Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 01887

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Галт суманд 1981 онд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар багт оршин суух, РД81081701 дугаар регистртэй, Байчууд овогт Мядагийн Энхбаярын,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 35-10 тоотод оршин суух, РЕ73033075 дугаар регистртэй, эрэгтэй, Дүлийхэн овогт Лувсанбазарын Энхбаярт холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 155/2020/01082/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч М.Энхбаяр нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Энхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Энхбаяр бид хоёр 1999 онд танилцан үерхэж байгаад, 2000 оны 9 дүгээр сард хурим хийж, хамт амьдарч гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2002 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр том хүү Э.Амгаланбаяр, 2005 оны 8 дугаар сарын 09-ний өдөр охин Э.Баяржаргал, 2008 оны 8 дугаар сарын 15-ны өдөр охин Э.Түвшинбаяр, 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр охин Э.Азжаргал, 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр охин Э.Буянжаргал нар төрсөн. Том хүү Э.Амгаланбаяр 18 насанд хүрсэн. Манайх 2012 онд Мөрөн суманд шилжин ирж, дэлгүүр ажиллуулж амьдарч байсан боловч Л.Энхбаяр байнга архи ууж, хардан зодох болсон. Архины эмчилгээ хийлгэ гэхээр зөвшөөрдөггүй. Өмнөговь аймагт нүүрсний том тэрэг 2019 онд барьж байсан ч цалингаараа архи ууж, гэр орондоо тус нэмэр болдоггүй. Би мөн Өмнөговь аймагт очиж ажил хийсэн боловч намайг хардаж зодож байсан. Би зөндөө хүлээж, тэвчиж байсан. Аргагүйн эрхэнд тусдаа амьдраад нэг жил шахуу хугацаа өнгөрч байна. Цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бид хоёрт эвлэрэх 3 сарын хугацааг шүүхээс өгсөн. Энэ хугацаанд эвлэрэхээр Хөвсгөл аймгийн Галт суманд өөрийн аавынхаа хашаанд нөхөр Л.Энхбаяр бид хоёр байшин барьж, хүүхдүүдийн хамт байсан. Гэвч Л.Энхбаяр эрүүл байхдаа ч намайг хэл амаар доромжилж, зодох болсон тул хүүхдүүдээ тэжээн тэтгэх, орлого олохоор Өмнөговь аймаг явж, ажил хийж байгаа. Одоо хүүхдүүд маань бидний барьсан байшинд миний эцэг, эхийн хажууд Галт суманд амьдарч, сургууль, цэцэрлэгт явж байгаа. Л.Энхбаяр бид хоёр цаашид хамт амьдрах ямар ч боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна. Охин Э.Баяржаргал, Э.Түвшинбаяр, Э.Азжаргал, Э.Буянжаргал болон хэдийгээр 18 насанд хүрсэн ч том хүү Э.Амгаланбаяр нарыг өөрийн асрамжид авна. Анх шүүхэд эцэг Л.Энхбаяраас нь 4 хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч одоо хүүхдийн тэтгэлэг авахгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч Л.Энхбаяр 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан тайлбар болон 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Энхбаяр бид хоёр 1999 онд танилцан үерхэж байгаад 2000 оны 9 дүгээр сард хурим найр хийж, хамт амьдарч гэрлэлтээ батлуулсан. Бид дундаасаа 5 хүүхэд төрүүлж өсгөсөн. Том хүү Э.Амгаланбаяр насанд хүрсэн. Бидний амьдрал сайн сайхан байж, Мөрөн суманд шилжиж ирээд Бийж дэлгүүртээ хашаа байшин худалдан авч ажиллуулж байсан. Гэтэл М.Энхбаяр хашаа байшингаа барьцаалан хүнд 25.000.000 төгрөгийн зээл авч өгснөөс болж бидний дунд хэрүүл маргаан гарч, өр зээлэнд орж, манай амьдрал доройтсон. Би Цагаан хадны нүүрсний уурхайд том тэрэг барьж байхад М.Энхбаяр хүүхдүүдээ орхиод миний араас ирж, ажил хийж, тэнд өөр хүнтэй хувийн харилцаа тогтоож явалдах болсон. Хүүхдүүдээ Галт суманд аваачиж орхиод өөрөө ирээгүй, нэг жил гаруй хугацааны дараа уулзаж байна. Би хааяа архи дарс уудаг ч байнга уудаггүй. Үр хүүхдүүдээ бодоод гэрлэлтээ цуцлуулахгүй, сайхан амьдарч чадна. Хэрэв гэрлэлтээ цуцлуулвал охин Э.Баяржаргал, Э.Түвшинбаяр нарыг өөрийн асрамжид авна. Бага хоёр охиноо ээжид нь үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлнө. Эд хөрөнгийн маргаангүй. Бид цаашид сайхан амьдарч, үр хүүхдээ өнчрүүлэхийг хүсэхгүй байгаа тул эвлэрүүлэх хугацаа өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Энхбаяр нь хариуцагч Л.Энхбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

М.Энхбаяр шүүх хуралдаанд хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэх тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Гэрлэгчид нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан, гэрлэгчдийг эвлэрүүлэхээр шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд эвлэрээгүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална гэж заасны дагуу гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Гэрлэгчид болох Л.Энхбаяр, М.Энхбаяр нар 2000 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болж, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 35-рт 2001 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь Төрийн мэдээллийн сангаас гаргасан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2002 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүү Э.Амгаланбаяр /рд02211311/, 2005 оны 8 дугаар сарын 09-ний өдөр охин Э.Баяржаргал /рд05280906/, 2008 оны 8 дугаар сарын 15-ны өдөр охин Э.Түвшинбаяр /рд08281501/, 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр охин Э.Азжаргал /рю16250420/, 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр охин Э.Буянжаргал /рю18270643/ нар төрсөн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 115/005090, 115/005091, 115/005096, 115/005092, 115/005093 дугаар төрсний бүртгэлийн лавлагаанууд, Э.Буянжаргал, Э.Азжаргал, Э.Түвшинбаяр, Э.Баяржаргал нарын эрүүл бойжиж буй тухай Далайн Элбэрэлт өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолтууд, зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар тус тус тогтоогдлоо.

Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид маргаж, хариуцагч Л.Энхбаяр 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан тайлбар болон 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...хэрэв гэрлэлтээ цуцлуулвал охин Э.Баяржаргал, Э.Түвшинбаяр нарыг өөрийн асрамжид авна... гэсэн байна. Гэвч шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хүүхдийн санал, хүүхдийн нас, хүйс, эхийн хайр, анхаарал халамж зайлшгүй шаардлагатай байдал, өсөж дассан орчинг өөрчлөх шаардлагагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан 2005 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Э.Баяржаргал /рд05280906/, 2008 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Э.Түвшинбаяр /рд08281501/, 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Э.Азжаргал /рю16250420/, 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Э.Буянжаргал /рю18270643/ нарыг төрүүлсэн эх М.Энхбаярын асрамжид үлдээх зүйтэй нь гэж үзлээ. Хүү Э.Амгаланбаяр 18 насанд хүрсэн байна.

Нэхэмжлэгч М.Энхбаяр хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болно.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.2-д Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.

Охин Э.Баяржаргал, Э.Түвшинбаяр, Э.Азжаргал, Э.Буянжаргал нар эх М.Энхбаярын асрамжид үлдсэн нь эцэг Л.Энхбаярын хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурьдлаа. Өөрөөр хэлбэл охин Э.Баяржаргал, Э.Түвшинбаяр, Э.Азжаргал, Э.Буянжаргал нартай эцэг Л.Энхбаяр хэдийд ч уулзах, тэжээн тэтгэх, дээрх хуулинд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй.

Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдлаа.

Иймд М.Энхбаяр, Л.Энхбаяр нарын гэрлэлтийг цуцалж, охин Э.Баяржаргал, охин Э.Түвшинбаяр, охин Э.Азжаргал, охин Э.Буянжаргал нарыг эх М.Энхбаярын асрамжид үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн ба гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул эд хөрөнгийн бус үнийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Л.Энхбаяраас гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй.

Хариуцагч Л.Энхбаярт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д зааснаар Байчууд овогт М.Э, Дүлийхэн овогт Л.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2005 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Э.Б, 2008 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Э.Т, 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Э.А, 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Э.Б нарыг төрүүлсэн эх М.Эн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Л.Э, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх М.Энарт тус тус даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч М.Э улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагч Л.Э-с улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан, улсын орлогод оруулсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад, Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА