| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2020/01124/И |
| Дугаар | 01740 |
| Огноо | 2020-09-28 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 01740
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Б -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.М-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 155/2020/01124/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ, нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Г.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б миний бие Г.М гэж хүнтэй 2007 онд танилцаж, үерхэж нөхөрлөж байгаад 2014 оноос хойш одоог хүртэл хамтран амьдарч байна. бид хамт амьдарч байх хугацаанд бидний дундаас охин М.А-ийг төрүүлсэн. Бид гэрлэлтээ батлуулаагүй. Бид хамт амьдарч байх хугацаанд Г.М нь зодож дарамталдаг, үүний улмаас гэрт үргэлж хэрүүл маргаан үүсэж, амгалан тайван байдал алдагддаг. Үүний улмаас би 2020 оны 5-р сарын 5-нд Цагдаагийн байгууллагад хандаж 10 хоногийн баривчлах шийтгэл ногдуулж, би хүүхдээ аваад өөрийн ээж, аав руугаа явсан. Одоо цаашид нэг гэр бүл болж хамт амьдрах боломжгүй болоод байна.
Иймд бидний дундаас төрсөн охин М.А-г миний асрамжинд үлдээж, эцгээс нь хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэмж тогтоолгож, тэжээн тэтгүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Охин Анударьдаа эцэг Мөнхнасангаас тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Шинжээчийн дүгнэлтээр түүний хүүхэд болох нь батлагдсан байна... гэв.
Хариуцагч Г.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б нь Г.М надад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Би Б.Б-тай 2007 онд танилцан, үерхэж байгаад 2014 оноос хойш нэг гэрт орж хамт амьдарсан юм. Бидний дундаас охин А төрсөн. Бид хоёр хамтдаа хүнээс дутуугүй сайхан амьдарч байгаа гэж би хувьдаа боддог. Гэхдээ би тухайн өдөр уураа барьж чадаагүйн улмаас эхнэрийгээ зодсондоо одоог хүртэл гэмшиж байна. Би сая эхнэр, хүүхэддээ хүүхдийн баяраар бэлэг, эхнэрээсээ уучлалт гуйсан захиагаа хүнээр явуулсан. Бид хоёр багаасаа үерхэж нөхөрлөсөн, бие биенийхээ зан сайн мэдэх тул эхнэр минь тэр захиаг уншаад намайг уучлах байх гэж бодож байна. Би эхнэрээсээ салахгүй, охиноо өнчрүүлмээргүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би бол хүүхдүүдээ өнчрүүлмээргүй байна. Б.Б-тай эвлэрэх гэсэн боловч намрын хадлан өвсний ажил их болоод уулзаж чадаагүй юм. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна ... гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Нэгэнт шинжээчийн дүгнэлтээр ямар нэгэн эргэлзээгүй болсон байна. Мөн хуулиар Г.М нь эцэг хүнийхээ үүргийг гүйцэтгэх нь олйгомжтой юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Г.М холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Г.М нар нь гэрлэлтээ батлуулаагүй ба тэд үерхэж, хамтран амьдарч байх хугацаанд нэхэмжлэгч Б.Б нь жирэмсэлж тэдний дундаас охин М.А төрсөн болох нь зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Хэрэгт авагдсан:
Төрийн үйлчилгээний цахим машинаас 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр авсан “ Монгол улсын иргэн Г.М, Б.Б нарын дундаас 2019 оны 3 дугаар сарын 06-нд төрсөн М.Ан-г 2019 оны 3 дугаар сарын 20-нд Х аймгийн М сумын 6701000193-т бүргүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов. “ гэх бичилттэй Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт бүхий Төрсний бүртгэлийн лавлагаа 1 хуудас,
Төрийн үйлчилгээний цахим машинаас 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр авсан “ У овогт Б.Б гэр бүлгүй болохыг тодорхойлов. ” гэх бичилттэй Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт бүхий Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа 1 хуудас,
Хөвсгөл аймгийн М сумын Далайн Элбэрэл өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “ М овогтой А нас -1 нас 4 сартай, хүйс-эм, Эрүүл бойжиж байна. “ гэх тодорхойлолт,
Хөвсгөл аймгийн М сумын Жилчиг багийн засаг дарга Д.Б-ийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 14/92 дугаартай “ Б овогтой Б нь ам бүл , Мөрөн сумын 10 дугаар баг хүүхдийн хамт оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов.” гэх албан бичиг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 4460 дугаартай ...1. Хүний аутосомын хромосомын...локусын аллелиар Г.М нь М.А-ийн биологийн эцэг байх боломжтой байна. 2. Г.М нь М.А-ийн билогийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,9 хувийн магадлалтай байна гэх “Шинжээчийн дүгнэлт” 2 хуудас зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ гэж,
Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т. Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг эхээс төрсөн болон ... хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно гэж,
Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ.
Иймд 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, Б овогт М-ийн А-д эцэг Б овогт Г.М -аас хуульд заасан хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараахь хэмжээгээр тогтооно:
40.1.1. 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар;
40.1.2. 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр гэж заасан байх тул охин М.А-д эцэг Г.М-аас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т тус тус зааснаар хүүхдэд тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд нэхэмжлэгч Б.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34.214 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.М-аас 34.214 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, Б овогт М-ийн А-д 11-н настай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Б овогт Г.М-аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34.214 /гучин дөрвөн мянга хоёр зуун арван дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.М-аас 34.214 /гучин дөрвөн мянга хоёр зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА