| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00490/и |
| Дугаар | 153/ШШ2020/00532 |
| Огноо | 2020-08-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 153/ШШ2020/00532
| 2020 оны 08 сарын 11 өдөр | Дугаар 153/ШШ2020/00532 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг 15 дугаар хороо 13 дугаар хороолол 73 дугаар байрны 83 тоотод оршин суух, Н овогт Ш. П-ийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 153/2020/00490/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бираа нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.П нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.П миний бие 1964 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багт Шаравжамцын 6 дахь хүүхэд болж төрсөн. Миний эцэг нутаг орондоо нэр алдартай лам хүн байсан ба 1968 онд нас барсан. Миний бие 1972 онд Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуульд орж, 1980 онд 8 дугаар анги төгсөөд 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ээж, Чогсомын Цэцэгийн хамт 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багт нэгдлийн бог мал маллаж байсан. Ингээд 1986 оны 09 дүгээр сард Дархан хотын техникумд суралцахаар явсан. Тухайн үед миний хөдөлмөр өдрийн хөлсийг ээж Ч.Цэцэгийн нэр дээр бодож олгож байсан. Миний бие гэр бүл болоогүй бас одоог хүртэл ганц бие амьдарч байгаа. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч аймгийн архивт хадгалагдаж байгаа 70 дугаар дансанд миний 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байх хугацаандаа авч байсан хөдөлмөр өдрийн хөлсийг ээж Ч.Цэцэгийн нэр дээр бодож олгосон байх тул өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй байна. Иймд намайг 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализмын зам нэгдлийн Шураг бригадад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бираа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.П миний бага дүү байгаа юм. 1980 онд сургуулиа төгсөөд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализмын зам нэгдэлд ээжтэй хамт мал маллаж байгаад ажилд орсон. Манай эцэг 1968 онд нас барсан. Ээжтэй хамт ажиллаж байсан үеийн ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.. гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.П-ийн 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализмын зам нэгдлийн Шураг бригадад малчнаар ажиллаж байсан тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1.Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 936 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг бригадын Цэцэгийн 1980-1985 онуудын 70 дугаар дансны хуубарууд, /хх-ийн 5-11 дүгээр тал /
2.Төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, нас барсан бүртгэлийн лавлагаа /хх-ийн 15-17 дугаар тал/
3.1980 оны 07 дугаар сарын 21-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 24-25 дугаар тал /
4.Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 26 дугаар тал/
5.Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын тодорхойлолт /хх-ийн 27 дугаар тал/
6.Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн албан бичиг /хх-ийн 2 дугаар тал/
7.Гэрч Ш.Батжаргалын... Би 1978-1990 он хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализмын зам нэгдлийн Шураг багт малчнаар ажиллаж байсан. Ш.Пн нь 1980-1985 он хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализмын зам нэгдлийн Шураг багт малчнаар ажиллаж байсан. Ш.П нь1985 оныг дуустал мал маллаж байгаад 1986 онд Дархан хот руу суралцахаар явсан. Ш.П-ийн аав нь Д. Шаравжамц гэж манай нутгийн том лам хүн байсан. Ээж нь Ч.Цэцэг гэж малчин байсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 34-35 дугаар тал/
4.Гэрч Д.Далайн:...Би 1976 оноос эхлэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализмын зам нэгдэл тарах хүртэл Шураг багт малчнаар ажиллаж байсан. Ш.П нь 1980-1985 он хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализмын зам нэгдлийн Шураг багт малчнаар ажиллаж байсан Ш.П-ийн аав нь Дамбын Шаравжамц гэж манай нутгийн лам хүн байсан. П-г бага байхад нас барсан. Ээж нь Ч.Цэцэг гэж хүн байсан. Ш.Пүрэвсүрэн нь одоо хүртэл хүнтэй гэрлээгүй ганц бие эмэгтэй байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар тал/ зэрэг баримтуудаар 1980 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализмын зам нэгдлийн Шураг бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоогдож байна.
Нэхэмжлэлийн шаардлагаас 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь Ш.П нь 1980 онд 8 дугаар анги төгссөн бүрэн бус дунд боловсролтой бөгөөд хөдөлмөрийн дэвтрийг 1980 оны 07 дугаар сарын 21-ний өдөр олгосон байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ноён цорс овогт Ш.П-г 1980 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализмын зам нэгдлийн Шураг бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.П-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ