Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2020/0196

 

2020 оны 03 сарын 25 өдөр Дугаар 128/ШШ2020/0196 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж,

Дүгнэлт гаргагч: Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.А

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн боловсролын хяналтын улсын байцаагч Б.Н

Гуравдагч этгээд: О э БСБ

Прокурорын дүгнэлтэд: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн боловсролын хяналтын улсын байцаагч Б.Н гийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 0066625 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлт бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагч Н.А , хариуцагч Б.Н , хариуцагчийн өмгөөлөгч Р.Т , гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Э , И.Б , гуравдагч этгээдийн өмгөөлөгч В.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор Н.А шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Улсын байцаагч Б.Н 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах О э дунд сургуулийн дэд захирал И.Б төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулсан гэх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэжээ.

Зөрчлийн хэргийг хянавал, улсын байцаагч Б.Н зөрчил шалган

шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг

дараах байдлаар зөрчсөн байна. Үүнд:

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд И.Б оролцсон, ажиллагааны явцыг харуулсан гэрэл зураг, дуу дүрсний бичлэг хийгдсэн, ажиллагааны явцад оролцогч санал, хүсэлт гаргасан эсэх тодорхойгүй, тэмдэглэлийг оролцогчид танилцуулж гарын усэг зуруулаагүй, зөрчил шалгах ажиллагааны тэмдэглэлийг Улсын Ерөнхий Прокурорын баталсан маягт.загварын дагуу үйлдээгүй Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 5, 4.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.7, 2, 4 дэх хэсгийг,

Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх О э сургуулийн холбогдох албан тушаалтан нараас гэрчээр мэдүүлэг болон холбогдох нотлох баримтуудыг гаргуулан аваагүй нь дээрх хуулийн 3.6 дугаар зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг,

Эрх бүхий албан тушаалтан зөрчилд холбогдогч И.Б од зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогчид зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангаагүй энэ хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг,

Хураан авсан баримт бичгийг зөрчлийн хэрэгт хавсаргасан боловч шийтгэл оногдуулахдаа шийдвэрлэхгүй орхигдуулсан 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг,

Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулсан үйлдлийг бүрэн шалгаагүй, зөрчлийн хэрэгт авагдсан баримт бичиг, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг тодорхойгүй, шийдвэрийнхээ үндэслэлийг нотолж чадаагүй Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1,4.15 дугаар зүйлийн 1, 3, 5 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна.

Иймд улсын байцаагч Б.Н гийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, зөрчилд холбогдогчийн эрхийг хангах, төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулсан үйлдлийг дахин шалгах, нэмэлт зөрчил шалгах ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх шаардлагатай байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн боловсролын хяналтын улсын байцаагч Б.Н гийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 0066625 дугаартай шийтгэлийн хуудсыг /шийдвэрийг/ хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив. гэжээ.

Хариуцагч Б.Н шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн боловсролын хяналтын улсын байцаагч Б.Н миний бие нь Мэргэжлийн хяналтын байгууллагын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 02-01/134 тоот удирдамжаар Чингэлтэй дүүрэгт байрлах О э дунд сургуульд 2019 оны 04 дүгээр сард шалгалт хийж, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 02-03-353/170 хугацаатай албан шаардлагыг тус сургуулийн захиралд хүргүүлсэн.

Уг албан шаардлагын хариуг 2019 оны 09 дүгээр сарын 15-ны дотор ирүүлж гүйцэтгэлийн хяналт хийлгэх үүрэг өгсөн боловч холбогдох мэдээ баримтыг цаг тухайд нь гаргаж өгөөгүй, төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд саад учруулсан зөрчил үйлдсэн нь тогтоогдож тус сургуулийн дэд захирал И.Б од Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оноосон.

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.А ийн шүүхэд гаргасан 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Миний бие нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны холбогдох тэмдэглэлүүдийг холбогдогчид танилцуулахаар олон удаа дуудсан, уулзсан боловч холбогдогч нь гарын үсэг зурахгүй гэж татгалзсан, хамгийн сүүлд хэргийн материалтай танилц гэж дуудахад танилцахгүй гэсэн болно. Иймд тэмдэглэл үйлдэн хэрэгт хавсаргаж, хэргийг шийдвэрлэсэн. Миний залгасан утасны дуудлагын огноогоор үүнийг баталж болно.

2. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад И.Б ын гаргасан зөрчил нь холбогдох баримт бичиг, холбогдогчийн өөрийн өгсөн мэдүүлэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлүүдээр хангалттай нотлогдсон тул сургуулийн холбогдох албан тушаалтнуудаас гэрчээр мэдүүлэг авах болон бусад нотлох баримт гаргуулах шаардлага байгаагүй.

3. Прокурорын дүгнэлтэд хураан авсан баримт бичгийг зөрчлийн хэрэгт хавсаргасан боловч шийтгэл оногдуулахдаа шийдвэрлэхгүй орхисон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь би хэрэгт баримт бичгийг эх хувиар нь хураан авч хавсаргаагүй, баримт бичгийн хуулбаруудыг хавсаргасан байсан болно.

Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж, шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Э шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.А ийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр прокурорын дүгнэлтээр тус шүүхэд Чингэлтэй дүүрэг дэх мэргэжлийн хяналтын боловсролын хяналтын байцаагч Б.Н гийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 0066625 дугаартай холбогдогч О э сургуульд холбогдох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох эсэхийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болно.

Эрх бүхий албан тушаалтны гаргасан дээрх 0066625 дугаартай шийтгэлийн хуудсаар О э сургуулийг 500,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байдаг.

Зөрчлийн хэрэгт холбогдогч манай сургуулийн зүгээс Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдлөг болгон ажилладаг бөгөөд боловсролын хяналтын байцаагч Б.Н гийн 0066625 шийтгэх хуудсанд дурдагдсан мэдээ тайланг хүргүүлсэн болно.

Нэгэнт хуульд заасны бүрэн эрхийнхээ хүрээнд прокурорын зүгээс дүгнэлт гарган эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байна гэж үзсэн байгааг холбогдогчийн хувьд үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд боловсролын хяналтын байцаагч Б.Н гийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 0066625 дугаартай шийтгэх хуудсыг прокурорын дүгнэлтийн дагуу хүчингүй болгож зөрчлийн хэргийг шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 02-01/134 тоот удирдамжийн дагуу Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн боловсролын хяналтын улсын байцаагч Б.Н нь тус дүүрэгт байрлах О э дунд сургуульд 2019 оны 04 дүгээр сард шалгалт хийж, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 02-03-353/170 хугацаатай албан шаардлагыг тус сургуулийн захиргаанд хүргүүлсэн байна.

Мэргэжлийн хяналтын хэлтсийн боловсролын хяналтын улсын байцаагч Б.Н дээрх албан шаардлагын хариуг 2019 оны 09 дүгээр сарын 15-ны дотор ирүүлж гүйцэтгэлийн хяналт хийлгэх үүрэг өгсөн боловч холбогдох мэдээ баримтыг цаг тухайд нь гаргаж өгөөгүй, төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд саад учруулсан зөрчил үйлдсэн гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг үүсгэн, О э БСБ-ыг Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.А 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг бичиж тус шүүхэд ирүүлжээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 02-03-353/170 тоот албан шаардлагад: ...Албан шаардлагаар өгсөн, үүрэг даалгаврын биелэлтийг бүрэн хангах арга хэмжээг авч, хариуг 2019 оны 9 дүгээр сарын 15-ны дотор Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст ирүүлж, гүйцэтгэлийн хяналт шалгалт хийлгэхийг мэдэгдье. Улсын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй, албан шаардлагын хариуг тогтоосон хугацаанд ирүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн хариуцлага тооцох болно хэмээн дурьдсан бөгөөд уг шаардлагыг хүлээн авсан эсэх талаар холбогдогч маргадаггүй.

Зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд О э БСБ-аас Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 191122/02 тоот албан бичгээр ...даалгаврын биелэлтийн хариуг байцаагчийн зүгээс тавигдсан хугацаанд нь хүргүүлж чадаагүй болно. ...хариуг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор багтаан хүргүүлэх хүсэлтийг гаргаж байна., 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 191202/01 тоот Даалгаврын биелэлтийг хүргүүлэх тухай албан бичиг, Албан шаардлагаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг жагсаасан хавсралт, хэргийн оролцогчдын тайлбар, бусад нотлох баримтуудаар албан шаардлагад дурьдагдсан хугацаанд буюу 9 дүгээр сарын 15-ны дотор албан шаардлагын биелэлтийг хүргүүлээгүй, мөн холбогдогч О э БСБ-аас хавар шалгалт явуулаад, намар нь гүйцэтгэлийн биелэлтийг ирүүлэхээр шаардсан нь боломжгүй хугацаа байсан, зуны амралт таарсан гэх тайлбарыг шүүхэд мэдүүлсэн боловч хариуцагч байгууллагад тухайн үеийн гүйцэтгэлийн талаар болон хугацаа сунгах талаар хүсэлт хүргүүлэх үйлдэл хийгээгүй болох нь тус тус тогтоогдож байна.

Мэргэжлийн хяналтын хэлтсийн боловсролын хяналтын улсын байцаагч Б.Н О э БСБ-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулна хэмээн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн бүрэн эрхийг тодорхойлсон, мөн Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй... гэж тус тус заасны дагуу үйлдэгдсэн хууль ёсны үйл ажиллагаа болжээ.

Харин Прокурорын дүгнэлтэд дурьдсан: Улсын байцаагч Б.Н зөрчил

шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд И.Б оролцсон, ажиллагааны явцыг харуулсан гэрэл зураг, дуу дүрсний бичлэг хийгдсэн, ажиллагааны явцад оролцогч санал, хүсэлт гаргасан эсэх тодорхойгүй, тэмдэглэлийг оролцогчид танилцуулж гарын үсэг зуруулаагүй, зөрчил шалгах ажиллагааны тэмдэглэлийг Улсын Ерөнхий Прокурорын баталсан маягт.загварын дагуу үйлдээгүй Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 5, 4.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.7, 2, 4 дэх хэсгийг,

Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх О э сургуулийн холбогдох албан тушаалтан нараас гэрчээр мэдүүлэг болон холбогдох нотлох баримтуудыг гаргуулан аваагүй нь дээрх хуулийн 3.6 дугаар зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг,

Эрх бүхий албан тушаалтан зөрчилд холбогдогч И.Б од зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогчид зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангаагүй энэ хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг,

Хураан авсан баримт бичгийг зөрчлийн хэрэгт хавсаргасан боловч шийтгэл оногдуулахдаа шийдвэрлэхгүй орхигдуулсан 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг,

Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулсан үйлдлийг бүрэн шалгаагүй, зөрчлийн хэрэгт авагдсан баримт бичиг, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг тодорхойгүй, шийдвэрийнхээ үндэслэлийг нотолж чадаагүй Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1,4.15 дугаар зүйлийн 1, 3, 5 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэх үндэслэлүүдээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь, холбогдогч О э БСБ нь эрх бүхий албан тушаалтны албан шаардлагад дурьдагдсан хугацаанд үүрэг даалгаврын биелэлтийн талаар мэдээлээгүй гэх зөрчил тогтоогдсон, үүнийгээ тус сургуулийн дэд захирал И.Б хүлээн зөвшөөрсөн, мэдүүлэгтээ гарын үсэг зурсан, энэ талаар гэрчийн мэдүүлэг авах шаардлагагүй, мөн шийтгэлийн хуудсаар О э БСБ-ыг 500 нэгжээр торгосон ба тус сургуулийн хууль ёсны төлөөлөгчөөр холбогдох бичиг баримтыг үндэслэн тус сургуулийн үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал И.Б /утасны дугаар 9919..../-ыг тогтоосон, түүнд хэргийн материалтай танилцуулахаар 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 23-ны өдрийн хооронд удаа дараа залгасан, түүнийг албадан ирүүлэх эрхгүй, энэ талаар баримт үйлдэж хэрэгт хавсаргасан, мөн зөрчлийн хэрэгт эд зүйл болон эх хувиараа нотлох баримтыг хурааж авсан зүйлгүй, хуулбарлаж авсан бичгэн нотлох баримтуудыг хэрэгт хавсаргасан зэргүүдээс үзэхэд хариуцагч мэргэжлийн хяналтын улсын байцаагч Б.Н г Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, холбогдогчид үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан гэж үзэх боломжгүй болно.

Иймд Мэргэжлийн хяналтын хэлтсийн боловсролын хяналтын улсын байцаагч Б.Н гийн О э БСБ-ыг Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар ирүүлсэн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.А ийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Улсын байцаагч Б.Н нь тус зөрчлийн хэрэгт дээрх шийтгэлийг оногдуулахаас өмнө 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 0149490 тоот Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас үйлдсэн бөгөөд үүнийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зүйл заалтыг зөрчсөн үндэслэлээр Прокурорын хяналтын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/93 дугаар тушаалаар хүчингүй болгосныг дурьдаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3. 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8. Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д заасныг тус тус баримтлан Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.А ийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн

болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар

зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУМАА