Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 01994

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1986 онд төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 37 дугаар гудамжны 01 тоотод оршин суух, РЭ86011766 дугаар регистртэй, Их мэргэд овогт Дашсүрэнгийн Батчимэгийн,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 37 дугаар гудамжны 01 тоотод оршин суух, /Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 18 дугаар гудамжны 03 тоотод түр оршин сууж буй/, РЮ84120311 дугаар регистртэй, эрэгтэй, Тайж нар овогт Цэвэгжавын Энхболдод холбогдох

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 155/2020/01889/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгч Д.Батчимэг нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Батчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ц.Энхболдтой 2007 онд гэр бүл болж, 15 жил хамт амьдарсан. Энэ хугацаанд 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүү Э.Чингүүнжав, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр охин Э.Анужин, 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр охин Э.Анунгоо нарыг төрүүлж өсгөсөн. Ц.Энхболдын зүй бус үйлдлээс болж, 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр бид гэрлэлтээ цуцлуулсан. Бид хүүхдийн тэтгэлгийн талаар ярилцаж тохиролцсон боловч өнгөрсөн хугацаанд Ц.Энхболд хүүхдүүдээ харж хандахгүй, эцгийн үүргээ биелүүлэхгүй байна.

Иймд эцэг Ц.Энхболдоос хүү Э.Чингүүнжав, охин Э.Анужин, охин Э.Анунгоо нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Энхболдод тус шүүхээс 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардуулж өгсөн боловч шүүгчээс тогтоосон хугацаа болох 14 хоног буюу 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Мөн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Батчимэг нь хариуцагч Ц.Энхболдод холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч Ц.Энхболдыг хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэсэн болно.

Учир нь хариуцагч Ц.Энхболдод 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардуулан өгч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар 14 хоногийн дотор буюу 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дотор хариу тайлбараа шүүхэд ирүүлэх үүрэгтэйг мэдэгдэн нэхэмжлэл гардуулсан тухай баримтад гарын үсэг зуруулжээ. Гэвч шүүгчээс тогтоосон хугацаа болох 14 хоног буюу 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72 дугаар зүйлийн 72.3-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно... гэж тус тус заажээ.

Хариуцагч Ц.Энхболд хуулинд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцов. Өөрөөр хэлбэл хариуцагч Ц.Энхболд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч Д.Батчимэг, хариуцагч Ц.Энхболд нар 2007 онд гэр бүл болж, хамтран амьдарсан хугацаанд тэдний дундаас 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүү Э.Чингүүнжав, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр охин Э.Анужин, 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр охин Э.Анунгоо нар тус тус төрж, эцэг Ц.Энхболдоор овоглон бүртгүүлсэн, зохигчид 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ цуцлуулж, хүү Э.Чингүүнжав, охин Э.Анужин, охин Э.Анунгоо нарыг эхийн асрамжид үлдээсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтаны бүртгэж олгосон хүү Э.Чингүүнжавын №0368311/377, охин Э.Анужингийн 6701001016, охин Э.Анунгоогийн 6701000718 бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, хүүхэд эрүүл бойжиж буй тухай өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолтууд, Сод-Эрдэм ерөнхий боловсролын сургуулийн Энхболд овогтой Чингүүнжав нь А.Сумъяабазар багштай 5-р ангийн а бүлэгт суралцдаг нь үнэн гэх, Энхболд овогтой Анужин нь А.Занданмядаг багштай 1-р ангийн а бүлэгт суралцдаг нь үнэн гэх бичилттэй тодорхойлолтууд, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн Тус цэцэрлэгийн 2 настай бага бүлэгт Энхболдын Анунгоо нь хүмүүждэг нь үнэн гэх бичилттэй тодорхойлолт, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн ... Тогтоох нь: 1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар Их мэргэд овогт Дашсүрэнгийн Батчимэг /РЭ86011766/, Тайж нар овогт Цэвэгжавын Энхболд /РЮ84120311/ нарын гэрлэлтийг цуцалсугай. 2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Э.Чингүүнжав, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Э.Анужин, 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин Э.Анунгоо нарыг эх Д.Батчимэгийн асрамжид үлдээсүгэй. 3. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай... гэх бичилттэй 155/ШШ2020/01529 дугаар шийдвэрийн архивын хуулбар зэрэг баримтаар нотлогдлоо.

Д.Батчимэг, Ц.Энхболд нар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар хүү Э.Чингүүнжав, охин Э.Анужин, охин Э.Анунгоо нарыг тэжээн тэтгэх эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.

Иймд эцэг Ц.Энхболдоос хүүхдийн тэтгэлэг сар бүр гаргуулан 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Э.Чингүүнжав, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Э.Анужин, 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин Э.Анунгоо нарыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Э.Чингүүнжав 10 нас 05 сар, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Э.Анужин 06 нас, 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин Э.Анунгоо 02 нас 02 сар тус тус хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 206.000 төгрөгийн 50 хувь болох 103.000 /нэг зуун гурван мянга/ төгрөгийг хүү Э.Чингүүнжав, охин Э.Анужин, охин Э.Анунгоо нарт тус бүр, сар болгон эцэг Ц.Энхболд төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү Э.Чингүүнжав, охин Э.Анужин, охин Э.Анунгоо нарт сар бүр төлөх нийт 309.000 төгрөгийн тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 3.708.000 төгрөг болж байна.

Нэхэмжлэгч Д.Батчимэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хариуцагч Ц.Энхболдоос нэг жилийн хугацаанд төлвөл зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 74.278 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй болно.

Хариуцагч Ц.Энхболд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй боловч нэхэмжлэгч Д.Батчимэг түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Э.Ч-выг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2- т зааснаар 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Э.А-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин Э.А-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг тус тус сар бүр эцэг Ц.Э-с гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч Д.Б улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ц.Э-с улсын тэмдэгтийн хураамж 74.278 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА