөн шинжтэй, зулайн заадас давхацсан цууралтын шинжтэй, хурууны даралтын шинж илэрсэн, тархины судас өргөссөн шинжтэй байсан. Баасансүрэнгийн биед баруун чамархай ясны цөмөрсөн хугарал. зулайн ясны цууралт. тархины доргилт, няцрал, баруун шанааны цус хуралт гэмтлүүд үүссэн байсан Эдгээр гэмтлүүдээс баруун чамархай ясны цөмөрсөн хугарал нь 2010 оны шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 буюу тухайн учрах үедээ амь насанд аюултай гэмтэл гэдгээр гэмтлийн хүнд зэрэгт тооцож дүгнэлтээ гаргасан. Миний үзэж буй гавал ясны рентген зурган дээр гавал ясны баруун талын чамархай ясны цөмөрсөн хугарлын шинж, баруун талын зулай яс мөн заадсын дагуу цууралттай, тархины судасны зураглал олширсон, хурууны даралтын шинжүүд харагдаж байна. Дээрх гэмтлүүд нь тухайн талаас /баруун талаас/ хүчтэй цохих эсвэл хатуу мохоо зүйлийг мөргөх үйлчлэлүүдээр үүсэх боломжтойгэх мэдүүлэг /1-р хх-ийн 37/

Шүүгдэгч Д.Эрдэнэ-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2013 оны 12 сарын 06-ны өглөө миний хамтран амьдрагч Хоролсүрэн өглөө эрт 06 цагт төв колонкийн тэнд айлд очиж гэдэс арилгахаар явсан ба явахдаа өөрийн 5 настай охин Баасансүрэнг хувцаслаж үлдээчихээд гарсан. Тэгэхэд би орондоо хэвтэж байсан ба нэг мэдэхэд дугхийчихсэн байсан.Хүүхэд байхгүй. хамаг хувцсаа тайлчихсан. гадаа гартал хашаан дотор явж байсан. Гэрт оруулж ирээд хувцсыг нь өмсүүлж байхдаа би загнаад нэг удаа алгадсан чинь хүүхэд орны толгойн бөөрөнхий модыг мөргөчихсөн. Тэгээд би Баасансүрэнг хувцаслаад дагуулан гарч гудамжны үзүүрээс таксигаар цэцэрлэгт нь хүргэж өгсөн Би цэцэрлэг рүү нь оруулж өгчихөөд таксигаараа гэртээ хүргүүлсэн. Тэгээд 17 цагийн орчимд хамтран амьдрагч Хоролсүрэн хүүхэд бөөлжөөд байна. хүрээд ир гэхээр нь би эмнэлэг дээр ирээд цагдаа нар намайг аваад явсан. намайг унтчихсан байсан чинь хувцсаа тайлаад гэрт үлдээчихсэн гадаа нимгэн хувцастай явж байхаар нь оруулж ирээд хатгаа авчихна гэж загнаад түүнийг алгадсан.гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46, 49/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 141 тоот 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт:

  1. Урьд гаргасан 2013 оны 12 сарын 09-ний өдрийн №13 тоот, 2014 оны 09 сарын 23-ны өдрийн №558 тоот, 2015 оны 10 сарын 27-ны өдрийн 938 тоот шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна.
  2. Г.Баасансүрэнгийн биед тухайн үед зүүн чамархай яснаас баруун, зүүн зулай ясруу үргэлжилсэн шугаман хугарал, заадас салалт, хатуу хальсан доорх цусан хураа, зүүн зулай, чамархайд зөөлөн эдийн няцрал, баруун шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний явцаас хамаарна.
  5. Мөрдөн байцаагчтай ярьж хүнийг дуудуулж үзэх гэхэд үзүүлэгч Г.Баасансүрэн нь ирж үзүүлэх боломжгүй гэсэн болно гэжээ.

-гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 3-5/

-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 13-16/

-Д.Эрдэнэ-Очирын иргэний үнэмлэхний хуулбар /1-р хх-ийн 50/

-Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 51/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 52/

-насанд хүрээгүй хохирогч Г.Баасансүрэнгийн төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 61/

-толгойн компьютерт томографийн шинжилгээний тайлал /1-р хх-ийн 71/

-насанд хүрээгүй хохирогч Г.Баасансүрэнгийн эмчлүүлсэн баримт /1-р хх-ийн 72-85/

-хураан авах тогтоол, тэмдэглэл /2-р хх-ийн 47-52/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Эрдэнэ-Очир нь 2013 оны 12 сарын 06-ны өдрийн өглөө 08 цагийн орчим Баянхонгор сумын 2-2-24 тоотод хамтран амьдрагч А.Хоролсүрэнгийн охин болох 5 настай Г.Баасансүрэнг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж түүний зүүн талын шанаан тус газарт алгадаж зодсоноос хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан эд мөрийн баримт, шүүхээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.  

Шүүгдэгч Д.Эрдэнэ-Очирыг бусдын бие махбодид хүнд гэмтлийг санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга  ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмуудыг баримтлан, эрүүгийн  хариуцлага хүлээлгэн ял шийтгэл оногдуулах  хууль зүйн үндэслэлтэй  байна гэж  шүүх дүгнэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгч Д.Эрдэнэ-Очироос учирсан хохиролыг бүрэн барагдуулж авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй, хүүхдийн бие бүрэн эдгэрсэн тул гомдол саналгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Д.Эрдэнэ-Очирт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэ-Очирын хохирол нөхөн төлсөн байдал, гэм хорыг арилгасан байдал, хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.    

Шүүгдэгч Д.Эрдэнэ-Очир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо нөхөн төлсөн байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдасны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Эрдэнэ-Очирын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж, жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогчийн толгойн томографын зураг 2 ширхэгийг буцаан олгож, шүүгдэгч Д.Эрдэнэ-Очирын цагдан хоригдсон  506 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож шийдвэрлэв.     

Хохирол, иргэний нэхэмжлэлийг хангуулах үүднээс шүүгдэгч Д.Эрдэнэ-Очирын эзэмшилийн хенсим маркын мотоциклийг битүүмжилсэн 2014 оны 01 сарын 09-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 294 дүгээр зүйлийн 294 дүгээр зүйлийн 294.2., 294.3., 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хууз овогт Дуламсүрэнгийн Эрдэнэ-Очирыг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэхь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.9 дэхь хэсэгт зааснаар Д.Эрдэнэ-Очирыг дөрвөн жил найман сар нэг хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдасны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэ-Очирт оногдуулсан дөрвөн жил найман сар нэг хоногийн хугацаагаар хорих ялаас хоёр жилийг хасч, биечлэн эдлэх ялыг хоёр жил найман сар нэг хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэ-Очирт оногдуулсан хоёр жил найман сар нэг хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэ-Очирын цагдан хоригдсон таван зуун зургаа хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогчийн толгойн томографын зураг 2 ширхэгийг буцаан олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Д.Эрдэнэ-Очирын эзэмшилийн улсын дугааргүй хенсим маркийн мотоциклийг  битүүмжилсэн 2014 оны 01 сарын 09-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Хоролсүрэн нь учирсан хохиролоо бүрэн гаргуулж авсан, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Д.Эрдэнэ-Очир бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэ-Очирыг

 цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 07 сарын 28-ны өдрөөс эхлэн тооцсугай.       

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Эрдэнэ-Очирт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА

                                    ШҮҮГЧИД Ч.БАЙГАЛМАА

                                                     Н.БААСАНБАТ