Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/15

 

                                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                        

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

 Нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн, 

 Улсын яллагч Б.Доржханд,

 Шүүгдэгч Ч.С нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржхандаас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2317001420012 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                       

                                                                              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Чин Засагт” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Төв аймгийн Мөнгөнморьт сумын 1 дүгээр баг, Жаргалант, Тэрэлжийн адаг гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо .............. аймгийн .......сумын .........дугаар баг, ........ гудамж .............. тоотод түр оршин суух,

урьд  Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 125 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 239 дүгээр зүйлийн 2, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 4 жилийн хорих ялаар,

Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 153 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар,

Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн усгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 03 жил 06 сар 16 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 05 жил 06 сар 16 хоногийн хорих ял шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 03 сар 05 хоногийн хорих ялыг тэнсэн сулласан гэх, Д овогт Чын С /РД:.........................../                  

                                                                Холбогдсон хэргийн талаар:

                                 /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Яллагдагч Ч.С нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.                                                    

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Ч.С нь 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 10 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Dreаm рестораны үүдний хэсэгт байх буйдан дээр амарч байсан иргэн Ж.Уийн эзэмшлийн  Huawei Nova Y90 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэж Ж.Ут 750 000 төгрөгийг хохирол  учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Ч.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөр байна гэх мэдүүлэг.17.1

2. Хохирогч Ж.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт өглөө үзүүлэх гэж ирээд цаг байхгүй гэхээр нь найз Отэй уулзахаар Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дугуй дэлгүүрт өглөө 09 цагийн орчим орсон. Тэгээд Отэй уулзаад байж байсан чинь бие эвгүйрхээд  байхаар нь Оээс эм авч уугаад дэлгүүрээс ресторан руу орох коридор хэсэгт байх ногоон өнгийн буйдан дээр хэвтээд гар утсаа гаргаж ирээд үзээд хэвтэж байтал гар утсаа гартаа барьсан чигээрээ унтсан байсан. Тэгээд 30 орчим минут унтаад сэрсэн чинь Huawei Nova Y90 маркийн гар утас алга болсон байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, миний утсыг авсан хүн, миний утасны хохирлыг бүрэн барагдуулж дууссан гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуудас/

3.Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Ч.С нь манай найз байгаа юм. Би Стай найзлаж нөхөрлөөд 10 орчим жил болж байна. С нь зан байдлын хувьд төлөв даруу, олон таван үггүй, тусч хөдөлмөрч, нэг эхлүүлсэн зүйлээ заавал дуусгаж байж санаа нь амардаг, тогтуун тайван дөлгөөн хүн байгаа юм. Одоо ээжийн хамт Төв аймгийн Мөнгөнморьт суманд хөдөө амьдардаг. Мөн Замын-Үүдэд тээврийн компанид ажилладаг гэх мэдүүлэг. /хх-ийн 23 дугаар хуудас/

4. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 35-38 дугаар хуудас/

5. Ашид билгүүн ХХКний 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ТХҮ-923/8237 дугаартай  дүгнэлт /хх-ийн 27-29-р хуудас/

6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 53, 68-77-р хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан хохирогч Ж.Уийн мэдүүлэг, шүүгдэгч Ч.С нарын мэдүүлэг, Ашид-Билгүүн ХХК-ний ТХҮ-923/8237 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ч.С нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Энэ хэргийн улмаас хохирогч Ж.Ут 750 000 төгрөгний хохирол учирсан ба шүүгдэгч Ч.С хохирол төлбөрийг төлж барагдуулсан болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгээр тогтоогдож  байна.

НЭГ. Гэм буруугийн талаар:

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.С нь 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 10 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Dreаm рестораны үүдний хэсэг дээр байх буйдан дээр амарч байсан иргэн Ж.Уийн эзэмшлийн  Huawei Nova Y90 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэж Ж.Ут 750 000 төгрөгийг хохирол  учруулсан гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.С өгсөн мэдүүлэг, хохирогч Ж.У нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.

Шүүгдэгч Ч.С нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч Ч.С нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж хүсэлт гаргасны дагуу прокуророос хүсэлтийг нь хангаж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн болно.

Шүүгдэгч Ч.С нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн ба энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Хохирол, хор уршгийн талаар: Хохирогч Ж.У нь өөрт учирсан хохиролоо нөхөн төлүүлж авсан, шүүхэд гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөл хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.С нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон ял шийтгэлийн хүрээнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

            Ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комиссд шилжүүлэв.

            Шүүгдэгч Ч.С нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.                                 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Д овогт Чын Сыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Ч.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 /гурван зуун жаран/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ст оногдуулсан 360 /гурван зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоосугай.

            4. Шүүгдэгч Ч.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч Ч.С нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хяналтын камерын бичлэг бүхий CD-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

            7.  Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.        

            8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ