Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 01966

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Их-Уул суманд 1987 онд төрсөн, 33 настай, эмэгтэй дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багш ажилтай, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 5 дугаар багт оршин суух, РЖ87050302 дугаар регистртэй, Анчин овогт Пүрэвжавын Насанжаргалын,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр багт оршин суух албан ёсны хаягтай, Дорноговь аймгийн Даланжаргалант сумын Олон овоот гэх газарт түр оршин суух, НО85021471 дугаар регистртэй, Боржгин овогт Доржсүрэнгийн Гансүхэд холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах, зээлийн төлбөр 52.300.000 /тавин хоёр сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 155/2020/01508/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгч П.Насанжаргал нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Насанжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Гансүх бид хоёр 2007 онд танилцан үерхэж байгаад 2009 оны 10 дугаар сард гэрлэлтээ бүртгүүлж, хамтран амьдарсан. Бидний дундаас 2008 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр охин Хулан, 2009 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр охин Уранбайгаль, 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр охин Урангоо нар төрсөн. Хамт амьдарч байх хугацаанд бидний үзэл бодол таарч тохирохгүй болж, намайг зодож, биед гэмтэл учруулан, ална, шатаана гэж хэл амаар доромжлон сүрдүүлэх болсон. Гэр бүлдээ анхаарал халамж тавьдаггүй, үр хүүхдүүдийнхээ өмнө үүрэг хариуцлага хүлээдэггүй, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал байдаггүй байсан. Хамт амьдарснаас хойш 4 дэх жилдээ Д.Гансүх говийн нутагт том тэрэг барихаар явсан. Амраад ирэхдээ түүний зан байдал засраагүй хэвээрээ байсан. 2019 оны 3 дугаар сард түүний нэр дээр нүүрс зөөдөг том машин авсан. Энэ машиныг авахдаа би өөрийн нэр дээр 27.700.000 төгрөгийн цалингийн зээл, төрсөн ах П.Энхбаатараас 32.300.000 төгрөгийн зээл авч байсан. Гэтэл тус машиныг авснаас хойш гэртээ ирэхээ больж, утсаа авахгүй болсон. Би хүүхдүүдийн хүмүүжил, тэдний цаашдын амьдралыг бодож, гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ тухай Д.Гансүхэд хэлсэн. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлийн үлдэгдэл 52.300.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч одоо шийдвэрлүүлэхгүй. Нотлох баримтаа бүрдүүлсний дараа дахин шүүхэд нэхэмжлэл гаргана.

Иймд Д.Гансүхээс гэрлэлтээ цуцлуулж, охин Г.Хулан, Г.Уранбайгаль, Г.Урангоо нарыг өөрийн асрамжид авч, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Эд хөрөнгийн талаар маргаангүй гэв.

Хариуцагч Д.Гансүхэд Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн хувь гардуулж өгсөн боловч шүүгчээс тогтоосон хугацаа болох 14 хоног буюу 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Мөн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Насанжаргал нь хариуцагч Д.Гансүхэд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах, зээлийн төлбөр 52.300.000 /тавин хоёр сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Гэвч шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Насанжаргал ...Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлийн үлдэгдэл 52.300.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч одоо шийдвэрлүүлэхгүй. Нотлох баримтаа бүрдүүлсний дараа дахин шүүхэд нэхэмжлэл гаргана... гэх тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч Д.Гансүхийг гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэлээ.

Учир нь хариуцагч Д.Гансүхэд 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн хувь гардуулан өгч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар 14 хоногийн дотор буюу 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн дотор хариу тайлбараа шүүхэд ирүүлэх үүрэгтэйг мэдэгдэн, нэхэмжлэл гардуулсан тухай баримтад гарын үсэг зуруулжээ. Гэвч шүүгчээс тогтоосон хугацаа болох 14 хоног буюу 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72 дугаар зүйлийн 72.3-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно... гэж тус тус заажээ.

Хариуцагч Д.Гансүх хуулинд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд 2 дахь удаагаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцов. Өөрөөр хэлбэл хариуцагч Д.Гансүх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Гэрлэгчид болох П.Насанжаргал, Д.Гансүх нар 2019 оны 3 дугаар сараас хойш одоог хүртэл хугацаанд тусдаа амьдарч байгаа, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Гэрлэгчид 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болж, 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтаны бүртгэсэн Эрэгтэй: РД: НО85021471, Монгол улсын иргэн, 1985 оны 2 дугаар сарын 14-нд төрсөн, Боржгин овогт Доржсүрэнгийн Гансүх, эмэгтэй: РД: РЖ87050302, Монгол улсын иргэн, 1987 оны 5 дугаар сарын 03-нд төрсөн, Анчин овогт Пүрэвжавын Насанжаргал нар гэр бүл болсныг иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 22-рт бүртгэж, гэрчилгээ олгов гэх бичилттэй №0009419-22 дугаар гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2008 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр охин Г.Хулан, 2009 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр охин Г.Уранбайгаль, 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр охин Г.Урангоо нар тус тус төрсөн болох нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэний улсын бүртгэлийн ажилтаны бүртгэсэн №0000863645-19/5, №0339964-84, 6722000046 дугаар төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, хүүхэд эрүүл бойжиж буй тухай эмнэлгийн тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Пүрэвжавын Насанжаргал нь /РД: рж87050302/ нь 1987 онд төрсөн, 33 настай, эмэгтэй, ам бүл тавуулаа амьдардаг ба тус багийн үндсэн иргэн мөн гэх бичилттэй 175 тоот тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдлоо.

Хүүхдийн асрамжийн талаар хүүхдийн нас, эхийн анхаарал, хайр халамж зайлшгүй шаардлагатай байдал, амьдарч буй дассан орчин нөхцөл зэргийг харгалзан 2008 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Г.Хулан, 2009 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Г.Уранбайгаль, 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Г.Урангоо нарыг эх П.Насанжаргалын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.2-д Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг Д.Гансүхээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.

Охин Г.Хулан, Г.Уранбайгаль, Г.Урангоо нар эх П.Насанжаргалын асрамжид үлдсэн нь эцэг Д.Гансүхийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурьдлаа. Өөрөөр хэлбэл охин Г.Хулан, Г.Уранбайгаль, Г.Урангоо нартай эцэг Д.Гансүх хэдийд ч уулзаж дээрх хуулинд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй.

Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болно.

Иймд П.Насанжаргал, Д.Гансүх нарын гэрлэлтийг цуцалж, охин Г.Хулан, Г.Уранбайгаль, Г.Урангоо нарыг эх П.Насанжаргалын асрамжид үлдээн, хариуцагч Д.Гансүхээс охин Г.Хулан, Г.Уранбайгаль, Г.Урангоо нарт сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2008 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Г.Хулан 12 нас 10 сар, 2009 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Г.Уранбайгаль 11 нас 01 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 206.000 төгрөгийг охин Г.Хулан, Г.Уранбайгаль нарт, 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Г.Урангоо 05 нас 01 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 206.000 төгрөгийн 50 хувь болох 103.000 төгрөгийг Г.Урангоод сар бүр эцэг Д.Гансүх төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Г.Хулан, Г.Уранбайгаль, Г.Урангоо нарт сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход бүгд 6.180.000 төгрөг болж байна.

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгчийн эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэг жилийн хугацаанд авбал зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 143.218 төгрөг, зээлийн төлбөр 52.300.000 /тавин хоёр сая гурван зуун мянга/ төгрөгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 419.450 төгрөг, бүгд 632.868 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гэрлэлт цуцлуулах буюу эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэг жилийн хугацаанд төлвөл зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 143.218 төгрөг, бүгд 213.418 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хариуцагч Д.Гансүх шүүх хуралдаанд 2 дахь удаагаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т Гэрлэгчид хоёр дахь удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хэргийг хариуцагчийн байхгүйд хянан шийдвэрлэж болно... гэж зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Анчин овогт П.Н , Боржгин овогт Д.Г нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Г.Х, 2009 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Г.У, 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Г.У нарыг эх П.Н-ын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2008 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Г.Х, 2009 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Г.У нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Г.У-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Д.Г-с гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Д.Г, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх П.Н  нарт тус тус даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн бүгд 632.868 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г-с улсын тэмдэгтийн хураамж бүгд 213.418 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Н-д олгосугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад, Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА