| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2020/01992/И |
| Дугаар | 01992 |
| Огноо | 2020-11-25 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 01992
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 6 дугаар багт оршин суух, /Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 12 дугаар гудамжны 28 тоотод түр оршин сууж буй/, РГ91012009 дугаар регистртэй, эмэгтэй, Тогоруутан овогт Пүрэвжавын Гантуяагийн,
Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг Арслан цохио 4 дүгээр гудамжны 22 тоотод оршин суух, АЮ89051513 дугаар регистртэй, эрэгтэй, Тайж овогт Эрдэнэхүүгийн Алтангэрэлд холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 155/2020/01518/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Гантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Архангай аймаг дахь Багшийн их сургуульд суралцаж байх хугацаандаа буюу 2014 онд Архангай аймгийн иргэн Э.Алтангэрэлтэй танилцаж, үерхэн дотносож байгаад 2014 оны 12 дугаар сараас нэг гэрт орж, хамтран амьдрах болсон. Бидний хамтын амьдралын явцад буюу 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр охин А.Солонго, 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр охин А.Сондор нар тус тус мэндэлсэн. Нөхөр бид хоёр 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймагт хуримаа хийсэн. Хэдий тийм боловч гэрлэлтээ албан ёсоор батлуулж амжаагүй яваад байсан. Хамтын амьдралын эхний нэг, хоёр жил бидний амьдрал баяр хөөр, аз жаргал дүүрэн байсан боловч сүүлийн хэдэн жил нөхөр болох Э.Алтангэрэлийн ааш зан эрс хувирч, ширүүн догшин ааш араншинтай, хүнийг хайрлах сэтгэлгүй нэгэн болж, эхнэр болон хүүхэддээ хатуун ширүүн хандах болсноор гэр бүлийн уур амьсгал хүйтэн хөндий харилцаатай болж эхэлсэн. Ийм ааш араншин гаргах болсон шалтгаан нь тэрээр архи согтууруулах ундааны зүйлийг ихээр хэрэглэх болсонтой холбоотой юм. Энэ бүхнийг миний хувьд эхнэр хүний тэсвэр тэвчээр заан, зүгээр болчих байлгүй гэж итгэж, найдсан сэтгэлээр өнгөрүүлдэг байсан. Гэтэл Э.Алтангэрэл нь үүгээр ч зогсохгүй, бусадтай гэр бүлээс гадуур харилцаа үүсгэн, эр нөхрийн үнэнч сэтгэлийг гээн, надад шударга бус ханддаг байсан болох нь 2019 оны 1 дүгээр сард мэдэгдсэн. Тодруулбал тухайн үед нөхөр Э.Алтангэрэлтэй хамт ажилладаг хүнээс түүнийг өөр хүнтэй болсон талаар сонссон. Манай нөхөр Э.Алтангэрэл нь Архангай аймагт ЕБС-ын жолоочоор ажиллаж байх хугацаандаа тус сургуулийн дуу хөгжмийн багш н.Жаргалтай дотно харилцаатай болсон нь тогтоогдсон. Тухайн асуудлыг түүнд хэлж, амьдралаа бодооч, үр хүүхдийнхээ төлөө энэ үйлдлээ зогсоогооч" гэдэг талаар удаа дараа хэлсэн боловч миний үгийг үл тоон, намайг муу муухай үгээр хараан, удаа дараа зодож, эрүүл мэндэд минь гэмтэл учруулсан. Тэрээр намайг зодож гэмтэл учруулсан асуудлаар Архангай аймгийн шүүхээс эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр ял шийтгэл хүртэл авсан. Миний хувьд цаашид энэ бүх байж боломжгүй үйлдлүүдийг тэсэхээ байсан тул гэр орон, эрхэлж байсан ажил алба бүхнээ орхин өөрийн төрсөн нутаг руугаа бага насны хүүхдээ дагуулан, бага охиноо хэвлийдээ тээн төрхөмдөө буцаж ирсэн. Түүнээс хойш Э.Алтангэрэл нь надаас уучлалт гуйж, буцаж амьдрах талаар хэлж ярин, араас минь хүртэл ирэх талаар амлалт өгдөг байсан боловч энэ бүхэн нь эцэстээ хий хоосон зүйл болж, одоог хүртэл дээр дурдсан эмэгтэйтэйгээ нэг гэрт орон амьдарч байгаа болох нь тодорхой болсон.
Иймд миний хувьд цаашид Э.Алтангэрэлтэй амьдрах ямар ч боломжгүй тул өөрийн төрсөн охин А.Солонго, А.Сондор нараа өөрийн асрамжид авч, хуульд заасны дагуу эцгээс нь тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Бидний хооронд ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй болно. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Алтангэрэлд тус шүүхээс 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн хувь гардуулж өгсөн боловч шүүгчээс тогтоосон хугацаа болох 14 хоног буюу 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Мөн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Гантуяа нь хариуцагч Э.Алтангэрэлд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч Э.Алтангэрэлийг хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэсэн болно.
Учир нь хариуцагч Э.Алтангэрэлд 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн хувь гардуулан өгч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар 14 хоногийн дотор буюу 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дотор хариу тайлбараа шүүхэд ирүүлэх үүрэгтэйг мэдэгдэн нэхэмжлэл гардуулсан тухай баримтад гарын үсэг зуруулжээ. Гэвч шүүгчээс тогтоосон хугацаа болох 14 хоног буюу 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72 дугаар зүйлийн 72.3-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно... гэж тус тус заажээ.
Хариуцагч Э.Алтангэрэл хуулинд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцов. Өөрөөр хэлбэл хариуцагч Э.Алтангэрэл нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгч П.Гантуяа, хариуцагч Э.Алтангэрэл нар 2014 оноос хамт амьдарч, энэ хугацаанд тэдний дундаас 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр охин А.Солонго, 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр охин А.Сондор нар тус тус төрж, эцэг Э.Алтангэрэлээр овоглон бүртгүүлсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын улсын бүртгэлийн ажилтаны бүртгэж олгосон охин А.Солонгын 6713000054 бүртгэлийн дугаартай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын бүртгэлийн ажилтаны бүртгэж олгосон охин А.Сондорын 6701000066 бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, хүүхэд эрүүл бойжиж буй тухай Дэлгэрмөрөн өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолтууд зэрэг баримтаар нотлогдлоо.
Зохигч болох П.Гантуяа, Э.Алтангэрэл нар гэрлэлтээ батлуулаагүй ч тэдний дундаас төрсөн охин А.Солонго, охин А.Сондор нар гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байдаг.
Иймд эцэг Э.Алтангэрэлээс хүүхдийн тэтгэлэг сар бүр гаргуулан 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин А.Солонго, 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин А.Сондор нарыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин А.Солонго 05 нас 05 сар, 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин А.Сондор 00 нас 10 сар тус тус хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 206.000 төгрөгийн 50 хувь болох 103.000 /нэг зуун гурван мянга/ төгрөгийг охин А.Солонго, охин А.Сондор нарт тус бүр сар болгон эцэг Э.Алтангэрэл төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин А.Солонго, охин А.Сондор нарт сар бүр төлөх нийт 206.000 төгрөгийн тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 2.472.000 төгрөг болж байна.
Нэхэмжлэгчээс нэг жилийн хугацаанд төлвөл зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 68.428 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 68.428 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Гантуяа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас, хариуцагч Э.Алтангэрэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.4-т тус тус зааснаар зохигчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин А.С-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2- т зааснаар 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин А.С-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг тус тус сар бүр эцэг Э.А-с гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68.428 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.А-эс улсын тэмдэгтийн хураамж 68.428 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Г-д олгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА