| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2024/0030/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/107 |
| Огноо | 2024-01-23 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Б.Саруул-Ирээдүй |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/107
2024 01 23 2024/ШЦТ/107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, шүүгч С.Аюушжав, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Саруул-Ирээдүй,
Иргэдийн төлөөлөгч П.Бат-Оргил,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Б**************, В.О**************,
Шүүгдэгч Д.Н**************, түүний өмгөөлөгч М.Үүрийнтуяа, Т.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.Н**************-д холбогдох эрүүгийн 2306 00000 2714 дүгээр хэргийг шүүх 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 19** оны 7 дугаар сарын 5-ны өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот ************** дүүргийн ** дугаар хороо, “**************” хороолол, *** дүгээр байрны 53 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,
************** овогтой **************-ийн ************** /РД: **************/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч ************** нь 2023 оны 9 дүгээр сарын 21-ний шөнийн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, **-**-ийн 3 дугаар байрны 44 тоотод ***************-ийг “агсам тавилаа” гэх шалтгаанаар маргалдан, баруун гараараа амь хохирогчийн зүүн шанаад 1 удаа алгадсаны улмаас, гавал тархины битүү гэмтэл, их тархины суурь ба хүнхрээг хамарсан аалзан хальсан доорх тархмал, цус харвалт, бага тархины аалзан хальсны доорх голомтлог цус харваж нас барсан буюу хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************** мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************** мэдүүлэхдээ: “...Талийгаач ************** нь миний төрсөн том ах. Би айлын бага охин. Ах маань 1975 онд Төмөр замын төрхөд төрсөн. Бид нар хар багаасаа эцэг, эхээсээ өнчирч үлдсэн. Ах маань аавын минь оронд аав, ээжийн минь оронд ээж болж бид нарыг өдий зэрэгтэй өсгөж, амьдралыг маань чиглүүлж өгсөн. Бусдад тустай хүн байсан. Бид нар хүнээ алдчихсан хэцүү байна. ************** нь алъя гээд алсан ч биш. Аль аль талдаа хэцүү байна. Оршуулгын зардалд нийт 22.367.830 төгрөг нэхэмжилсэн. Баримтаар 20.667.000 төгрөг нэхэмжилсэн. Баримтгүй 1.750.000 төгрөг нэхэмжилж байгаа. Яагаад баримтгүй байгаа вэ? гэхээр алтан хайрцаг нээлгээд, ном уншуулсны төлбөр гэж ламдаа өгсөн. Нийт 22.367.830 төгрөгөөс шүүгдэгч талаас 20.676.000 төгрөг төлсөн байгаа. Хуульд заасан журмын дагуу сэтгэл санааны хохирол болох 82.500.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************** мэдүүлэхдээ: “...Нэмж хэлэх зүйлгүй. Хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү...гэв.
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-н 15 дугаар тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **************-гийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх-н 36-39, 43-44 дүгээр тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **************-ын өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх-н 152-153 дугаар тал/, гэрч **************-гийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх-н 39-43, 47-49 дүгээр тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2509 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-н 83-86 дугаар тал/, Шүүх Сэтгэцийн эмгэг судлалын 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 848 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-н 154-155 дугаар тал/, БЗДЦГ ЦХ-3, Шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /1 дүгээр хх-н 16 дугаар тал/, шүүгдэгч **************-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх-н 6, 51-52 дугаар тал/, гэрч **************-ийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх-н 40 дүгээр тал/, шүүгдэгч **************-ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-н 53 дугаар тал/, шүүгдэгч **************-ын иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, нийгмийн даатгалын лавлагаа, эрүүл мэндийн даатгалын төлөлтийн лавлагаа /1 дүгээр хх-н 55-62 дугаар тал/, **************-ын СЭМҮТ-өөс ирүүлсэн өвчний түүхийн хуулбар /1 дүгээр хх-н 80 дугаар тал/, шүүгдэгч **************-ын гар утсанд үзлэг хийж бэхжүүлсэн лавлагаа /1 дүгээр хх-н 99 дүгээр тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 3347 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-н 115-116 дугаар тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-н 29 дүгээр тал/, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны албан бичгийн хуулбар /1 дүгээр хх-н 65 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 12113 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-н 124 дүгээр тал/, шинээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 274 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоол, тэмдэглэл, яллагдагчаар өгсөн мэдүүлэг нийт 5 хуудас, мөн Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн Нэгдсэн эмнэлгийн *******ын эрүүл мэндийн тодорхойлолт 2 хуудас, ГССҮТ-өөс ирүүлсэн *******ын өвчний түүх 19 хуудас, баярын бичиг 2 хуудас, архивын лавлагаа 1 хуудас, Ерөнхий боловсролын 92 дугаар сургуулийн тодорхойлолт, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар 2 хуудас, **************-ын хүүхдүүд болох ************** нарын төрсний гэрчилгээний хуулбар 2 хуудас, **************-ын цээжний хөндий 1 ширхэг сиди зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд:
Шүүгдэгч ************** нь 2023 оны 9 дүгээр сарын 21-ний шөнийн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, **-**-ийн 3 дугаар байрны 44 тоотод **************-г “агсам тавилаа” гэх шалтгаанаар маргалдан, баруун гараараа амь хохирогчийн зүүн шанаад 1 удаа алгадсаны улмаас, гавал тархины битүү гэмтэл, их тархины суурь ба хүнхрээг хамарсан аалзан хальсан доорх тархмал, цус харвалт, бага тархины аалзан хальсны доорх голомтлог цус харваж нас барсан буюу хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Дээр дурдсан үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **************-ын өгсөн: “... Амь хохирогч ************** нь миний нөхөр байгаа юм бид хоёр ханилаад 28 жил болж байна. Бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй. Талийгаач маань 1975 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн бүрэн дунд боловсролтой, харуул хамгаалалтад ажилладаг байсан хувиараа такси үйлчилгээнд явдаг, барилга дээр гагнуурчин хийх зэрэг ажлуудыг хийдэг байсан. Миний хань үг дуу цөөн тусархаг хүн байсан. Миний хань архи согтууруулах ундааны зүйл хааяа ганц нэг хэрэглэдэг байнга уугаад байдаггүй. Эрүүл мэндийн хувьд сайн, ямар нэгэн суурь өвчин байхгүй. Эмнэлгийн байгууллагын хяналтад байдаггүй. Том хүүгээ Солонгос улс явуулсан байсан нөхөр бид АНУ-ын визэнд оруулаад явах санаатай байсан. Тухайн хэрэг гарах үед би гэртээ байхгүй АНУ явсан байсан нөхөр ганцаараа ажлаа хийгээд гэртэй үлдсэн бага охин тусдаа амьдарч байсан юм. 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр бага охин ************** аавынхаа төрсөн өдөрт баяр хүргэх гээд бэлэг аваад очоод бэлгээ өгөөд явсан гэж хэлсэн. Манай нөхөр гэртэй нэг найзтай үлдсэн байсан. Тэгээд ийм хэрэг явдал гарсан байсныг нөхрийн дүү ************** маргааш өглөө нь надад фейсбүүк чатаар хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-н 38, 152-153 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************** өгсөн: “... Би амь хохирогчийн хамгийн бага дүү бид хоёр эхээс 5 төрсөн нь нас барсан одоо гурвуулаа амьдарч байгаа миний ах Улаанбаатар хотод төрсөн эцэг эхийн гар дээр өсөж Төмөр замын дунд сургуулийг 10 дугаар төгссөн хувираа ажил хөдөлмөр эрхлэн ажилдаг байсан 1999 онд эхнэр ************** гэр бүл болоод нэг хүүтэй болсон. Би өөрөө талийгаач ахдаа 2006 онд өөрийн том охин болох *********** өргүүлэн өгсөн 2008 оноос хойш Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, **-**-ийн *** дугаар байрны 44 тоотод эхнэр 2 хүүхдийн хамт амьдарч байсан манай ах барилга дээр туслах ажил хийдэг. Хөдөө ажилладаг байсан яг тодорхой эрхэлсэн ажил байхгүй. Барилга дээр гагнуур хийдэг байсан. Ер нь хаана ажил гарна тэнд л ажилдаг байсан. 2019 оноос хойш ахын эхнэр Америкийн нэгдсэн улс руу байнга ирж очин явдаг хамгийн сүүлд эхнэр нь 2023 оны 6 дугаар сард Америк яваад ирээгүй байгаа. Том хүү *********** нь 22 настай 2023 оны 8 дугаар БНСАУ-д суралцахаар явсан бага охин *********** нь Улаанбаатар хотод сүүлийн 6 cap тусдаа байр хөлслөн амьдарч байсан тул талийгаач ах маань гэртээ сүүлийн нэг cap гаран ганцаараа амьдарч байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-н 41-44 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *********** өгсөн: “...Би 2004 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн бөгөөд миний төрсөн эх *********** нь өөрийн төрсөн ах *********** намайг 2055 оноос хойш буюу 1 настай байхад өргүүлсэн юм... Өнөөдөр буюу 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр миний аав *********** төрсөн өдөр нь болсон бөгөөд би 18 цагийн үед гэртэй очиход аав *********** өөрийн найз *********** гэх бүдүүн том биетэй хүний хамт архи хувааж уугаад сууж байсан. Би тэр ахыг урьд өмнө огт харж байгаагүй. Надад өөрийгөө танилцуулахдаа танай аавтай 2020 оноос хойш найзалж байгаа гэж хэлсэн. Би аавдаа төрсөн өдрийн бэлэг гэж хоол хийж өгөөд өөрийн бэлдсэн болох цамц, том цэнхэр савлагаатай виски зэргийг авч өгсөн юм. Тэгээд би гэрээс гарахад 21 цаг үед аав *********** нь тухайн *********** гэх ахтай миний авч өгсөн вискиг хувааж уугаад сууж байсан. Намайг гарахад ямар нэгэн асуудал үүсээгүй. Хэрүүл маргаан болоогүй тэр хоёр суугаад юм яриад байсан. Үүний дараа намайг гэртээ орж ирээд удаагүй байж байхад 22 цаг 35 минутын үед үл таних 880701** дугаараас миний 807225** дугаарт *********** гэх хүн залгаад “би дуудлага өгөх гэсэн юм би хүн алчих шиг боллоо, энэ хүнийг аврах боломж байдаг бол авраад өгөөч” гэж залгахаар нь би “та чинь одоо юу яриад байгаа юм бэ” гэж хэлээд утсыг нь таслаад өөрийн аав *********** 900161** дугаарт өөрийн 807225** дугаараас маш олон удаа залгахад нэг ч удаа аваагүй улмаар би дээрх *********** гэх хүний дугаарт залгахад утсаа аваад “би хүн алчихсан шүү дээ” гээд цаашаа яриад байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-н 47-49 дүгээр тал/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2509 дугаартай дүгнэлтэд:
1. Талийгаачид гавал тархины битүү гэмтэл, их тархины суурь ба хүнхрээг хамарсан залзан хальсан доорх тархмал, цус харвалт, бага тархины аалзан хальсны доорх голомтлог цус харвалт бага тархины эдийн голомтлог няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд, талийгаачийн цусанд 3.8 хувь промилли спиртийн агууламж илэрсэн нь хүнд согтолтын хэмжээ болно.
3. Талийгаач нь О /I/ бүлгийн цустай байна, талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь аврагдах боломжгүй.
4. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтэл, их тархины суурь ба хүнхрээг хамарсан аалзан хальсан доорх тархмал, цус харвалт, бага тархины аалзан хальсны доорх голомтлог цус харваж нас баржээ.” гэх дүгнэлт /1 дүгээр хх-н 104-107 дугаар тал/,
Гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-н 110-112 дугаар тал/,
Шүүх Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 848 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. *********** нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан гэх баримт мэдээлэл байхгүй,
2. *********** нь тухайн үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдаж чадвартай байсан.
3. *********** нь одоо ямар нэг сэтгэцийн өвчингүй.
4. *********** нь өөрийнхөө үйлдсэн хэргийг хариуцах чадвартай.
5. *********** нь гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа сэтгэцийн ямар нэг өвчтэй болсон талаар мэдээлэл үгүй байна.
6. *********** нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.
7*********** нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна.
8. *********** нь болсон байдлыг үнэн зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.” гэх дүгнэлт /1 дүгээр хх-н 159-160 дугаар тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-н 15 дугаар тал/,
БЗДЦГ ЦХ-3, Шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /1 дүгээр хх-н 6 дугаар тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-н 17-28 дугаар тал/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-н 29-32 дугаар тал/,
Хохирол нэхэмжилсэн баримтууд /1 дүгээр хх-н 166-210 дугаар тал/,
Шүүгдэгч *********** урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-н 53 дугаар тал/ зэрэг нь бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч *********** нь 2023 оны 9 дүгээр сарын 21-ний шөнийн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, **-**-ийн 3 дугаар байрны 44 тоотод *********** “агсам тавилаа” гэх шалтгаанаар маргалдан, баруун гараараа амь хохирогчийн зүүн шанаад 1 удаа алгадсаны улмаас хохирогч гавал тархины битүү гэмтэл, их тархины суурь ба хүнхрээг хамарсан аалзан хальсан доорх тархмал, цус харвалт, бага тархины аалзан хальсны доорх голомтлог цус харваж нас барсан бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл, хохирогчийн үхэл хоёр шалтгаант холбоотой байна.
Шүүх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл, хүнийг санаатай алах гэмт хэргийн гол шинж нь өөрийн үйлдлийн учир холбогдол, нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэн байдаг.
Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд: “Хүн бүр амьд явах эрхтэй...”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй.”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэж тус тус заасан. Хүний амьд явах эрх эрхийн хэвлийгээс төрснөөр эхэлж, амьсгал хурааснаар дуусгавар болдог бөгөөд энэхүү эрхийг Эрүүгийн хуулиар хамгаалдаг.
Шүүгдэгч *********** 2023 оны 9 дүгээр сарын 21-ний шөнийн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, **-**-ийн 3 дугаар байрны 44 тоотод *********** “агсам тавилаа” гэх шалтгаанаар маргалдан, баруун гараараа амь хохирогчийн зүүн шанаад 1 удаа алгадсаны улмаас, гавал тархины битүү гэмтэл, их тархины суурь ба хүнхрээг хамарсан аалзан хальсан доорх тархмал, цус харвалт, бага тархины аалзан хальсны доорх голомтлог цус харваж нас барсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Хүнийг алах гэмт хэрэг гэдэг нь хүний амьд явах эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл юм.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч *********** гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэдийн төлөөлөгч П.Бат-Оргил: “Гэм буруутай гэж үзэж байна” гэх дүгнэлт гаргасан болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн хувьд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь 22.367.830 төгрөгийг нэхэмжилсэн боловч нотлох баримтын хэмжээнд үнэлэгдсэн 20.676.000 төгрөгийг шүүгдэгч *********** нь шүүхийн шатанд нөхөн төлсөн болно.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********** нар нь цаашид холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталсан Шүүх шинжилгээний /шинэчилсэн найруулга/ тухай хуулийн Үзэл баримтлалын
Нэгд. Хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлагын талаар “…Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заасан бөгөөд хохиролд эдийн бус хохирлын нэг болох сэтгэцэд учирсан хор уршиг хамаарахаар заасан байна. Дээрх зүйлс нь эдийн засгийн эргэлтэд арилжааны зүйл болдоггүй тул энэ хохирлын хэмжээг хэрхэн тооцох, барагдуулах талаарх эрх зүйн зохицуулалт дутмаг байгаагаас гэмт хэргийн улмаас хохирсон иргэд өөрт учирсан хохирлоо бодитой, бүрэн төлүүлэх эрхээ эдэлж чадахгүй хохирсон хэвээр байна. Нэг талаас Монгол Улсад гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо зөвхөн нотлох баримтад тулгуурлан эмчилгээ, оршуулга, тээврийн зардлын баримтыг харгалзан хохирлыг тооцож байна. Өөрөөр хэлбэл зөвхөн учирсан бодит хохирлыг шүүхээс тооцож байгаа бол эдийн бус хохирол болох сэтгэцэд учирсан хор уршгийг тодорхойлох, нөхөн төлбөрийн хэмжээг хэрхэн тооцох нь тодорхойгүй байгаагаас нийтлэг байдлаараа хор уршгийг тооцолгүй орхигдуулж байна. …” гэж,
Хоёр. Хуулийн төслийн зорилго, ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээг “…Шүүх шинжилгээний тухай хуулийн төслийн зорилт нь шүүх шинжилгээ хийх, хүрээлэн байгаа орчны болон сэтгэцэд учирсан хор уршигт үнэлгээ тооцох, шинжилгээ хийх эрх олгох үндэслэл, журам болон шүүх шинжилгээний байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино…, …Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлөх төлбөрийг тогтоох үнэлгээг шүүхээс хэрэглэхдээ сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох жишиг аргачлалыг баримтлах, уг аргачлалыг батлах субьектыг тодорхой болгоно…” гэж тус тус тодорхойлжээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “…Энэ хуулийн зорилт нь шүүх шинжилгээ хийх, хүрээлэн байгаа орчны хохирлыг тооцох, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, шүүх шинжилгээ хийх үндэслэл, журам болон шүүх шинжилгээний байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино…” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “…Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг /Хүний амьд явах эрхийн эсрэг/, …-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана…” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч *********** үйлдэл нь 2022 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө боловч Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “…Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө…” гэжээ.
Иймд тухайн гэм хорыг арилгахтай холбоотой харилцааг зохицуулсан хэм хэмжээ нь материаллаг бус процессын шинжтэй хэм хэмжээ байх тул амь хохирогчийн ар гэрт учирсан сэтгэцийн хор уршгийн хохирлыг барагдуулах үндэслэлтэй гэж шүүхээс үзлээ.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Дугаар 25 тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.3-т “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж,
Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.2-т “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана.” гэж тус тус заажээ.
Иймд амь хохирогч *********** төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /660.000x150/ үржүүлэхэд хохирогчид ашигтай байх тул уг аргачлалын дагуу шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********** сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг 99.000.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийн гэр бүлийн гишүүн болох *********** /эхнэр/ нь Монгол Улсад байгаагүй тул түүний хууль ёсны төлөөлөгчөөр *********** /төрсөн дүү/-г тогтоосон. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар ашиг сонирхлын зөрчил гараагүй бөгөөд сэтгэл санааны хохирлыг *********** олгоход талууд ямар нэгэн эсэргүүцэл гаргаагүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “... гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоо баримтын хэмжээнд төлсөн,... 1.4-д заасан “... хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалсан,... 1.5-д заасан “...өөрийгөө илчилсэн” зэрэг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч ***********-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял шийтгэлийг оногдуулж, биечлүүлэн эдлүүлэх нь шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэргийн нийгмийн хор аюул, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч М.Үүрийнтуяа, Т.Эрдэнэбат нарын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 заасны дагуу шүүгдэгч *********** эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд “Эрүүгийн хариуцлага нь тухай хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж хуульчилсан байх тул шүүхээс уг хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *********** нь 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 124 хоног цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдэлсэн ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн 3 ширхэг сидиг шүүгдэгч *********** буцаан олгохоор шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********** овогтой *********** хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *********** 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *********** оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар *********** цагдан нийт 124 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн 3 ширхэг сидиг шүүгдэгч *******д буцаан олгохыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *********** 99.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********** олгосугай.
7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********** нар нь цаашид гарах гэм хорын зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *********** авсан цагдан хорих гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, Э.ЧИНГИС
ШҮҮГЧИД С.АЮУШЖАВ
Ц.МӨНХТУЛГА