| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2024/0002/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/08 |
| Огноо | 2024-01-30 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/08
Өвөрхангай аймгийн сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Д.Алимаа,
Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Батсайхан,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн сум дахь Сум дундын Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ******* овогт *******гийн *******эд холбогдох эрүүгийн 2327001050153 дугаартай, 146/2024/00002/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ******* сум ******* дугаар баг ******* хэсэг 1- тоотод оршин суух, , шагналаар шагнуулсан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
******* овогт *******гийн ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргатай 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр БУ-16/2022-БШУЯ/ дугаартай гэрээ байгуулж Өвөрхангай аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр цэцэрлэгийн барилгын өргөтгөл хийх барилгын ажлыг гүйцэтгэж байх хугацаандаа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэсэн, 27.2 дахь хэсэгт заасан “Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна.” гэсэн, 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэг “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн заалтыг тус тус зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр барилгын дээвэр дээр ажил гүйцэтгэж байсан ХХК-д тоног төхөөрөмж, цахилгааны засварчин ажилтай нь тогонд цохиулж нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас дараах нотлох баримтуудыг хавтаст хэргээс шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 00 цаг болох гэж байхад эхнэр нь утсаар залгаж тогонд цохиулаад өнгөрсөн гэж хэлсэн. ...Гомдолтой байна. Архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Тамхи ч татдаггүй. Даргын буруутай үйл ажиллагаанаас болон оройн цагаар ажил хийлгэснээс болж миний хүү амь насаа алдсан гэж үзэж байна. ...Талийгаач ын оршуулгын болон буяны зан үйлд 14,216,843 /арван дөрвөн сая хоёр зуун арван зургаан мянга найман зуун дөчин гурван/ төгрөгийн зардал зарцуулсан. Үүнээс “” ХХК эхний удаа 6,000,000 сая төгрөг, дараа нь 500,000 мянган төгрөг, дараа нь 3,000,000 төгрөг дараа нь 300,000 мянга, дараа нь 2,700,000 мянган төгрөг нийт 12,500,000 мянган төгрөг өгсөн. Үлдэгдэл оршуулгын зардал болон өмгөөлөгчийн төлбөр, талийгаач хүү ын зээлийн үлдэгдэл төлбөр, хуулийн байгууллагад хүрэлцэн очсон төлбөр, хоол хүнс, шатахууны төлбөр зэрэг баримтуудыг гарган өгч нэхэмжилнэ. Сэтгэл санаанд учирсан хохирлыг хуульд заасан үндэслэлийн дагуу гаргуулан авах хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 27-28 тал, 2-р хавтаст хэргийн 153 тал/,
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би эхнэрийн хамт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр суманд ирсэн. Барилгын дээвэр дээр шавар хийж байсан. Гэрлээ утастай нь зөөх гээд уртасгагчийг би бариад нөгөө залуу гэрлийн утсаа гэрэлтэйгээ хамт бариад явах гэтэл шууд шавар хийж байсан хэсэг рүү ойчсон. Би тогонд цохиулчихлаа гээд шууд залгуурыг салгаад яваад очсон шавар дотор ойчсон байхаар нь наашаагаа гаргаж ирээд хиймэл амьсгаа, анхны тусламж үзүүлсэн. Манай эхнэр хүн тогонд цохиулчихлаа гээд доор ажиллаж байсан хүмүүс рүү хашгирсан чинь анай 2 банди, дээш гараад ирсэн. Бороо орохоос өмнө дээврээ хийж дуусгая гээд гээд шамдуу ажиллаж байсан. Наадмаас өмнө бороо уснаас өмнө дээврээ дуусга гэж мэндээ хэлсэн” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 30-31 тал/,
Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Барилгын дээвэр дээр цутгалт хийж байсан. Гэгээ тасраагүй байхад талийгаач гэрлээ уртасгагчтай аваад гарч ирсэн. Тэгээд өөрийнхөө хийж байсан гэрлийн утсыг шалгаад дээшээгээ гараад ирсэн утас байх вий гээд шалгаад явж байсан. Манай нөхөртэй гэрлээ зөөнө гэж ярьж байсан гэж манай нөхөр хэлсэн. Би буруу хараад шавраа тэгшлээд явж байсан чинь баруун талын нүдэнд шон ойчих шиг харагдаад би эргээд харахад тог байхгүй болчихсон, би юу болсныг мэдэхгүй намайг эргэж харахад манай нөхөр тогонд цохиулчихлаа гэсэн. Манай нөхөр өндийлгөж байсан би утасын гэрлээ асаагаад харсан чинь нүд нь цэхийгээд дээшээ харсан байсан. Амьсгал нь арай өөр санагдахаар нь доошоо орилоод тогонд цохиулчихлаа гэсэн. Доороос гарч ирэхээр нь шат руу гэрэл тусгаж өгөөд гараад ирэхээр нь талийгаачийг хөөсөн дээр дээш харуулаад тавьсан. Талийгаач үе үе амьсгалаад байхаар нь хиймэл амьсгаа хийгээд цээжин дээр нь дараад байсан. Тэгээд удалгүй түргэн ирсэн эмч үзээд цагаа хараарай гээд байсан. 2 минутын дараа өнгөрчихлөө гэсэн. ... Бороо орох нь өнөөдөр цутгая гээд хийсэн. Бороо уснаас өмнө дээврээ дуусгая гэж хэлсэн. Аюулгүй ажиллагааны зааварчилгаа өглөө өгч гарын үсэг зуруулсан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 33-34 тал, 2-р хавтаст хэргийн 126 тал/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 75 дугаартай “1.Талийгаач ын биед нуруу, зүүн гар, зүүн хөлд арьсны эдийн дутагдал бүхий шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь тог цахилгаан гүйдлийн хүчний үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Зүүн гарт үүссэн эдийн дутагдал бүхий шарх зулгаралтаар тог цахилгаан гүйдэл орж нуруу хэсэгт үүссэн арьсны эдийн дутагдал бүхий шарх, зулгаралтаар тог цахилгаан гүйдэл гарсан байх боломжтой. ...7.Талийгаач тог цахилгаан гүйдлийн үйлчлэлийн улмаас зүрх гэнэт зогсож нас барсан байх тул эмчилгээ үйлчилгээнд амь аврагдах боломжгүй байна” гэсэн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 221-224 тал/,
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 07/07 дугаартай “ ...Ажил олгогч ******* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал, ажил олгогч шууд хариуцна/-д заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг хүлээнэ. ...хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 /...зааварчилгаа аваагүй,... ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/, 27 дугаар зүйл 27.2 / Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажпын байрны эрсдлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна/ ...гэж заасныг зөрчсөн байна” гэсэн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 229-231 тал/,
Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн Эрчим хүчний хяналтын улсын байцаагч, ЭБЦТС ТӨХК-ийн Өвөрхангай дахь салбарын ахлах инженерийн “1.Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8 дахь заалтад “цахилгаан эрчим хүчний хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах” гэж заасан байдаг. Мөн “Цахилгаан техникийн байгууламжийн дүрэм”, “Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм” зэргийг дагаж мөрдсөн байх шаардлагатай. 2.Уг хэрэгт хураагдсан гэрэлтүүлэг /прожектор/, уртасгагч нь дээрх дүрмүүдийн шаардлагыг хангахгүй байна” гэсэн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 238-239 тал/,
“*******” ХХК-ийн захирал *******ийн 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаартай ыг тус байгууллагын Тоног төхөөрөмж, цахилгааны засварчны ажилд үндсэн ажилтнаар томилсон тухай тушаалын хуулбар, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ /1-р хавтаст хэргийн 191, 195-196 тал, 2-р хавтаст хэргийн 146-151 тал/,
“*******” ХХК-ийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэр” /1-р хавтаст хэргийн 207-218 тал/,
“*******” ХХК-ийн Улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээний хуулбар, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох асуудлыг гэрээний үндсэн дээр хариуцагч, барилгын тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан гэрээний хуулбар /2-р хавтаст хэргийн 126, *******0-*******4 тал/,
Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга , “*******” ХХК-ийн захирал ******* нарын 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ, холбогдох материалын хуулбар /1-р хавтаст хэргийн 119-*******2 тал/ зэрэг нотлох баримтууд болно.
1.Гэм буруугийн талаар:
Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон бол Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлд заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг бие даасан нэг шинж болгон хуульчилсан.
Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргатай 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр БУ-16/2022-БШУЯ/ дугаартай гэрээ байгуулж Өвөрхангай аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр цэцэрлэгийн барилгын өргөтгөл хийх барилгын ажлыг гүйцэтгэж байх хугацаандаа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 28 дугаар зүйлийн 28.1.8-д заасан заалтыг тус тус зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр барилгын дээвэр дээр ажил гүйцэтгэж байсан ХХК-д тоног төхөөрөмж, цахилгааны засварчин ажилтай нь тогонд цохиулж нас барсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 27-28 тал, 2-р хавтаст хэргийн 153 тал/, гэрч ын мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 30-31 тал/, гэрч гийн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 33-34 тал, 2-р хавтаст хэргийн 126 тал/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 75 дугаартай дүгнэлт /1-р хавтаст хэргийн 221-224 тал/, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 07/07 дугаартай дүгнэлт /1-р хавтаст хэргийн 229-231 тал/, Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн Эрчим хүчний хяналтын улсын байцаагч, ЭБЦТС ТӨХК-ийн Өвөрхангай дахь салбарын ахлах инженерийн дүгшнэлт /1-р хавтаст хэргийн 238-239 тал/, “*******” ХХК-ийн захирал *******ийн 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаартай ыг тус байгууллагын Тоног төхөөрөмж, цахилгааны засварчны ажилд үндсэн ажилтнаар томилсон тухай тушаалын хуулбар, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ /1-р хавтаст хэргийн 191, 195-196 тал, 2-р хавтаст хэргийн 146-151 тал/, “*******” ХХК-ийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэр” /1-р хавтаст хэргийн 207-218 тал/, “*******” ХХК-ийн Улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээний хуулбар, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох асуудлыг гэрээний үндсэн дээр хариуцагч, барилгын тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан гэрээний хуулбар /2-р хавтаст хэргийн 126, *******0-*******4 тал/, Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга , “*******” ХХК-ийн захирал ******* нарын 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ, холбогдох материалын хуулбар /1-р хавтаст хэргийн 119-*******2 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа учирч болзошгүй эрсдэл, хор уршигаас урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин хамгаалах хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад заагдсан үүрэг хариуцлагаа ухамсарлан биелүүлээгүй эс үйлдэхүй улмаас тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж байсан ын амь нас хохирсон нөхцөл байдалтай шууд шалтгаант холбоотой
Шүүгдэгч ******* нь хууль, түүнд нийцүүлэн гарсан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдож байх тул гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******ийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан нь үндэслэлтэй.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Иймд шүүгдэгч *******ийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
2.Хохирлын хувьд:
Шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч д оршуулгын зардалд 16,392,250 төгрөг, сэтгэл санааны хохиролд 82,500,000 төгрөгөөс 57,500,000 төгрөгийг бэлнээр 25,000,000 төгрөгт тээврийн хэрэгсэл тооцож хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн баримт болон гэрээ, бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхээс хохирогчтой холбогдоход хохирол төлбөрөө бүрэн авсан, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
3.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлсөн зэргийг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас шүүх хуралдаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч шүүх хуралдаанд хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол бүрэн төлж барагдуулсан тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлав.
4.Бусад асуудлаар:
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бичиг баримт хураагдаж ирээгүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч *******ийн өмчлөлийн Өвөрхангай аймгийн ******* сумын 12 дугаар баг 26 дугаар гудамж 2610 тоотод байрлах ү1018008095 дугаартай авто засварын зориулалт бүхий 295 мкв үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна. /2-р хавтаст хэргийн *******-14 тал/
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолыг хүчингүйд тооцож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гар утас 1 ширхгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч д буцаан олгож, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны 12 хуудас дэвтрийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт үлдээж, гэрэл 1 ширхэг, дамарт ороосон цэнхэр өнгийн утастай уртасгагч зэргийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгав.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль, түүнд нийцүүлэн гарсан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******гийн *******ийг хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4, 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар *******ийг тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч *******ийн өмчлөлийн Өвөрхангай аймгийн ******* сумын 12 дугаар баг 26 дугаар гудамж 2610 тоотод байрлах ү1018008095 дугаартай авто засварын зориулалт бүхий 295 мкв үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гар утас нэг ширхгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч д буцаан олгож, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны 12 хуудас дэвтрийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт үлдээж, гэрэл нэг ширхэг, дамарт ороосон цэнхэр өнгийн утастай уртасгагч зэргийг устгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА