Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2026/0383

 

                                               

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

"Н"ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 116/ШШ2025/0041 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эгийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга  

Илтгэгч шүүгч Ц.Одмаа

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: "Н"ХХК

Хариуцагч: Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Э

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 127/2024/0002/З                                          

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 116/ШШ2025/0041 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар “Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6, 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 23/02 дугаартай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, шийдвэрлүүлэхийг даалгуулах, Ашигт малтмалын тухай хуулийн 14.4-д заасны дагуу нөхөх олговрыг 1 жилийн дотор олгоогүй болохыг тогтоолгож, Ашигт малтмалын тухай хуулийн 14.6-д заасны дагуу үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан “Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх хавсралтын 18 дахь хэсгийн “Гичгэний голын эх” хэсгийн Х84** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй давхцалтай хэсэг болох 279.5 га талбайг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэжээ. 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

2.1. Хариуцагч нь нэхэмжлэгчийн хүсэлтийг огт шийдвэрлээгүй буюу зохих хариуг өгөөгүй. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т "Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно" гэж заасан ба нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагын хувьд хариуцагч захиргааны байгууллагын идэвхгүй, эс үйлдэхүй байгаа нь тогтоогддог.

2.2. Мөн анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь 14.4-т "хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон" гэх хуулийн урьдчилсан нөхцөл нь: 1. Эрх бүхий этгээдийн тусгай хэрэгцээнд авсан талбай нь хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай давхцалтай байх, 2. Тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон байхыг шаардана. Энэхүү хэргийн тухайд хариуцагч байгууллага ХВ-8488 дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг тусгай хэрэгцээнд авах сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг гаргахдаа мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулаагүй бөгөөд энэхүү шийдвэрийг гаргах үед ХВ-8488 дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байсан, уг хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас өмнө буюу 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах үед ч давхцалтай гэдгийг мэдээгүй болно.

2.3. Түүнчлэн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн өргөдлийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шийдвэрлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2-т "тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхцаагүй" гэж заасан шаардлагыг хангахгүй үндэслэлээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсанаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал ашиглах боломжгүй болсон болно.

2.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл маргаан бүхий актыг батлан гаргахын өмнө нэхэмжлэгчид мэдэгдэх сонсгох ажиллагаа хийгээгүй, тухайн актыг нэхэмжлэгчид мэдэгдээгүй гэдгээ хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрдөг. Маргаан бүхий энэхүү тохиолдолд захиргааны шийдвэр гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан гэж үзэх боломжгүй, акт батлан гарах үед буюу 2016 онд нэхэмжлэгч тухайн актын мэдэх боломжгүй юм. Захиргааны байгууллага захиргааны акт батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэх, сонсгох үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах үндэслэлгүй бөгөөд шүүхээс зүй бусаар нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлаж байгааг дурдах нь зүйтэй. “Нэкстмайн" ХХК нь Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Ашигт малтмал, газрын тосны газраас Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын ИТХ-д 2016 оны 03 сарын 14-ний өдөр хүргүүлсэн 6/1629 дүгээр албан бичгийг 2023 оны 05 сарын 16-ны өдөр мэдсэн талаараа бичсэн. Тухайн албан бичигт "2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан солбицлын дагуу 18 талбайг Кадастрын системд бүртгэснийг мэдэгдье" гэж дурдсан боловч нэхэмжлэгчийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн чухам аль хэсэгт, батлагдсан гэх 18 талбайн хэд нь хэдий хэмжээгээр давхцалтай талаар дурдаагүй буюу тухайн актыг бүхэлд нь мэдсэн гэж үзэх боломжгүй ба актын аль хэсэгт гомдол гаргахыг урьдчилан мэдэх, таамаглах боломжгүй юм.

2.5. Нэхэмжлэгч нь нийтийн эрх зүйн харилцаан эрх, үүрэг хүлээж оролцож байгаа этгээдийн хувьд, 9 жил хайгуулын үйл ажиллагаа явуулсны үр дүнд Х84** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн боловч маргаан бүхий хууль бус захиргааны актын тодорхой хэсгээс болж ашигт малтмалын ашиглалтыг тусгай зөвшөөрөл эзэмших боломжгүй нөхцөл байдалд хүрээд байна. Гэтэл анхан шатны шүүх эрх зүйн харилцаа, маргааны зүйлээ буруу ойлгож, буруу дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

2.6. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2025/0121 дүгээр магадлалаар анхан шатны шүүх нэхэмжлэгч компанийг маргаан бүхий талбайд хайгуулын болон бусад үйл ажиллагаа явуулж, зардал гаргасан эсэхийг тодруулах, нэхэмжлэгч компанийн хайгуулын талбайн аль хэсэгт, яг ямар ямар түүх соёлын дурсгалт зүйл оршиж байгааг зайлшгүй тодруулах шаардлагатай, хайгуулын тайлбай нь Усан сан бүхий газартай давхцалтай эсэх, давхцалтай бол аль хэсгээрээ, ямар хэмжээгээр давхацсан болохыг хөдөлбөргүй тогтоох шаардлагатай гэж үзэж дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн боловч хуулийн хүчин төгөлдөр магадлалд заагдсан ажиллагаа бүрэн хийгдээгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүхээс дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч "Н"ХХК-иас Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан:

- “Тус компанийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 23/02 дугаартай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, шийдвэрлүүлэхийг даалгуулах,

- Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу нөхөн олговрыг 1 жилийн дотор олгоогүй болохыг тогтоолгож, мөн хуулийн 14.6-д заасны дагуу үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох,

- Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх хавсралтын 18 дахь хэсгийн Гичгэний голын эх хэсгийн XВ-0084** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй давхцалтай хэсэг болох 279.5 га талбайд хамаарах хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргажээ.

3. Давж заалдах гомдлыг хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Тус компанийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 23/02 дугаартай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, шийдвэрлүүлэхийг даалгуулах” шаардлагаасаа татгалзаж, энэ талаарх хүсэлтээ бичгээр илэрхийлсэн.

3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан нөхцөл байдал ... шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад илэрвэл ... нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан ... ийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно”, 66 дугаар зүйлийн 66.1-т “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх ...” хэмээн заасан.

3.2. "Н"ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Т-с 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 25/04 дугаар албан бичгээр тус компанийг төлөөлөх эрхийг Б.Эд олгосон. Ингэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 27, 28 дугаар зүйлд заасан эвлэрэхээс бусад эрхийг олгосон байх бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах эрхтэй байна.

3.3. Иймд нэхэмжлэгч "Н"ХХК-иас Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “... Тус компанийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 23/02 дугаартай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, шийдвэрлүүлэхийг даалгуулах” шаардлагаасаа татгалзаж байгаа нь хуульд заасан шаардлагыг хангаж байх тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

3.4. Нэгэнт нэхэмжлэгч тус шаардлагаасаа татгалзсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ талаарх хэсгийг эс зөвшөөрч гаргасан гомдолд давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөхгүй.

3.5. Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66, 67 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах хийгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласан болно.

5. Нэхэмжлэлийн “... Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх хавсралтын 18 дахь хэсгийн Гичгэний голын эх хэсгийн XВ-0084**  дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй давхцалтай хэсэг болох 279.5 га талбайд хамаарах хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд,

5.1. Анхан шатны шүүх маргаан бүхий тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

5.2. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна”, 43.4-т “…Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно”, 43.8-д “Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй” гэж тус тус заасан.

5.3. Эдгээр зохицуулалтаас үзэхэд, хаяглагдсан этгээдэд захиргааны акт гаргах болсон бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг тусгасан бичгээр гаргасан шийдвэрийг захиргаа өөрөө албан ёсоор хүргүүлэх, түүнийгээ нотлох, ийнхүү мэдэгдсэнээр гомдол гаргах хугацааг тоолохоор байна.

5.4. Энэ тохиолдолд нэхэмжлэгчээс захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргах бөгөөд хариуцагчаас маргаан бүхий актыг батлан гаргахын өмнө сонсох ажиллагааг явуулаагүй байхад шүүхээс нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэх боломжгүй.

5.5. Тодруулбал, нэхэмжлэгч маргаан бүхий тогтоолыг анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн тухайн цаг хугацаанд мэдсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдохгүй байхад хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь буруу, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

5.6. Харин Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ:”, 18.1.2 дахь хэсгийн к-д “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална” гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд маргаан бүхий тогтоолуудыг гаргажээ.

5.7. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээдийн ХВ-0084** дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дуусгавар болж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 76 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна.  

5.8.Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө”, 14.6-д “Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй” хэмээн тус тус заасан.

5.9. Үүнээс үзэхэд, нөхөх олговрыг олгох, нөхөх олговрыг төлөөгүй тохиолдолд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх нь зөвхөн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл эзэмшигчид байхаар зохицуулсан байна. Гэтэл нэхэмжлэгч хуулийн этгээдийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 76 дугаар шийдвэрээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн байх тул түүнийг хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд нэхэмжлэгчид хамгаалагдах ашиг сонирхол, сэргэх эрх байхгүй тул энэ талаарх гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

5.10. Түүнчлэн, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутаг дэвсгэрийнхээ тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээтэй бөгөөд түүний бүрэн эрхийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсгийн к, Газрын тухай хуулийн 20.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 12.1.4, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3-т тус тус нарийвчлан зааж хуульчилсан, иймд эрх хэмжээнийхээ хүрээнд сумын газар нутгийнхаа тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан маргаан бүхий тогтоолын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5.11. Мөн гомдолд “... анхан шатны шүүх магадлалд заасан ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй” гэжээ. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 001/ХТ2026/0042 дугаар тогтоолоор хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой талаар дурдсан байх тул энэ талаарх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

6. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу нөхөн олговрыг 1 жилийн дотор олгоогүй болохыг тогтоолгож, мөн хуулийн 14.6-д заасны дагуу үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох”  шаардлагын тухайд,

6.1. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 30 дугаар тогтоолд “нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох” нэхэмжлэлээр нэхэмжлэлийн бусад төрлийг үгүйсгэхгүйн үүднээс захиргааны процессын эрх зүйд энэ төрлийн нэхэмжлэл гаргах боломжийг субсидиар зарчим (хоёрдогч байх)-аар тодорхойлно ... өөрөөр хэлбэл, “нэхэмжлэгч нэхэмжлэлийн бусад төрлөөр эрхээ хангуулах боломжгүй тохиолдолд л энэ нэхэмжлэлийг гаргах боломжтой”...” гэж үндэслээд Тайлбарлах нь хэсгийн 3-т “... Нийтийн эрх зүйн харилцааг тогтоолгох нэхэмжлэлийг нэгдүгээрт, хүн, хуулийн этгээдийн зүгээс нэхэмжлэлийн бусад үндсэн төрлүүдийг (хүчингүй болгох, даалгах) гаргах боломжгүй, гаргасан ч ижил үр дүнд хүрэхээргүй байх тохиолдолд хоёрдугаарт, нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлээр шаардаж буй нийтийн эрх зүйн харилцааг зайлшгүй шүүхээр тогтоолгох хамгаалагдахуйц ашиг сонирхол байгаа тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээн авна” гэж тайлбарласан.

6.2. Нэхэмжлэгчийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XВ-0084** тоот тусгай зөвшөөрөл бүхий талбай нь нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэр /тогтоол/-ээр хориглосон талбайн хэсэгтэй давхцаж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, тухайн тогтоолыг  хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул “үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах боломжтой харилцаа байгааг тогтоох” үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон, нэхэмжлэгчээс хууль болон журамд заасны дагуу нөхөх олговор авах тухай хүсэлтээ шийдвэрлүүлэх шаардлагаасаа татгалзсан тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл зөв байна.

6.3. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 116/ШШ2025/0041 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсэгт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "Н"ХХК-иас Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Тус компанийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 23/02 дугаартай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, шийдвэрлүүлэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 1 дэх заалтыг нэмж,

Мөн ТОГТООХ хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж, дугаарыг нь 2 болгож “Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6, 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу нөхөн олговрыг 1 жилийн дотор олгоогүй болохыг тогтоолгож, мөн хуулийн 14.6-д заасны дагуу үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох, Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх хавсралтын 18 дахь хэсгийн Гичгэний голын эх хэсгийн X8488 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй давхцалтай хэсэг болох 279.5 га талбайг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдаж, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                        ШҮҮГЧ                                                Ц.САЙХАНТУЯА

 

                        ШҮҮГЧ                                                Г.МӨНХТУЛГА

 

                        ШҮҮГЧ                                                Ц.ОДМАА