| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2024/0012/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/16 |
| Огноо | 2024-01-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга П.Энхбат,
улсын яллагч Т.Түмэнжаргал,
шүүгдэгч Л.Бнарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И х овогт Л Б холбогдох эрүүгийн 2417000000007 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ...-ний өдөр Г.. аймгийн Е..суманд төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл .., эхнэр, хадам эх, хүүхдүүдийн хамт Г...аймгийн С... сумын... дүгээр баг, .. тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, И ховогт Л Б/РД:../,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Л.Бнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Л.Бнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 19-ний орой Г.. аймгийн С.. сумын ... дугаар баг, Б.. .. тоот хашаанд байрлах монгол гэр дотор Ц.Т урьд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг газар унагах, хоолойг нь боох, хутгаар зүсэх зэргээр халдан зодож, бие махбодид нь өвчүүний дээд хэсгээр зүсэгдсэн шарх, хамрын нуруунд, баруун хацарт өнгөц зүсэгдэлт, зүүн нүдний зовхинд, зүүн бугалганд, баруун бугалганд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:
1. Шүүгдэгч Л.Бийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /х.х-ийн 58 хуудас/
2. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х.х-ийн 2 хуудас/
3. Хохирогч Ц.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би гэртээ дүү Э хамт байж байхад 18 цагийн орчимд Б 0.33 литрийн Хараа нэртэй архитай манайд орж ирээд бид 3 хувааж уусан. Архи дуусаад би дэлгүүр явж 0.33 литрийн Хараа нэртэй архи авч ирж уугаад Бэй юм яриад суусан. Э өргөл өргөх гээд гэрээс гартал Б надаас юм асуух шиг болоод гэнэт над руу уурлаад миний хоолойг боож хүзүүн дээр нэг юм тавьсан. Э гаднаас орж ирээд Бийг салгасан. Би согтуу байсан болохоор болсон явдлыг сайн мэдэхгүй байна. Миний хүзүүний доор цээж хэсэгт урагдаж оёдол тавиулсан. Хамар, хүзүүнд жижиг шалбарсан. Зүүн нүд бага зэрэг хөхөрсөн. Миний эмчилгээний зардал мөнгийг Б өгвөл надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21 хуудас/
4. Гэрч А.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2023 оны 12 дугаар сарын 19-ний орой 22 цагийн орчимд би Улаанбаатар-Замын Үүд чиглэлийн галт тэргээр ирээд гэртээ ирсэн. Би хаалга нүдтэл манай гэрээс Б гарч ирээд хаалга нээгээд надад хандаад ахаа би Т ахыг айлгах гээд нүүрэндээ үхрийн цус түрхсэн гэсэн. Би гэр лүү очтол гэрийн үүд хэсэг, ахын нүүр, нуруу, гэдэс, өмд, футболка зэрэг нь цус болсон байсан. Би Б хандаад чи яагаад хөгшин ахыг минь ингэж цусаар будаж байгаа юм гээд ахыг босгоод баруун орны хажууд суулгаад газар байсан 2 заазуур, 1 модон иштэй жижиг хутгыг арчиж цэвэрлээд цаашаа хийгээд гэрээ цэвэрлэсэн. Би Б хандаад чи яагаад ингэж байгаа юм гэхэд Б надад хандаад би савтай цус байхаар нь аваад Аагаа руу цацсан гэсэн. Б Аагаа руу хандаад би таныг зодоогүй биз дээ гэхэд Аагаа ах чи намайг зодож боогоод хүзүүн дээр хутга тавьсан биз дээ гэсэн. Аагаа ахын хүзүүний доод цээжин хэсэгт зүсэгдсэн юм шиг шарх байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23-25 хуудас/
5. Гэрч С.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэртээ төрсөн ах Тийн хамт байж байхад 19 цагийн орчимд Б 0.33 литрийн шилтэй архи, 1 сав сүүтэй ирсэн. Ах, Б бид 3 архийг хувааж ууж дуусгаад ах Т дэлгүүр яваад 0.33 литрийн Хараа нэртэй архи авч ирээд бид 3 хувааж уусан. Би гэрээс гараад сүү өргөөд буцаад гэрт ороод иртэл Б Т ахыг боогоод гэрийн орны засвар шахаад дарсан байхаар нь би очоод салгах гэтэл Б гартаа хутга бариад Т ахын хүзүүнд тулгаж барьсан байсан. Т ахын энгэр нэлээн цус мэт зүйл болсон байсан. Намайг гэрээс гараад буцаад ороод ирэх үед Б Т ахыг зодож байсан. Хар өнгийн бариултай хутга байсан. Тэр хутга манай хутга биш Бийн хутга” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 26 хуудас/
6. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 14 дугаартай дүгнэлтэнд: “Ц.Тийн биед өвчүүний дээд хэсгээр зүсэгдсэн шарх, хамрын нуруунд, баруун хацарт өнгөц зүсэгдэлт, зүүн нүдний зовхинд, зүүн бугалганд, баруун бугалганд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Өвчүүний дээд хэсгээр зүсэгдсэн шарх, хамрын нуруунд, баруун хацарт өнгөц зүсэгдэлт гэмтлүүд нь иртэй зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2023.12.19-нд үүсгэгдсэн байх боломжтой. Өвчүүний дээд хэсгээр зүсэгдсэн шарх, хамрын нуруунд, баруун хацарт өнгөц зүсэгдэлт, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн бугалганд, баруун бугалганд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтлүүд нь тус бүрдээ “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдахгүй.
Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 35-36 хуудас/
7. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 3-9, 10, 13-14, 15-16 хуудас/
8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 49 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгаж, шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч Л.Бнь дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт түүний үйлдэлд тохирсон, шүүгдэгч Л.Бнь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлт гарган оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Бнь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.Бнь хохирогч Ц.Тээс эмчилгээний зардалд нэхэмжилсэн 400 000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Л.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Л.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн нимгэн цамцыг, хар өнгийн бариултай, 24 см урт хутгыг тус тус устгахыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И ховогт Л Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Л.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн нимгэн цамцыг, хар өнгийн бариултай, 24 см урт хутгыг тус тус устгахыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогчид давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА