| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2020/01790/И |
| Дугаар | 01790 |
| Огноо | 2020-10-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 01790
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1998 онд төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 01-17 тоотод оршин суух, РЭ98101326 дугаар регистртэй, Харууд овогт Бат-Очирын Отгон-Эрдэнийн,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 1991 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороонд байрлах, Шангри-Ла үйлчилгээний байгууллагад хамгаалагч ажилтай, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Цагдаагийн 2 дугаар гудамжны 10-20 тоотод оршин суух, МЕ91030811 дугаар регистртэй, Боржигон овогт Чинбатын Баяраад холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 155/2020/01307/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч Б.Отгон-Эрдэнэ, хариуцагч Ч.Баяраа нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Отгон-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Баяраа бид хоёр 2016 онд танилцан, үерхэж байхад 2017 онд охин Мөнх-Аялгуу төрж, гэрлэлтээ батлуулсан. Хамт амьдрах хугацаанд Ч.Баяраа архи уусан үедээ хэл амаар доромжлон, хутга мэс барин дайрч, зоддог байсан. Мөн өөрийнхөө гар хөлийг хутгаар зүсээд цус долоо гэж дарамтладаг байсан тул байнгын айдас түгшүүртэй амьдардаг байсан. Аргагүйн эрхэнд 2019 оны 7 дугаар сард цагдаад хандаж баривчлуулсан. Үүнээс хойш тусдаа амьдраад нэг жил гаруй хугацаа өнгөрсөн. Охин, бид хоёроос нэг ч удаа уучлалт гуйж ирээгүй, холбоо тасарсан.
Ч.Баяраатай цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна. Охин Мөнх-Аялгууг өөрийн асрамжид авч хуульд заасны дагуу эцэг Ч.Баяраагаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж авна. Эд хөрөнгийн талаар маргаангүй гэв.
Хариуцагч Ч.Баяраа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Отгон-Эрдэнэ бид хоёр 2016 онд танилцаад удалгүй дотно харьцаанд орж, хүүхэдтэй болсон. Тэгээд 2017 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Охин Мөнх-Аялгуу миний хүүхэд мөн. Гэтэл Б.Отгон-Эрдэнэ хамт амьдраад 3-4 сар болоод гэр бүлээс гадуур өөр хүнтэй харьцаанд орсон учир түүнийг хааяа зодож байсан нь үнэн. Энэ тухай түүний ах, дүү нар бүгд мэднэ. Би Б.Отгон-Эрдэнэтэй холбоо барьж болохгүй байсан тул уулзаж чадахгүй байсан. Охиноо бодоод гэрлэлтээ цуцлуулахыг хүсэхгүй байна. Хэрэв гэрлэлтээ цуцлуулвал охин Мөнх-Аялгууг ээжийнх нь асрамжид үлдээнэ. Хүүхдийн тэтгэлэг төлнө. Эд хөрөнгийн талаар маргаангүй гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Отгон-Эрдэнэ нь хариуцагч Ч.Баяраад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Отгон-Эрдэнийг нөхөр Ч.Баяраа 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тул зан үйлд нөлөөлөх 10 /арав/ цагийн хугацаагаар албадан сургалтад хамрагдах, 7 /долоо/ хоногийн баривчлах шийтгэлээр шийтгүүлсэн нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЗ/1494 дугаар шийтгэвэр, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдлоо.
Хариуцагч Ч.Баяраа нь гэрлэлтээ цуцлуулахгүй гэж тайлбарлаж байгаа ч тэрээр эхнэр Б.Отгон-Эрдэнийг хүндэтгэн үзэхгүй, хэрцгий догшин авирлаж, зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас 2019 оны 7 дугаар сараас тусдаа амьдарч байгаа, энэ хугацаанд гэр бүлтэйгээ хамт амьдрах санал санаачилга гаргаагүй, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцоогүй зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Гэрлэгчид нь 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гэр бүл болж, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь Эрэгтэй, РД: ме91030811, Монгол улсын иргэн, Боржигон овогт Чинбатын Баяраа, эмэгтэй, РД: рэ98101326 Монгол улсын иргэн, Харууд овогт Бат-Очирын Отгон-Эрдэнэ нар 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гэр бүл болсныг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн 6701000199-рт бүртгэж гэрчилгээ олгов гэх бичилттэй гэрлэсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хамтран амьдрах хугацаанд 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр охин Б.Мөнх-Аялгуу төрсөн болох нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын бүртгэлийн ажилтаны олгосон №6701000868 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж буй тухай Далайн Элбэрэлт өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэрэг баримтаар тус тус тогтоогдлоо.
Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид харилцан тохиролцсон байдал, хүүхэд бага насны, өссөн орчин, эхийн анхаарал, хайр халамж зайлшгүй шаардлагатай нөхцөл зэргийг харгалзан 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин Б.Мөнх-Аялгууг төрсөн эх Б.Отгон-Эрдэнийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.2-д Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг Ч.Баяраагаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй байна.
Охин Б.Мөнх-Аялгуу эх Б.Отгон-Эрдэнийн асрамжид үлдсэн нь эцэг Ч.Баяраагийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурьдлаа. Өөрөөр хэлбэл охин Б.Мөнх-Аялгуутай эцэг Ч.Баяраа хэдийд ч уулзаж дээрх хуулинд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй.
Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болно.
Иймд Б.Отгон-Эрдэнэ, Ч.Баяраа нарын гэрлэлтийг цуцалж, охин Б.Мөнх-Аялгууг эх Б.Отгон-Эрдэнийн асрамжид үлдээн, хариуцагч Ч.Баяраагаас охин Б.Мөнх-Аялгууд сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин Б.Мөнх-Аялгуу 02 нас 11 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 206.000 төгрөгийн 50 хувь болох 103.000 төгрөгийг охин Б.Мөнх-Аялгууд сар бүр эцэг Ч.Баяраа төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Б.Мөнх-Аялгууд сар бүр төлөх 103.000 төгрөгийн тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.236.000 төгрөг болж байна.
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгчийн эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 34.214 төгрөг, бүгд 104.414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Баяраагаас улсын тэмдэгтийн хураамж бүгд 104.414 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Отгон-Эрдэнэд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар Харууд овогт Б.О, Боржигон овогт Ч.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин Б.М-уг эх Б.О-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин Б.М-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Ч.Б-с гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Ч.Б, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.О нарт тус тус даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б-с улсын тэмдэгтийн хураамж 104.414 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Б.О-д олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад, Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА