Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 01885

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1973 онд төрсөн, 47 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, лабортарийн техникч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 19-06 тоотод оршин суух, РЮ73122407 дугаар регистртэй, Цэгмид овогт Тэрбишийн Мөнхцэцэгийн,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 1981 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 19-08 тоотод оршин суух, РЮ81061639 дугаар регистртэй, Хангарьд овогт Сандагсүрэнгийн Магсарт холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 8.000.000 сая төгрөг, сонсголын аппаратын үнэ 700.000 төгрөг, хүүхдийн эмчилгээний зардал 24.000.000 төгрөг, бүгд 32.700.000 /гучин хоёр сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 155/2020/01791/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгч Т.Мөнхцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагч С.Магсар нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Мөнхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нөхөр С.Магсартай 2009 онд танилцаж, нэг гэрт хамтран амьдарч байгаад 2012 онд гэрлэлтээ батлуулсан. Миний өмнөх нөхөр н.Жаргалхүү 2002 онд зуурдаар нас барж, хүү Ж.Сагансэцэн, охин Ж.Нямсүрэн, Ж.Гоомарал нарын хамт үлдэж байсан. Хүнд хэцүү зовлон бэрхшээлтэй үед С.Магсарын сайхан хань ижил байж, үр хүүхдүүдийн чинь сайн эцэг болж чадна гэх амлалтанд нь итгэж, гэртээ оруулж байсан. Бидний дундаас 2012 оны 6 дугаар сарын 02-ны өдөр охин М.Маралжингоо төрсөн. Бид 11 жил хамт амьдарсан бөгөөд миний бие байнгын гэр бүлийн хүчирхийлэл, зодуур, сэтгэл санааны шаналал дунд байсан. Хамт амьдрах хугацаандаа цалингийн зээл авч мотоцикл, Соната маркын суудлын машин зэргийг авч өгч байсан. С.Магсар 2016 онд Өмнөговь аймгийн Цагаан хад гэх газар ажил хийхээр явж, тэнд Одонтунгалаг гэдэг эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж, хамт амьдрах болсон. Бид хамт амьдарч байх хугацаанд С.Магсар нь эхнэр, үр хүүхдээ хайрлан халамжлах, тэжээн тэтгэх үүргээс зайлсхийж, чиний төрүүлсэн хүүхдүүд надад хамаагүй, тэжээн тэтгэх албагүй гээд миний дагавар 3 хүүхдийг харж хандаж, анхаарал халамж тавьдаггүй байсан. Миний төрүүлсэн хүү Ж.Сагансэцэн, охин Ж.Нямсүрэн, Ж.Гоомарал нар насанд хүрсэн. Бидний дундаас төрсөн охин М.Маралжингоо нь төрөлхийн уруул тагнайн хүнд хэлбэрийн сэтэрхий, хоёр чихний сонсголын бууралттай, хөл өвдөг түнхэний үе мултардаг зэрэг хүнд хэлбэрийн өвчлөлтэй хүүхэд бөгөөд Улаанбаатар хот руу явж, одоогийн байдлаар 7 удаагийн хагалгаанд орсон, цаашид байнгын эмчилгээ, асаргаа шаардлагатай байгаа. Энэ эмчилгээний зардлыг С.Магсар хангалттай хэмжээгээр өгдөггүй. Охинд маань олгодог халамжийн тэтгэмж 1 жилийн хугацаатай байдаг бөгөөд цаашид авах шаардлагатай бол эмч нар үзээд сунгадаг. Би охиноо бодоод хоёулаа эвлэрч амьдарья гэж С.Магсараас гуйсан боловч үгүй гэсэн. Цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна. Охин М.Маралжингоог өөрийн асрамжид авч, хуульд зааснаар тэтгэлэг гаргуулна. С.Магсарын авсан 12.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 16-75 УНД улсын дугаартай цагаан өнгийн Prius-20 маркын автомашиныг бидний хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэж байгаа тул өөрт болон охин М.Маралжингоод ногдох хэсэг 8.000.000 төгрөг, охин Ж.Маралжингоод сонсголын аппарат зүүлгэх зайлшгүй шаардлагатай байгаа тул түүний үнэ 700.000 төгрөгийг тус тус гаргуулж авна.

Охин М.Маралжингоо нь байнгын онцгой нөхцөл байдалд байдаг буюу хүнд өвчтэй, тахир дутуу тул эмчилгээ сувилгаа хийлгэдэг учир эмчилгээний зардалд 24.000.000 төгрөг С.Магсараас гаргуулахаар анх шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч дээрх зардлыг тухай бүр нь өгнө гэсэн тул одоо нэхэмжлэхгүй гэв.

Хариуцагч С.Магсар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Мөнхцэцэг бид хоёр 2009 онд танилцаж, ирэн очин байсаар хамт амьдарч, 2012 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас охин М.Маралжингоо 2012 оны 6 дугаар сарын 02-ны өдөр төрсөн. Би Өмнөговь аймгийн Цагаан хад гэх газарт ажиллах болж, энэ хугацаанаас эхлэн Т.Мөнхцэцэг нь бусадтай хий хардан, гүтгэж, гэрээсээ байнга хөөдөг болсон. н.Одонтунгалаг гэх эмэгтэй надтай хамт ажилладаг, нэг хүний эзэмшлийн хоёр өөр машин барьдаг юм. Т.Мөнхцэцэгийг байнга гэр бүлийн хүчирхийлэлд автуулж, зодож, хэл амаар доромжилдог зүйл байхгүй. Ажил хийх хугацаандаа ирэн очин байдаг. Би 16-75 УНД улсын дугаартай цагаан өнгийн Prius-20 маркын суудлын машиныг хүний нэр дээр банкны зээлээр авсан. Тухайн зээлдээ сард 600.000 төгрөгийг төлдөг. Үүнээс гадна эхнэр, хүүхэддээ мөнгө зарцуулж, эмчилгээнд явах бүрт хангалттай хэмжээгээр төлбөр, зардлыг өгдөг. Миний охин М.Маралжингоо сар бүр эмчилгээнд явдаггүй. Шаардлагатай үедээ явдаг. Т.Мөнхцэцэгийн хүүхдүүдэд гэр бүл болоход, сургуульд явахад нь тусалж, дэмжин мөнгө өгдөг байсан. Одоо гэрлэлтээ цуцлуулж, охин М.Маралжингоог эхийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Хамтран өмчлөх дундын хөрөнгөөс Т.Мөнхцэцэг, охин М.Маралжингоо нарт 8.000.000 төгрөг, сонсголын аппаратын үнэ 700.000 төгрөг, бүгд 8.700.000 төгрөг өгөхийг зөвшөөрч байна. Цаашид охины эмчилгээнд гарсан зардлыг тухайн үед нь өгч байна гэв.

Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Мөнхцэцэг нь хариуцагч С.Магсарт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 8.000.000 сая төгрөг, сонсголын аппаратын үнэ 700.000 төгрөг, хүүхдийн эмчилгээний зардал 24.000.000 төгрөг, бүгд 32.700.000 /гучин хоёр сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч Т.Мөнхцэцэг ...Охин М.Маралжингоо нь байнгын онцгой нөхцөл байдалд байдаг буюу хүнд өвчтэй, тахир дутуу тул эмчилгээ сувилгаа хийлгэдэг учир эмчилгээний зардалд 24.000.000 төгрөг С.Магсараас гаргуулахаар анх шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч дээрх зардлыг тухай бүр нь өгнө гэсэн тул одоо нэхэмжлэхгүй гэх тайлбар гарган, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хэмжээнд хангаж шийдвэрлэв.

Хариуцагч С.Магсарыг эхнэр Т.Мөнхцэцэгт хүндэтгэлгүй хандаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд холбогдуулан Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/130 дугаар шийтгэх тогтоолоор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оноосон, гэрлэгчид тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд уригдсан тал оролцоогүй зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Гэрлэгчид болох Т.Мөнхцэцэг, С.Магсар нар 2011 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүл болж, 2012 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6701000177 дугаарт бүртгүүлсэн болох нь Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтын 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Монгол Улсын иргэн, РД: РЮ81061639, нөхрийн овог: Хангарьд, эцэг /эх/-ийн нэр: Сандагсүрэн, нэр: Магсар, Монгол Улсын иргэн РД: РЮ73122407, эхнэрийн овог: Цэгмид, эцэг /эх/-ийн нэр: Тэрбиш, нэр: Мөнхцэцэг нарын 2011-04-15-нд гэр бүл болсныг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6701000177-рт 2012-07-08-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа гэх бичилттэй гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

Хамтран амьдрах хугацаанд гэрлэгчдийн дундаас 2012 оны 6 дугаар сарын 02-ны өдөр охин М.Маралжингоо /РЮ12260221/ төрсөн болох нь №0000793003-450 дугаар төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн Засаг даргын тодорхойлолт, Дэлгэрмөрөн ӨЭМТ-ийн их эмчийн тодорхойлолт, амбулаториор эмчлүүлэгсдийн картын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдлоо.

Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид харилцан тохиролцсон, хүүхдийн санал, бага насны, хүүхдийн эрүүл мэндийн байдал, эхийн хайр халамж зайлшгүй шаардлагатай нөхцөл, өсөж дассан орчинг өөрчлөх шаардлагагүй зэрэг шалтгааныг харгалзан 2012 оны 6 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин М.Маралжингоог эх Т.Мөнхцэцэгийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.2-д Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг С.Магсараас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл С.Магсар үр хүүхдээ заавал тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг хуулиар зохицуулсан байдаг.

Охин М.Маралжингоо эх Т.Мөнхцэцэгийн асрамжид үлдсэн нь эцэг С.Магсарын хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурьдлаа. Өөрөөр хэлбэл эцэг С.Магсар нь охин М.Маралжингоотой хэдийд ч уулзаж, дээрх хуулинд заасан эцгийн үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагч С.Магсар нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Prius-20 маркын суудлын машины үнээс ногдох хэсэг 8.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Мөнхцэцэг, охин М.Маралжингоо нарт, сонсголын аппаратын үнэ 700.000 төгрөгийг охин М.Маралжингоод өгөхөөр зөвшөөрсөн болно.

Иймд Т.Мөнхцэцэг, С.Магсар нарын гэрлэлтийг цуцалж, охин М.Маралжингоог эх Т.Мөнхцэцэгийн асрамжид үлдээн, хариуцагч С.Магсараас охин М.Маралжингоод сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх, хариуцагч С.Магсараас нийт 8.700.000 /найман сая долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Мөнхцэцэг, охин М.Маралжингоо нарт олгохоор шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2012 оны 6 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин М.Маралжингоо 8 нас 04 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 206.000 төгрөгийн 50 хувь болох 103.000 төгрөгийг охин М.Маралжингоод сар бүр эцэг С.Магсар төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин М.Маралжингоод сар бүр төлөх нийт 103.000 төгрөгийн тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.236.000 төгрөг болж байна.

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгчийн эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 34.214 төгрөг, хамтран өмчлөх дундын хөрөнгө 8.000.000 төгрөг, сонсголын аппаратын үнэ 700.000 төгрөг, хүүхдийн эмчилгээний зардал 24.000.000 төгрөг, бүгд 32.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 321.450 төгрөг буюу нийт 425.864 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хэмжээнд хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч С.Магсараас гэрлэлт цуцлуулах тухай шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 34.214 төгрөг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 8.000.000 төгрөг, сонсголын аппаратын үнэ 700.000 төгрөг, бүгд 8.700.000 төгрөг гаргуулах тухай шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 154.150 төгрөг, бүгд 258.564 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Мөнхцэцэгт олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар Цэгмид овогт Т.М, Хангарьд овогт С.М нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 6 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин М.М-г төрсөн эх Т.М-н асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 6 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин М.М-ог 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг С.М-с гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар хариуцагч С.М-с хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсэг 8.000.000 /найман сая/ төгрөг, сонсголын аппаратын үнэ 700.000 /долоон зуун мянга/ төгрөг, бүгд 8.700.000 /найман сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.М, охин М.М нарт олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг С.М, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Т.М нарт тус тус даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 425.864 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.М-с улсын тэмдэгтийн хураамж 258.564 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Т.М-т олгосугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад, Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА