Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/25

 

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж, шүүгч Э.Болормаа, шүүгч Б.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга Я.Эрдэнэ-Уянга

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дашням

Иргэдийн төлөөлөгч Л.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг

Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн  хуралдаанаар,  аймгийн  Прокурорын  газрын  хяналтын  прокурор Б.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Бд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ..Ж.Б, ...

 

Шүүгдэгч Ж.Б нь 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймаг Сайншанд сумын 3 дугаар баг “Тамхи Со” дэлгүүрийн .... тоот хашаанд  согтууруулах  ундаа хэрэглэсэн  үедээ  хохирогч Д.Бтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж  шөвгөөр түүний баруун суганы доод хэсэгт хатгаж эрүүл мэндэд нь “...цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий, цус хуралт..." бүхий хүнд хохирлыг зэвсгийн чанартай зүйл ашиглаж санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч Ж.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Т, Ч ах бид хэд байж байсан. Гаднаас Б, А хоёр орж ирсэн. Орж ирээд А Тыг янхан, банзал, гичий, тэрэнтэй явдаг гээд элдвээр доромжлоод байсан. Б би хүн хутгалдаг, алдаг хүн шүү, босоод ир, зодолдъё гээд байлгаж суулгахгүй дуудахад би босохгүй байгаад байсан. Тэгэхэд Б гартаа хутга барьчихсан байсан. Бид хоёр зууралдаж байхад миний гарын 2 талд, бас эрүүг зүссэн тэгээд би хоол хийх гээд хагалсан модны хажуугаас дээд тал нь мурийсан  хадаас байхаар нь аваад хатгачихсан юм гэсэн мэдүүлэг

 

 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-6 дугаар тал)

 

Хохирогч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр найз Аын хамт өөрийн танил Чулуубаатарын гэрт очсон бөгөөд тэдний гэрт Т, Б, Б, Ч ах нар байсан бид бөөндөө 0.75 литрийн Хараа архи хувааж уусан. Тухайн үед А, Б нар хоорондоо маргалдаад байсан бөгөөд би тэр хоёрыг салгачхаад эргээд хартал Б миний ар талаас баруун суганы доод хэсэгт нэг юмаар хатгах шиг болсон тэгээд би Б руу хартал гартаа шөвөг барьчихсан зогсож байсан..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дүгээр тал)

 

      Гэрч П.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би 2023 ОНЫ 08 дугаар сарын 04-ний өдөр Ч ахын гэрт Б, Ч, Б нарын хамт архи уугаад тэдний гэрт хоносон. 2023 оны 08 дугаар сарын 05-ний өдөр үргэлжлүүлэн уугаад байж байтал гаднаас А, Б нар 0.75 литрийн Хараа архи авч орж ирээд бид нар хуваагаад ууж байтал А намайг янхан банзал жомбого гэх зэргээр доромжилсон тэгтэл Б намайг өмөөрч тэр Атай маргалдсан чинь Б, Аыг өмөөрч Б руу дайрсан тухайн үед би Бгийн хамт байшингийн гадаа сүүдэрт хэвтэж байсан Ч ах хоол унд гээд цаана явж байсан тэгээд нэг харахад Б гартаа шөвөг барьчихсан Бийн баруун суганы доод хэсэгт нэг удаа хатгасан тэгээд цус гоожоод ирэхээр нь би цусыг нь тогтоож өгсөн тэгээд байж байтал Б эмнэлэг рүү яваад өгсөн... гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар тал)

 

  Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн ... дугаартай ..Д.Бийн биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий, цус хуралт гэмтэл тогтоогдлоо...3. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.111-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..." гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 42-43 дугаар тал)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 54 дүгээр тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн үйл баримт, гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв.

 

          Шүүгдэгч Ж.Бд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Шүүгдэгч Ж.Б нь 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймаг Сайншанд сумын 3 дугаар баг “Тамхи Со” дэлгүүрийн .... тоот хашаанд  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ  Д.Бтэй найз хүүхэн Тыг зүй бус үгээр доромжилсон гэж маргалдаж улмаар түүний баруун суганы доод хэсэгт шөвгөөр хатгаж гэмтэл учруулсан байна.

 

Хохирогч Д.Бд Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн ... дугаартай Д.Бийн биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий, цус хуралт гэмтэл тогтоогдлоо... Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..." гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байна.

 

Шүүгдэгчээс: Хохирогч хутга бариад дайрсан,миний гар эрүүн дээр зүсэгдсэн. Би барилцаж байх явцдаа доошоо тонгойхдоо хадаас авсан,тэгээд  баруун суганд нь хадаасаар хатгасан. Дээд хэсгээрээ мурийсан хадаас байсан. Мөрдөгч намайг шөвгөөр хатгасан уу гэхээр нь би тийм гэж мэдүүлсэн. Би шөвгөөр хатгаагүй,хадаасаар хатгасан гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Зэвсгийн чанартай эд зүйлийг хураан аваагүй, шөвгөөр гэмтэл учруулсныг нотолж чадаагүй. Шүүгдэгч хадаасаар хатгасан гэдгээ түрүүчийн шүүх хуралдаан дээр болон энэ шүүх хуралдаан дээр мэдүүлж байгаа. Зүйлчлэлийг  зөвшөөрөхгүй гэж  маргаж байгааг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүх хуралдааныг хойшлуулах, мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулах, шүүгдэгчийг гэм буруугүйд тооцох нөхцөл байдал тогтоогдоогүй, тус хэргийн нотлох баримтыг цуглуулах,бэхжүүлэх,шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Хохирогч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр найз Аын хамт өөрийн танил Чулуубаатарын гэрт очсон тэдний гэрт Т, Б, Б, Ч ах нар байсан бид бөөндөө 0.75 литрийн Хараа архи хувааж уусан. Тухайн үед А, Б нар хоорондоо маргалдаад байсан бөгөөд би тэр хоёрыг салгачхаад эргээд хартал Б миний ар талаас баруун суганы доод хэсэгт нэг юмаар хатгах шиг болсон тэгээд би Б руу хартал гартаа шөвөг барьчихсан зогсож байсан..."(хх 9), мөн 2024 оны 01 сарын 19-ний өдөр өгсөн “Б Атай маргалдаад байхаар нь салгаж болиулж байгаад Бтай муудсан. Согтсон байсан  яг юугаар хатгасныг би тодорхой мэдэхгүй байна шөвөг л байх шиг байсан. Хутга,хадаас бол биш” гэсэн мэдүүлэг нь гэрч П.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Ч ахын гэрт Б, Ч, Б нарын хамт архи уугаад тэдний гэрт хоносон. 05-ний өдөр үргэлжлүүлэн ууж байтал гаднаас А, Б нар 0.75 литрийн Хараа архи авч орж ирээд  хуваагаад ууж байтал А намайг янхан банзал жомбого гэх зэргээр доромжилсон, Б намайг өмөөрч  Атай маргалдсан чинь Б, Аыг өмөөрч Б руу дайрсан тухайн үед би Бгийн хамт байшингийн гадаа сүүдэрт хэвтэж байсан. ...нэг харахад Б гартаа шөвөг барьчихсан Бийн баруун суганы доод хэсэгт нэг удаа хатгасан... гэсэн мэдүүлэг (хх12), гэрч П.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн”...Б намайг өмөөрөөд Бтай маргалдаад байсан,нэг мэдэхэд Бийн суганаас цус гарсан байдалтай хэвтэж байсан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Ж.Бын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдож байна.

 

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч нараас мэдүүлэг авахдаа худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан сануулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд гэрч нарын мэдүүлэгт зөрүүтэй мэдүүлэг авагдаагүй, худал мэдүүлэг өгсөн гэх баримт шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь тусгайлан бэлтгэсэн зэвсэг биш газарт байсан мурийсан хадаасаар хатгаж гэмтэл учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй,өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй тул гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэл,нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй юм.

  

Дорноговь аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 сарын 08-ны өдрийн 02/233 дугаартай шинжээчийн “Ж.Бын биед толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал, эрүү, баруун шуу, нуруу, зүүн өвдөгний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэсэн дүгнэлт, гэрч П.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “миний мэдэхээр хутга авч дайрсан зүйл болоогүй, зүгээр хэрэлдэж маргалдаж байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Аыг нэг мэдэхэд Б нь үгээр хэлээд зүгээр сууж байхад нь өдөөд маргалдаад байсан, Б Аыг зодох гээд байхаар нь Б өмөөрөөд больцгоо гээд хэлж байсан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар хохирогч Д.Б хутга бариад дайрсан, миний гар эрүүн дээр зүсэгдсэн гэсэн шүүгдэгчийн мэдүүлэг үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгчийн хохирогч Д.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг гэж  хуульчилсан.

  “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгохоор, зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно гэж Эрүүгийн хуульд хуульчлан тайлбарласан болно. Шөвөг нь аливаа биетийг устгах гэмтээх зориулалттай эд зүйлд  хамаарах тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “зэвсэг хэрэглэсэн” гэсэн объектив талын шинжийг, шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан  байна.

Прокуророос шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

         Иргэдийн төлөөлөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.4 дүгээр зүйлд заасны дагуу оролцож “Энэ хэрэгт гэм буруутай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Зэвсэг …хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

           Хохирол төлбөрийн талаар: Хохирогч Д.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байнагэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас: шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 7 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: хуулийн зүйлчлэлийг өөрчлөх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар зааснаар хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү гэсэн санал, дүгнэлтийг гаргаж оролцсон байна.   

 

        Шүүх шүүгдэгч Ж.Бд ял оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу архидалтаас үүдэлтэйгээр гэмт хэрэг үйлдэгдсэн, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч нь хохирол нэхэмжлэхээс татгалзсан тул бусдад төлөх төлбөргүй байдал, хохирогчийн зүгээс гаргасан “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч нь хохирогчид гэмтэл учруулснаа зөвшөөрсөн хэдий ч тусгайлан бэлтгэсэн зэвсэг хэрэглэн гэмтэл учруулаагүй, хэргийн зүйлчлэлийг үл зөвшөөрч байгаа тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хорих ялыг, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

   Бусад асуудлаар: Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт хэрэг ирээгүй болохыг дурдах нь зүйтэй

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7,36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

  

1.Шүүгдэгч Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ж.Бд 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АДЪЯАСҮРЭН     

 

                         ШҮҮГЧ                                  Б.ОДБАЯР

 

                         ШҮҮГЧ                                  Э.БОЛОРМАА